| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0822/Э |
| Дугаар | 916 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 916
2020 05 15 2020/ШЦТ/916
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Т.Внарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В холбогдох эрүүгийн 2006 01668 0811 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн “Жаргалант” суманд төрсөн, казак, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн “Жаргалант” сум 8 дугаар баг, Наран 5 дугаар гудамж, 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 19-310б тоотод оршин суух,
-урьд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Т.Внь 2020 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоё” нэртэй угаалгын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мөнхзултай маргалдаж, түүний цээж, дал, гуя, бугуйн хэсэгт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүгдэгч Т.В гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Внь 2020 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоё” нэртэй угаалгын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мөнхзултай маргалдаж, түүний цээж, дал, гуя, бугуйн хэсэгт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.Вгэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.В өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],
2. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],
3. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3],
4. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл[4],
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №3922 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...1. Б.Мөнхзулын биед зүүн дал, баруун бугалга, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох жумрын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт[5],
6. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалстикийн шинжилгээний №02/345 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...Шинжилгээнд ирүүлсэн нэг гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Уг гарын мөр нь папилон санд бүртгэгдсэн гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 3.Шинжилгээний явцад ач холбогдол бүхий зүйл илрээгүй байна” гэх дүгнэлт[6],
7. Гэрч Б.Баянмөнхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 8 цаг, 10 минутын үед Б.Мөнхзул над руу залгаад Т.Внамайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би цагдаа болон түргэн тусламж дуудаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоё” авто угаалгын газар ирсэн” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Б.Дашбал 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр захирал Б.Мөнхзулын машиныг угааж байтал захиралд “нэг шил 0,75 литрийн “Эдэн” нэртэй архи байна нэг татчий” гэж хэлээд Володвик, захирал бид гурав уусан. Тэгээд архиа ууж дуусаад захирал Мөнхзул дахин нэг шил “Хараа” нэртэй 0,75 литрийн архи авсан. Архиа ууж дуусаад захирал намайг “орж унт” гэж хэлэхээр нь би хажуу талын өрөө рүү орж унтсан. Үүрээр 04 цагийн үед унтаад удаагүй байж байтал манай захирал Мөнхзул “Т.Внамайг хутгалчихлаа” гэж уйлаад орж ирсэн. Гэтэл араас нь Т.Вхутга барьчихсан орж ирэхээр нь би хутгыг аваад гудсан доор хийсэн. Т.Вгарч явах гээд байхаар нь би захирлын дүү Баянмөнхийг дуудсан. Хутга байсан өрөөний цусыг би цэвэрлэсэн” гэх мэдүүлэг[8],
9. 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №134 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар[9],
10. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй хорих, хаалттай хорих ангийн албан бичиг[10],
11. Хохирогч Б.Мөнхзулын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш манайд ажиллаж байсан Т.Вирсэн. 03 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хаяад явсан байсан. Тэгээд ирээд надаас “мөнгө зээлээч” гэхээр нь би үгүй. Чи согтуу байна. Мөнгө өгвөл чи дахиад архи авч ууна” гэж хэлсэн. Гэтэл Т.В“тэгвэл архи аваад өг” гэж хэлэхээр нь “ажил тараад авч өгье” гэж хэлсэн. Ингээд ажил тараад би өөрөө архи авч ирж өгсөн. Тэгээд гэнэт “Чи манай казакуудыг ад үзлээ. Чи юу юм бэ?” гээд намайг ална гээд байсан. Би манайд ажилладаг гурван казак хүний хоёрыг нь ажлаас халсан юм. Тэгээд намайг хаашаа ч явуулахгүй хаалга түгжсэн. Би утсаар ярьж дүүгээ дуудах гэтэл утас аваад шидчихсэн. Миний утас ажиллахгүй байсан. Тэгээд би Дашбалыг дуудаад дүү рүүгээ залгуулсан. Миний зүүн хөх, зүүн дал, баруун гарын булчин, зүүн гуяны гадна талд нийт 4 удаа хутгалсан. Т.Вөөрөө хувинтай ус аваад гарсан цусыг цэвэрлэсэн. Дашбал сүүлд гарсан цусыг цэвэрлэсэн. Би шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[11],
12. Шүүгдэгч Т.В2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад уншин сонсгосон. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогч Б.Мөнхзул бид хоёр сайн найзууд. Би 2018 оноос хойш Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоё” авто угаалгын газарт ажиллаж байна. Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт байдаг гэр бүлийнхэн дээрээ очиж байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод ирээд шууд ажил дээрээ очсон. Гэтэл Мөнхзул намайг хэлэлгүй алга болсон чинь уурлаад байсан. Тэгээд намайг ажиллуулахгүй гээд байсан. Орой 23 цагийн үед Мөнхзул архи гаргаад ирсэн. Тэр архийг ууж дуусгаад 23 цаг, 40 минутын үед Мөнхзул 20,000 төгрөг надад өгөөд архи, хиам, талх аваад ир гэж хэлсэн. Мөнхзул Дашкад 40,000 төгрөг өгөөд дахин нэг шил архи авахуулсан. Дашка, Мөнхзул бид гурав тэр архийг хувааж ууж байгаад Мөнхзул бид хоёр маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Би Мөнхзулыг амар гээд өрөөнд нь оруулсан. Гэтэл Мөнхзул шээнэ гээд байхаар нь би төмпөнд шээлгэж байсан чинь намайг худалч гээд алгадаад байсан. Мөнхзул өдрийн цагаар ажил дээр хоол хийдэг хутгыг аваад зүүн дал цээж, баруун бугалга, зүүн гуяны хэсэгт хатгаж, зүссэн. Нэг мэдэхэд би Мөнхзулаас уучлалт гуйж байсан. Мөнхзул би чамд гомдолтой гэж хэлэхгүй байсан” гэх мэдүүлэг[12]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.В гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчид 1,000,000 /нэг сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Т.В эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.В 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Т.Володвикт анхааруулан шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Т.Внь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, цустай хөхөвч, цустай бинт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.В Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Володвикт 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Т.Володвикт анхааруулсугай.
4. Шүүгдэгч Т.Внь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, цустай хөхөвч, цустай бинт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.В авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 4-9 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн 12-14 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 15 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 34-34 дүгээр тал
[7] Хавтст хэргийн 23 дугаар тал
[8] Хавтст хэргийн 24-25 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 67-70 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 72 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал