Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 863

 

  Д.О-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Амгаланбаатар,           

иргэний нэхэмжлэгч Г.Ш,  

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Г.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.О-т холбогдох 201725020372 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Д-ын О, 19.. оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Д аймгийн ......... сумын 5 дугаар баг, ......... 1 дүгээр гудамжны 36 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........ аймгийн ........... сумын 4 дүгээр багт оршин суудаг,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: МЕ........../;

Д.О нь 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын иргэн О.Г-ийн гэрээс алтан гинж, алтан ээмэг 1 хос, монетон бөгж, гинж, ээмэг 1 хос, сваровский ээмэг 1 хос, сваровский ээмэг, гинж, зүүлт, түрийвч 2 ширхэг, 110.000 төгрөг, 5910 юань, Монгол Улсын иргэний гадаад паспорт зэрэг эд зүйл хулгайлж, О.Г-т 4.930.639 төгрөг,

2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны Ардын эрхийн салбараас О.Г-ийн Е-1170149 дугаартай гадаад паспортыг ашиглан ХААН банкин дахь 5125055930 дугаартай данснаас 10.000.000 төгрөгийг гаргуулан авч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, нийт 14.930.639 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.О-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц овогт Д-ийн О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.О-ээс 14.700.639 төгрөгийг гаргуулж, ............ дүүргийн 14 дүгээр хороо, ................... 16 дугаар гудамжны 17 тоотод оршин суух О.Г-т 4.700.639 төгрөгийг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 70-3 тоотод оршин суух Г.Ш-д 10.000.000 төгрөгийг тус тус олгож, Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

            Иргэний нэхэмжлэгч Г.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Тогтоох хэсгийн 6 дахь заалтад "Шарнууд овгийн Г-ийн Ш-д 10.000.000 төгрөгийг олгосугай" гэж заасан байх ба энэ заалтыг эс зөвшөөрч байна.    Тогтоолын тодорхойлох хэсгийн төгсгөлд “О.Г-т учирсан хохирлоос 10.100.000 төгрөгийг ХААН банкнаас төлсөн болох нь тогтоогдсон" гэж заагаад Г.Ш-д олго гэсэн нь ойлгомжгүй, буруу гэж үзэж байна. Нэгэнт хохирсон тал нь ХААН банк болохоос байгууллагын ажилтан Г.Ш биш бөгөөд уг ажилтан нь Д.О-ийг танихгүй, зөвхөн байгууллагыг төлөөлөн ажиллаж байсан болохоос Г.Ш өөрөөсөө мөнгө гаргаж өгөөгүй. Харин банк Г-ийн мөнгийг төлж хохирсон.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 299 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг өөрчлөн, ХААН банкийг төлбөр авагчаар тогтоох буюу эсхүл хэргийг мөрдөн байцаалтад буцаалгаж иргэний нэхэмжлэгч, хохирогчоор ХААН банкийг тогтоох боломж олгож өгнө үү...” гэв.

 Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Д.О-ээс 10.000.000 төгрөг гаргуулж, Г.Ш-д олгохоор шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын шатанд ХААН банк нь Г.Ш-г иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай тодорхойлолт өгсний дагуу түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, байцаалт авсан. Шүүх 10.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Ш-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн ХААН банкны теллерээр ажилладаг Г.Ш нь Д.О-ийг О.Г мөн эсэхийг нягталж, шалгалгүйгээр Д.О-т 10.000.000 төгрөг өгч гүйлгээ хийсэн. ХААН банк дээрх мөнгийг буруутай этгээд болох Г.Ш-ээс гаргуулж авах нь зүйтэй. Харин уг мөнгийг Д.О-ээс гаргуулж, ХААН банкинд олгуулахаар шийдвэрлэх нь үндэслэлгүй. ХААН банк нь Г.Ш-ээс дээрх мөнгийг нэхэмжлэх эсэх нь тусдаа асуудал учраас иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.О-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байхад хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн зарим үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохироогүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, мөн хулгайлах гэмт хэргийг Монгол Улсын хилийн гадна үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтыг журамлаагүй байна.

 Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.О нь хохирогч О.Г-ийн Е-1170149 дугаартай гадаад паспортыг ашиглан ХААН банкны Ардын эрх салбарын теллерт өөрийгөө О.Г гэж итгүүлэн, хохирогчийн харилцах данснаас 10.000.000 төгрөгийг гаргуулан авч өөрийн болгосон үйл баримт нотлогдсон байхад түүний энэ үйлдлийг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан гэж прокуророос зүйлчилснийг шүүх зөвтгүүлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн энэ үйлдэлд ХААН банкийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу бөгөөд ХААН банкны Ардын эрх салбар нь хуулийн этгээдийн эрхтэй эсэхийг тодруулалгүйгээр салбарын захирлын олгосон итгэмжлэлээр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй болжээ.    

Түүнчлэн анхан шатны шүүх хууль буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг баримтлаагүй, ХААН банкны өөр нэг салбараас мөн дээрх аргаар эд хөрөнгө авахыг завдсан байж болох үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэргийг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.О-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон тул иргэний нэхэмжлэгч Г.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй орхисныг дурдах нь зүйтэй.