Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00741/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багт нутагладаг, Шарайд овогт Цанлигийн Баатархүүгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 02-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ц.Баатархүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 1971 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Оргил” нэгдэлд малчнаар ажилласан юм. Миний ажлаас халагдсан тушаал олдохгүй байх тул нийгмийн даатгалын байцаагч дээрх хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 1 тал)
    
Хүсэлт гаргагч Ц.Баатархүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баатархуяг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Баатархүүгийн нэхэмжлэлтэй хэрэгт би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Хятад улс руу явах болсон тул намайг оролцуулахгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. (хх-ийн    тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ц.Баатархүү нь 1971 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Баатархүүгийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Ц.Баатархүү нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Баатархүү нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
    Хүсэлт гаргагч СТ-57011211 регистрийн дугаартай, Шарайд овогт Цанлигийн Баатархүү нь 1971 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч Ж.Даваасүрэнгийн: ... Би 1961 оноос 1964 оныг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд тракторчнаар, 1971 оноос 1975 оныг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Оргил” нэгдэлд мужаанаар ажиллаж байсан. ... Ц.Баатархүү нь 1971 оноос 1975 оныг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1976 оноос тракторын курсэд сурахаар явсан ... гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 тал)
2.Гэрч С.Шүрэнцэцэгийн: ... Би 1971 оноос 1975 оныг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. ... Ц.Баатархүү нь 1971 оноос 1975 оныг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Илгээлтийн эздийг 4 жил болгоод курсэд явуулдаг байсан. ... Ц.Баатархүү нь 1976 оноос тракторын курсэд суралцсан ... гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 тал)
3. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Оргил” нэгдлийн даргын 1971 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай тушаалын хуулбарт: ... Цанлигийн Баатархүүг Сайхан-Өндөр бригадад 1971 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн туслах малчнаар томилсугай гэжээ.  (хх-ийн 5 тал)
4.  Хэнтий аймгийн архивын тасгаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн малчин Ц.Баатархүүгийн 1974 оноос 1975 он хүртэл хугацаанд авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 6 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Шарайд овогт Цанлигийн Баатархүү, 1957 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, СТ-57012111 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)
6. Хүсэлт гаргагч Ц.Баатархүүгийн шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 15 тал)  
7. Хүсэлт гаргагч Ц.Баатархүүгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (хх-ийн 8-10 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Ц.Баатархүү нь Ц.Баатархуягт эрхээ шилжүүлж итгэмжлэл олгосон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баатархуяг нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн  11, 29 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СТ-57012111 регистрийн дугаартай Шарайд овогт Цанлигийн Баатархүүг 1971 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Баатархүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ