Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

 

 

 

 

2020          04           24                                   2020/ШЦТ/386       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,   

            Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

Шүүгдэгч Ж.Ц,

Өсвөр насны шүүгдэгч Т.Т, түүний хууль ёсны төлөөлөгч С.Цэрэндулам,

Өсвөр насны шүүгдэгч О.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюунтуяа,

Шүүгдэгч Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нарын өмгөөлөгч Н.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э, О.Б, Т.Т, Ж.Ц нарт холбогдох эрүүгийн 1809053820393 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                                            

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, эх нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Алтайн 14-77 тоотод оршин суух, урьд:

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байгаа,

Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн 11-9 дүгээр ангийн сурагч, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 5-130 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн 10-3 дугаар ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 32-74 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 302-160 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотоод засал чимэглэлчин мэргэжилтэй, 96 дугаар сургуульд урлаг хариуцсан багш ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нрын хамт Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 60-136 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

Шүүгдэгч Ж.Э нь Т.Т, О.Б нарт хүч хэрэглэхээр заналхийлж, тэднийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, Ай фоне 7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 /таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт татан оруулсан,

 

Мөн Ж.Ц, О.Б нарыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, түүний эзэмшлийн Ай фоне 7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 /таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг болон уг хэрэгт Т.Тг хамжигчаар оролцохыг зохион байгуулсан,

 

Шүүгдэгч Ж.Ц нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, түүний эзэмшлийн Ай фоне 7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 /таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч О.Б нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, түүний эзэмшлийн Ай фоне 7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 /таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Т.Т нь урьдчилан амлаж Ж.Ц, О.Б нарыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, түүний эзэмшлийн Ай фоне 7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 /таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжпэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой Баатархүү, Цэдэнсодном, Тэмүүлэн нар Хос өргөө хотхонд байрлах манай гэрийг нүүлгэж өгөхөөр ирсэн. Би Тэмүүлэнг ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод “надад мөнгө олоод өг, яаралтай мөнгөний хэрэг байна” гэж хэлэхэд Тэмүүлэн хэсэг бодолд орсон. Яагаад бодолд ороод байна вэ гэж асуухад “манай нэг найз чинээлэг айлын хүүхэд тул гайгүй утас барьдаг” гэж хэлсэн. Би тухайн утсыг нь авч болох уу гэхэд болно гэж хэлсэн. Тэгээд өглөө 6 цагийн үед Баатархүү, Цэдэнсодном, Тэмүүлэн нар гэрээс гарч яваад 2 цагийн дараа ирэхдээ айфоне 7 маркийн гар утас авчирсан. Тэгээд би яаралтай Замын-Үүд явах ажилтай байсан тул шууд явсан. Тухайн утсыг Бельги улсад амьдардаг ах руу явуулсан. Би цагдан хоригдож байсан учир 534.000 төгрөгийн хохирлоос төлөх боломжгүй байсан...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би ажлаасаа буугаад Тэмүүлэнтэй чат бичиж хаана байгааг нь асуухад “Энхбаясгалан ахынд гэр цэвэрлэх гээд ирсэн байна хүрээд ир” гэхэд би очсон. Тэгээд гэрийг нь цэвэрлэж дуусах үед Баатархүү ирээд бид утсаараа тоглож байх үед Энхбаясгалан ах “яаралтай мөнгөний хэрэг байна, дүү нарын чанарыг шалгая, ахдаа яаралтай мөнгө олоод өгчих” гэж хэлээд Тэмүүлэнг ариун цэврийн өрөө дагуулж орсон. Гарч ирээд “Тэмүүлэнгийн зааж өгсөн хүнээс утсыг нь аваад ир би маргааш яаралтай Замын-Үүд явна” гэж хэлсэн. Тэгээд өглөө эрт 6 дугаар сургууль дээр Баатархүүгийн хамт очиж Билгүүнд “чи манай дүүг зодсон байна уучлалт гуй” гэж худал хэлээд хороо руу дагуулж явсан. Түүний утсыг дүү рүү залгачихаад өгье гэж хэлж аваад ID кодыг нь гаргуулаад “бүдүүн Энхүүш ахаас аваарай” гэж хэлээд зугтаасан. Утсыг Энхбаясгаланд өгсөн...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2018 оны зун Цэдэнсодном, Тэмүүлэн, Энхбаясгалан нартай Хос өргөө хотхоны гадна байрлах сагсны шийд дээр тоглож байгаад танилцсан. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой Энхбаясгалан гэртээ дуудахад би айдаг тул очсон. Очоод гэрийг нь цэвэрлэж дуусаж байхад Энхбаясгалан ах “дүү нарын чанарыг шалгая, маргааш Замын-Үүд явах гэж байгаа тул яаралтай мөнгөний хэрэг байна” гэж хэлээд Тэмүүлэнг ариун цэврийн өрөө рүү дагуулж орсон. Тэгээд биднийг “Тэмүүлэнгийн зааж өгсөн Билгүүн гэх хүүхдээс утсыг нь ямар нэгэн аргаар авчир” гэж хэлсэн. Би “хичээлтэй шүү дээ” гэхэд “ганц өдөр хичээлээ таслахад яадаг юм” гээд байсан. Өглөө 08 цагийн үед 6 дугаар сургууль дээр Билгүүнтэй уулзаад “манай дүүг дээрэлхсэн байна” гэж хэлээд хороо руу дагуулж яваад утсыг нь авсан. Тухайн үед би утсыг нь сайн дураараа аваагүй Энхбаясгалангийн дарамт шахалтад орсны улмаас авсан...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809053820393 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ж.Э мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-53 дугаар хуудас/,

 

Өсвөр насны шүүгдэгч О.Бгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-62 дугаар хуудас/,

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Энхбаясгалан ах намайг дагуулж 00-ын өрөөнд ороод гайгүй утас барьдаг таньдаг хүүхдээ хэлчих гэсэн. Тэгэхээр би “яах гэж байгаа юм бэ” гэхэд цохих гэж байгаа юм шиг гараараа далайгаад намайг айлгаад байсан учраас би өөрийн танил  Iphone 7 гар утас барьдаг Билгүүн гэх хүүхдийг танина гэдгээ хэлсэн. Тэгтэл Энхбаясгалан ах намайг 00-ын өрөөнөөс дагуулж гараад “та гурав маргааш өглөө Билгүүний сургууль дээр очоод надаар тэр хүүхдийг заалгаад Цэдэнсодном, Баатархүү хоёрыг тэр хүүхдийн гар утсыг нь айлгаад ав” гэж хэлсэн. Маргааш өглөө нь 06 цагийн үед 6 дугаар сургуулийн үүдэнд зогсож байгаад би Билгүүн гэх хүүхдийг Цэдэнсодном, Баатархүү нарт зааж өгөөд өөрөө нуугдаад үлдсэн. Тэр хоёр Билгүүнийг хажуугийн байр руу дагуулаад явсан. Харин би тэндээ үлдэж байгаад Энхбаясгалангийн гэр рүү очиход Цэдэнсодном Баатархүү нар Билгүүнээс авсан утсаа Энхбаясгаланд өгчихсөн. Тэгээд Энхбаясгалан тэр утсыг аваад Замын үүд явлаа гээд гараад явчихсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-93 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 07:40 цагийн үед ах Мөнхцогт, дүү Ууганбаяр, Энхтуяа нарын хамт эгч Болорчимэгийн машинаар хүргүүлсэн. Сургууль дээр буугаад дөрвүүлээ хамт сургууль руу алхаж байхад ах Мөнхцогтын найз Мөнхбаясгалан ирээд тэр хоёр түрүүлж алхаад бид 3 ард нь үлдээд алхаж байсан. Яг сургуулийн хажууд явж байсан чинь нэг шар куртиктэй ах миний хажуугаар зөрөхдөө том хараад зөрснийхөө дараа буцаж хүрч ирээд нэг найзтайгаа хамт намайг “8-г ангийн /Батбаярын/ дүү яагаад дээрлэхээд байна” гээд бариад авсан. Тэр үед манай 2 дүү сургууль руу орсон. Тэр хооронд намайг “цэцэрлэгийн хашаа руу явъя манай дүүгээс очиж уучлалт гуйгаатах” гэсэн. “Би яагаачгүй хүүхэд дээрлэхдэггүй” гээд байж байсан чинь манай 2 найз Дөлгөөн, Сэргэлэн нар хүрээд ирсэн. Тэр хоёрыг харж байснаа “та хоёр сургууль руугаа ор” гэсэн. Хонх дуугарсан тэр хоёр ороод манай найз Баттүшиг ирсэн. Бид хоёрыг дагуулж яваад 5 дугаар хорооны тэнд аваачаад дүүгээ хайгаад тэгж байснаа манай Дөлгөөнмөрөн гээд найз ирсэн. Нөгөө хоёрыг “ална шүү, утасныхаа кодыг хэл” гэсэн. “Хуруунынхаа хээг уншуулъя” гэсэн чинь “ална шүү” гээд хэлүүлээд утсыг аваад яваад өгсөн. Бид гурав араас нь очоод “агаа утсаа авъя” гэсэн чинь “энэ утсаа Энхүүшээс аваарай” гэсэн. Тоохгүй алхаад яваад байсан. Буцаад 5 дугаар хорооны цагдаа дээр очсон чинь байхгүй байсан. Тэгээд сургууль дээр очоод Батсүх менежерт хэлээд манай ангийн хүүхэд Хас жигүүрийн ээж цагдаа дуудсан. Айфоне 7 загварын 2016 оны 08 дугаар сард 1.850.000 төгрөгөөр Гранд плаза төвийн “Ай хаус”-аас худалдаж авсан. Гар утсаа 680.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Т.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр би ангийнхаа хүүхдүүдтэй 60 дугаар байрны гадна сагсны талбай дээр тоглож байхдаа Энхбаясгалан ахтай танилцаж байсан. Түүнээс хойш нэг танил ах дүүгийн холбоотой байсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баатархүү бид хоёрыг айлгаж сүрдүүлээд хэрэгт холбогдуулсан. Энхбаясгалан  цохих гэж гараараа далайгаад “миний үгэнд орохгүй бол яахаа мэдэж байгаа биз дээ, би гэрийг чинь мэднэ” гэх зэргээр хэл амаараа айлган сүрдүүлж байгаад Баатархүү, Цэдэнсодном нарт “гайгүй утастай хүүхдээ зааж өг” гээд байсан. Би аргагүйн эрхэнд Билгүүнийг зааж өгч байсан. Зодож цохисон зүйл байхгүй, хэл амаараа айлгаж, дарамтлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч О.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр би ангийнхаа хүүхдүүдтэй 60 дугаар байрны гадна сагсны талбай дээр тоглож байхдаа Энхбаясгалан ахтай танилцаад хэд хэдэн удаа хамт тоглож байсан. Тэмүүлэн бид хоёрыг сагс тоглож байхад Энхбаясгалан хүрч ирээд “хоёр дүү ахынхаа гэрийг нүүлгэлцээд өгчих” гээд гэрийнх нь эд зүйлийг зөөж өгөөд салсан. Түүнээс хойш тааралдахгүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Тэмүүлэн бид хоёрыг гэртээ дуудаж хамт хоноод маргааш нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Цэдэнсодном, Тэмүүлэн бид гуравыг айлгаж, сүрдүүлээд уг гэмт хэрэгт холбогдуулсан. Энхбаясгалан нь Тэмүүлэн бид хоёрыг гэрт нь байхад “дүү нарын чанарыг шалгая, би маргааш Замын-Үүд явах гээд мөнгө хэрэгтэй байна” гээд Тэмүүлэнг 00-ын өрөөрүү дагуулж ороод “гайгүй утас барьдаг таньдаг хүнээ зааж өг” гэж шахаж айлгасан гэж байсан. Цэдэнсодном бид хоёроос бас “гайгүй утас барьдаг хүүхэд байна уу” гэж асуухад нь байхгүй гэж хэлсэн. Маргааш өглөө нь бид нарыг “Тэмүүлэнгийн зааж өгсөн хүүхдийн гар утсыг нь ямар нэгэн аргаар авч ир хоосон ирж болохгүй шүү. Хэрэв ирэхгүй бол дараа нь уулзана, лалруудаа хохино шүү” гэх зэргээр дарамталдаг байсан. Тухайн хэрэг гарсан өдөр намайг зодож цохиогүй, өмнө нь намайг нэг удаа цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Iphone 7 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 534.000 /таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

 

Өсвөр насны шүүгдэгч О.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 108 дугаар хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 109 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/, “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 72-83 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 133 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Т.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 67 дугаар хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 110 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/, гэрч С.Цэрэндолгорын мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, гэрч Г.Наранбаатарын мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Г.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Г.Оюунтуяагийн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/, гэрч Д.Наранцацралын мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/, гэрч С.Цэрэндуламын мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний хохирол төлсөн талаарх хүсэлт /хх-ийн 192 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Ж.Эгийн хувийн байдалтай холбоотой 6 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Э нь насанд хүрээгүй Т.Т, О.Б нарт хүч хэрэглэхээр заналхийлж, тэднийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, “Ай фоне 7” загварын гар утсыг дээрэмдэн авч 534.000 /таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт татан оруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Т.Т, О.Б нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ж.Э, шүүгдэгч Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч Т.Т, өсвөр насны шүүгдэгч О.Б нар бүлэглэн Ж.Эгийн гэмт хэрэг үйлдэхийг санаачилж шаардсаны дагуу Т.Тгийн зааж өгсөн этгээдийн эд хөрөнгийг авах зорилгоор шүүгдэгч Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч О.Б нараас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүнд худал үг яриа өдөөж, зайдуу газар аваачин улмаар “гар утасныхаа кодыг гаргаад утсаа өг”, “ална шүү” хэмээн айлган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж түүний “Ай фоне 7” загварын гар утсыг дээрэмдэн авч 534.000 /таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогджээ. Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний “...Нөгөө хоёрыг “ална шүү, утасныхаа кодыг хэл” гэсэн. “Хуруунынхаа хээг уншуулъя” гэсэн чинь “ална шүү” гээд хэлүүлээд утсыг аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ж.Эгийн “...Би Тэмүүлэнг ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод “надад мөнгө олоод өг, яаралтай мөнгөний хэрэг байна” гэж хэлэхэд Тэмүүлэн хэсэг бодолд орсон...Тэмүүлэнгийн зааж өгсөн Билгүүний гар утсыг аваад өг гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Тгийн “...цохих гэж байгаа юм шиг гараараа далайгаад намайг айлгаад байсан учраас би өөрийн танил  Iphone 7 гар утас барьдаг Билгүүн гэх хүүхдийг танина гэдгээ хэлсэн. Тэгтэл Энхбаясгалан ах намайг 00-ын өрөөнөөс дагуулж гараад “та гурав маргааш өглөө Билгүүний сургууль дээр очоод надаар тэр хүүхдийг заалгаад Цэдэнсодном, Баатархүү хоёрыг тэр хүүхдийн гар утсыг нь айлгаад ав” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ж.Цэрэнсодномын “...Энхбаясгалан ах “Тэмүүлэнгийн зааж өгсөн хүнээс утсыг нь аваад ир би маргааш яаралтай Замын-Үүд явна” гэж хэлсэн. Тэгээд өглөө эрт 6 дугаар сургууль дээр Баатархүүгийн хамт очиж Билгүүнд “чи манай дүүг зодсон байна уучлалт гуй” гэж худал хэлээд хороо руу дагуулж явсан. Түүний утсыг дүү рүү залгачихаад өгье гэж хэлж аваад ID кодыг нь гаргуулаад “бүдүүн Энхүүш ахаас аваарай” гэж хэлээд зугтаасан...” гэсэн мэдүүлэг,  

 

Өсвөр насны шүүгдэгч О.Бгийн “...Энхбаясгалан ах биднийг “Тэмүүлэнгийн зааж өгсөн Билгүүн гэх хүүхдээс утсыг нь ямар нэгэн аргаар авчир” гэж хэлсэн...Билгүүнтэй уулзаад “манай дүүг дээрэлхсэн байна” гэж хэлээд хороо руу дагуулж яваад утсыг нь авсан...” гэсэн мэдүүлэг

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тодорхойлбол шүүгдэгч Ж.Эгаас өсвөр насны шүүгдэгч Т.Тд “гар утас авах боломжтой этгээдийн нэрийг хэл” гэж шаардсаны дагуу насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүнийг хэлүүлж, улмаар шүүгдэгч Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч О.Б нарт гэмт үйлдэл хийх талаар тулган шаардсаны улмаас тэдгээр нь гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, уг үйлдлийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Т үйлдлийг холоос ажиглаж, Ж.Ц, О.Б нараас Б.Билгүүнтэй худал үг яриа өдөөж, зайдуу газар аваачин улмаар “гар утасныхаа кодыг гаргаад утсаа өг”, “ална шүү” хэмээн үг хэл, үйлдэл, харагдах байдлаараа айлган түүний “Ай фоне 7” загварын гар утсыг авсан үйл явдал болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Цэрэнсодном, өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нар нь шүүгдэгч Ж.Эгаас айж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байх ба Ж.Цэрэнсодном, О.Б нараас насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүнд хандан олуулаа очиж өдөөн хоргоож “ална шүү” хэмээн үг хэлээр сүрдүүлснээр сэтгэл зүйн хувьд түүнд “өөрийг нь гар утсаа өгөхгүй тохиолдолд хүч хэрэглэн зодно гэдгээс айж тэдгээрт гар утсаа өгсөн нөхцөл байдал тогтоогджээ.   

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хууль зүйн ойлголтоор бие махбодийн хүчирхийлэл үзүүлэхээс гадна хохирогчийг айлган сүрдүүлэх зорилгоор сэтгэл санааны хүчирхийлэл хийсэн байдаг ба энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нараас насанд хүрээгүй хохирогчид сэтгэл санааны хувьд хүч хэрэглэн довтолсон үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нараас насанд хүрээгүй хохирогчид хандаж, түүний аливаа зүйлд эмзэг байдал, өөрийгөө бүрэн хамгаалах чадвар сул байдлыг ашиглаж гэмт үйлдлээ хийжээ. 

Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авах зорилгоор үйлдлээрээ нэгдэж, бусдад сэтгэл санааны хүчирхийлэл, заналхийлэл (айлган сүрдүүлэх) үзүүлэн довтолж шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр насанд хүрээгүй хохирогчийн эд хөрөнгийг авсан нь нийгэмд аюултай, гэм буруутай, санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Эгийн үйлдэл нь “хүүхдийг хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэгт татан оролцуулсан”, шүүгдэгч Ж.Э, Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нарын үйлдэл нь “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын үйлдэл, оролцоо тус бүрийг дараах байдлаар шүүхээс тогтоолоо.

Үүнд: Ж.Эг гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, төлөвлөсөн буюу гэмт хэргийн зохион байгуулагч, Т.Тг урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн буюу гэмт хэргийн хамжигч, Ж.Цэрэнсодном, О.Б нарыг гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн буюу гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэхээр байна. 

Иймд шүүх шүүгдэгч Ж.Эг хүүхдийг хүч хэрэглэхээр заналхийлж насанд хүрээгүй Т.Т, О.Б нарыг гэмт хэрэгт татан оролцуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.Э, Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Ж.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар, өсвөр насны шүүгдэгч Т.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар, шүүгдэгч Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч О.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Эгийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй ба харин шүүгдэгч Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нарын өмгөөлөгчөөс “шүүгдэгч нараас дээрэмдэх гэсэн довтолсон шинж байхгүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нараас насанд хүрээгүй хохирогчид харагдах байдлаараа олуулаа /2 буюу түүнээс дээш этгээдийг олон тоонд хамруулна/ хандаж, улмаар “гар утасны кодыг гаргаж өг”, “ална шүү” гэх мэтчилэнгээр айлган сүрдүүлсэн үг хэллэг, үйдлээрээ насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл зүйд хүч хэрэглэсэн болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн, түүний хууль ёсны төлөөлөгчөөс “... 530.000 төгрөгнөөс Тогтохбаярын Тэмүүлэн 220.000 төгрөг, Оюунтуяагийн Баатархүү 220.000 төгрөг, Цэдэнсодном 100.000 төгрөг тус тус өгөв. Иймд хохирол барагдуулсанд тооцож өгнө үү…” гэсэн хүсэлт /хх-ийн 192 хуудас/ гаргасан тул шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол төлөгдсөн нөхцөл байдал тогтоогдсон боловч шүүгдэгч Ж.Эгийн зүгээс хохирлыг бодитоор төлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ж.Э, Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч, Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нарыг учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн дараах байдлаар ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүгдэгч Ж.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар биечилэн эдлэх ялыг тогтоов.

 

Ж.Э нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолоор 6 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж, 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогджээ.

 

Ийнхүү шүүгдэгч Ж.Эд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нөхцөл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эд энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх хорих ялын нийт хэмжээг тогтоов

 

Шүүгдэгч Ж.Эгийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Цэдэнсодном нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан оногдох хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэж хорих ялыг хөнгөрүүлэв.

 

Ж.Цын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул тэдгээрт “өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмын дагуу эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирлоо нөхөн төлсөн/, хувийн байдал /анх удаа гэмт хэрэгт шийтгүүлсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг, Т.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тус тус тэнсэж, тус бүрийг1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нарт ял оногдуулахыг тэнссэн хугацаанд тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгоор тэдгээрт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус бүрт авах нь зүйтэй гэж үзлээ.

  

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдав.

 

Шүүгдэгч Ж.Эг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн тус шүүхийн №2019/ШЦТ/787 дугаар шийтгэх тогтоолоор цагдан хорьж түүнээс хойш энэ шийтгэх тогтоол гарах хүртэл түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсан байх тул энэ хугацааны 241 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцов.  

 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй, өсвөр насны шүүгдэгч нарын гэр бүлийн зүгээс тавих анхаарал, хяналт сул зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж.Эг хүүхдийг хүч хэрэглэхээр заналхийлж насанд хүрээгүй Т.Т, О.Б нарыг гэмт хэрэгт татан оролцуулсан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ж.Э, Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч О.Б, Т.Т нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Ж.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.Тд ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Бд ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ж.Эд оногдуулсан ялуудын хөнгөн ял болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хүнд ял болох 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоосугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эгийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №90 дүгээр шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 5 сар 14 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялын нийт хэмжээг тогтоосугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Ж.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эгийн цагдан хоригдсон 241 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            11. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            12. Өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нарт ял оногдуулахыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтанд хамрагдах, мөн хууль, зүйл, хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус бүрт авсугай.

            13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулж болохыг анхааруулсугай.

            14. Шүүгдэгч Ж.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

            15. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            16. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э, Ж.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН