Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 0062

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/01097 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Гантулгын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Д.Одгэрэлд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 41 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Нинжбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Чулуунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Одгэрэлтэй харилцан тохиролцож түүний хүсэлтээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 25 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлж, мөнгийг Д.Одгэрэлийн данс руу шилжүүлэн өгсөн. Барьцаанд Д.Одгэрэлийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Богд Жавзандамбын гудамж, 54-10 тоот 2 өрөө байрыг барьцаалж, гэрээ байгуулсан. Д.Одгэрэл нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 1 250 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1 250 000 төгрөг тус тус төлсөн. Үүнээс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Ингээд түүний нөхөр Б.Цогтбадрахтай зээл төлүүлэх талаар холбогдсон боловч Ховд аймагт прокурор хийдэг гээд уг мөнгийг төлөхгүй одоог хүрсэн. Иймд Д.Одгэрэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, 2 сарын хүү 2 500 000 төгрөг, алданги 13 750 000 төгрөг нийт 41 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэртээ зааж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Д.Одгэрэлтэй утсаар ярих, уулзах гэсэн боловч утсаа авахгүй гэртээ байхгүй байгаа бөгөөд 35 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрье гэснийг зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ч.Гантулгаас 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Хугацааг 4 сарын хугацаатай тохиролцсон боловч нөхөр Б.Цогтбадрах зээлийн хугацаагаа сунгах талаар Ч.Гантулгатай тохиролцож хугацааг сунгасан. Бидний хувьд эдийн засгийн хямрал гээд дээрх мөнгийг төлж чадахгүй байгаа хэдий ч Ч.Гантулгатай 8 сарын хүү болох 10 000 000 төгрөг мөн үндсэн зээл 25 000 000 төгрөг нийт 35 000 000 төгрөг төлж эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

           

 Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Одгэрэлээс 41 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гантулгад олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Одгэрэл нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Богд Жавзандамбын гудамж, 54-10 тоот 2 өрөө орон сууц болох нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаарзүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Одгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 364 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гантулгад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

              Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 10-ны 1100 цагт зарлагдсан гэх ба 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай нөхөрт хурлын товыг мэдэгдсэн байсан. Энэ хэргийн хариуцагч болох надад албан ёсоор шүүх хурлын товыг мэдэгдээгүй. Мөн би Ховд аймагт байсан. Иймээс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ онгоцоор дайж хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн. Гэвч шүүх хуралдаанд оролцох боломжоор хангалгүй хариуцагчгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан. Зээлийн хүү 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 9 сарын хүү болох 11 250 000 төгрөгөөс 2 500 000 төгрөгийн төлөлт хийсэн учир хүү 8 750 000 төгрөгийг үндсэн зээлийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги болох 7 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд гомдлыг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Ч.Гантулга нь хариуцагч Д.Одгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41 250 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч Ч.Гантулгын гаргасан нэхэмжлэлээс “зээлийн гэрээний үүрэгт 41 250 000 төгрөг гаргуулах” шаардлагад иргэний хэрэг үүсгэж, “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай шаардлагыг орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцэхгүй болно. /хх-ийн 8 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл,. нэхэмжлэлийн зарим шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5  дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/01097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                               

                                                          ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР                                                                                                      

                                                                                                          Г.ДАВААДОРЖ