Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0462

 

 

 

 

 

 

 

“С С э Б Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын давж заалдах гомдлоор, “С С э Б Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 403 дугаар шийдвэрээр:

“...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С С э Б Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/493 дугаар тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Тус тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.2, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус удирдлага болгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Зайсангийн аманд иргэн Б.Бд 3.75 га газар аялал жуулчлалын зориулалтаар олгосон эрхийг хууль бусаар 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 814 дүгээр гэрчилгээг “С С э Б Б” ХХК-д, 2008 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “С С э Б Б” ХХК-иас компанийн хувьцаа шилжүүлэх нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай “З" ХХК-д, 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “З” ХХК-иас бэлэглэлийн гэрээ нэрээр буцаан Б.Бд, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б.Бас Ц.Жд тус тус шилжүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” эрхийг зааж өгсөн, 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно", 39 дүгээр зүйлийн 39.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.1-д “Ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана" гэж заасан.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” эрхийг зааж өгсөн бөгөөд 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болж байх тул Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйл, Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/34 тоотоор Прокурорын мэдэгдэл ирүүлсэн байдаг.

Дээрх үүргийг биелүүлээгүй тохиолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх талаар албан мэдэгдэлд дурдсан байсан.

Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах мэдэгдэл бичнэ”, 36.5-д “Мэдэгдлийн хариуг хугацаанд нь ирүүлээгүй албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан.

Мөн Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/8935 тоотоор Нийслэл дэх захиргаан хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн 200200329 дугаартай хэргийн талаар албан бичиг ирүүлсэн. Тус тоотод дээрх газрын анхны эзэмшигч Б.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах 3.75 га газрыг өөрийн танил Ч.Өаар дамжуулан БНХАУ-ын иргэн Чен Жао /Сhen Zao/-д шилжүүлсэн нөхцөл тогтоогдож байгаа талаар тайлбар ирүүлсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг”, 39.1.1-д “Ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” хориглоно гэж, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “...Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана...” гэж заасан.

Үүнийг шүүх судалж үзээгүй ба хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            “С С э Б Б” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Сайдын тушаалын үндэслэл болсон Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” 1/34 дүгээр мэдэгдлээс үзэхэд тус компанийг газраа зориулалтын бусаар ашигласан, эх үүсвэр нь тодорхойгүй санхүүжилтээр орон сууц барьж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авч мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөгч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна л гэснээс бус цааших үндэслэлүүд болох газар ашиглах эрх анх хэнд, хэзээ үүссэн, компанийн хувьцаа эзэмшигч хэрхэн өөрчлөгдөж байсан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн заалтууд яаж зөрчигдсөн, ашиглах эрх бүхий газарт 32 ширхэг амины орон сууц барьж 70 хувийн гүйцэтгэлтэйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан болон газрын төлбөрийн үлдэгдлийн талаарх дүгнэлтүүд уг мэдэгдлийнхээ үндсэн агуулга болох гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлтэй хэрхэн уялдаж байгаа болох нь ойлгомжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрхэн тогтоогдсон гэдэгтэй огт холбоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн шалтгааны нөхцөлийг арилгуулахаасаа илүүтэй яамны хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдсан шинжийг агуулжээ. 

            Тухайлбал уг мэдэгдлийн удирдлага болгосон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйл нь гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх тусгай чиглэлийг хэрэгжүүлэх гэсэн зохицуулалт байх атал 8.2-т заасан арга хэмжээний чухам алиныг нь авч хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй, Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын мэдэгдэл бичих агуулгатайгаа нийцээгүй байна.

            Тухайлбал “С С э Б Б” ХХК нь 2012 оны 7 дугаар сард “К” ХХК-тай барилга угсралтын гэрээ байгуулж 32 ширхэг амины орон сууц барьж, 70 хувийн гүйцэтгэлтэйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан талаар дээрх мэдэгдэлд дүгнэсэн, энэ талаарх холбогдох баримтууд хэрэгт авагдсан, шүүхийн үзлэгээр ч барилга баригдсан болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-гийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг үндэслэл нэхэмжлэгчид огтхон ч хамааралгүй болно.

            Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосонтой холбогдуулж Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 09/2835 дугаар мэдэгдлээр 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2014 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг хүчингүй болгосон, иймд батлагдсан төлөвлөлтийн дагуу барилга байгууламжийг барьсан байхад зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэх нь утгагүй.

Түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон гэрчилгээнд нэг үүсгэн байгуулагчтай буюу Ц.Жыг захирлаар томилсон 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлээс тооцоход 4-6 жилийн өмнө, одооноос тооцоход 10-13 жилийн өмнөх компанийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлттэй холбогдуулан мөнгө угаасан болохыг тогтоогоогүй атлаа дээрхийг газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлд хамруулсан нь хууль бус.

Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/8935 дугаар албан бичигт ч “…200200329 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар дурдсанаас бус одоогийн байдлаар уг хэрэгт хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах ажиллагаа хийгээгүй, хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох зорилгоор БНХАУ руу эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлт хүргүүлэх болон шаардлагатай бусад ажиллагаа хийж гүйцэтгэж байгаа болно…” гэжээ.

Харин дархан цаазат газрын дэглэм, горимыг зөрчиж барилга барьсан гэх нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэл нь бодит нөхцөл байдалтай уялдаагүй, өөрөөр хэлбэл Богдхан уулын Зайсангийн ам бүхэлдээ хууль зөрчигдөж барилгажсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Маргаан бүхий тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 1/ буюу Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасныг үндэслэл болгосон, гэтэл Газрын тухай хуулийн 39.1.1-ийн “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэх тохиолдол нэхэмжлэгчийн хувьд огт үүсээгүй байна.

Учир нь “С С э Б Б” ХХК-иас 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01/25 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт гэрчилгээ сунгуулахаар гаргасан хүсэлтийн хуулбарыг хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, Сайдын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/433 дугаар тушаалаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгосон нь дээрхийг үгүйсгэх хангалттай нотолгоо болно.

Газрын төлбөрийн хувьд Нийслэлийн газрын албатай тооцоо нийлсэн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 820200014 тоот актаас үзэхэд 90 сая төгрөгийн үлдэгдэлтэй, иймд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж заасан, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” нь газар эзэмшигчийн үүрэг байх тул зохих төлбөрийг төлөх үүрэгтэй.

Харин төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуулийн ямар ч зохицуулалт байхгүйгээс гадна бодит нөхцөл байдалд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, барилга баригдсан энэ тохиолдолд газрын төлбөрийг төлүүлэхийг урьтал болгохоос бус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэг үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь хуульд нийцэхгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН