| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/0419/и |
| Дугаар | 42 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
14.906.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.*******тэй 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 10 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2014 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн юм. Ингээд хариуцагч Ж.******* нь 2015 оны 11 cap хүртэл 5 хувийн хүүгээ төлж явж байсан боловч үндсэн зээл 10.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 7 сарыг дуустал хугацааны зээлийн хүү 4.800.000 төгрөг, үндсэн зээл 10.000.000 төгрөг, Ж.*******г олж уулзах зорилгоор Цогтцэций Даланзадгадын хооронд орон нутгийн шуудангаар 2 удаа явж ирж очиж араас нь хөөцөлдөж явсан өөрийн машиндаа бинзен хийж явж ирсэн зэрэг зардал 106.950 төгрөг зарцуулсан учраас гаргуулах хүсэлтэй байна. Ж.*******тэй зээлийн гэрээгээр тохиролцсон 6 хувийн хүүг багасгаж 5 хувийн хүүгээр амаар ярьж тохиролцоод авч байсан. Энэ хүнийг боломжийг нь бодоод харж үзэж байсан боловч одоог хүртэл гэрээгээр тохирсон хүүгээ байтугай үндсэн мөнгөө өгнө гэж хэлж явсаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд миний бие нурууны суулт өгч нуруундаа эмчилгээ хийлгэн мөнгөний шаардлага маш ихээр гарч энэ болгонд хариуцагч *******г олж уулзах утсаар ярих, байгаа газарт очиж уулзах гэж маш их зардал чирэгдэл болж хохирсоор байна. Иймд Ж.*******гээс үндсэн зээл 10.000.000 төгрөг, зээлийн хүү гэрээнд зааснаар 4.800.000 төгрөг, унааны зардал 106.950 төгрөг нийт 14.906.950 төгрөг гаргуулан өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нь бол намайг шүүхэд өргөдөл өгсөний дараа хариуцагч олдохгүй байж байгаад, эрэн сурвалжлагдаад олдсоны дараа бид уулзахад Ж.******* нь намайг “хоёр сар хүлээчих тэгээд мөнгийг чинь өгье” гэсэн. Би маргааш нь өмгөөлөгчтэйгээ уулзаад хэлсэн чинь тийм бол тэр хүнийгээ дуудаж ирээд бичгээр баталгаажуулаад гарын үсэг зур гэсэн. Тэгсэн Ж.******* “өө би тэгж чадахгүй амаар л тохиролцоно, эсвэл оронд нь төмөр өгье” гээд ерөөсөө тохиролцож эвлэрч чадаагүй. Би одоо ажилгүй гэрээр байдаг хүн, гуйгаад байхаар нь эмчилгээндээ хэрэглэх гэж байсан мөнгөө зээлдүүлсэн, намайг ганцаараа амьдардаг наана цаана гэх хүнгүй болохоор залилан маягаар хийсэх байх гэж боддог. Миний хувьд их хөдөлмөрлөж байж олсон мөнгө байгаа юм. Ямар ч байсан үндсэн мөнгө 10.000.000 төгрөгийг минь өгвөл би эвлэрч болж байна. 3 сар гуйж гуйж байгаад авсан юм. Намайг 2013 оны сүүлээр хотод эмнэлэгт хэвтэж байхад ирээд 10.000.000 төгрөгийг түр хэрэглэж байя, банкинд мөнгө чинь байж байхаар би авч хэрэглээд 6 хувь өсгөөд өгий, гадаад дотоодод хүүхэд байдаг наймаа арилжаа хийдэг энэ тэр гээд 3 сар гуйж гуйж байгаад 2014 оны 01 сард аваад 2014 оны 07 сар хүртэл хугацаагаар 6 хувийн хүүтэй төлөхөөр авсан юм. Тэр үедээ “Чи итгэхгүй байгаа бол машинаа түр чиний нэр дээр болгочихоё” гээд, нэг машины бичиг баримт миний нэр дээр шилжүүлсэн байсан. Эхлээд 600.000 төгрөг сар сард өгч байсан юм. Тэгээд нэг өдөр “би машинаа зарахаар болчихлоо, тэртээ тэргүй мөнгийг чинь төлж байгаа юм чинь би машинаа буцаагаад өөрийнхөө нэр дээр болгохгүй бол болохгүй нь” гээд машинаа буцаагаад шилжүүлээд авсан. Машины бичиг баримтаа шилжүүлж авсаны дараа 2, 3 сар төлөөд дахиж өгөөгүй, утсаа ч авахгүй ор сураггүй алга болчихсон. Тэрнээс хойш хил дээр явж байна, хөдөө гадаа явж байна гээд үе үе дансаар мөнгө хийж байсан. Дараа нь гэрээнийхээ хугацааг сунгачихъя надад ч хэрэгтэй, чамд ч хэрэгтэй гээд байхаар нь сунгасан, тэрнээс хойш 3, 4 удаа утсаар яриад чимээгүй болчихсон. Би хайгаад өчнөөн нааш цаашаа яваад Цогтцэций суманд хоёр давхар хаустай байдаг юм билээ. Тэнд нь ч очиход бэр нь гээд хүүхэдтэй хүүхэн л байсан. Надад үлдсэн нь энэ гэрээ л байсан, тэгээд би энэ өмгөөлөгчтэй уулзсан юм. 2016 оны 08 дугаар сард нэхэмжлэл гаргаж шүүхэд өгсөн, хариуцагч оршин суугаа хаяг дээрээ байхгүй гээд одоо хэдэн сар ч болов. Сүүлд тэр Баянхайрхан гэдэг дэлгүүрийн гадаа надтай таарахаар нь би мөнгөө авъя гэсэн чинь “ямар сүртэй юм, чи муу чаддаг юм бол шүүхдээд аваарай” гээд баахан юм ярьсан. Тэгээд тэр өдрөөс хойш дахиж уулзаагүй. Би өөрөө ганц бие, ах дүү хамаатан садан гэх хүн байдаггүй, ганц ойр дотны Г.******* гэж нэг ах бий. 08 дугаар сарын 04-ны өдөр тэр Г.******* гэж хүний хажууд 5 хувь болгоод төлж байгаад буцаагаад өгчихье гэж ярьсан байгаа. *******гийн гэрчээр асуугдсан мэдүүлгийг хэрэгт хавсаргасан байгаа. Би одоо нурууны суулттай хүнд юм өргөж чадахгүй болохоор ажил хийдэггүй, гэрээр байдаг хүн байгаа юм. Намайг ер нь бол залилж аваад, арга мэх гаргаад өгөхгүй яваад байгаа гэж ойлгож байгаа. Цагдаагийн байгууллагад хандсан чинь хүлээж аваагүй, шүүхэд хандах хэрэгтэй гэсэн. Ж.******* өөрөө зугтаж алга болоогүй бол би ингэж шүүх цагдаа болохгүй байсан. Хүнийг мууг үзэх гэж хүсээгүй, би одоо хууль энэ тэр мэдэхгүй өөр юу гэхэв, зөвхөн мөнгөө л авъя гэсэн бодолтой байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан хуульзүйн дүгнэлтдээ: Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар 6 хувийн хүүтэй зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан байдаг. Зээлдэгч Ж.*******гийн хувьд зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2014 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс зээлийн гэрээний 04 дүгээр заалтын дагуу талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн тохиолдолд гэрээ дуусгавар болно гэсэн үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригын илэрхийлэл нь нөгөө талын хүлээн авсанаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу Ж.*******гийн “10.000.000 төгрөгөө одоогоор хэрэглэхгүй бол би хүүг нь төлөөд явж байя, мөнгөө хэрэг болсон үедээ аваарай” гэж хэлсэнээр гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байгаа гэж үзэж байгаа юм. Энэ нь Д.*******ын дансны хуулга болон гэрч Г.*******гийн гэрчээр асуугдсан мэдүүлэг зэргээс нотлогдож байгаа юм. Д.*******ын зүгээс хариуцагч Ж.*******г заавал зээл авахыг тулгаж шаардаагүй, Ж.******* нь өөрөө найзаараа дамжуулан Д.*******ын эмчилгээндээ хэрэглэх гэж байсан мөнгийг 2 сарын турш гуйсаар байгаад авсан. Зээлдэгч Ж.******* нь өөрийн нөхцөл байдлын улмаас зээлийн буцаан төлөх хугацааг хугацаагүйгээр сунгах хүсэлтийг 2014 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хоорондоо ярьж тохироод гэрээг хугацаагүйгээр сунгасан байсан. Бичгээр сунгалтаа хийе гэсэн Д.*******ын саналыг Ж.******* нь хүлээж авалгүйгээр тохиролцоод явсан байдаг. Д.*******ын хувьд хариуцагчид сэтгэл гаргаж хандсанаас биш зээлийн гэрээгээ сунгахгүй зугтааж залилаж явсаныг мэдэхгүй өдийг хүрсэн байна. Д.******* нь мөнгөнийхөө хойноос хэд хэдэн удаа хөөцөлдөж явсан ба Цогтцэций сумруу Ж.*******тэй уулзах гэж очсон зардлыг бол зайлшгүй гарах ёстой зардал гэж үзэхгүй, хохирол гэж үзэн нэхэмжлэж байна. Энэ зардал болох 106.950 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу Ж.******* нь сар бүрийн 23-наас 25-ны өдрийн хооронд хуанлын дагуу төлөлтөө хийгээд явсан ба энэ дээр зээлийн хүү эсвэл үндсэн зээл гэж зааж хийгээгүй *******аас гэсэн нэрээр л хийгээд явсан байдаг. Тиймээс бодит үйлдлээр илэрхийлж байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна. Зээлийн гэрээний 04 дүгээр заалтыг үндэслэн Ж.******* гэрээний үүргээ бодитойгоор биелүүлээгүй тул үндсэн зээл болох 10.000.000 төгрөг 2015 оны 11 сараас 2016 оны 07 сар хүртэлх хугацааны хүү 4.800.000 төгрөг, Цогтцэций сумруу Ж.*******тэй уулзах гэж явсан зардал 106,950 төгрөг нийт 14,906,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү? гэсэн хүсэлтийг оруулж байна. Ер нь бол зээлийн гэрээг сунгах асуудлыг 08 сарын 04-ны өдөр Д.******* нь гаргасан боловч хариуцагч нь энэ хүнийг хууль мэдэхгүйг нь далимдуулж амаар тохиролцоод явъя гэж аргацаасан байгаа юм. Түүнд нь итгээд зээлийн гэрээнийхээ хугацааг сунгаж чадаагүй болохоор хохироод явж байна. Одоо нэхэмжлэлийнхээ шаардлагыг хэвээр дэмжиж байна гэв.
Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ж.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Д.*******ын гаргасан гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 6 хувийн хүүтэй 10.000.000 төгрөгийг зээлж зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус зээлийн гэрээнийхээ хугацаанд тогтмол хүүгээ төлж явсан нь үнэн болно. Ингээд би гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш үндсэн зээл болох 10.000.000 төгрөгнөөсөө Д.*******ын Хаан банкны данс руу сар бүр тогтмол “Б.*******аас” гэсэн гүйлгээний утгатайгаар төлөлт хийж ирсэн. Учир нь Б.******* нь манай гэр бүлийн хүн юм. Иймд би одоо нэхэмжлэгч Д.*******т 2.000.000 орчим төгрөг өгөх үлдэгдэлтэй байгаа тул энэхүү үлдэгдлээ өгөх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч Д.*******тай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөг авсан байдаг. Зээлийн харьцаа үүссэн энэ асуудал дээр бол маргахгй, хүлээн зөвшөөрч байгаа. 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусч, үүнээс хойш буюу 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр *******аас 600.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *******аас 600.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******аас 600.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******аас 500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр 24-ний өдөр 95727369 гэсэн Б.******* миний 5585322980 мобайл данснаас 500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ж.*******гээс 500.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр *******ы өөрийн 5585395041 данснаас 1.000.000 т, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *******ы данснаас 500.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр *******ы данснаас 500.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр *******ы данснаас 500.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр *******ы данснаас 500.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.******* миний данснаас 500.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******ы данснаас 500.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 88602235 Доржбалган гэх хүний данснаас 1.000.000 төгрөг, нийт 8.300.000 төгрөгийг Д.*******т өгсөн байгаа. Ингээд үндсэн зээл болох 10.000.000 төгрөгнөөс 8.300.000 төгрөгийг хасаад 1.700.000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Энэ бензин тос, ирж очсон зардал 106.950 төгрөгийг бол төлж чадахгүй. Яагаад гэвэл хэрэгт ач холбогдолгүй, зайлшгүй гарах зардал биш гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө хууль зүйн мэдлэг байхгүй байж болно, гэхдээ хууль зүйн зөвлөгөө өвч байгаа хүний хувьд залилан гэж ямар ойлголт байдгийг мэдэх хэрэгтэй байх. Хариу төлбөргүйгээр бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шунахайн сэдэлтээр авсан бол залилангийн гэмт хэрэг болдог. Ж.*******гийн үйлдлээс харахад залиалнгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж агуулаагүй тул залилсан гэж хэлэх нь зохимжгүй. Өөрөөр хэлвэл хариуцагч талаас зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн асуудлыг үгүйсгэдэггүй, харин хүлээн зөвшөөрдөг. Анх 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Хүүгээ төлж явж байгаад 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Үүнээс хойш сар болгон тогтмол төлбөр хийж байсан, энийг бол хүү гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Тэгэхээр та хоёрын хооронд бичгээр баталсан гэрээ байгуулаагүй учир хүү тооцож авах боломжгүй. Тиймээс гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн мөнгийг зээлийн үндсэн мөнгөнөөс хасаад одоо 1.700.000 төгрөг л өгөх боломжтой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.*******гээс 14.906.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Ж.*******д 10.000.000 төгрөгийг зээлүүлсэн гэж, нэхэмжлэлийн үндэслэл болгож 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ /хх-4/- г шүүхэд ирүүлсэн,
Хариуцагч Ж.******* нь “ ... 2.000.000 төгрөг л өгөх үндэслэлтэй байгаа тул энэхүү үлдэгдлийг өгөх хүсэлтэй байна...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.
Д.*******, Ж.******* нар нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэй Д.******* нь зээлдүүлж, гэрээний хугацаанд сар бүр 600.000 төгрөгний хүү нийт 3.600.000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 7.700.000 төгрөгийг Ж.******* нь Д.*******т эргэн төлж байсан үйл баримт тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргахгүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Дээрхи гэрээнээс үзэхэд зээлдэгч Ж.******* нь зээлдүүлэгч Д.*******т 10.000.000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 13.600.000 төгрөг болгон төлөх үүргийг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч Д.******* нь “... 08 дугаар сарын 04-ны өдөр тэр ******* гэж хүний хажууд 5 хувь болгоод төлж байгаад буцаагаад өгчихье гэж ярьсан байгаа ...” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “ Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу талуудын хооронд бичгээр гэрээ байгуулж тохиролцоогүй зээлийн хүүг нэхэмжлэгч шаардах эрх үүсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлож “... 08 дугаар сарын 04-ны өдөр тэр Г.******* гэж хүний хажууд 5 хувь болгоод төлж байгаад буцаагаад өгчихье гэж ярьсан байгаа. Г.*******гийн гэрчээр асуугдсан мэдүүлгийг хэрэгт хавсаргасан байгаа...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт “ Энэ хуулийн 421.1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно ” гэж заасан байна.
Иймд талуудын гэрээгээр тохирсон 13.600.000 төгрөгнөөс 6 сарын зээлийн хүүнд төлсөн 3.600.000 төгрөг дээр зохигчдын маргахгүй байгаа үнийн дүн болох 7.700.000 төгрөгийг хасч 2.300.000 төгрөгийг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “ Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ” гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан зардал 106.950 төгрөг нийт 2.406.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.*******гээс гэрчийн мэдүүлэг авсан ба түүний мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хавтаст хэрэгт авагдсан Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.*******, Ж.******* нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шатахууны баримтууд, орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбарууд, гэрлэлтийн гэрчилгээ, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, Хаан банк ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1703 дугаартай, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1678 дугаартай, 2016 оны 12 дугаар сарын 26-ны 1748 дугаартай, 2017 оны 01 дүгээр 18-ны өдрийн 147 дугаартай тодорхойлолтууд, Д.******* дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР