Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

 

 

 

 

2020          04           23                                   2020/ШЦТ/385       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч  Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Д.М (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 2009010240504 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айл 1 гудамж 25 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17-693 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 17-693 тоотод өөрийн дагавар хүүхэд болох бага насны буюу 8 настай В.Мөнхнасанг “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар алгадан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009010240504 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед дагавар хүү Мөнхнасан “таньдаг найз буюу манай гэрийн ойрхон байдаг Цэлмүүний гэрт очоод тоглочихоод ирнэ” гэсэн. Тэгэхээр нь би “ээжээсээ асуу” гэж хэлээд ээж рүү нь залгаад ярьтал “21 цаг хүртэл тоглочихоод ир” гэж хэлээд би Мөнхнасанг “21 цаг хүртэл тоглочихоод ир” гээд явуулсан. 21 цаг болсон Мөнхнасан ирээгүй. Би 21 цаг өнгөрөөгөөд яваад очтол тоглож байхаар нь гэртээ дагуулж ирсэн. Ирээд “21 цаг гээд ирнэ гэсэн яасан бэ” гэтэл “та яахаараа дандаа надад уурлаж байдаг юм, манай гэрээс яв” гэхээр нь уур хүрээд би толгой, бөгс хэсэг рүү 4 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 

            Насанд хүрээгүй хохирогч В.Мөнхнасан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ээж ажилтай байсан. Би гэртээ байж байгаад 14 цагийн үед хойд аав Майдарсүрэнгээс “найз Цэлмүүний гэрт тоглочихоод ирнэ” гэсэн чинь ээж рүү залгаад хэлсэн. Ээж “21 цаг хүртэл тогло” гэж хэлээд би найз Цэлмүүний гэрт очоод тоглоод нэг мэдсэн чинь 21 цаг өнгөрсөн байсан. Тэгээд хойд аав Майдарсүрэн намайг ирж авсан. Гэрт ирээд Майдарсүрэн намайг “оройтлоо 21 цагт ирнэ гэсэн яасан” гээд чанга дуугараад байхаар нь “та яахаараа надтай ийм муухай харьцдаг юм, манай гэрээс яв” гэж хэлсэн. Тэгсэн чинь Майдарсүрэн намайг барьж байгаад миний 2 хацар хэсэгт гараараа тус тус 2 удаа алгадсан. Дараа нь бөгс рүү нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Гэрч П.Вандан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би ажлаасаа буугаад өглөө гэртээ иртэл манай хүү Мөнхнасан хацар нь алгадсан ором гарчихсан, нүд нь улайгаад уйлсан байдалтай сууж байсан. Хамтран амьдрагч Майдарсүрэн “22:00 цаг өнгөрч байхад Мөнхнасанг найз Цэлмүүний гэрээс аваад       ирлээ оройтлоо, Мөнхнасан намайг гэрээсээ яваарай” гээд байхаар нь би мөргөчихлөө гэж хэлсэн. Нүдэн дээр нь жин тавиад байж байна гэсэн. “Чи арай нүд амыг нь тэс цохичихсон юм биш биз” гэж хэлэхэд “2 алгадсан чинь зурагтны булан мөргөчихлөө” гэж байсан. Тэгээд би өглөө ирээд “чи арай ч дээ хүүхэд ийм болгоод байхдаа яадаг юм” гэтэл “зурагтын булан мөргөсөн” гээд байсан. Би хүү Мөнхнасангаас “зурагтын булан мөргөсөн юм уу” гэж асуутал “аав намайг ээжийгээ ирэхээр тэгж хэлээрэй гээд байсан” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3827 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. В.Мөнхнасанд зүүн зовхи, хоёр хацарт цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 17-693 тоотод өөрийн дагавар хүүхэд болох бага насны буюу 8 настай В.Мөнхнасанг “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар алгадан түүний эрүүл мэндэд “зүүн зовхи, хоёр хацарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч В.Мөнхнасангийн мэдүүлэг, гэрч П.Вандангийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3827 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь бага насны хохирогч В.Мөнхнасангийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч насанд хүрээгүй хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мгийн үйлдэл нь “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Насанд хүрээгүй хохирогч В.Мөнхнасан нь гэмт хэрэгт өртөгдөх үедээ 7 нас 11 сар 6 хоногтой буюу бага насны хүүхэд болох нь түүний төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, бусад баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлж, эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Мг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч В.Мөнхнасангийн хууль ёсны төлөөлөгч П.Вандангаас “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Мг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бага насны хүүхэдтэй зүй зохистой харьцах, зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Мыг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН