Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 0061

 

 

 

 

 

 

 

 

 

О.Эгиймаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01019 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Эгиймаагийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б.Энхээд холбогдох

 

2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Бямбадорж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Жавзандулам,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Өлзийбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ж.Чимгээ, С.Сюзанна нарын дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 26 дугаар байр, 35 тоот 47 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203018059 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг худалдан авах гэрээг  нотариатч Б.Энхээ нь нотариатын бүртгэлийн 372 дугаар дээр 2 өөр үнээр, буюу 100 000 000 төгрөг, 120 000 000 төгрөгийн үнэтэй гэрээг тус тус баталсан байдаг. Гэрээ байгуулах үед Б.Энхээ гэдэг нотариатч өөрөө байгаагүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ нь нотариатчийн бүртгэлийн дэвтэр дээр бүртгэгдээгүй. Энэ тал дээр маргаагүй. Энэ хоёр гэрээгээр тухайн орон сууцыг худалдаж аваагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Дараа нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Ө.Мөнхтуяа нотариатчийн гэрчилснээр 100 000 000 төгрөгийн  худалдах, худалдан авах гэрээгээр тухайн орон сууц улсын бүртгэлд бүртгэгдэж миний нэр дээр шилжиж ирсэн. Манай эхнэрийг монгол хэл сайн мэдэхгүйг далимдуулан японоос автомашин авах гэж байна гэж хэлээд хуурч 20 000 000 төгрөгийн гэрээнд нэмж гарын үсэг зуруулсан байдаг. 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр түүний охин Сюзаннагийн тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүх эрхийг олгосон итгэмжлэлээр манай нэр дээр шилжсэн байдаг боловч үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгэгдээгүй байсан. Иймд тус гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ  тодорхой бичээгүй  тул  тайлбар хийх шаардлагагүй. Нэхэмжлэгч О.Эгиймаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 8382 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2016/00409 дугаар тогтоол тус тус гарсан нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй  учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэрт хариуцагч О.Эгиймаа нь Төрийн банкнаас  тавьсан 100 000 000 төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн шаардлагын дагуу 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 100 000 000 төгрөгийн, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 100 000 000 төгрөгийн  худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан болох нь  хэрэгт авагдсан гэрч С.Содгэрэл, Б.Энхээ, Д.Сумхүү нарын мэдүүлгүүд, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 120 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон худалдах, худалдан авах гэрээний нэмэлт нөхцөлд зааснаар тус тус  тогтоогдож байна.

Дээр дурдсан үйл баримтуудаар зохигчид нь орон сууцны үнийг 120 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байх бөгөөд Төрийн банкнаас олгох зээлийн хэмжээнээс хамаарч 100 000 000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан нь тогтоогдож байгаа. Хариуцагч О.Эгиймаа нь Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 26 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авснаар Төрийн банкнаас Ж.Чимгээд 100 000 000 төгрөгийг шилжүүлж, О.Эгиймаагаас 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 6 000 000 төгрөгийг Ж.Чимгээд төлсөн болох нь  хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд орон сууцны төлбөрт  106 000 000 төгрөгийг Ж.Чимгээ хүлээн авсан талаар зохигчид маргаагүй болохыг дурдаж байна хэмээн гэрээнүүдийг дүгнэсэн үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Давж заалдах болон хяналтын шатны шүүх талууд орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэж үзсэнийг буруутгах  үндэслэлгүй, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээнд үнийг тохиролцсоноос өөрөөр  бичсэн байдал нь гэрээг хүчин төгөлдөр  бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэсэн билээ. Нотариатчийн үйлдлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах ямар ч үндэслэл байхгүй. Хариуцагч өөрийн охин болох Сюзаннагийн сургалтын төлбөр төлөх асуудал бий болсон учраас охиноосоо итгэмжлэн авч энэхүү байраа худалдахаар болсон. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Сюзаннагийн хувьд хэлцэл хийх эрхийг хуульд заасан журмын дагуу ээждээ олгосон байдаг. Итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан. Энэ үйл баримтыг 3 шатны шүүх тухай бүр шийдвэр, магадлал, тогтоолоор баталсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасныг баримтлан О.Эгиймаагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээд холбогдох 2015 оны 3 сарын 18-ны өдөр гэрээний  бүртгэлийн 372 тоот дугаарт бүртгэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж  нэхэмжлэгчид олгуулахаар  шийдвэрлэжээ.

 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх О.Эгиймаагийн нэхэмжлэлтэй Б.Энхээд холбогдох иргэний хэрэгт хамаарал бүхий асуудлаар өмнө нь 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол гарсан байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь О.Эгиймаагийн "нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах" нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхээс өмнө дээрхи гэрээний талууд болох Ж.Чимгээгийн нэхэмжлэлтэй О.Эгиймаад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрээр "Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр учир худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ нэхэмжлэгч биелүүлснээр орон сууцны өмчлөх эрх хариуцагчид шилжжээ. Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй юм. Талууд орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй. "Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг  шилжүүлэх  үндэслэл  болсон  худалдах,  худалдан  авах гэрээнд  үнийг тохиролцсоноос өөрөөр бичсэн байдал нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэний үндсэн дээр үлдэгдэл мөнгийг О.Эгиймаагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байгааг онцгойлон анхаарах ёстой.

Хэрвээ талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус, хууль ёсны дагуу байгуулагдаагүй гэж үзсэн бол О.Эгиймаагаар үлдэгдэл мөнгийг төлүүлэх шийдвэр гарах байсан уу гэдэгт хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийх ёстой. Сюзанна нь өөрийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж байна гэж үзсэн тохиолдолд дээрхи гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах эрх нь Сюзаннад байх болохоос О.Эгиймаа ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаан дээр “нэхэмжлэгчээс таны эрх, ашиг яаж зөрчигдөөд байгаа юм бэ” гэж асуухад "Энэ хэргийн улмаас үлдэгдэл төлбөрийг төл гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхээд маш хэцүү байна" хэмээн тайлбарласан байгаа нь үлдэгдэл төлбөрийг О.Эгиймаагаас гаргуулахаар шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал тогтоолийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, биелүүлэхгүй байх гэсэн санаа зорилго туйлын тодорхой харагдаж байгаа юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                   ХЯНАВАЛ:

                                        

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Эгиймаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Энхээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Нэхэмжлэгч О.Эгиймаа нь хариуцагч Б.Энхээд холбогдуулж, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулж, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… нотариатч Б.Энхээ нь  нотариатын гэрээний бүртгэлийн 372 дугаарт орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрээг гэрчлэхдээ нэг гэрээг 2 өөр үнийн дүнгээр гэрчилсэн нь хууль зөрчсөн, уг хууль бус үйлдлээс болж 100 000 000 төгрөгийн үнэтэй худалдаж авсан орон сууцны үнэд 120 000 000 төгрөг төлөхөөр хохирч байна” гэж тайлбарласан.

 

Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8382 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2016/00409 дугаар тогтоолоор “Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороолол, 26 дугаар байрны 35 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Ж.Чимгээ, Д.Сумхүү нар О.Эгиймаа, А.Бямбадорж нарт худалдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, зохигчид гэрээ байгуулахдаа худалдах, худалдан авах гэрээний үнийг тохиролцсонооос өөрөөр бичсэн байдал нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй, талууд 120 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний үнийг тохиролцсон байна” гэж  дүгнэжээ. /хх-ийн 16-25 дугаар тал/

 

Түүнчлэн Ж.Чимгээгийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Эгиймаад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Эгиймаа нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байсан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрийн шийдвэр …” байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан.

 

Нэхэмжлэгч О.Эгиймаа нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж,  худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай О.Эгиймаагийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            Т.ТУЯА

                                               

                                    ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР    

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ