Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 267

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,            

Улсын яллагч И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шовхынхон овогт Э-н А-д холбогдох эрүүгийн 2009000310126 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Юби кэк” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-60-49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УХ 96021452 / Шовхынхон овогт Э-н А- нь:

 

- 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Идэр” авто угаалгын газрын орчимд иргэн Б.Гансүхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Гансүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 32 дугаар тойргоос дээшээгээ өгсөж яваад Идэр авто угаалгын газрын орчимд түгээлтийн портер машины жолоочтой маргалдсан. Хэрүүл маргааны үеэр А /цагдаа дээр нэрийг нь мэдсэн/ миний зүүн чамархай, дагз, хамар хэсэгт цохиж, миний биед гэмтэл учруулсан. Миний биед учирсан гэмтлийг А гэх залуу учруулсан гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй гэжээ. / хх 32-33 /

Гэрч Б.Гансүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өнөөдөр өөрийн эхнэрийн хамт Баянбүрдийн тойрог хавьд явж байхад бүрхүүлтэй портер маркийн машинтай залуу машинаараа шахаад цонхоо онгойлгоод “Үхлээ юу. Пизда минь” гэж хэлээд салаавч наашаа гаргахаар нь би юм бодолгүй чигээрээ яваад өгсөн. Харин уг машинтай залуу ард явж байгаад хойноос 2, 3 ширхэг ундааны сав шидсэн. Тэгэхээр нь би бас тоогоогүй юм. Харин цаашаа явж байгаад Идэр авто угаалгын газрын урд талд зам дээр түгжирсэн чинь нөгөө портер дотроос нэг туранхай, нэг бүдүүн хоёр залуу гарч ирээд шууд миний машины хоёр хаалгыг зэрэг татаж онгойлгоод нэг бүдүүн залуу нь намайг машинаас чирч гаргаж ирээд намайг чирээд замын хажууд нүүр рүү 2, 3 удаа цохьсон. Тухайн үед нөгөө хамт явж байсан туранхай залуу нь намайг бариад авах үед нөгөө бүдүүн залуу нь ахиад 2, 3 удаа нүүр рүү цохьсон гэжээ. / хх 4 /

 

Гэрч Л.Пагмасүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Махлаг залуу нь манай нөхрийг машинаас заамдаж буулгах гээд татаад байсан. Манай нөхөр суудлын бүсээ хийчихсэн байсан болохоор машинаас татагдаж буугаагүй. Тэгээд манай нөхөр машины бүсээ арай хийж тайлахад махлаг залуу нь татаж буулгасан. Махлаг залуугийн хажууд портер машины жолооч туранхай залуу байсан. Махлаг залуу манай нөхрийг замын хажуу руу чирч гаргасан. Тэгээд портер машины жолооч болон махлаг залуу хоёр манай нөхрийг “Чи юун сүртэй юм. Үхлээ юу” гээд замын хажуу руу гараад үзчихье гээд байсан. Махлаг биетэй залуу нь манай нөхрийн толгой хэсэг рүү нь гараараа 5-6 удаа цохьсон. Тэгээд би тэр үед нөхрийнхөө хамарнаас цус гарчихсан байхыг хараад машин руугаа гүйгээд утсаа авч 102-т дуудлага өгсөн гэжээ. / хх 11-12 /

 

Гэрч Э.Хашболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд Аийг Приүс машины жолоочтой харилцан заамдалцаж байгаад нэгнийгээ цохиж эхэлсэн. Тэр хоёрыг нэгнийгээ цохиж байх үед нь би очиж А, таксины жолооч хоёрыг хоёр тийш нь салгасан. ...Сүүлд нь харахад Приүс машины жолооч залуугийн хамраас нь цус гарчихсан байсан гэжээ. / хх 14 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 559 дугаар дүгнэлтэнд:

1. Б.Гансүхийн биед зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 6-7 /

 

Яллагдагч Э.А- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 19-20 /

 

Шүүгдэгч Э.А-ийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 6-9 /

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 29 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 138.000 төгрөг төлсөн гэв.

Шүүгдэгч Э.А- нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Идэр” авто угаалгын газрын орчимд иргэн Б.Гансүхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Идэр авто угаалгын газрын орчимд түгээлтийн портер машины жолоочтой маргалдсан. Хэрүүл маргааны үеэр А миний зүүн чамархай, дагз, хамар хэсэгт цохиж миний биед гэмтэл учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Гансүхийн мэдүүлэг / хх 32-33 /, ...Махлаг биетэй залуу нь манай нөхрийн толгой хэсэг рүү нь гараараа 5-6 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Пагмасүрэнгийн мэдүүлэг / хх 11-12 /, ... Сүүлд нь харахад Приүс машины жолооч залуугийн хамраас нь цус гарчихсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Хашболдын мэдүүлэг / хх 14 /, ...Б.Гансүхийн биед зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 559 дугаар дүгнэлт / хх 6-7 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.А- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Т.Гансүх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 38 / гэсэн тул шүүгдэгч Э.А- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Э.А-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Шовхынхон овогт Э-н А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э-н А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б Э.А- нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ