| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2016/00769/И |
| Дугаар | 53 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00769/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эмэгтэй, 22 настай, Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багт оршин суух, Цахар овогт Энхбатын Оюунбилэг /РД: ЖЙ95041109/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Өгөөж төвийн хажуу талын хувийн байрны 1-1 оршин суух, Их мэргэд овогт Ганчулууны Гүрдаш /РД: СЮ93071416/-д холбогдох
"Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Оюунбилэг, хариуцагч Г.Гүрдаш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Оюунбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2014 онд Г.Гүрдаштай танилцаж, 2015 оны 08 дугаар сард хүү маань төрж, 2015 оны 08 дугаар сарын 17 өдөр гэрлэлтээ батлуулсан юм. 2016 оны 02 дугаар сараас эхэлж өөр хүнтэй уулздаг болж, гэртээ ирэхээ больсон юм. Түүнээсээ болж зан ааш нь эвдэрч, 2016 оны 04 дүгээр сараас эхэлж тус тусдаа амьдрах болсон. Тухайн үед бид тусдаа байр хөлслөөд амьдардаг байсан. Хүүг маань хадам ээж хардаг байхад би 2016 оны 05 дугаар сард сургуулиа төгсөхөөр болоход хадам ээж хүүг маань авчирч өгсөн юм. Гүрдаш манай ээж рүү ярьж, охиноо ирж аваарай гэж хэлээд, манай ээж 2016 оны 07 дугаар сард хүү бид хоёрыг ирж авсан. Цаашид гаргасан зангаас нь болж би энэ хүнд итгэх итгэлгүй болсон. Одоогоор зан ааш нь өөр болсон гэж хэлсэн хэдий ч амаараа хэлж, уучлалт гуйсан зүйл байхгүй. Мессэжээр дахин нийлэх талаар хэлсэн хэдий ч зан ааш нь засарсан байдал харагдахгүй байна. Архи уухаараа загнаж, зандарч харьцдаг. Аав ээж нь дахиж нийлээрээ гэж хэлдэг ч гэсэн өөрөө өөрчлөгдсөн зүйл харагдахгүй байна. Зан харилцаа нь өөрчлөгдөхгүй гэж боддог. Би гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийнхөө асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Г.Гүрдаш нь 2016 оны 2 дугаар сараас эхэлж өөр эмэгтэйтэй уулздаг болж, сэтгэл нь хувирсан” гэв.
Хариуцагч Г.Гүрдаш нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Ганчулуун овогтой Гүрдаш би Улаанбаатар хотод түр хугацаагаар амьдарч байгаа. Миний хувьд буруу үйлдэл олон хийж хань хүү хоёроо зөндөө зовоосон. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед алдаа гаргасан байна. Гаргасан алдаагаа ухаарч ойлгосон. Бид залуу хүмүүс учраас салах хэцүү байна. Хүүхэдээ хойд эцгийн гар харуулмааргүй байна. Тэр эмэгтэйтэй өөрийнхөө зөнгөр зангаасаа болж архи ууж явдаг байсан байна. ” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Э.Оюунбилэг, Г.Гүрдаш нарын 2015 оны 08 дугаар сарын 17 өдрийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 4/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 3/ өрхийн эмнэлгийн эмч Энхнарангийн тодорхойлолт /хх 5/, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 9/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Оюунбилэг нь хариуцагч Г.Гүрдашид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Гэрлэгчид 2014 оноос нэг гэрт орж амьдран 2015 онд гэрлэлтээ хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 08 дугаар сард хүү Г.Дүүрэнбилэгийг төрүүлсэн, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оны 04 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, одоо нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа байдал, тэд дундын эд хөрөнгийн маргаангүй болох нь зохигчдын шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр /163700₮*50%*1 хүүхэд*12 сар=982 200₮/ нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 28 123 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Цахар овогт Энхбатын Оюунбилэг (РД: ЖЙ95041109) Их мэргэд овогт Ганчулууны Гүрдаш (РД: СЮ93071416) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Г.Дүүрэнбилэгийг нэхэмжлэгч /эх/ Э.Оюунбилэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Дүүрэнбилэгийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг хариуцагч /эцэг/ Г.Гүрдашийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос сар бүр, мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулж хүү Г.Дүүрэнбилэгийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Гүрдашаас 70 200 төгрөг, 28 123 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Оюунбилэгт олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.АРИУНАА