Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 61

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00011/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Батноров сум, 7 дугаар баг, 1 дүгээр хороо, 56 дугаар байрны 06  тоотод оршин суух Өлзийсүрэнгийн Баттуяад холбогдох,
ярианы төлбөр 356 215 төгрөг гаргуулах тухай,
“Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16 өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ө.Баттуяа нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 10 дугаар сарын 13 өдөр дараа төлбөрт Postraid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90081117 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Ө.Баттуяа нь гэрээний үүргээ үл биелүүлж 9008 1117 дугаарын 2015 оны 03 сарын байдлаарх төлбөр 402215 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Ө.Баттуяад төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. иймд Ө.Баттуяагаас төлбөрийн үлдэгдэл болох 402 215 төгтөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50 00 төгрөгийг хасч үлдэглэл 352 215 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 356 215 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ө.Баттуяа шүүхэд гаргасан тайлбартаа:
“Ө.Баттуяа би “Скайтел” ХХК-ийн нэхэмжилж буй 352 215 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор ажилгүй орлогогүй байгаа тул 2017 оны 06 дугаар сарын 15 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.” гэжээ.
                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Ө.Баттуяад холбогдуулж 356 215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө.Баттуяа нь нэхэмжлэлийн шаардлага 356 215 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 06 дугаар сарын 15 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Баттуяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 11 336 төгрөгийн 50 хувь 5 668 төгрөгийг улсын төсвөөс, 5 668 төгрөгийг хариуцагч Ө.Баттуяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 356 215 төгрөгийг хариуцагч Ө.Баттуяа нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 336 төгрөгийн 50 хувь болох 5 668 төгрөгийг улсын төсвөөс, 5 668 төгрөгийг хариуцагч Ө.Баттуяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч Ө.Баттуяад мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА