Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш,

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг,

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б-н Х-, Боржигон овогт М-н М- нарт холбогдох эрүүгийн 1909036311162 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв. 

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архетекторч мэргэжилтэй, “Ворлд неэ медиа” ХХК-д дизайнер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 33 дугаар гудамж 357 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УИ 95101014 / Боржигон овогт Б-н Х,  

 

2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архетекторч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Дорноговь аймаг, Замын-Үүд 4 дүгээр баг, Сүлд, Төмөр замчдын өргөн чөлөө гудамж 105 дугаар байр 11 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 53-792 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД ЕО 95061817 / Боржигон овогт М-н М нар нь:

 

- 2019 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Голомт капиталын 406 тоот өрөөнд нэвтэрч, хохирогч Х.Эрдэмтөгсийн компьютерын процессорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.588.277 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-“Шпиц” ХХК гэсэн бичигтэй хаалгаар ороход... өрөөний урд хэсэгт захирлын өрөө гэсэн бичигтэй өрөө байсан ба хаалга нь онгорхой, өрөөний хаалга цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл үгүй байв. Хар өнгийн ширээ сандал байсан ба ширээний доод хэсэгт алдагдсан гэх процессор байсан гэзрыг шинжээч 8 дугаарт тэмдэглэн гэрэл зургийг авлаа гэсэн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 9-12 /

 

-Хар өнгийн компьютерийн процессорыг хохирогч Х.Эрдэмтөгсөд хүлээлгэн өгсөн гэсэн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 13 /

 

М.Мөөс хар өнгийн компьютерийн процессорыг түр хураан авсан гэсэн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 14 /

 

Хохирогч X. Эрдэмтөгс мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Голомт Капиталын 406 тоот миний өрөөнд байсан комьпютерын процессор алга болсон байсан. Миний компьютерын процессор нэлээн өндөр хүчин чадалтай нийт 6.500.000 төгрөгөнд боссон эд байгаа юм. Хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авлаа. Хулгай хийсэн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэжээ. / хх 15-16 /

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 26-27 /

 

Шүүгдэгч М.Мийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 39-40 /

 

Шүүгдэгч Б.Х-ийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 50-51 /

 

Шүүгдэгч нар урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 44, 55 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид процессорыг буцааж өгсөн. Хоригдож байх хугацаандаа их зүйлийг ойлгож мэдлээ гэв.

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Х-, М.М нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний шөнийн 02.04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Голомт капиталын 406 тоот өрөөнд байрлах “Шпиц“ ХХК-ний оффист М.Мт байсан түлхүүрээр онгойлгон нэвтэрч, хохирогч Х.Эрдэмтөгсийн компьютерын процессорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4.588.277 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9-12 /, ...Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 13 /, ...Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 14 /, ...2019 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Голомт Капиталын 406 тоот миний өрөөнд байсан комьпютерын процессор алга болсон байсан. Голомт Капитал төвийн камерыг шүүж үзэхэд 02.04 минутанд  барилгын хашаагаар цагаан өнгийн номер дугаар тодорхойгүй прүсс 30 машин орж ирээд дотроос нь цайвар өнгийн жинсэн яктай бараан өнгийн юүдэнтэй цамцтай, цагаан өнгийн адидас стар нэртэй пүзтэй, цагаан өнгийн маска зүүсэн хүн орж ирээд манай оффисийн өрөөний хаалгыг түлхүүрдэж онгойлгоод миний процессорыг аваад явсан байсан  М.М ажиллах хугацаандаа түлхүүрийг авч үлддэг байсан. Б.Х-, М.Мөнхтөр нарыг сэжиглэж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч X.Эрдэмтөгсийн мэдүүлэг / хх 15-17 /, ...Зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Гэм буруугаа хүлээж байна. Хэрэглэж байгаад буцааж өгсөн. Хулгай хийгээгүй. Зөвшөөрөлгүй авсан нь үнэн гэсэн яллагч Б.Х-ий мэдүүлэг  / хх 50-51 /,  ...Би санаачилж, бид хоёр ярилцаж тохиролцоод хуучин ажиллаж байсан компанийхаа компьютерын процессорыг түр ашиглаж байгаад өье гэж тохиролцоод түлхүүрээр нь Б.Х- оффис руу орж авчирсан. Би цаана нь хүлээж байсан. Зүйл ангийг зөвшөөрөхгүй байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.М-н мэдүүлэг / хх 19 /, ...процессорыг 4.588.277 төгрөгөөр үнэлсэн  “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 26-27 / зэрэг болно.

           

Шүүхээс шүүгдэгч М.М, Б.Х нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4.588.277 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.М, Б.Х нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эд зүйлийг буцаан өгч хохирлоо барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.М, Б.Х нар нь хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, өөрт байсан түлхүүрийг тааруулан эд хөрөнгийг хууль бусаар авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэнэн зангаасаа болж гэмт хэрэг үйлдсэн, зан төлвийн хувьд эвдрээгүй, хувийн байдал болон хохирлын хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан тэдгээрт хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.М, Б.Х- нар нь  бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ял оруулж тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б-н Х, Боржигон овогт М-н М нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4.588.277 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Б-н Х, М-н М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрийг 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Х-, М.М нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.М, Б.Х нар нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Х-, М.М нарын цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.  М.М, Б.Х- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.М, Б.Х- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ