Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 101/2016/02612/И/ |
Дугаар | 0060 |
Огноо | 2016-12-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 0060
Д.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06196 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Дарьбазарт холбогдох
Орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Батдэлгэр,
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч: Л.Өлзийхүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Дарьбазарыг огт танихгүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүү зээл чөлөөлөх нэрийн дор намайг залилан мэхэлсэн юм. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шударга шүүхийн шийдвэр гарсан. 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Д.Батдэлгэрээс Н.Дарьбазарт өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003365 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.Батдэлгэрийн маргаж буй байрны өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Би уг хоёр өрөө байрыг барьцаанд байгаа гэж бодоод яваад байсан. Халдвартын захирал Д.Нямхүүтэй 2013 оны 3 дугаар сард уулзаад 50 000 000 төгрөг өгье гэхэд нь үгүй гэсэн. Д.Нямхүү нь орон сууцны бэлэглэлийн гэрээ хийсэн байсан. Би маш их гайхаж Д.Нямхүүгээс “чи яагаад ийм юм хийсэн юм бэ? гэхэд чи юу ч хийж чадахгүй” гэж хэлсэн. Манай дүү нар өргөдөл гаргаад, эрүүгийн хэрэг үүсгүүлээд, намайг ялтангаар шоронд оруулж яллах гэж байсан. Бэлэглэлийн гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байсан. Хуулийнхан хангалттай намайг зовоолоо. Би гарын үсгээ шинжлүүлэхээр Орос руу хүүхдэд мөнгө өгөөд криминалистикийн шинжилгээнд явуулж байсан. Би Монгол Улсын их сургуулийн хуулийн эчнээд сурч байсан учраас багш нараасаа асуудаг байсан, тэд миний гарын үсэг биш байна гэж байсан. Нотариатын үйлдэл хүчингүй болсон тул бэлэглэлийн гэрээ хүчингүй юм гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өөрөө 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хийгээгүй гэдэг. Уг гэрээг хийсэн эсэх талаар хариуцагч талаас маргахгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн байгаа нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх тул хариуцагч талаас бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Д.Нямхүү гэдэг хүний тухай ярьж байна. Хэргийн оролцогч биш тул яриад байх нь илүү байх гэж бодож байна. Зээлийн гэрээ нь 17 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэгч Д.Батдэлгэр, хариуцагч Н.Дарьбазар нар байгуулж, 23 000 000 төгрөгийг өгөх тухай нотлох баримтууд нь цугларсан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.1-д заасны дагуу хэлцэл хийсэн талуудад нь уг хэлцлээр эд зүйлийг буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хуульд зааснаар тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон байдаг. Тухайн өмчлөх эрхийг шилжүүлж авахдаа хариуцагч Н.Дарьбазараас аваагүй, хэд хэдэн өмчлөгчийг дамжаад явсан байдаг. Одоо шударгаар эзэмшиж байгаа этгээд нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Ариунжаргал юм. Тухайн эд хөрөнгийг биет байдлаар буцааж өгөхийг хуулинд шаарддаг, нэг бүрийн үнээр тодорхойлогдох эд хөрөнгө тул буцааж өгөх боломжгүй учраас үнийг нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр шийдвэртээ тусгаж өгнө үү. Гуравдагч этгээдэд өмчлөх эрх нь 2007 оны бэлэглэлийн гэрээгээр шилжээгүй, орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-т зааснаар бүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж буруу ойлголттой байх шиг байна. Бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээрт бүртгэл үнэн зөв байна гэж заасан байдаг. Худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэл үнэн зөв гээд бүртгээд авчихсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байгаа. Энэ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор дараа дараагийн хэлцлүүд хүчингүй болж гуравдагч этгээдээс нэхэмжлэгчид очих боломжгүй, үндэслэлгүй юм. Д.Батдэлгэр 17 000 000 төгрөгийг авсан нь харагддаг. Зээлийн гэрээг барьцааны гэрээ хийлгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулаад байр 25 500 000 төгрөгийн үнэтэй байсан юм байна. Н.Дарьбазар нь 17 000 000 төгрөгийн зээлийг чөлөөлсөн юм байна. Олон өмчлөгч дамжсан тул одоо боломжгүй болсон нь тодорхой байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д өгсөн авснаа буцаах талаар яригдана. 25 500 000 төгрөгийн үнийг Н.Дарьбазараас нэхэмжлэх нь нээлттэй байгаа юм байна. Өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоот орон сууцыг анх Б.Мягмарсүрэн бид хоёр 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ш.Энхзаяа гэж хүнээс Зоос банкны барьцаанд байсан зээлийг чөлөөлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж 46 500 000 төгрөгөөр худалдаж авсан болно. Б.Мягмарсүрэн нь уг орон сууцыг хуулийн дагуу худалдаж авсан хууль ёсны өмчлөгч төдийгүй, шударга эзэмшигч гэж үзэж байна. Д.Батдэлгэр нь орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т заасан бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Батдэлгэрийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Д.Батдэлгэр нь 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсонтой холбогдуулан өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн байгууллагын ажилтанууд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн зохион байгуулсан гэмт үйлдэлд хамтран оролцсон. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байрны 167 тоот орон сууцны өмчлөгч билээ. Гэтэл нотариатч Л.Отгонбаяр, Д.Нямхүү нар хуйвалдан 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Д.Батдэлгэрээс Н.Дарьбазарт маргаан бүхий орон сууцыг бэлэглэсэн гэж “орон сууцны бэлэглэлийн гэрээ” үйлджээ. Н.Дарьбазар шүүх хуралдааны танхимд “чи бид 2 нэг л гэрээ хийсэн гэдгийг санаж байна” гэж хэлснийг шүүгч маш тод сонссон. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь заалтыг үндэслэн орон сууцны өмчлөх эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Батдэлгэр нь хариуцагч Н.Дарьбазарт холбогдуулан 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэл гаргаснаас хариуцагч орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байрны 167 тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч Д.Батдэлгэр нь 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Н.Дарьбазарт уг орон сууцыг худалдахаар “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байх боловч талууд уг гэрээнээс татгалзсан байна. /хх-ийн 54 дүгээр тал/
Нотариатч Л.Отгонбаяр нь 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Д.Батдэлгэрээс Н.Дарьбазарт маргааны зүйл болох орон сууцыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн байх ба нотариатчийн уг үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/06701 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 3-5 дугаар тал/
Түүнчлэн хариуцагч Н.Дарьбазар нь 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан зэргийг үндэслэн анхан шатны шүүх уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсонтой холбогдуулан нэхэмжлэгчийг өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Хариуцагч Н.Дарьбазар нь 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг Ш.Энхзаяагийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-ийн 191-208 дугаар тал/
Үүнээс хойш маргааны зүйл болох орон сууцыг Ш.Энхзаяа нь Э.Тулгын өмчлөлд 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлж, Э.Тулгаас 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдөр буцаан Ш.Энхзаяагийн өмчлөлд, Ш.Энхзаяагаас 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нарын өмчлөлд шилжүүлсэн болох нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогджээ. /хх-ийн 191-208 дугаар тал/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нар нь уг орон сууцыг 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авах үедээ өмчлөгч этгээд нь өмчлөгч биш болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлаж хэрэглэж, Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нарыг шударга эзэмшигч гэж үзсэн нь мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Иймд орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06196 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтын “… 58.3 …” гэсний дараа “56 дугаар зүйлийн 56.2” гэж нэмж, “… болохыг дурдсугай” гэснийг “болохыг дурдаж, хариуцагч Н.Дарьбазараас 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод /Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд/ оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2016/31677 дугаар захирамжаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Г.ДАВААДОРЖ