| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2015/00479/И |
| Дугаар | 60 |
| Огноо | 2017-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2015/00479/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар:
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, Боржигон овогт Тасрангийн Түвшинбаатарын (РД:СЗ 63121316) нэхэмжлэлтэй,
"цагдан хоригдсон болон түүнээс учирсан хохирлын 48 206 840 төгрөгийг улсын төсвөөс гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Түвшинбаатар, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурор Д.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Түвшинбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Н.Сүхбаатар, Б.Батмөнх нартай бүлэглэн бусдын амь насыг хохироосон хэрэгт 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр баривчлах тогтоол үйлдэн 20821452 тоот эрүүгийн хэрэгт холбогдуулан хорьж шалгаж 2009 оны 01 дүгээр сарын 20-ны 18 цаг 50 минут хүртэл Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 0419 дүгээр цагдан хорих байранд 89 хоног хоригдсон юм.
2009 оны 01 дүгээр сарын 21-нд батлан даалтанд өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол үйлдэж 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдаагийн газарт шалгагдаж, өдөр бүр цаг бүртгүүлж, хаашаа ч явах боломжгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болгож, сэтгэл санаагаар их хохирсон юм.
Би Өмнөдэлгэр суманд амьдарч байхдаа талх барьж улиралд 600 000 төгрөгийн цэвэр ашиг олдог түүгээрээ гэр бүлээ тэжээж амьдралаа залгуулдаг байсан юм.
Энэ хэрэгт ямар холбогдолгүй атлаа 627 хоног ажил, алба, бие махбодиор хохирсон юм.
Ийм учраас 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 89 хоног цагдан хоригдсоныг 108 000 төгрөгөөр тооцож 9 612 000 төгрөг, мөн Өмнөдэлгэр суманд хэрэгт сэжиглэгдэж шалгагдахаас өмнө талх хийж улиралд олдог байсан ашиг 600 000 төгрөгөөр бодож 4 200 000 төгрөг, цагдан хоригдсоны улмаас учирсан хохирлын 30 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4 382 440 төгрөг, аймгийн прокурорын газраас 20821452 тоот хэргээс 16 хуудас материал хуулбарлаж авсны төлбөр 12 400 төгрөг, нийт 48 206 840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. (хх-ийн 1-2 тал)
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нь шүүх хуралдаанд өмгөөллийн үгэндээ: Т.Түвшинбаатар нь Н.Сүхбаатар, Б.Батмөнх нартай бүлэглэн бусдын амь насыг хохироосон хэрэгт 89 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон 89 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 000 төгрөгөөр тооцож бодоход 9 612 000 төгрөг, улиралд олдог байсан ашиг 600 000 төгрөгөөр бодож 4 200 000 төгрөг, цагдан хоригдсоны улмаас учирсан хохирлын 30 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4 382 440 төгрөг, аймгийн прокурорын газраас 20821452 тоот хэргээс 16 хуудас материал хуулбарлаж авсны төлбөр 12 400 төгрөг, нийт 48 206 840 төгрөгийг улсын төсвөөс гаргуулахаар нэхэмжлэл байна. Цагдан хоригдсоны улмаас учирсан хохирлын 30 000 000 төгрөгийг хасаж үлдсэн 18 206 840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурор Д.Энхжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Түвшинбаатар нь бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт 2008 оны 10 дугаар сараас эхлэн сэжигтнээр байцаагдаж 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 89 хоног цагдан хоригдсон болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Уг гэмт хэрэгт шалгагдаж байгаад 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол гарсан байна. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Нэхэмлэгч нь талх барьж байсан гэх боловч уг үйл ажиллагаагаа тогтвортой ажиллуулж байсан талаарх нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байна. Мөн гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаанд өмгөөлөгч авч гэрээ байгуулсан тохиолдолд уг өмгөөлөгчийн зардлыг нөхөн төлдөг. Гэтэл нэхэмжлэгч нь Г.Баярсайхан өмгөөлөгчтэй сүүлд гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 89 хоног цагдан хоригдсоны төлбөр 9 612 000 төгрөг, цагдан хоригдсоны улмаас учирсан хохирлын 30 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөг, аймгийн прокурорын газраас 20821452 тоот хэргээс 16 хуудас материал хуулбарлаж авсны төлбөр 12 400 төгрөг нийт 24 624 000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Т.Түвшинбаатарт олгох нь зүйтэй байна гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Түвшинбаатар нь улсын төсвөөс цагдан хоригдсон, болон түүнээс учирсан хохирлын 48 206 840 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Тасрангийн Түвшинбаатар нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Н.Сүхбаатар, Б.Батмөнх нартай бүлэглэн бусдын амь насыг хохироосон хэрэгт 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 89 хоног цагдан хоригдсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Сэжигтнийг баривчлах тогтоолд: ... Т.Түвшинбаатар нь оргон зугтахыг завдсан байх тул сэжигтнээр баривчилсугай ... гэжээ, (хх-ийн 5 тал)
2. Сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолын хуулбарт: ... Т.Түвшинбаатар нь онц хүнд гэмт хэрэгт холбогдсон, оргон зайлж болзошгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар сэжигтнээр цагдан хорьсугай ... гэжээ. (хх-ийн 7 тал),
3. Яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамжийн хуулбар, (хх-ийн 9 тал),
4. Цагдан хорих хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, (хх-ийн 11 тал),
5. 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн батлан даалтын таслан сэргийлэх
арга хэмжээ авах тогтоолын хуулбар, (хх-ийн 12 тал),
6. Яллагдагчийг байцаасан тэмдэглэлийн хуулбар, (хх-ийн 15-16 тал),
7. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 31 тал) зэрэг болно.
Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, шүүхийн албан тушаалтны шийдвэрт гомдол гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Т.Түвшинбаатарын 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 89 хоног цагдан хоригдсон нэг өдрийг тухайн үед мөрдөж байсан засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 000 төгрөгөөр тооцож 9 612 000 төгрөг, аймгийн прокурорын газраас бичгийн нотлох баримт хуулбарлаж авсан төлбөрийн 12 400 төгрөг, цагдан хоригдсоноос учирсан хохирлын 4 700 000 төгрөг, нийт 14 324 400 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж зохигчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн заалтыг биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдэв.
Иймд нэхэмжлэлээс үлдэх 33 882 440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 33 882 440 төгрөгөөс татгалзаж байсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. (хх-ийн 26-27 тал),
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг баримтлан улсын төсвөөс 14 324 400 (арван дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун) төгрөгийг гаргуулж Т.Түвшинбаатарт олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ