| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0333/Э |
| Дугаар | 330 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 330
2020 04 08 2020/ШЦТ/330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
Улсын яллагч И.Мөнхцэцэг /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2009000000438 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Үйлс гэгээн ертөнц” төрийн бус байгууллагад менежерээр ажилладаг, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо нисэх 8 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 517 дугаар байрны 84 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 517 дугаар байрны 84 тоотод хохирогч У.Заяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “агсам согтуу тавьлаа” гэх шалтгаанаар маргалдан зодож улмаар түүний биед баруун хацрын шонтон, эрүү, хоёр бугалга, баруун шуу, баруун тавхайн эрхий, долоовор хуруунд цус хуралт, зүүн бугуйд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009000000438 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Налайхад байхад миний таньдаг найз Эрдэнэжаргал над руу чат бичээд “Заяа, Билгүүн бид гурав уулзах гэж байна, танайд очиж хөзөр тоглох уу” гээд би зөвшөөрсөн. Налайхаас 21 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхон 517-84 тоот гэртээ ирсэн. Гэртээ ирээд чатаар Эрдэнэжаргал руу гэртээ ирснээ хэлэх үед цаг 21 цаг 40 минут болж байсан. Тэд нар 22 цаг өнгөрч байхад ирээд би гарч тосоод дэлгүүрээс 0,75 граммтай 1 шил архи 2,5 литртэй сүүн тараг авахад Эрдэнэжаргал тооцоог нь хийгээд манай гэрт ороод архи уугаад хөзөр тоглосон. Заяаг Эрдэнэжаргал “чи битгий янз янзын юм яриад бай” гээд Эрдэнэжаргал нөгөө архинаас архины аяганд хийгээд бүгдийг уучихаад том өрөөнд орон дээр унтсан. Тэгээд Заяа бид хоёр юм ярьж байгаад Заяаг агсам тавиад байхаар нь би “чи боль, айлд ирчихээд яагаад орилоод байгаа юм” гэсэн. Заяа дахиад орилоод байхаар би “боль” гээд гарнаас нь барьсан. Заяа дахиад орилоод байхаар би гарнаас нь тавиад дуугүй болгох гээд хоолойг нь боосон. Заяа миний цээж хэсгийг маажаад байхаар би алгадаад үснээс нь дарсан. Заяа улам орилоод унтлагын өрөөний хаалгыг өшиглөөд хагалаад, ариун цэврийн өрөөний хаалганы цоожийг эвдээд, унтлагын өрөөний шалийг архины аягаар цохиод цөмлөөд байхаар би “одоо боль” гэсэн чинь орилоод агсам тавиад байхаар би айлгах гээд хутга аваад “дуугүй бай, ална шүү” гээд хэлээд “гарыг чинь зүсээд алчихна шүү” гээд айлгасан. Ариун цэврийн өрөөний хаалганы урд суугаад уйлаад байхаар би нүүр хэсэг рүү алгадаж байтал Эрдэнэжаргал, Билгүүн хоёр сэрж ирээд намайг “боль” гэхээр би “танай найз шөнөжингөө агсам тавьсан, би ухаан оруулах гээд байж байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Хохирогч У.Заяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 3 дугаар 08-ны өдөр гэртээ байхад орой 22 цагийн үед манай найз Эрдэнэжаргал Билгүүн хоёр ирээд “Мартын 8-ны баяр тэмдэглэе” гэж хэлээд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 516 дугаар байранд ирсэн. Бид нар айлд очиж байгаа болохоор дэлгүүр орж 0,75 литрийн архи худалдаж аваад орсон. Тэр айлд ороход гэрийн эзэн болох Бямбаа гэх залуу байсан. Бид дөрөв тухайн архийг хувааж уусан. Ингээд орой болж манай хоёр найз болох Эрдэнэжаргал Билгүүн хоёр согтоод унтсан. Би энэ үед явах гэтэл гэрийн эзэн болох Бямбаа чамайг явуулахгүй гэж хэлээд намайг өөр нэг өрөөнд оруулаад намайг явуулахгүй айлган сүрдүүлсэн. “Чамайг алчихаж чадна шүү” гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа цохиод алгадаж үсдсэн. Би эсэргүүцэхэд миний хоолойг боож “чиний хүүхдийг би алчихаж чадна шүү, би чамайг мөн боловсролын аль ч салбарт ажилуулахгүй болгож чадна шүү, дугарвал ална шүү” гэж айлган сүрдүүлж хэлсэн. Би “чи яагаад намайг ингээд байгаа юм бэ” гэхэд гал тогооноосоо хутга авч ирээд миний өөдөөс барьж зогсож байгаад би уйлахад миний хоолойнд тулгаж “чамайг алчихна шүү” гэж хэлсэнээ миний зүүн гарын бугуйг зүссэн. Би эсэргүүцэхэд миний хоолойг боож намайг алгадаж үсдсэн. Миний эрүү орчим нэг зүйлээр цохиж миний хоолойг маш олон удаа боож миний нүд хүртэл харанхуй оргисон. Бямбаа гэх залуу намайг шөнжингөө энэ мэтээр дарамталж айлган сүрдүүлж өглөө болгосон. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч О.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Өглөө 07 цаг өнгөрч байхад Эрдэнэжаргал бид хоёр сэрсэн. Заяа жорлонгийн хаалганы хажууд хөлөө жийгээд суучихсан Бямбасайхан Заяаг алгадаж байсан. Эрдэнэжаргал босож ирээд Бямбасайханыг “чи яагаад манай найзын нүүрийг ингэж байгаа юм бэ” гэсэн чинь Бямбасайхан “би танай найзыг айлгах гэж байгаад арай дэндүүлчихлээ. Заяагийн сэтгэл санаа эвгүй болсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч А.Эрдэнэжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Заяа, Билгүүн бид гурав уулзаад Бямбасайханы гэрийн хаягийг заалгаад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхон 517 дугаар байранд ирсэн. Бямбасайханы гэрт ороод хөзөр тоглоод архи ууж эхэлсэн. Дахин нэг шил архи авахаар Бямбасайхан Билгүүн хоёр гараад явсан. Тэгээд юу болсноо би санахгүй байна. Би согтоод унтсан болохоор Заяаг хэн цохисныг мэдэхгүй байна. 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Заяа Бямбасайхан намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3466 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. У.Заяагийн биед баруун хацрын шонтон, эрүү, хоёр бугалага, баруун шуу, баруун тавхайн эрхий, долоовор хуруунд цус хуралт, зүүн бугуйнд шарх тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, Үйлс гэгээн ертөнц ТББ-ын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 44, 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 517 дугаар байрны 84 тоотод хохирогч У.Заяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “агсам согтуу тавьлаа” гэх шалтгаанаар маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд “баруун хацрын шонтон, эрүү, хоёр бугалага, баруун шуу, баруун тавхайн эрхий, долоовор хуруунд цус хуралт, зүүн бугуйнд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч У.Заяагийн мэдүүлэг, гэрч О.Билгүүн, гэрч А.Эрдэнэжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3466 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг мэдүүлсэн, гэрч нараас давхар нотолж мэдүүлсэн, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бы үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Б.Баас хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас У.Заяагын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч У.Заяагаас “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт бичгээр /хх-ийн 44 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо согтуурч, зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН