| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0224/Э |
| Дугаар | 251 |
| Огноо | 2020-03-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | И.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч И.Мөнхцэцэг,
Шүүгдэгч М.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт М-н О-т холбогдох эрүүгийн 1902007760301 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ *** мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт , ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: 00000000 / Б овогт М-н О- нь:
- Голомт банкны хуулийн хэлтсийн лавлагаа, мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа банкны ажилтан Ж.Даваадалайгаас харилцагч Д.Энхтунгалагийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч, харилцагчийг өөрийн эгч, хөдөө орон нутагт амьдардаг мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон банкны ажилтнуудыг хуурч 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан улмаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны “Голомт хотхон” салбараас цахим хэрэгсэл ашиглан хадгаламж барьцаалсан 30.000.000 төгрөгний зээл авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ..М.О- нь харилцагчийн мэдээллийг авах эрхгүй байсан. Ажиллаж байсан албан тушаал нь харилцагчийн мэдээллийг олж авахад ямарч нөлөөгүй байсан. Худал хэлж ажилчдыг хуурч, мэдээллийг олж авч ашиглан банкинд хохирол учруулсан байна гэжээ. / хх 116-117 /
Голомт банкны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 13/75 дугаартай “Дотоод аудитын газрын аудитын илтгэх хуудас” / хх 65-72 /
Голомт банкны М.О- болон бусад хүмүүсийн дотоод сүлжээгээр харьцсан гэх мессенжерийн хуулбарууд, ажилд орохыг хүсэгчийн анкет, Мөнгөн хадгаламжийн гэрээ, Интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ болон хуулбарууд / хх 18-64 /
М.О-ын тушаалын хуулбар / хх 131-134 /
Гэрч Т.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын эхээр хуулийн хэлтсийн М.О- нь ажлын дотоод сулжээгээр холбогдоод “Манай хамаатны эгч байгаа юм. Интернэт банк нээх хэрэгтэй байна. Сэлэнгэ аймгийн Зүүнхараад суманд байдаг юмаа. Өөрөө салбар дээр очих боломжгүй байна” гэж хэлсэн. Би өөрөө интернэт банк нээх эрх байдаггүй тул М.О-аас дотоод сулжээгээр явуулсан гэрээг нь хэвлээд доошоо 2 давхарт бууж эдийн засагч Тэнгист “Энэ М.О-ын эгчийнх нь гэрээ шүү. Нууц үгийг нь мэйл хаяг руу нь явуулчихаарай” гээд өгсөн. Тэгээд удалгүй Тэнгис надад болчихсон шүү гэж хэлэхэд би М.О- болсон талаар дотоод сулжээгээр хэлсэн. Удалгүй М.О- над руу “Нууц уг нь ирэхгүй байна гээд яриад байсан. Тэгэхээр нь программд харилцагч Д.Энхтунгалагийн буртгэл дээр М.О-ын явуулсан еnhtungalag _d@уаЬоо.сот гэсэн хаягийг нэмж оруулж өгсөн. Д.Энхтунгалагийн буртгэл дээр мэйл бүртгэлгүй байсан. Үүнээс 10 орчим хоногийн дараа М.О- харилцагчийн мэдээллийг ашиглаж зээл авсан талаар мэдсэн. Би От итгээд хийж өгсөн. М.О-ын эгчийнх нь юм байна гэж бодсон. Би М.О-ыг харилцагчийн мэдээллийг зөвшөөрөлгүй авч ашиглаж байна гэж мэдээгүй. М.О-аас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй гэжээ. / хх 98-99 /
Гэрч Х.З мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би М.О-т ямар нэгэн байдлаар интернэт банкны үйлчилгээ нээж өгөөгүй. Би хуулийн хэлтсийн М.О-ыг танихгүй. 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би ажлаа хийгээд байж байхад надтай хамт ажилладаг миний хажууд суудаг банкир Б.Тэнгис “миний программ гацаад байна. Яаралтай интернэт банк нээгээд өгөөч. Нууц үгийг нь мэйл хаяг руу явуулаарай” гээд нэг цаас өгсөн. Би Б.Тэнгисийн урд сууж байгаа үйлчлүүлэгч юм байна гэж бодоод интернэт банк нээж өгсөн. Тэгээд интернэт банкны үйлчилгээ нээгээд шинээр гэрээ хэвлэж гаргахад Б.Тэнгис манай банкинд хуучин ашиглаж байсан гараар бөглөдөг гэрээг гаргаж ирээд надаар гарын зуруулж тамга даруулсан гэжээ. / хх 103-104 /,
Гэрч Б.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...8 дугаар сарын эхээр манай салбарын харилцааны менежер Мөнхдалай нь над дээр ирж интернэт банк нээлгэх хүсэлт авчирч өгсөн. Энэ хүсэлтээ хэлэхдээ “Хуулийн хэлтсийн М.О-ын эгч Энхтунгалаг нь орон нутагт байдаг. Яаралтай гүйлгээ хийх шаардлагатай болоод байгаа юм. Интернэт банк нээгээд өгөөч. Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгийг өөрийнх бүртгэлтэй мэйл хаяг руу нь явуулаад өгөөч” гэж хүссэн. Би тухайн үед үйлчлүүлэгчтэй сууж байсан тул хамт ажилладаг банкир Х.Заяад тухайн хүсэлтийг нээж өгөөч гэж гуйгаад өгсөн. Үүнээс хойш 3 хоногийн дараа М.О- ажлын мессенжерээр холбогдоод “Манай эгч мөнгөө шилжүүлж авах гэсэн чинь харилцах данс байдаггүй. Хугацаатай хадгаламжиндаа авахаар буцааж гаргаж болохгүй учраас шинээр харилцах данс Энхтунгалагийн нэр дээр нээгээд өгөөч” гэсэн. Тэгээд М.О- данс нээх хураамж болох 10000 төгрөгийг над руу шилжүүлэхээр нь би түүний эгч гэх Энхтунгалагийн нэр дээр харилцах данс нээж өгсөн гэжээ. / хх 100-102 /
Гэрч Ж.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...М.О- нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр надтай утсаар холбогдож “100 сая төгрөгнөөс дээш хадгаламжтай харилцагчдын мэдээлэл хэрэгтэй байна. Манай хэлтсээс судалгаа явуулж байгаа юм байна” гэхэд нь би шалгаж үзээд эхлээд Ганбаяр, Энхтунгалаг гэдэг хоёр хүний мэдээллийг явуулахад энэ мэдээлэл болно гэсэн тул өөр мэдээлэл явуулаагүй. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байхаа М.О- надад “Би үл хөдлөх хөрөнгө барьцаалаад 30 сая төгрөгний цалингийн зээл авах гэсэн юм. Захирал зөвшөөрсөн. Харин банк бус санхүүгийн байгууллагын муу зээлээ хаах хэрэгтэй байна. 1 сая төгрөг зээлээч’’ гэж дотоод мессенжерээр хандсан. Би 1 сая төгрөгийг М.О-ын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр миний Голомт банкны данс руу 1 сая 500 мянган төгрөгийг хийсэн. М.О- нь өмнө 500 мянган зээлж аваад өгөөгүй. Тухайн 500 мянган төгрөгийг 1 жил орчмын өмнө надаас хүүхэд өвдөөд мөнгө хэрэгтэй байна гээд зээлж байсан. Хуулийн хэлтэс нь хяналт шалгалт хийдэг учраас мэдээлэл чөлөөтэй авах эрхтэй гэж бодож байна гэжээ. / хх 93-97 /
Гэрч С.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Анх Голомт хотхон салбарын ахлах менежер Урангоо харилцагч нартайгаа утсаар холбогдож байгаад Энхтунгалаг гэдэг харилцагчтай холбогдоход карт захиалаагүй талаар хэлж, Урангоо энэ талаар манай газарт мэдэгдсэн. Миний илтгэх хуудаснаас О хэрхэн зээл гаргуулан авч ашигласан нь тодорхой харагдана гэжээ. / хх 105-106 /
Голомт банкны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 07/250 дугаартай “М.О- нь Голомт банкинд учруулсан хохирлын төлбөр болох 30170136 төгрөгийг төлсөн болно.” гэх албан бичиг / хх 85 /
Яллагдагч М.О- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлаж байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би банкинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байгаа гэжээ. / хх 126-127 /
Шүүгдэгч М.О-ыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 126-127 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 142 / зэрэг болно.
Шүүгдэгч М.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. Өндөр хүүтэй зээл аваад төлж чадалгүй хүмүүсээс зээл аваад энийгээ төлөхөөр гэмт хэрэг үйлдсэн гэв.
Шүүгдэгч М.О- нь Голомт банкны хуулийн хэлтсийн лавлагаа, мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа банкны ажилтан Ж.Даваадалайгаас харилцагч Д.Энхтунгалагийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч, харилцагчийг өөрийн эгч, хөдөө орон нутагт амьдардаг мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон банкны ажилтнуудыг хуурч 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан улмаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны “Голомт хотхон” салбараас цахим хэрэгсэл ашиглан хадгаламж барьцаалсан 30.000.000 төгрөгний зээл авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...М.О- нь харилцагчийн мэдээллийг авах эрхгүй байсан. Ажиллаж байсан албан тушаал нь харилцагчийн мэдээллийг олж авахад ямарч нөлөөгүй, ажилчдыг хуурч, мэдээлэл олж авч ашиглан банкинд хохирол учруулсан байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жавхлангийн мэдүүлэг / хх 116-117 /, ...Голомт банкны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 13/75 дугаартай “Дотоод аудитын газрын аудитын илтгэх хуудас” / хх 65-72 /, …Голомт банкны М.О- болон бусад хүмүүсийн дотоод сүлжээгээр харьцсан гэх мессенжерийн хуулбарууд, ажилд орохыг хүсэгчийн анкет, Мөнгөн хадгаламжийн гэрээ, Интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ болон хуулбарууд / хх 18-64 /, ...М.О-ын тушаалын хуулбар / хх 131-134 /, ... хуулийн хэлтсийн М.О- нь ажлын дотоод сулжээгээр холбогдоод “Манай хамаатны эгч байгаа юм. Интернэт банк нээх хэрэгтэй байна. Сэлэнгэ аймгийн Зүүнхараад суманд байдаг юмаа. Өөрөө салбар дээр очих боломжгүй байна” гэж хэлсэн. Би өөрөө интернэт банк нээх эрх байдаггүй тул М.О-аас дотоод сулжээгээр явуулсан гэрээг нь хэвлээд доошоо 2 давхарт бууж эдийн засагч Б.Тэнгист “Энэ М.О-ын эгчийнх нь гэрээ шүү. Нууц үгийг нь мэйл хаяг руу нь явуулчихаарай” гээд өгсөн. Тэгээд удалгүй Тэнгис надад болчихсон шүү гэж хэлэхэд би М.О- болсон талаар дотоод сулжээгээр хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Мөнхдалайгийн мэдүүлэг / хх 98-99 /, ... Банкир Б.Тэнгис “миний программ гацаад байна. Яаралтай интернэт банк нээгээд өгөөч. Нууц үгийг нь мэйл хаяг руу явуулаарай” гээд нэг цаас өгсөн. Би Б.Тэнгисийн урд сууж байгаа үйлчлүүлэгч юм байна гэж бодоод интернэт банк нээж өгсөн. Тэгээд интернэт банкны үйлчилгээ нээгээд шинээр гэрээ хэвлэж гаргахад Б.Тэнгис манай банкинд хуучин ашиглаж байсан гараар бөглөдөг гэрээг гаргаж ирээд надаар гарын зуруулж тамга даруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Х.Заяагийн мэдүүлэг / хх 103-104 /, ... Менежер Мөнхдалай нь над дээр ирж интернэт банк нээлгэх хүсэлт авчирч өгсөн. Энэ хүсэлтээ хэлэхдээ “Хуулийн хэлтсийн М.О-ын эгч Энхтунгалаг нь орон нутагт байдаг. Яаралтай гүйлгээ хийх шаардлагатай болоод байгаа юм. Интернэт банк нээгээд өгөөч. Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгийг өөрийнх бүртгэлтэй мэйл хаяг руу нь явуулаад өгөөч” гэж хүссэн. Би тухайн үед үйлчлүүлэгчтэй сууж байсан тул хамт ажилладаг банкир Х.Заяад тухайн хүсэлтийг нээж өгөөч гэж гуйгаад өгсөн. Дараа М.О- ажлын мессенжерээр холбогдоод “Манай эгч мөнгөө шилжүүлж авах гэсэн чинь харилцах данс байдаггүй. Хугацаатай хадгаламжиндаа авахаар буцааж гаргаж болохгүй учраас шинээр харилцах данс Энхтунгалагийн нэр дээр нээгээд өгөөч” гэсэн. Тэгээд М.О- данс нээх хураамж болох 10000 төгрөгийг над руу шилжүүлэхээр нь би түүний эгч гэх Энхтунгалагийн нэр дээр харилцах данс нээж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Тэнгисийн мэдүүлэг / хх 100-102 /, ...М.О- нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр надтай утсаар холбогдож “100 сая төгрөгнөөс дээш хадгаламжтай харилцагчдын мэдээлэл хэрэгтэй байна. Манай хэлтсээс судалгаа явуулж байгаа юм байна” гэхэд нь би шалгаж үзээд эхлээд Ганбаяр, Энхтунгалаг гэдэг хоёр хүний мэдээллийг явуулахад энэ мэдээлэл болно гэсэн тул өөр мэдээлэл явуулаагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Даваадалайгийн мэдүүлэг / хх 93-97 /, ...Анх Голомт хотхон салбарын ахлах менежер Урангоо харилцагч нартайгаа утсаар холбогдож байгаад Энхтунгалаг гэдэг харилцагчтай холбогдоход карт захиалаагүй талаар хэлж, Урангоо энэ талаар манай газарт мэдэгдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Бурмаагийн мэдүүлэг / хх 105-106 /, ...Голомт банкны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 07/250 дугаартай “М.О- нь Голомт банкинд учруулсан хохирлын төлбөр болох 30170136 төгрөгийг төлсөн болно.” гэх албан бичиг / хх 85 /, ...Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би банкинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байгаа гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч М.О-ын мэдүүлэг / хх 126-127 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч М.О-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.О- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг төлж, хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.Ж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 126, 138 / гэсэн тул шүүгдэгч М.О- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч М.О-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн М-н О-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М-н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 / долоон зуу / нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.О- нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. М.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ