| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0366/Э |
| Дугаар | 363 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 363
2020 04 20 2020/ШЦТ/363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шинжээч Ц.Нандинцэцэг,
Шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Б.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Өд холбогдох эрүүгийн 1909018261526 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежмент мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгт ачаа тээш хүлээлцэгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 39 гудамж 15 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 8 дугаар хороо Нарлаг хотхоны 104-42 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Өлзий-Орших нь 2019 оны 5 дугаар сарын 06-наас 2019 оны 5 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Айлофт бааранд Б.Энхболдтой шалтгаангүйгээр маргалдан зодож эрүүл мэндэд нь "Зүүн сарвууны 1 дүгээр хурууны шивнүүр ясны хугарал, зүүн 1 дүгээр хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад язрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 06-наас 2019 оны 5 дугаар сарын 7-нд шилжих шөнө “Ай Лофт” бааранд би байсан нь үнэн. Би хохирогчийг огт таньж мэдэхгүй урьд нь уулзаж байгаагүй. Тухайн өдөр бааранд хохирогч маргаан үүсгээд намайг хүнтэй андуурсан байдалтай цохиход би ямар нэгэн хариу үйлдэл гаргаагүй. Тэгээд дахин цохих үед би биеэ хамгаалж цохисон. Би хохирогчид учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
Шинжээч Ц.Нандинцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Дүгнэлтэд Б.Энхболдын биед зүүн сарвууны нэг хурууны шивнүүр ясны хугарал, зүүн нэгдүгээр хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад язрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид “ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлтийг гаргасан. Учир нь Б.Энхболдын биед учирсан гэмтлүүдийг ялгаж авч үзвэл “зүүн сарвууны нэг хурууны шивнүүр ясны хугарал” гэх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” гэж заасанд хамаарч байна...” гэв.
Эрүүгийн 1909018261526 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Ө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 сарын 06-наас 2019 оны 5 дугаар сарын 07-нд шилжих шөнө цагийг нь санахгүй байна өөрийн найз Содномдоржийн хамт Ай лофт бааранд орж үйлчлүүлсэн. Би бүжгийн талбайд бүжиглэх гээд гартал нэг танихгүй цайвар өнгийн сорочкан тал ханцуйтай цамцтай залуу буюу гомдол гаргасан залуу намайг шилдэж барьж байгаад нэг юм яриад байхаар нь би гарыг нь хүзүүнээсээ авахуулаад ширээн дээрээ очиж сууж байтал нөгөө залуу ирээд “гарч тамхилъя” гэхээр нь хамт гартал намайг хүнтэй андуураад байгаа бололтой хүүхэн энэ тэр гэж яриад байхаар нь би “чи хүн андуураад байна” гэтэл миний нүүр рүү мөргөж, нэг удаа гараараа цохисон. Гэхдээ миний биед ямар нэг гэмтэл бэртэл учраагүй. Ингээд би дотогш орчихоод буцаад гарахаар явж байтал нөгөө залуу араас ирээд хувцас өлгөдөг хэсэгт миний ар дагз руу гараараа нэг удаа цохьсон. Тэр үед хамгаалагч нар нөгөө залууг салгах гэтэл өөр нэг өндөр залуу намайг цохьсон залууг цохьсон. Ингээд би хажуугаар нь гараад явтал намайг цохьсон залуу болон хамгаалагч нар араас гүйж ирээд “хөөе чи намайг цохисон” гээд цагдаа дуудаад хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би тэр залууг цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,
Хохирогч Б.Энхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Бүжгийн талбай дээр байхад бор залуу намайг хөөгөөд маргаан үүсгэсэн. Үүдэнд гарч хэсэг хугацаанд маргалдаж байгаад эргээд ороход өндөр залуу үүдэнд хамгаалагч нартай муудалцаад байж байсан. Тэр маргаандаа намайг оролцуулж хүзүүгээр гараараа боосон. Би хана руу унасан. Унасан байхад өндөр залуу миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Хамгаалагч өндөр залууг аваад гарсан. Би босоод араас нь очоод “чи явахгүй, цагдаа дуудсан байгаа” гэсэн чинь уруул руу гараараа 1 удаа цохисон. Унаад босоход гар зүсэгдсэн байсан. Гомдол санал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...Бондгор бор залуутай би маргалдаж тэр залуу намайг боож унагаан гэмтээсэн...Сүүлд бүдүүн бор залуу таксинд суугаад явах гээд байхаар нь би бариад цагдаад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Гэрч Г.Түвшинбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ай лофт бааранд найз Сүхбаатартай хамт орж үйлчлүүлсэн. Сүхбаатарыг 00-н өрөө рүү явчихаар нь би бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхад намайг туранхай өндөр залуу мөрлөхөөр нь би тэр залууг тэврээд ноцолдож байхад хамгаалагч ирээд салгасан. Салгах явцдаа намайг унагаасан. Би тэр хамгаалагч нартай маргалдаад байж байтал үүдэнд зодоон болж байна гээд хамгаалагч нар нь гараад явсан. Би араас нь гарсан чинь бүдүүн залуу өргөдөл гаргасан залуутай зодолдсон бололтой байж байсан. Намайг хамгаалагч нартай муудалцаад хажууд нь байсан болохоор тэр өргөдөл гаргасан залуу намайг зодсон гэж бодсон юм шиг байна лээ. “Чи намайг зодлоо” гээд байхаар нь “чи хүнээ зөв олоорой” гэж хэлсэн. “Бүдүүн залуу намайг зодсон, би гомдолтой” гээд байсан. Би тэр залууг зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Г.Баярхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би ажил дээрээ хамгаалалтанд гарч байхад бүжгийн талбайд нэг өндөр бор залуу 2-3 залуутай заамдалцаад зогсож байхаар нь салгах гээд өндөр залуугийн араас нь татсан чинь газар унасан. Тэр залуу “чи намайг зодлоо” гээд над руу дайраад байхаар нь би үүд рүү гаргаад ирсэн чинь гадаа зодоон болж байна гээд манай хамгаалагч нар гараад явсан. Удалгүй манай хэд салгасан бололтой амьсгаадаад нэг бор залуу орж ирсэн. Араас нь өргөдөл гаргасан залуу орж ирсэн. Тэр залуу орж ирээд үүдэнд нөгөө бор залуугийн шанаа руу гараараа цохисон. Тэгээд бид нар салгаад өргөдөл гаргасан залууг аваад гарах гэтэл араас нөгөө бор залуу ирээд тэр залууг түлхсэн чинь хойшоо хана руу савагдаад газар унасан. Босч ирсэн чинь хурууны өндөг нь ярагдсан байсан. Манай хана нүхтэй /ирмэгтэй/ хана, унахдаа нидэрсэн байх. Өндөр залуу намайг дагаад “чи намайг зодлоо” гээд яваад байсан. Тэр үед нөгөө бор залуу машинд суугаад явах гэж байхаар нь чи араас нь очоод чи байж бай цагдаа дуудсан гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирэхээр нь бор залууг машинд суулгасан. Тэр үед өндөр залуу намайг энэ зодсон гээд цагдаад хэлээд согтуурахаад цагдаатай маргалдаад байсан. Тэгээд цагдаа аваад явсан. Тэгсэн чинь нь хуруугаа гэмтээдэг залуу “энэ залуу бас намайг зодсон” гэж хэлсэн. Өндөр залуу тэр залууг ерөөсөө зодоогүй, дундуур нь ороод маргалдаад байсан. Цохиж зодсон асуудал байхгүй. Бор залуутай зодоон хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч О.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн шөнө цагийг нь санахгүй байна ямар ч байсан сүүлд нэрийг нь мэдсэнээр Түвшээ гэх залуу такс тараадаг хэсэг буюу баарны үүдний коридорт хамгаалагч нарын хамт юм яриад зогсож байсан. Тэгтэл гаднаас нэг бондгор бор залуу орж ирээд араас нь нэг залуу орж ирээд бондгор залууг гараараа толгой руу нь нэг удаа цохисон. Тэр 2 юу юуны духанд хүрэлгүй шууд ноцолдоод хоорондоо цохилцож байгаад давхардаж унахдаа эхэлж цохисон залуу доор нь орж унасан байсан. Үүдэнд зогсож байсан хамгаалагч нар очиж салгахад Түвшээ гэх залуу хүртэл дундуур нь орчихсон салгалцаад явж байсан. Тэгээд анх бондгор залууг цохисон залуугийн хуруу нь цус болчихсон байсан. Нөгөө бондгор залуутай ноцолдож унахдаа баарны арзгар хананд хуруугаа авчихсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5623 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Б.Энхболдын биед зүүн сарвууны 1-р хурууны шивнүүр ясны хугарал, зүүн 1-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...зүүн сарвууны 1-р хурууны шивнүүр ясны хугарал, зүүн 1-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Өшиглөх болон гараа хөлөнд савж унах хоёрын аль алинд үүсэх бөгөөд уруулын дотор салстад язралт цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Энэ нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүнд цус хуралт гэмтэл нь хувцасаар заамдаж татах үед үүсгэгдэх боломжтой бөгөөд энэ нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хүзүүнд цус хуралт, уруулын дотор салстад язралт, цус хуралт гэмтэл нь хамтдаа гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...57 секундэд гэрч Түвшинбаярын зааснаар Энхболд гэх цагаан өнгийн сорочкан цамцтай бараан өнгийн өмдтэй эрэгтэй орж ирэн бичлэгийн баруун буланд өмнө нь орж ирсэн Өлзийсайхан гэгчтэй барьцалдахад баарны хамгаалагч салгаж байгаа нь харагдах ба энэ үед Түвшинбаяр нь Өлзийсайхан Энхболд нарын наад талд баарны өөр нэг хамгаалагчтай зууралдсан байдалтай байгаа нь харагдав...” гэжээ /хх-ийн 33 дугаар хуудас/,
Гэрч Г.Баярхүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хохирогч Б.Энхболдод гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...хохирогч Б.Энхболд нь 1 /Г.Ө/ гэж дугаарласан бүдүүн бор залуу намайг бэлэг эрхтэн лүү өшиглөж унагаасан. Унасан хойно нүүр лүү маань өшиглөхөд би гараараа хамгаалахад гар гэмтсэн...” гэжээ /хх-ийн 36-38, 66-72 дугаар хуудас/,
Гэрч Г.Түвшинбаяраар гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-69 дүгээр хуудас/,
Гэрч Г.Баярхүүгээр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...яллагдагч Г.Өыг 6 дугаарт байрлуулав....гэрч Г.Баярхүү нь 6 гэж дугаарласан залууг зааж энэ залуу мөн байна гэв...” гэжээ /хх-ийн 70-72 дугаар хуудас/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл “...Г.Ө согтууруулах ундаа дунд зэрэг хэрэглэсэн...драйгер үлээх чапваргүй...” гэжээ. /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Өийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Өлзий-Орших нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 06-наас 2019 оны 5 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Ай лофт” бааранд Б.Энхболдтой хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “зүүн сарвууны 1-р хурууны шивнүүр ясны хугарал, зүүн 1-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язралт, хүзүүнд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Б.Энхболдын “...Бондгор бор залуутай би маргалдаж тэр залуу намайг боож унагаан гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Баярхүүгийн “...бид нар салгаад өргөдөл гаргасан залууг аваад гарах гэтэл араас нөгөө бор залуу ирээд тэр залууг түлхсэн чинь хойшоо хана руу савагдаад газар унасан. Босч ирсэн чинь хурууны өндөг нь ярагдсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Мөнхбат “...Тэр 2 юу юуны духанд хүрэлгүй шууд ноцолдоод хоорондоо цохилцож байгаад давхардаж унахдаа эхэлж цохисон залуу доор нь орж унасан байсан. Тэгээд анх бондгор залууг цохисон залуугийн хуруу нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Түвшинбаярын “...бүдүүн залуу өргөдөл гаргасан залуутай зодолдсон бололтой байж байсан...өргөдөл гаргасан залуу “Бүдүүн залуу намайг зодсон, би гомдолтой” гээд байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Өын хохирогчтой маргаан болсон талаар мэдүүлсэн мэдүүлэг,
Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5623 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Б.Энхболдын биед зүүн сарвууны 1-р хурууны шивнүүр ясны хугарал, зүүн 1-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,
Хохирогч Б.Энхболдод гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Гэрч Г.Баярхүүгээр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Гэрч Г.Түвшинбаяраар гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаар 2019 оны 5 дугаар сарын 06-наас 2019 оны 5 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Ай лофт” бааранд шүүгдэгч Б.Өлзий-Орших, хохирогч Б.Энхболд нар үйлчлүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурхаж, хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан бие биедээ хүч хэрэглэж байх үйлдлийг тухайн баарны хамгаалагчидаас таслан зогсоосны дараа Б.Өлзий-Орших нь хохирогч Б.Энхболдын биед хүч хэрэглэн түлхэж хана руу савж унагасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.
Гэрч Г.Баярхүүгээс тухайн үйл явдлыг шууд харж гэрчилэн мэдүүлж, түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч, бусад гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байх тул түүний мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт мөн гэж шүүх дүгнэлээ.
Г.Өоос хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож түлхэх үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Б.Энхболдын биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Г.Өийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байх ба харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа гэмтлийн зэргийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй, хохирогчоос Өлзий-Оршихыг цохих үед гарыг нь барьж түлхэх явцад унахдаа гэмтэл авсанд шүүх анхаарах. Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, өндөр залуу болох Түвшинбаяр цохьсон үйлдэл байгаа болохыг тогтоогоогүй, нотлох баримтууд эргэлзээтэй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү ...” гэсэн санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд тухайн хэрэг явдлыг шууд харсан гэрч Г.Баярхүүгийн “...бид нар салгаад өргөдөл гаргасан залууг аваад гарах гэтэл араас нөгөө бор залуу ирээд тэр залууг түлхсэн чинь хойшоо хана руу савагдаад газар унасан...өндөр залуу тэр залууг ерөөсөө зодоогүй...” гэсэн мэдүүлэг бусад баримтуудаар шүүгдэгч Г.Ө, хохирогч Б.Энхболд нарын маргааныг “Ай лофт” баарны хамгаалагч нараас таслан зогсоосны дараа шүүгдэгчээс хохирогч руу довтолж хүч хэрэглэж буй үйлдэл нь уг хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй төдийгүй Г.Түвшинбаяр гэгч энэ үйлдэлд оролцоогүй болохийг илэрхийлж байна.
Мөн түүнчлэн хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, уг дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр хохирогчийн биед тухайн цаг хугацаанд гэмтэл учирч, шүүгдэгчээс хохирогчийг түлхсэний улмаас унаснаас үүссэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шинжээчээс хохирогч Б.Энхболдын биед гэмтлийн зэрэг тогтоохдоо Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т заасан “хүндэвтэр” зэргийг тогтоох шалгуур үзүүлэлтийн аль нэг шинжийг хангасан гэж үзэж тус журмын 2.3.1 дэх хэсгийг баримтлан дүгнэлт гаргасан нь тус журмыг зөрчөөгүй үндэслэлтэй байна.
Энэ байдлыг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.5-д “Шинжлүүлэгчийн биед энэ журмын 2.2-2.4-т заасан шалгуур шинжүүдийн аль нэг илэрвэл энэ нь гэмтлийн зэрэг тогтоох хангалттай үндэслэл болно” гэж заасныг өмгөөлөгч нар анхаарвал зохино.
Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтуудаас зөрүүтэй нотолгооны чадваргүйгээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтууд эргэлзээтэй гэх нөхцөл байдал үүсээгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхболдоос “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч Б.Энхболд цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Г.Өоос нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Өыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Өг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН