Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

2020          04           15                                   2020/ШЦТ/351       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч А.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Шийг холбогдох эрүүгийн 1909045320145 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо зүүн наран 17 гудамж 18 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 18-459 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч А.Ш нь 2019 оны 5 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүүк Ло” ХХК-д түгээгчээр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу ном захиалагч нарын тушаасан орлогын 1.673.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                       

Шүүгдэгч А.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

Эрүүгийн 1909045320145 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч А.Ш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 5 дугаар сарын дундуур цахим худалдааны худалдааны үйл ажиллагаа явуулдаг Бүүк Ло ХХК-нд түгээгчээр ажилд орсон. Намайг ажиллаж байхад 2019 оны 11 дүгээр сард компаний зүгээс дутаасан тооцоо мөнгөө тушаачихаад эргээд ажилдаа ор гээд ажлаас чөлөөлсөн. Би ажиллаж байхдаа хүргэлтийн ном болон гоо сайхны барааны мөнгийг өдөрт бага багаар аваад нийт 1.673.000 төгрөг болсон. Би дутаасан 1.673.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Миний буруу, хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Баттуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Шийрэвдорж 2019 оны 5 дугаар сард манай компанид түгээгчээр ажилд орсон. Шийрэвдорж нь ном болон гоо сайхны бараа хүргэлтээр хүргэж өгөөд орлогын мөнгийг өөрөө аваад маргааш нь тооцооны ажилтанд тушаах ёстой байдаг юм. Шийрэвдорж нь 2019 оны 5 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хүргэлтээр аваачиж өгсөн номны мөнгөө тушаахгүй яваад байсан. Шийрэвдоржид мөнгө өгөхийг хэлэхэд “удахгүй өгнө, бөөгнүүлж байгаад тушаана” гэж хэлсэн. Ажлын 7 хоногийн хугацаа өгсөн боловч тэр хугацаандаа өгөөгүй учраас ажлаас нь чөлөөлсөн. Шийрэвдоржийн дутаасан мөнгийг өөрийнх нь цалин дээрээс суутгаж авсан боловч авсан мөнгө нь цалингаас давж гараад үлдэгдэл 1.673.000 төгрөг болсон. Мөнгөө барагдуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

Booklo номын дэлгүүр “ажлын байрны тодорхойлолт” /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Booklo номын дэлгүүр “ажлаас чөлөөлөх тухай” тодорхойлолт /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

            Ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

            Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

 

Booklo номын дэлгүүрээс гаргаж өгсөн тооцооны баримтууд /хх-ийн 12-68 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч А.Шийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 101-113 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч А.Ш нь 2019 оны 5 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүүк Ло” ХХК-нд түгээгчээр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу ном захиалагч нарын тушаасан орлогын 1.673.000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь шүүгдэгч А.Шийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Баттуяагийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл хохирогчоос А.Шийг борлуулагч, түгээгчээр, байгууллагын орлогын тооцоог хийх үүрэг хүлээлгэн ажиллуулах явцад тэрээр дур мэдэн орлогын мөнгийг өөртөө авсан болохыг шүүгдэгч, дутагдуулсан болохыг хохирогчоос тодорхой мэдүүлж, хохирол учирсан болохыг баримтаар тогтоосон зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогчоос итгэмжилэн хариуцуулсан эд хөрөнгийг авах санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэж нийтдээ 1.673.000 төгрөгийг авсан нь түүнийг үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.Шийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Шоос “Бүүк Ло” ХХК-нд учирсан хохирлоос 1.000.000 төгрөг төлөгдсөн /хх-ийн 130 дугаар хуудас/ болох нь тогтоогдсон байна.

 

Иймд А.Шоос “Бүүк Ло” ХХК-нд үлдэгдэл хохирол болох 673.000 төгрөгийг гаргуулж, тухайн компанид олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч А.Шийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Шид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Шид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах,  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, тэнсэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар “Бүүк Ло” ХХК-нд учруулсан 673.000 төгрөгийн хохирлыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Ш  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай санаа, зорилгоо хэрэгжүүлж зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                           

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А.Шийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Шид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч А.Шид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хууль зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Шоос 673.000 /зургаан зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулж “Бүүк Ло” ХХК /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баттуяа/-нд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Шийг 673.000 /зургаан зуун далан гурван мянга/ төгрөгийн хохирлыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Шид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН