Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 355

 

 

 

 

 

  2020          4           16                                    2020/ШЦТ/355      

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Д.Халзан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мд холбогдох эрүүгийн 1909018460220 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 4 дүгээр гудамж 206 тоотод оршин суух, урьд:

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.М нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ш.Эрдэнэ-Очирыг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виза найдвартай гаргаж өгнө” хэмээн хуурч бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2-3 хоногт электрон виза гардаг хэмээн хуурах аргаар өөрийн 5084065282 дугаарын дансаар нийт 800.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Батлхагваар дамжуулж Эрдэнэ-Очиртой танилцсан. Эрдэнэ-Очир нь “Солонгос явмаар байна боломж байна уу” гэхэд би “боломжтой” гэж хэлсэн. Би Солонгосын Си3 электрон эмнэлгийн визээр 2 удаа явж байсан. Ингээд Жан эмчид “манай нутгийн хүнийг эмнэлгийн визээр Солонгос руу явуулах боломж байна уу” гэхэд тэрээр 1 сарын визээр явах боломжтой гэж хэлсэн. Жан эмч “эмнэлэгт 3.000.000 вон байршуулчих” гэхэд Эрдэнэ-Очир зөвшөөрсөн. Гэтэл удалгүй Эрдэнэ-Очир нь “явахаа больлоо” гэж хэлээд 800.000 төгрөгийг нэхсэн. Би 150.000 төгрөгийг буцааж өгсөн. “Үлдэгдэл мөнгийг хувааж өгье” гэхэд бөөндөж авна гээд авахгүй байсан. Гэи буруугаа завшөөрч байна...” гэв.

           Эрүүгийн 1909018460220 дугаартай хэргээс:

Шүүгдэгч С.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Эрдэнэ-Очирыг залилах зорилгогүйгээр мөнгийг нь авсан. Эрдэнэ-Очирыг манай найз Батлхагва танилцуулж уулзуулсан. Эрдэнэ-Очир “Солонгос явах гэж байгаа, нөгөө солонгостойгоо холбоод өгөөч, эмнэлгийн визээр гаргаад өгөх боломж байна уу” гэж эхний уулзалтан дээр хэлэхээр нь би “асууя” гэж хэлсэн. “Бүтээж өгье” гэж хэлээгүй. 2 дахь удаагаа Эрдэнэ-Очиртой уулзаад “боломжтой юм байна” гэдгийг хэлээд 300.000 төгрөгийг 5084065282 дугаарын дансаар авсан. Дараа нь Эрдэнэ-Очир нилээн хэд хоногийн дараа Завхан аймгаас 500.000 төгрөг миний данс руу шилжүүснийг авсан. Би Эрдэнэ-Очирын өгсөн мөнгөнөөс Монгол мөнгөөр 200.000 төгрөгийг эмнэлгийн карт захиалах гэж шилжүүлсэн. Ажил нь бүтээд Солонгос дахь эмнэлэгээс барьцаанд 3.000.000 вон эсвэл үл хөдлөх хөрөнгө барьцаал гэснийг нь хэлсэн чинь Эрдэнэ-Очир “мөнгө бүтэхээ байлаа, би явахаа больлоо” гэж хэлээд 800.000 төгрөгөө нэхэж эхэлсэн. Би 100.000 төгрөгийг нь мөнгө нэхсэн дор нь буцааж өгөөд, 50.000 төгрөгийг дараа нь хоолны газар уулзахдаа өгсөн. Эрдэнэ-Очирт би “мөнгийг нь цувуулж өгье” гэхэд зөвшөөрөөгүй, “бөөнд нь авна” гэж хэлсэн. Би хохирлоо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 02 дугаар сарын 09-ний орой найз Батлхагватай уулзаж сууж байгаад “Солонгос явчихмаар байна” гэж ярьтал “миний таньдаг 1 хүн байгаа виз гаргадаг гэсэн, би дуудчихъя” гээд 1 хүн рүү яриад удалгүй 1 эрэгтэй ирсэн. Өөрийгөө Мөнхболд гэж танилцуулаад намайг итгэтэл ярьсан. “Электрон виз гарахад 2 хоног болно. Эхний ээлжинд надад 100 доллар юм уу 300.000 төгрөг өгчих” гэсэн. Би “бэлэн мөнгө алга дансаар чинь шилжүүлчихье” гээд дансыг нь авч үлдсэн. Гэртээ хариад байж байтал Мөнхболд утсаар яриад “Би Солонгосын талын улсуудтай ярьчихлаа хурдхан мөнгөө өг” гээд байхаар нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарын Экспресс банкны бэлэн мөнгөний машинаас Мөнхболдын 5084065282 тоот дансруу 300.000 төгрөг шилжүүлсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу явсан. Очоод байж байхад Мөнхболд байнга над руу “Чиний виз гарчихсан одоо 500.000 төгрөг шилжүүл” гэж утсаар ярьж байсан. Итгэл муутай санагдаж байсан ч “би визийг чинь буцаалаа шүү” гээд байхаар нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас Мөнхболдын 5084065282 тоот дансруу 500.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 02 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Мөнхболд утсаар “виз чинь бүтчихсэн юм чинь 7.000.000 төгрөг шилжүүл” гээд байсан. Би “хотод очиж визээ үзэж байж болно” гээд шилжүүлээгүй. Би хотод ирээд 2019 оны 02 дугаар сарын 22-ны орой Мөнхболдтой Сансарын колонкын орчимд бааранд уулзсан. “Чиний виз гарсан. Визийг чинь хүргэн Мөөлөөгийнхөө өрөөнд түгжүүлчихсэн хүргэн хөдөө явчихаад ирдэггүй, чи 7.000.000 төгрөгөө байршуул, тэгсний дараа би визийг харуулна” гэж хэлээд байсан. Би энэ явдлаас хойш 2 хоногийн дараа БНСУ-ын элчин сайдын яаман дээр очиж өөрийн овог нэрээр электрон виз ирсэн эсэхийг шүүлгэхэд ямар ч тийм юм ирээгүй байсан. Мөнхболд руу залгаж “миний нэр дээр электрон виз гараагүй, ирээгүй байна” гэхэд Мөнхболд “ирсэн байх ёстой” гээд байхаар нь уулзаж мөнгөө нэхсэн. “Би Солонгосын талтай яриад дахиад 14 хоногийн дотор хийлгээдхэе” гэж хэлээд салж яваад янз бүрийн шалтаг шалтгаан хэлж өдийг хүрсэн. Би Мөнхболдоос ямар ч мөнгө аваагүй. Мөнхболдоос 800.000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Батлхагва мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сард Эрдэнэ-Очиртой тааралдаад юм яриад сууж байтал Эрдэнэ-Очир “Солонгос руу явмаар байна, арга зам байна уу гэсэн. Тэгэхээр нь “надад нэг Мөнхболд гэж таньдаг хүн байгаа, энэ хүн Солонгос руу явуулдаг гэж надад ярьж байсан би асуугаад үзэх үү” гэж хэлсэн. “Намайг яриад үз” гэж Эрдэнэ-Очир хэлэхээр нь би Мөнхболдын 88103495 дугаарын утас руу нь залгаж “чи хүн Солонгос руу явуулах варент байгаа юу” гэж асуутал “болно, мөнгө төгрөг нь бэлэн юм уу” гэсэн. “Мөнгө бэлэн гэсэн, ирээд уулзчихгүй юу” гэсэн чинь “ойрхон явж байна” гээд Мөнхболд Эрдэнэ-Очир бид хоёртой ирж уулзсан. Бид гурав уулзаад Мөнхболдыг Эрдэнэ-Очирт танилцуулсан. Эрдэнэ-Очир “Солонгос руу явах гарц байна уу “гэж асуугаад хоорондоо яриад байсан. Мөнхболд “Солонгос явах виз гаргуулж өгнө, урьдчилгаа 300.000 төгрег өгөх хэрэгтэй” гэж ярьсан. Эрдэнэ-Очир “бэлэн мөнгө байхгүй , орой өгье” гээд салаад явсан. Орой нь Эрдэнэ-Очир Мөнхболдын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн юм байна лээ. “Мөнгө шилжээд ороод ирчихлээ” гэж Мөнхболд надад хэлсэн. Тэр орой Мөнхболд бид хоёр нэг газар зочид буудалд ороод архи уугаад хоносон. Маргааш өглөө нь Мөнхболд надаас салаад явсан. Тэрний дараа Мөнхболд нэмээд Эрдэнэ-очироос 500.000 төгрөг авчихсан байсан. Би энийг ерөөсөө мэдээгүй байсан. Эрдэнэ-Очироос сонсож мэдсэн...өнгөрсөн зун Мөнхболд надтай нэг таарахдаа “Хөгшин чинь хүний визний юм хөөцөлдөж байгаа” гээд хавтастай юм барьчихсан Сансарт явж байгаад таарсан юм. Тэгж л мэдсэн. Мөнхболд нь Солонгос руу хүн гаргаж байсан талаар ёстой мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

С.Мын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-70 дугаар хуудас/,

 

Ш.Эрдэнэ-Очирын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-71 дүгээр хуудас/,

 

           Шүүгдэгч С.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 98 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 10-ны №150 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

                                      

  Шүүгдэгч С.М нь хохирогч Ш.Эрдэнэ-Очирыг “Бүгд Найрамдах Солонгос Улсын виза найдвартай гаргаж өгнө” хэмээн хуурч бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “2-3 хоногт электрон виза гардаг” хэмээн хуурах аргаар өөрийн 5084065282 дугаарын дансаар 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах “Хаан” банкны салбараас 300.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 14-ний Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Хаан” банкны салбараас 500.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.Мын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Эрдэнэ-Очирын мэдүүлэг, гэрч Б.Батлхагвын мэдүүлэг, “Хаан” банкны депозит дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл С.М нь “Бүгд Найрамдах Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж Ш.Эрдэнэ-Очирыг төөрөгдүүлэн хуурч мөнгийг өөртөө шилжүүлэн авсан болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдсон тул С.Мийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн “Солонгос улс руу явах” гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч С.Мийг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ш.Эрдэнэ-Очироос “...Хохиролд 800.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна…” гэсэн хүсэлтээ илэрхийлж, 800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч С.Моос уг хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх С.Мийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.М нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 2 хоногийн хугацаагаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний баривчлагдсан хугацааны нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /2*8=16/ 16 цагийг хасч /500-16=484/ 484 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоов. 

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад С.Моос нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар, зальжин байдлаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.Мыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /2*8=16/ 16 цагийн ажлыг эдлэх ял хасч, /500-16=484/  484 /дөрвөн зуун наян дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Моос 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Эрдэнэ-Очирт олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН