Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

2020          04          13                                  2020/ШЦТ/344       

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч И.Мөнхцэцэг /томилолтоор/,

Хохирогч Л.Нарангэрэл, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан,

Хохирогч Л.Гэрэлцэцэг, Л.Нарангэрэл нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

Шинжээч Ц.Ганболд, С.Баатаржав, Ө.Сарангэрэл, Ж.Ганцэнгэл,

Гэрч Г.Дуламсүрэн,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 201625022708 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Эрдэнэс таван толгой” ХХК-нд мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Голомт хотхоны А-52 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.Б нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” төвийн 2 давхарт 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нартай маргалдаж Л.Гэрэлцэцэгийн зүүн гарыг мушган түлхэж унагасан, толгой руу нь гараараа цохиж зүүн гар, зүүн шилбэ рүү өшиглөж биед нь тархи доргилт, баруун шилбэнд цус хуралт зүүн бугуй, баруун сарвууны 5-р хуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн гэмтэл, Л.Нарангэрэлийн баруун гарыг мушгиж түлхэж унагаан баруун мөрний зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дуламсүрэн над руу залгаад “би Эн Ар Си компанитай тооцоо нийлэхээр явах юм. Тухайн компаниас 9.900.000 төгрөгийн авлагатай. Ингээд та банкинд 10 гаруй жил ажилласан хүн байна гэрээ хэлцлийг нь шалгаад нягтлаад хамт байлцаад өгөөч” гэж хэлсэн. Дуламсүрэн надад холбогдох баримтуудыг үзүүлсэн. Би баримтуудыг нягталж үзэхэд Дуламсүрэн 9.900.000 төгрөгийн авлагатай гэдэг нь харагдаж байсан. 11 дүгээр хороололтой ойрхон байсан тул би зөвшөөрч хамт явж Дэлгэрэх төвийн 2 давхарт жижиг өрөөнд ороход аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэхээргүй маш олон жижиг цаасан хайрцагтай зүйлс хөглөрсөн эмх замбараагүй орчинд нягтлан жижиг ширээн дээр сууж байсан. Тэгээд нягтлан бүсгүй захирлыг ирэхээр тооцоогоо яръя гэж хэлсэн. Удалгүй Нарангэрэл гаднаас орж ирэхэд Дуламсүрэн түүнд хандан үлдэгдэл мөнгийг өгөөгүйд гомдолтой байгаа тухай хэлэхэд Нарангэрэлийн хувьд уурлаж ундуйцаагүй “9.900.000 төгрөгийг 10 дугаар сардаа багтаагаад төлнө” гэж хэлсэн. Тэнд миний үүрэг байгаагүй учир би явах тийшээ хандсан. Гэтэл Дуламсүрэн Нарангэрэл гуайд хандаж “та 9.900.000 төгрөгийг төлнө” гэдгээ илэрхийлсэн бичиг хийгээд өгөөч, учир нь та өмнө нь өгнө гээд өгөхгүй удаасан шүү дээ” гэж хэлсэн. Энэ үед Гэрэлцэцэг бүдүүлэг танхай байдалтай орж ирээд “чи миний ээжийг төлөхөө бичээд өг гээд шаарддаг хэн бэ” гээд маргаан үүсгэсэн. Мөн өчигдөр чи жижиг чулуу цонх руу чидсэн гээд ууртай байсан. Нарангэрэл нь “9.900.000 төгрөгийг төлөхөө болилоо, та нар шүүхээр явж шийдүүл” гээд Гэрэлцэцэгтэй нийлж бүдүүлгээр харьцаж Гэрэлцэцэг утсаараа бичлэг хийж байсан. Дуламсүрэнг “юун хүн дагуулаад явж байгаа юм” гэхэд би түрүүвчнээс иргэний үнэмлэхээ гаргаж үзүүлсэн. Бид 2 гарахаар хаалга руу хандахад Гэрэлцэцэг хаалганы өмнө бичлэг хийж байхад бичлэгийг болиулах шаардлага тавьсан. Тэгээд над руу шүлсээ хаяж, хэл амаар доромжилж бүдүүлэг харьцаад байсан. Харин Нарангэрэл гуай “наад хоёроо явуулж болохгүй хаалгаа түгжээрэй” гээд хашгирч араас татаж чангаагаад байсан. Тэгээд хаалгаар чихэлдэж гарах гэхэд нягтлан, Гэрэлцэцэг, Нарангэрэл нар нь миний цувнаас татаж урсан. Хажуу өрөөний залуугаас цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. Мөн Дуламсүрэн цагдаа дуудсан. Ингээд хаалгаар чихэлдэж Дуламсүрэн эхэлж гараад би араас нь нэг цаг хугацаанд гараад шууд цагдаагийн газарт очсон...” гэв.

 

Хохирогч Л.Нарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2016 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 24 цагийн үед Дуламсүрэн гэрийн гадаа ирээд цонх руу чулуу шидээд, намайг “гараад ир” гээд байна гэж Гэрэлцэцэг хэлсэн. Тухайн үед би гэртээ байхгүй Зайсанд байсан тул маргааш ажил дээр очоод нягтлантай тооцоо нийлж уулзъя гэж хэлсэн. Тухайн үед Дуламсүрэн нь цагаан өнгийн машинтай явж байсан гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би Гэрэлцэцэгээр хүргүүлж ажил дээр очиход нягтлан, Дуламсүрэн, Батсүрэн нар ирсэн байсан. Тэгээд Батсүрэнг асуухад тэрээр үнэмлэх шиг зүйл гаргаж ирээд духан дээр наах нь холгүй “би хуулийн хүн байна” гэж хэлсэн. Удалгүй Гэрэлцэцэг гаднаас орж ирэхэд Батсүрэн “хэдэн төгрөгийг яаж өгөх юм бэ хэл” гэж хэлж байсан. Дуламсүрэнтэй тооцоо нийлээд явах боломжтой байхад Батсүрэн хуулийн хүн байна гээд сүрдүүлээд байхад Гэрэлцэцэг бичлэг хийхэд Батсүрэн хайрцаг дээгүүр үсэрч гарч ирээд Гэрэлцэцэгийн гар утас руу цохиод нүдний шилийг нь хугалж бөөн дуу чимээ болсон. Би охиноо цохиулахад зүгээр хараад байхгүй “чи болиоч ээ” гэхэд миний баруун гарыг нугалаад намайг хайрцагны ар хэсэг рүү түлхсэн. Мөн Гэрэлцэцэгийг үсдээд байсан. Энэ талаарх баримт байгаа. Тэгээд Батсүрэн гарахдаа хаалганы бариуланд хувцсаа урсан. Гэрэлцэцэг бид хоёрыг зодчихоод өнөөдөр Батсүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй мэлзэж байгаад гомдолтой байна. Би эмчилгээний зардал 11.246.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Гэрэлцэцэгийн хохирлыг нэхэмжилнэ...” гэв.

 

Гэрч Г.Дуламсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нарангэрэлийг орж ирэхэд би эхэлж ярьсан. Түүнд “танай нягтлан чинь буруу ойлгоод байна. Танай компаний надад мөнгөний үлдэгдэлтэй гэх бичиг байгаа” гэхэд Нарангэрэл “10 дугаар сард төлөх арга хэмжээ авна” гэж хэлсэн. Би “үүнийгээ илэрхийлсэн бичиг хийгээд өгчих” гэхэд мөн Батсүрэн бас “нөгөө бичгээ хийгээд өгчих” гэж хэлсэн. Гэтэл энэ үед Гэрэлцэцэг орж ирээд бичлэг хийгээд зогсож байхад би “болиоч” гэхэд “миний ээжийг мөнгөө төл гэдэг хэн бэ” гээд хашгираад байсан. Би анхнаасаа хэрүүл маргаан өдөөх гэж очоогүй. Харин төлбөр тооцоогоо нийлэх гээд очсон...” гэв.

 

Шинжээч Ц.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Дүгнэлтэд Л.Нарангэрэлд баруун далны шөрмөсний урагдал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун далны шөрмөсний урагдал нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө үүссэн гэмтэл байна. Баруун далны шөрмөсний урагдал нь гарыг мушгих, татах, сунгах үед үүсдэг. 2016 оны 10 дугаар сарын 08-нд баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэрээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тус тус дүгнэсэн...” гэв.

 

Шинжээч С.Баатаржав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Зөөлөн эдэд хаван хавдар, цус хуралт үүссэн байх ёстой байхад уг шинжүүд илрээгүй. Харин хуучин архаг эмгэгийн өөрчлөлтүүд гарч ирсэн. Тухайн үед Нарангэрэлийн биед илэрч буй зовиур, үзлэг, оношилгоог уншиж дүгнэлт гаргасан. Ингээд хөнгөн гэмтэл учирсан байх боломжтой юм байна гэж үзээд дүгнэлт гаргасан...” гэв.

 

Шинжээч Ө.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нарангэрэлийн биед хатингаршилт нь эвгүй татах үед үүсэх боломжтой. Ямар нэгэн зовиур шаналалгүйгээр явах боломжтой. Хэрэв сэдэрсэн бол ямар нэгэн цус хуралт, хаван зэрэг гэмтлүүд үүсэх ёстой байсан. Гэтэл шинэ үрэвслийн шинж илрээгүй...” гэв.

 

Шинжээч Ж.Ганцэнгэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Шөрмөсний гэмтэл нь өөрт нь үүссэн архаг өөрчлөлтийн явцтай гэмтэл. Энэ нь мөрний хөнгөн гэмтэлд нөлөөлөхгүй...” гэв.

 

Эрүүгийн 201625022708 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч С.Бгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 124-125 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Нарангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2016 оны  10 дугаар сарын 08-ны өдөр 13 цаг өнгөрч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Дэлгэр төвийн 2 давхарт байх оффис дээрээ ирэхэд Дуламсүрэн надаас түрүүлээд ирчихсэн Солонготой тооцоо нийлээд сууж байсан. Солонгоог загинаад хэл амаар доромжилоод сууж байсан. Дуламсүрэнтэй хуульч Батсүрэн гэх хүн хамт байсан. Тухайн үед үнэмлэхээ үзүүлээд “би хуулийн хүн байна, та нар энэ мөнгийг төлөхгүй бол шоронд оруулна, цагдаад барьж өгнө” гэх мэтээр доромжилоод байсан. Тухайн үед манай охин Гэрэлцэцэг ирээд “манай ээж рүү битгий дайраад бай” гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Дуламсүрэн, Батсүрэн 2 уурлаад манай охин руу дайраад “гар утсаараа бичлэг хийхээ боль, наадахаа унтраа, наашаа өгөөдөх” гээд байсан. Манай охин болсон явдлыг бичиж байсан утсаа өгөхгүй гэсэн чинь Батсүрэн очоод түүний гараас утсыг нь булааж авсан. Манай охин бас утсаа өгөхгүй гээд түүнтэй зууралдсан. Батсүрэн нь манай охины толгой руу цохиод үснээс нь зулгаагаад хөл рүү өшиглөөд гараараа хоолойг нь боож газар унагаад дээрээс нь дараад байхаар нь би очоод түүнийг салгах гэж оролдтол Батсүрэн нь миний баруун гарыг мушгиж ар нуруунд нааж барьчихаад намайг хөдөлгөхгүй байсан. Би тухайн үед “болиоч миний баруун гар өвдөөд байна” гэсэн чинь улам мушгиад дарж байгаад намайг газар түлхэж унагаад Дуламсүрэнтэй хамт гадагшаа гараад явчихсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Гэрэлцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 11 дүгээр сарын эхээр Батсүрэн, Дуламсүрэн нар манай ээж Нарангэрэлийг Баянгол дүүргийн 15 дугаар хороо 30-1-6 тоот гэрт нь ирж дарамталж мөнгө нэхэж “ална” гэж заналхийлсэн гэж над руу утсаар хэлсэн. Маргааш нь би ээж Нарангэрэлийг гэрээс нь аваад ажил дээр нь очиход ээжийн өрөөнд Батсүрэн, Дуламсүрэн нар ээжийг дарамталж “мөнгө өг” гэж шаардахаар нь би гар утсаараа бичлэг хийсэн. Дуламсүрэн нь намайг “чи яагаад гар утсаараа бичлэг хийгээд байгаа юм” гэхээр нь би протокол хөтөлж байна гэж хэлсэн. Өмгөөлөгч Батсүрэн босож ирээд “чи наад бичлэгээ зогсоо” гэж хэлэхээр нь би “үгүй зогсоохгүй” гэж хэлсний дараа Батсүрэн миний гар утсыг булааж аваад миний хувцаснаас зуурч зүүн гар мушгиад дээрээс дарж унаад хоолой боогоод хажуу талаас манай ээж “чи яаж байгаа юм бэ хүн аллаа”  гэхэд Батсүрэн манай ээжийн баруун гарыг мушгиж түлхэж газар унагаагаад зодож эхэлсэн. Хажуу талаас манай нягтлан эмэгтэй Солонго, Дуламсүрэн нар хараад зогсож байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төв өвчний түүх /1 дүгээр хх-ийн 13-16 дугаар хуудас/,

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 19-24 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Солонго мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Нарангэрэл захирал Дуламсүрэнтэй уулзаад ярилцаж байтал хамт явсан залуу нь нэг үнэмлэх үзүүлээд “би хуулийн хүн байна…энэ эмэгтэйн мөнгийг хурдан гаргаж өг арай удаж байна” гэх зэргээр загнаж эхэлсэн...Гэрэлцэцэг орж ирээд “чи хөгшин настай миний ээж рүү яагаад орилоод том том дуугараад байгаа юм” гэх зэргээр маргаж эхэлсэн. Тэр үед Гэрэлцэцэг өөрийн гар утсаараа бичлэг хийх гэтэл нөгөө эрэгтэй Гэрэлцэцэгийн хоолой билүү цээжнээс заамдаад утсыг нь булааж авах гэж оролдсон. Гэрэлцэцэг бас өгөхгүй гээд эсэргүүцээд зууралдаж байсан. Тэр үед Нарангэрэл захирал дундуур нь ороод салгах гэтэл нөгөө залуу Нарангэрэл захирлын нэг талын гарыг нь мушгиад хайрцагтай байсан баримтууд дээр түлхэж унагасан. Тэрийг хараад Гэрэлцэцэг бас дундуур нь орж салгах гэтэл тэр залуу бас Гэрэлцэцэгийг түлхэж унагасан. Миний харснаар тэр залуу Гэрэлцэцэгийг гараас нь барьж хана руу түлхэж байсан. Харин яг хаана нь хэдэн удаа цохисныг хэлж мэдэхгүй байна. Би сандраад утсаараа нэг ажилтан руугаа залгаж хүн дуудах гэж байхад тэр асуудал болсон…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

Гэрч Л.Гантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...манай ээж хүнд зодуулчихсан гээд гараа сойчихсон уйлчихсан байдалтай ирсэн. Маргааш нь Гэрэлцэцэг ирээд ээжийг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Явахдаа өчигдөр орой цонх руу чулуу шидээд байсан эмэгтэй нэг залуутай хамт ирээд ээж бид хоёрыг зодчихсон гэж хэлсэн... Өөрийг нь харахад хөл гар нь битүү хөх няц болчихсон харагдаж байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Дуламсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед би өөрийн найз Батсүрэнгийн хамт Нарангэрэл нарын оффис болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Дэлгэр төвийн 2 давхарт байх өрөөнд Нарангэрэлтэй уулзахаар очсон. Батсүрэн бид хоёрыг очиход Нарангэрэл ирээгүй байсан. 13 цаг 45 минутын үед дахин орж үзэхэд нягтлан Солонго нь ганцаараа сууж байсан. 13 цаг 50 минутын үед Нарангэрэл өөрийн охин Гэрэлцэцэгийн хамтаар орж ирсэн...Нарангэрэл нь “би мөнгийг чинь төлнө, үүнийгээ энэ 10 сардаа багтаан төлнө гэсэн бичиг хийгээд өгье” гэсэн чинь Батсүрэн хажуугаар орж ирээд Нарангэрэлд хандан “та энэ мөнгөө ирэх 7 хоногт төлж дуусгана гээд бичиг хийгээд өгчихөөч, төлөхгүй бол ямар хүү алданги тооцож төлөх талаараа бас бичиж өгөөч” гэсэн чинь Гэрэлцэцэг нь хажуунаас гар утсаараа бичлэг хийгээд “чи манай ээжийг ирэх 7 хоногт мөнгөө төл гэж дарамталдаг хэн бэ” гэх зэргээр уурлаад хашигчаад байсан. Тэр үед Батсүрэн өөрийнхөө нэг үнэмлэхийг үзүүлээд “би хуульч хүн байна, бичлэг хийхээ болиоч” гэсэн чинь “үгүй” гээд болихгүй байсан. Тэгээд гэнэт байж байгаад Батсүрэн, Гэрэлцэцэг нар хоорондоо зууралдаад байсан ба хажуунаас нь Нарангэрэл очоод Батсүрэнг өшиглөж цохиж байгаа нь харагдсан бөгөөд тэр үед Солонго нь хажуунаас нь очоод салгах гэж байгаа харагдсан. Нарангэрэл, Гэрэлцэцэг нар Батсүрэнтэй зууралдаад байсан бөгөөд сиймхий гарахаар нь би хаалгаар гадагшаа коридорт гараад Батсүрэнг гарч ирэхийг хүлээж байсан. Дотор юу болсоныг мэдэхгүй, ямар ч байсан хүмүүс орилж чарлаад байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14141 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Л.Гэрэлцэцэгийн биед баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, баруун сарвууны 5 дугаар хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /1 дүгээр хх-ийн 52 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1358 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. ШШҮХ-ийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2016.10.14-ний өдрийн гаргасан №14141 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Хохирогч Гэрэлцэцэгийн биед тархи доргилт, баруун шилбэнд цус хуралт зүүн бугуй, баруун сарвууны 5-р хуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Хохирогч Л.Гэрэлцэцэгийн биед учирсан гэмтлүүд мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн ба тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн болно...” гэжээ /1 дүгээр хх-ийн 54 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14142 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Нарангэрэлийн биед баруун дал ясны шонтонд цууралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /1 дүгээр хх-ийн 57 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1357 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. ШШҮХ-н шинжээч Номинцэцэгийн гаргасан №14142 тоот дүгнэлт тухайн үедэй үндэслэлтэй байна. Уг дүгнэлтэнд тусгагдсан баруун дал ясны цууралт гэмтэл нарийвчилсан шинжилгээ болох MRI шинжилгээгээр батлагдаагүй харин баруун далны булчингийн шөрмөс урагдсан гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /1 дүгээр хх-ийн 59-60 дугаар хуудас/,

УБ Сонгдо эмнэлэг үйлчилгээний төлбөр тооцооны тасалбар /1 дүгээр хх-ийн 62-72 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹105 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Урьд гаргасан №14142, №1357 дугаартай дүгнэлтүүд үндэслэл муутай байна.
  2. Л.Нарангэрэлийн биед баруун далны булчингийн шөрмөсний хуучин урагдал гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Соронзон резонанст томографийн шинжилгээнээс үзэхэд дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна...” гэжээ /1 дүгээр хх-103-104 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...АШУҮИС-ийн Дүрс оношлогооны танхимын ахлах багш АУ-ны доктор, ахлах зэргийн эмч Д.Түвшинжаргалын ЭМЯ-ны дүрс оношлогооны салбар зөвлөлийн томилолтын дагуу Дүрслэлийн шинжилгээний дүгнэлтийн талаар хүргүүлсэн саналд булчингийн уутны үрэвсэл, үений хөндийд булчингийн уутанд цугларсан шинж дүрслэлийн шинжээр /т1 дараалалд бараан/ шинэ цусан бүтээгдэхүүн агуулаагүй, мөн супраспинатус булчингийн өөхөн хатингарал илэрсэн нь өмнө нь байсан архаг өөрчлөлтүүд гэсэн байсан ба уг зураг нь тухайн хэрэг болсон өдөр авахуулсан зураг байсан учраас хэрэг болохоос өмнө үүссэн хуучин гэмтэл гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 117-118 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹663 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Л.Гэрэлцэцэгийн биед баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, баруун гарын 5-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2016.10.12-ны шинжээч эмчийн үзлэг болон хавтаст хэргийн материалын 19-р хуудсанд дахь хохирогчийн гар, хөлний фото зургаас үзэхэд баруун гарын 5-р хуруунд гэмтэл учирсан байна. Тархи доргилт гэмтэл нь тогтоогдохгүй байна.
  2. Л.Гэрэлцэцэгийн биед учирсан баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, баруун гарын 5-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэжээ /2 дугаар хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №662 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар 14-ний өдрийн №14142, №1357 тоот дүгнэлтүүд үндэслэл муутай байна.
  2. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 105 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
  3. Л.Нарангэрэлийн биед баруун далны булчингийн шөрмөсний хуучин урагдал гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаа /2016.10.08/-нд үүсээгүй өмнө үүссэн байх боломжтой.
  5. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  6. Л.Нарангэрэлийн биед тухайн үед буюу 2018 оны 10 сарын 08-ны өдөр баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  7. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №847 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Л.Гэрэлцэцэгийн биед баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, зүүн гарын 5-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, зүүн бугуйн толгойт ясны хэмийн няцралын дараах уйланхайжилт тогтоогдлоо. Тархи доргилт гэмтэл тогтоогдоогүй байна.
  2. Дээрх баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, зүүн гарын 5-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой байна. Зүүн бугуйн толгой ясны хэмийн няцралын дараах уйланхайжилт нь гэмтлийн дараах архаг өөрчлөлт ба үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
  3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 37-42 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹565 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

 

1.  Л.Нарангэрэлийн баруун далны шөрмөсний урагдал тогтоогдлоо. Энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

2.  Баруун далны шөрмөсний урагдал нь 2016.10.08-ны өдрөөс өмнө үүссэн гэмтэл байна.

3.  Баруун далны шөрмөсний урагдал нь гарыг мушгих, татах сунгах үед үүсдэг. Хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.

4.  2016.10.08-нд баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /2 дугаар хх-ийн 199-201 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч О.Болороо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...мөрний дээд шөрмөс хөндлөн урагдалтай далны дээрх шөрмөс сэтэрсэн урагдалтай, орчны эдэд цус хуралтгүй, үений шингэн ихэссэн ясанд гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй үений уутны бүтэц хэвийн гэсэн Дүрс оношлогооны салбар зөвлөлийн эмч Д.Түвшинжаргалын саналтай тохирч эдгэрлээс үндэслээд Нарангэрэлийн биед учирсан далны шөрмөсний урагдал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгүй гэж үзсэн. Өөрөөрхэлбэл Нарангэрэлийн биед учирсан дал шөрмөсний урагдал гэмтэл нь хуучин болох нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 179-180 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Л.Гэрэлцэцэгийн зүүн бугуйн толгойт ясны хэмийн няцралын дараах уланхайжилт өөрчлөлт нь гэмтлийн дараах архаг өөрчлөлт тул хугацааг тогтоох боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл ясанд хэзээ үүссэн гэмтлийн үлдэц өөрчлөлт болохыг тогтоох боломжгүй байна. А: Зүүн бугуй, зүүн гарын 5-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас үүсэх боломжтой юу? Х: боломжгүй. Зөвхөн өөрийн ясны гэмтлийн улмаас үүсэх боломжтой байдаг ...” гэжээ /2 дугаар хх-ийн 181-182 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч С.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Г.Очхүүгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02005 дугаартай шүүхийн шийдвэр /1 дүгээр хх-ийн 137-140 дүгээр хуудас/,

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2017/02443 дугаартай магадлал /1 дүгээр хх-ийн 141-144 дүгээр хуудас/,

 

Хохирлын баримтууд /1 дүгээр хх-ийн 147-152, 2 дугаар хх-ийн 65-96 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Норовын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Батсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 127 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 дүгээр хх-ийн 128-136 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 13-14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” төвийн 2 давхарт байх албан өрөөнд “найз Г.Дуламсүрэнгийн төлбөр мөнгийг 7 хоногийн дотор төлнө гэсэн бичиг хийж өг, гар утсаар бичлэг хийхээ зогсоо” хэмээн хэлэхдээ зүй зохисгүй байдлаар илэрхийлж, иргэн Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нартай маргалдаж тэдгээрийн бие махбодид хүч хэрэглэж Л.Гэрэлцэцэгийн бие махбодид “баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, зүүн гарын 5-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, Л.Нарангэрэлийн бие махбодид “баруун мөрний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус бүрт санаатай учруулсан болох нь хэрэг цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

 Хохирогч Л.Нарангэрэлийн “...Батсүрэн нь манай охины толгой руу цохиод үснээс нь зулгаагаад хөл рүү өшиглөөд гараараа хоолойг нь боож газар унагаад дээрээс нь дараад байхаар нь би очоод түүнийг салгах гэж оролдтол Батсүрэн нь миний баруун гарыг мушгиж ар нуруунд нааж барьчихаад намайг хөдөлгөхгүй байсан. Би тухайн үед “болиоч миний баруун гар өвдөөд байна” гэсэн чинь улам мушгиад дарж байгаад намайг газар түлхэж унагаад Дуламсүрэнтэй хамт гадагшаа гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Л.Гэрэлцэцэгийн “...Өмгөөлөгч Батсүрэн босож ирээд “чи наад бичлэгээ зогсоо” гэж хэлэхээр нь би “үгүй зогсоохгүй” гэж хэлсний дараа Батсүрэн миний гар утсыг булааж аваад миний хувцаснаас зуурч зүүн гар мушгиад дээрээс дарж унаад хоолой боогоод хажуу талаас манай ээж “чи яаж байгаа юм бэ хүн аллаа”  гэхэд Батсүрэн манай ээжийн баруун гарыг мушгиж түлхэж газар унагаагаад зодож эхэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Солонгын “...Гэрэлцэцэг өөрийн гар утсаараа бичлэг хийх гэтэл нөгөө эрэгтэй Гэрэлцэцэгийн хоолой билүү цээжнээс заамдаад утсыг нь булааж авах гэж оролдсон. Гэрэлцэцэг бас өгөхгүй гээд эсэргүүцээд зууралдаж байсан. Тэр үед Нарангэрэл захирал дундуур нь ороод салгах гэтэл нөгөө залуу Нарангэрэл захирлын нэг талын гарыг нь мушгиад хайрцагтай байсан баримтууд дээр түлхэж унагасан. Тэрийг хараад Гэрэлцэцэг бас дундуур нь орж салгах гэтэл тэр залуу бас Гэрэлцэцэгийг түлхэж унагасан. Миний харснаар тэр залуу Гэрэлцэцэгийг гараас нь барьж хана руу түлхэж байсан…” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Дуламсүрэнгийн “...Батсүрэн хажуугаар орж ирээд Нарангэрэлд хандан “та энэ мөнгөө ирэх 7 хоногт төлж дуусгана гээд бичиг хийгээд өгчихөөч, төлөхгүй бол ямар хүү алданги тооцож төлөх талаараа бас бичиж өгөөч” гэсэн чинь Гэрэлцэцэг нь хажуунаас гар утсаараа бичлэг хийгээд “чи манай ээжийг ирэх 7 хоногт мөнгөө төл гэж дарамталдаг хэн бэ” гэх зэргээр уурлаад хашигчаад байсан. Тэр үед Батсүрэн өөрийнхөө нэг үнэмлэхийг үзүүлээд “би хуульч хүн байна, бичлэг хийхээ болиоч” гэсэн чинь “үгүй” гээд болихгүй байсан. Тэгээд гэнэт байж байгаад Батсүрэн, Гэрэлцэцэг нар хоорондоо зууралдаад байсан. Нарангэрэл, Гэрэлцэцэг нар Батсүрэнтэй зууралдаад байсан бөгөөд сиймхий гарахаар нь би хаалгаар гадагшаа коридорт гараад Батсүрэнг гарч ирэхийг хүлээж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.Гантуяагын “...манай ээж хүнд зодуулчихсан гээд гараа сойчихсон уйлчихсан байдалтай ирсэн. Маргааш нь Гэрэлцэцэг ирээд ээжийг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Явахдаа өчигдөр орой цонх руу чулуу шидээд байсан эмэгтэй нэг залуутай хамт ирээд ээж бид хоёрыг зодчихсон гэж хэлсэн... Өөрийг нь харахад хөл гар нь битүү хөх няц болчихсон харагдаж байсан…” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.Бгийн хэрэг болсон газар очсон, Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нартай маргаан болсон байдлыг илэрхийлсэн мэдүүлэг,

 

Хохирогч Л.Гэрэлцэцэгийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №847 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт,

 

Хохирогч Л.Нарангэрэлийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №662, №565 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд, 

 

Шинжээч эмч О.Болороо, Н.Энхцолмон нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,

 

Шинжээч Ц.Ганболд, С.Баатаржав, Ө.Сарангэрэл, Ж.Ганцэнгэл нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бусад бичгийн  нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтын агуулгаас үзвэл шүүгдэгч 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” төвийн 2 давхарт байх албаны өрөөнд С.Б нь найз Г.Дуламсүрэнгийн төлбөр тооцооны асуудлыг богино хугацаанд шийдэж өгөхийг Л.Нарангэрэлээс шаардсаныг Л.Гэрэлцэцэгээс эгдүүцэн гар утсаараа бичлэг хийх үед С.Б түүний тэрхүү үйлдлийг зогсоох арга хэмжээ авахаар Л.Гэрэлцэцэгийн биед хүч хэрэглэн, тэрхүү үйлдлийг Л.Нарангэрэлээс зогсоох зорилгоор очиход түүний биед мөн хүч хэрэглэсэн, дахин Л.Гэрэлцэцэгийн биед хүч хэрэглэсэн нөхцөл байдал үүсчээ.

 

Хэрэг болох үед болох үед шүүгдэгч С.Б, хохирогч Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг, гэрч Ц.Солонго, гэрч Г.Дуламсүрэн нар байсан бөгөөд хохирогч, гэрч Ц.Солонго нар тухайн үйл явдлыг эхнээс дуусах хүртэл байсан ба хохирогч нар болон гэрч нараас хэргийн үйл баримтыг нотолж, шүинжээчийн дүгнэлтүүдээр тухайн цаг хугацаанд хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэлээ.   

 

С.Бгээс хохирогч нарын биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгосоор атал хүч хэрэглэж буй үйлдлийн үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Л.Гэрэлцэцэг, Л.Нарангэрэл нарын биед хөнгөн гэмтэл учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Гэрэлцэцэгийн биед 4 удаагийн шинжээчийн дүгнэлт, хохирогч Л.Нарангэрэлийн биед 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан байх ба тэдгээр дүгнэлтүүдээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон №847, №662, №565 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн үйл баримт хохирогч нарын эмнэлзүйн баримт түүнийг үндэслэл бүхий тайлбарласан шинжээч Ц.Ганболд, С.Баатаржав, Ө.Сарангэрэл, Ж.Ганцэнгэл нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүгдэгч С.Бд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд ялласан нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн болон гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох хуулийн зохицуулалтыг хангасан байна.   

 

Иймд шүүх шүүгдэгч С.Бг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж “...Батсүрэнг гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай тогтоогоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй тул түүнийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү...” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь хэргийн үйл баримтаар шүүгдэгч Л.Гэрэлцэцэг рүү довтолж улмаар зүүн гарт хүч хэрэглэн түлхсэн, Л.Нарангэрэлийн баруун гарын мушгиж түлхэж унагаасан болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч Ц.Солонгын “...Нарангэрэл захирлын нэг талын гарыг нь мушгиад хайрцагтай байсан баримтууд дээр түлхэж унагасан. Тэрийг хараад Гэрэлцэцэг бас дундуур нь орж салгах гэтэл тэр залуу бас Гэрэлцэцэгийг түлхэж унагасан. Миний харснаар тэр залуу Гэрэлцэцэгийг гараас нь барьж хана руу түлхэж байсан...” гэж, гэрч Ц.Дуламсүрэнгийн “...Батсүрэн, Гэрэлцэцэг нар хоорондоо зууралдаад байсан. Нарангэрэл, Гэрэлцэцэг нар Батсүрэнтэй зууралдаад байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

 

Түүнчлэн гэрч Ц.Дуламсүрэн шүүгдэгчийн хохирогч нарт хүч хэрэглэсэн үйлдлийг өөрийнхөө харсан хэмжээнд мэдүүлж, үүнээс хойш тэрээр “..би хаалгаар гадагшаа коридорт гараад Батсүрэнг гарч ирэхийг хүлээж байсан. Дотор юу болсоныг мэдэхгүй, ямар ч байсан хүмүүс орилж чарлаад байсан...” гэж мэдүүлсэн нь маргаан, зодоон үргэлжилж явагдсан болохыг шууд бусаар мэдүүлсэн.

 

Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг нь хохирогч нар, гэрч Ц.Солонго, гэрч Г.Дуламсүрэн нарын мэдүүлгээс зөрүүтэй тул нотолгооны чадваргүйгээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтууд эргэлзээтэй гэх нөхцөл байдал үүсээгүй гэж шүүх дүгнэлээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Нарангэрэлээс “...Би эмчилгээний зардал 11.246.000 төгрөгийг нэхэмжилж байна…” гэж, түүний өмгөөлөгчидөөс 9.920.412 төгрөгийг гаргуулахаар хүсэлтээ илэрхийлснээс хамааралгүй болон уншигдах боломжгүй баримтууд байх ба эмнэлгийн үзлэг, оношилгоо хийлгэсэн, эм тарианы төлбөр болох нотлох баримтын шаардлага хангасан /1 хх-ийн 147-152, 2 хх-ийн 82/ баримтын хүрээнд 607.783 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж түүнд олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогч Л.Гэрэлцэцэгийн өмгөөлөгчөөс 700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар хүсэлтээ илэрхийлсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан эмнэлгийн үзлэг, оношилгоо хийлгэсэн 345.000 төгрөгийг /2 хх-ийн 84-85/ шүүгдэгчээс гаргуулж хохирогч Л.Гэрэлцэцэгт олгох үндэслэлтэй гэж үзлээ.    

 

Түүнчлэн Н.Нарангэрэлийн БНХАУ-ын Бээжин хотын эмнэлэгт эмчлүүлсэн байдал нь шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас үүссэн “баруун мөрний зөөлөн эдийн няцрал” гэмтэлтэй хамааралгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Нөгөөтэйгүүр шүүх хуралдаанд оролцсон прокурор төрийг төлөөлж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээг авах үүргээ биелүүлж хохирогчийн эрхийг хамгаалан оролцдог.

 

Иймд шүүх хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй гаргуулах зардал биш гэж үзсэн тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Харин шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй орхисон нэхэмжлэлийг хохирогч Л.Нарангэрэл, Л.Гэрэлцэцэг нар нь шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч С.Бг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар гэм буруутайд тооцсон боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн байх тул “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

           

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                  

         ТОГТООХ нь:

 

            1. С.Бг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүх шүүгдэгч С.Бг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар гэм буруутайд тооцсон хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.Бгээс 952.783 /есөн зуун тавин хоёр мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Нарангэрэлд 607.783 /зургаан зуун долоон мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг, хохирогч Л.Гэрэлцэцэгт 345.000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

           

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН