| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0185/Э |
| Дугаар | 436 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч Б.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорго овогт Б-н У-д холбогдох эрүүгийн 1909014401540 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1168 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ хоёрын 1 дүгээр гудамж 12 тоотод түр оршин суух, “LOVE” нэртэй бааранд зөөгч ажилтай,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 486 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: НФ 98022214 / Хорго овогт Б-н У- нь:
- 2019 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” нэртэй зочид буудлын 203 тоотод иргэн Д.Гантуяагийг ганцаараа согтуу унтаж байхад нь түүний өмчлөлийн гарнет-2 загварын пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 520.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Ганхуяг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр үед нь У гэх залуу миний пүүзийг цонхоор шидээд гарч явахдаа аваад явчихсан байсан. Маргааш нь У гэх залууг олж уулзаад “Чи миний пүүзийг аваад явсан байна. Камерт бичигдсэн шүү дээ. Цагдаад хэлчихсэн байгаа. Одоо пүүзийг гаргаад өгчихвөл би гомдлоо татаж авъя” гэж хэлэхэд “За. Ахаа. Би нэг ахдаа өгчихсөн байгаа. Өнөө маргаашгүй олоод өгье” гэж хэлсэн гэжээ. / хх 30-31 /
Гэрч П.Төгсжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр найз Ганхуяг над руу утсаар яриад зочид буудалд согтуу унтаж байгаад пүүзээ алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж очиход пүүзээ алдсан гээд байж байсан. Тэгээд тэрний хоносон Сүхбаатар дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах Топаз зочид буудлын хяналтын камерыг шүүж үзэхэд шөнө Батмөнх нь нэг залуугийн хамт өрөөндөө орж байгаа бичлэг байсан. Тэгээд удалгүй цуг гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу нь ганцаараа өрөө рүү нь орж байгаа бичлэг байсан. Удалгүй цонхоор пүүз шидэж гадаа чулуудаад өөрөө Ганхуягийн өрөөнөөс гараад гадаа унасан байсан 2 пүүзийг аваад явж байгаа бичлэг байсан. Тэр бичлэгийг өөрт нь У гэх залууд харуулахад тэр залуу “Ахаа. Уучлаарай би авчихсан юм аа” гэж байсан гэжээ. / х х 33 /
Гэрч Э.Өлзийтогтох мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хэсэг хугацааны дараа нөгөө залуу нь Д.Ганхуягийн унтаж байсан өрөө рүү нь ороод цонхоор пүүзийг шидээд гарахдаа аваад явж байгаа бичлэг үлдсэн байсан. ...Батмөнхийн он жав гэх залуутай нь очиж уулзахад У гэх залууг зааж өгсөн. Тэр залууд бичлэгийг үзүүлэхэд өөрөө пүүз авснаа хүлээн зөвшөөрч байсан гэжээ. / хх 35 /
Яллагдагч Б.У- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр өдөр бааранд ажиллаж байхад пүүз алддаг хүний найз нэрийг нь мэдэхгүй урьд нь манай бааранд хамгаалагч хийдэг байсан. Тэгээд бид 2 ажил тараад Топаз нэртэй буудалд ирсэн чинь нэг согтуу хүн унтаж байсан. Надтай хамт явж байсан ах буцаад хороолол руу нэг айлд очно гээд бид 2 цуг тэдний гэрт очсон. Тэр айлд нь 2 эмэгтэй хүн байсан. Тэгээд надтай хамт явж байсан ах унтаад үлдсэн. Би буцаж гараад Топаз гэх нэртэй буудалд очоод пүүзийг авсан. Тэгээд пүүзийг нь нэг хүнд зарсан. Зарсан хүнээ танихгүй маргааш өдөр нь гудамжинд явж байсан хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирлоо барагдуулж өгнө гэжээ. / хх 48 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-39 /
Шүүгдэгч Б.У-г 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 47-48 /
Шүүгдэгч нар урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 77 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажлаа хийж байхад манай ажлын хамгаалагч ах орж ирээд “Буудалд орж архи ууя гээд хамт явсан. Би буудлаас гараад буцаж ороод буудал руу орж пүүзийг нь авсан. Хохирогч нь манай ажлын хамгаалагчийн таньдаг хүн нь байсан. Тэр пүүзийг 150.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг нөхөн төлнө гэв.
Шүүгдэгч Б.У- 2019 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” нэртэй зочид буудлын 203 тоотод иргэн Д.Гантуяагийг ганцаараа согтуу унтаж байхад нь түүний өмчлөлийн гарнет-2 загварын пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 520.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Тэр үед нь У гэх залуу миний пүүзийг цонхоор шидээд гарч явахдаа аваад явчихсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Ганхуягийн мэдүүлэг / хх 30-31 /, ... Топаз зочид буудлын хяналтын камерыг шүүж үзэхэд нөгөө залуу нь ганцаараа өрөө рүү нь орж байгаа бичлэг байсан. Удалгүй цонхоор пүүз шидэж гадаа чулуудаад өөрөө Ганхуягийн өрөөнөөс гараад гадаа унасан байсан 2 пүүзийг аваад явж байгаа бичлэг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Төгсжаргалын мэдүүлэг / хх 33 /, ...Хэсэг хугацааны дараа нөгөө залуу нь Ганхуягийн унтаж байсан өрөө рүү нь ороод цонхоор пүүзийг шидээд гарахдаа аваад явж байгаа бичлэг үлдсэн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Өлзийтогтохын мэдүүлэг / хх 35 /, ...Би буцаж Топаз гэх нэртэй буудалд очоод пүүзийг авсан. Тэгээд пүүзийг нь нэг хүнд 150.000 төгрөгөөр зарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.У-гийн мэдүүлэг / хх 48 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-39 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлөгдөөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хувийн байдал зэргийг харгалзаад хуульд заасан 1 жилийн хорих ялыг оногдуулж, Б.У- нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 486 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч уг ялаа эдлээгүй болох нь Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/2036 дугаартай тоотоор нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 62 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирол төлөгдөөгүй учир шүүгдэгч Б.У-гаас 520.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Ганхуягт олгож, Б.У-гийн цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгч Б.У-г Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байна. Гэтэл Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 486 дугаар шийтгэх тогтоолоор түүнд ял оногдуулахад ял шалгах хуудсаар дээрх ял гараагүйгээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоогүй, ял завшуулсан байна.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар “ Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно “ гэж хуульчилсан тул тэнссэн тогтоолыг хүчингүй болгох боломжгүй, энэ талаар улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч Б.У- нь энэ гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж, дээрх хэрэгт нь Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсанаас гадна өөр үйлдэл байгаа тул хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгөхийг хүсэж, өмгөөлөгч Баяраа нь тогтоолын хувийг шүүхэд гаргаж өгсөн болно. Гэтэл шүүгдэгч нь энэ талаараа мөрдөн шалгалтын явцад мэдүүлээгүй, уг тогтоол нь тамга тэмдэггүй байх тул нэгтгэн шалгуулах шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хорго овог Б-н У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.У-д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 486 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 62 хоногийн хорих ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар Б.У-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 62 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.У-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.У-гаас 520.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Ганхуягт олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.У-гийн цагдан хоригдсон 33 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
9. Б.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ