Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
Хэргийн индекс | 105/2020/0522/Э |
Дугаар | 560 |
Огноо | 2020-03-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 560
2020 03 30 2020/ШЦТ/560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ
улсын яллагч: Г.Цэрэнжамц
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Н-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006010360553 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Н, 1974 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дүнхэр Хангай ХХК-д, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 5 дугаар хэсэг 91-2660 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Ч.Н нь могтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 5 дугаар хэсэг 91-2660 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн хамтран амьдрагч Ч.Амарзаяатай хоол хийх асуудлаас болж маргалдан стандарт нэртэй архины шил шидэж толгойн тус газар нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн өглөө нэг шил 0.75 литрийн архийг эхнэртэйгээ хувааж уусан. Орой нь үлдсэн архиа хувааж уусан. Эхнэр, бид хоёр хоол хийх асуудлаас болж маргалдсан. Би эхнэртээ “чи хоол хийчих” гэхэд “чадахгүй” гэж хэлээд над руу сандал шидсэн. Би зөрүүлээд архины шил шидэхэд хохирогчийн толгойг оносон. Би уг нь айлгах санаатай архины шил шидсэн юм. Би хажуу айл болох дүүгийнхээ гэрт орж “Анарзаяагийн толгойг хагалчихлаа” гэж хэлсэн. Дүү Оюунгэрэл цагдаад дуудлага өгсөн. Тухайн өдрөө эхнэр эмнэлэгт очиж 2 оёо тавиулсан байсан. Цагдаа нар намайг авч яваад тэр өдрөө эрүүлжүүлэгдсэн. Эхнэр ажилгүй, 6, 10, 26 настай гурван хүүхэдтэй. Тухайн үед гэрт хэн ч байгаагүй. Хүүхдүүд хадмынд байсан гэв.
Хохирогч Ч.Амарзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15-16 цагийн орчимд БЗД-н 28 дугаар хороо, 5 хэсэг, 91-2660 тоотод нөхөр Нямдоржийн хамт байсан. Тэгээд 0.75 граммтай Стандарт нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Нямдорж намайг хоол хийчих гэхээр чадахгүй чи өөрөө хий гэж хэлсэн. Би хажуу талд байсан сандалаа аваад Нямдорж руу шидэхэд оноогүй. Нямдорж над луу уусан Стандарт нэртэй архины шилийг аваад над луу шидсэн.Тэгээд миний толгой руу онож хагарсан.Толгойны зүүн хэсэгт хагарсан 2 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 04-07/,
Шүүгдэгч Ч.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”... 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар хэсэг, 2660 тоотод дүүгийн хашаанд байрлах гэртээ эхнэ Амарзаяагийн хамт байж байгаад 0.75 грамм Стандарт нэртэй архи хувааж уусан. Тэгээд эхнэр Амарзаяа согтоод над луу агсам тавиад би хоол хийчих гэхэд чадахгүй өөрөө хий гээд байсан. Тэгээд над луу орилж сандал аваад шидэхээр нь би зөрүүлээд архины хоосон шил шидэхэд эхнэр Амарзаяагийн толгой руу оносон. Амарзаяагийн толгой нь хагарч дүү Оюунгэрэлийн том хүү Гантогтохыг дуудсан... гэсэн мэдүүлэг / хх-н 8/,
Гэрч А.Оюунгэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байхад нагац ах Нямдорж орж ирээд эхнэр Амарсанаагийн толгойг шилээр цохиод хагалчихлаа гэж байсан. Ороод харахад Амарзаяагийн толгойноос цус гарсан даавуугаар ороосон байсан. Хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.. гэсэн мэдүүлэг / хх-н 26/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 9/
Хүний биед хийсэн шүүх эмнлэгийн шинжилгээний 2458 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Ч.Амарзаяагийн биед зүүн зулайн хуйхны зүсэгдсэн шарх, зүүн чихний омогт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-н 10-11/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 12-13/, Ч.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 15 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 16/, Ч.Нид Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 19/, прокурорын тогтоол /хх-н 20-21/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22/ Ч.Нид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 24-25/ зэрэг болно.
Ч.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 5 дугаар хэсэг 91-2660 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн хамтран амьдрагч Ч.Амарзаяатай хоол хийх асуудлаас болж маргалдан стандарт нэртэй архины шил шидэж толгойн тус газар нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Ч.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нөхөр Нямдоржийн хамт 0.75 граммтай Стандарт нэртэй архи 1 шилийг хувааж уусан.Намайг хоол хий гэхээр би чи өөрө хий гээд сандал аваад шидсэн чинь онооогүй,Тэгтэл Нямдорж над руу уусан Стандарт нэртэй архины шилийг аваад шидсэн. Тэгээд миний толгой руу онож хагарсан. Толгойны зүүн хэсэгт хагарсан 2 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг,
Хүний биед хийсэн шүүх эмнлэгийн шинжилгээний 2458 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ч.Амарзаяагийн биед зүүн зулайн хуйхны зүсэгдсэн шарх, зүүн чихний омогт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.
Гэрч А.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нагац ах Нямдорж орж ирээд эхнэр Амарсанаагийн толгойг шилээр цохиод хагалчихлаа гэж байсан. Ороод харахад Амарзаяагийн толгойноос цус гарсан даавуугаар ороосон байсан. Хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Ч.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...над руу орилж сандал аваад шидэхээр нь би зөрүүлээд архины хоосон шил шидэхэд эхнэр Амарзаяагийн толгой руу оносон. Амарзаяагийн толгой нь хагарч дүү Оюунгэрэлийн том хүү Гантогтохыг дуудсан...” гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Ч.Н нь могтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Ч.Амарзаяатай хоол хийх асуудлаас болж маргалдан стандарт нэртэй архины шил шидэж толгойн тус газар нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Түүнд холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Нид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ч.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Ч.Нийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын намйан цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Ч.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН