Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0530

 

 

 

 

 

 

 

“У к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Мын гаргасан давж заалдах гомдлоор, “У к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр:

“...Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3-т заасныг тус тус баримтлан “У к” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1351 дугаартай захирамж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 144 дүгээр тогтоолын НАХЯ-ын урд талын А цэцэрлэгт хүрээлэнд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий “У к” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад буруу үнэлэлт дүгнэлт хийсэн, мөн хуулийг буруу тайлбарласан учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 126 дугаартай тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий тогтоолыг “МУЗЗНДНТУТХ-ийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2-т заасантай нийцсэн, мөн НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2009 оны 9 сарын 28-ны өдрийн 114 дүгээр тогтоолд үндэслэсэн” гэжээ.

1.Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай.

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэр газарт... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг... зэрэг газар хамаарна” хэмээн ямарваа салаа утгагүй тодорхой заасан.

Гэтэл НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2019 оны 8 сарын 02-ны өдрийн 126 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг нийтийн эзэмшлийн талбайд тогтоосон нь хуулийн дээрх заалтыг шууд зөрчсөн байдаг. Ийм байхад анхан шатны шүүх нь уг тогтоолыг Газрын тухай хуулийн 3.1.9, 12.2-т нийцсэн хэмээн хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

2. 2009 оны 9 сарын 28-ны өдрийн 114 дүгээр тогтоолын тухай.

Анхан шатны шүүх нь уг дүгнэлтийг хийхдээ нийслэлийн Засаг даргаас 2019 оны 7 сарын 02-ны өдөр НИТХ-ийн Тэргүүлэгчдэд хүргүүлсэн танилцуулгыг үндэслэсэн байдаг. Гэтэл уг танилцуулгад 114 дүгээр тогтоол яагаад хэрэгжээгүй талаар тодорхой дурдсан байдаг. Уг танилцуулгад дурдсанаар “Байршлуудад хил зааг, эргэлтийн цэг тогтоогоогүй, солбицлыг баталгаажуулаагүй, нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгээгүй, холбогдох байгууллагад хариуцуулаагүй, хяналт сул” байсны улмаас уг тогтоол хэрэгжээгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх бүх ажиллагаанууд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа бөгөөд нэхэмжлэгчээс авах шаардлагатай арга хэмжээ дурдаагүй байна. Нэхэмжлэгч нь ийм тогтоол байгааг огт мэдээгүй бөгөөд гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх удаа олж мэдсэн байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмаар хамгаалагдана.

Тодруулбал захиргааны байгууллага нь гаргасан тогтоолоо хэрэгжүүлээгүй, бусдад огт мэдэгдээгүй атлаа иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа ашиглаж байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг шууд зөрчиж байгаа болно.

Нөгөөтээгүүр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид түүгээр зогсохгүй төрийн аль ч байгууллага, албан тушаалтанд аливаа газрыг эзэмшил, ашиглалтад олгохгүй байх, барилга барихыг хориглох тухай шийдвэр гаргах эрх хэмжээ хууль тогтоомжоор олгогдоогүй болохыг онцгойлон анхаарах шаардлагатай.

Гэтэл 2009 оны 114 дүгээр тогтоолыг анхан шатны шүүх шийдвэртээ нийтийн эзэмшил тогтоосон шийдвэр хэмээн агуулга, зорилгыг гуйвуулан тайлбарлаж, хууль ёсны мэтээр дүгнэсэн нь хуульд үндэслэх, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн үйлдэл болсон.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 сарын 24-ний өдрийн А/1351 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Юун түрүүнд хариуцагч байгууллагуудын гаргасан шийдвэр хоорондоо зөрчилдөөнтэй, логик алдаатай байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Тухайлбал нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь маргаан бүхий газрыг 2019 оны 8 сарын 02-ны өдөр 126 дугаар тогтоолоороо нийтийн эдэлбэр газар болгосон.

Гэтэл нийслэлийн Засаг дарга нь цаг хугацааны хувьд түүнээс хойно буюу 2019 оны 12 сарын 24-нд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Нэгэнт нийтийн эдэлбэр газар болсон бол нэхэмжлэгч компанийн эзэмшил дуусгавар болох нь зүй.

Харин нийслэлийн Засаг дарга дуусгавар болсон эзэмшлийг хүчингүй болгох захирамж гаргах боломжгүй юм. Үүнээс үзвэл НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 126 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/1351 дүгээр захирамжууд нь нэгэн зэрэг хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй юм. Ийм атал анхан шатны шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүх нь уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг шийдвэр нь зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г үндэслэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн байх бөгөөд бусад актын бусад үндэслэлүүд болох МУЗЗНДНТУтХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т НИТХТ-ийн 2009 оны 114 дүгээр тогтоолын талаар огт дурдаагүй, эдгээр үндэслэлүүд хэрхэн нотлогдож байгааг шүүхийн шийдвэрт тусгаагүй байна

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3-т заасны дагуу актын үндэслэлд дурдагдсан хуулийн зүйл, заалтыг уг акт гаргах хууль зүйн үндэслэл гэж үзэх атал илт хууль зүйн зөрчилтэй үндэслэлүүдийн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй нь уг актын үндэслэлүүдийг зөвтгөх боломжгүйг нотолж байна. Үүнийг дор тайлбарлавал:

Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлахдаа НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг үндэслэсэн байдаг. Уг 114 дүгээр тогтоолын хувьд бидний хууль ёсны итгэл хамгаалагдах талаар өмнө дурдсан.

Харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу газар эзэмших эрх цуцалж байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах үйлдэл болохынхоо хувьд тус хуулийн 48.3-т заасан таван жилийн хугацааг баримтлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл анх уг газрыг олгосон 2013 оны 10 сарын 30-ны өдрийн шийдвэрээс хойш таван жилийн хугацаа хэдий нь өнгөрсөн байхад ийнхүү цуцалсан нь үндэслэлгүй байдаг.

Түүнчлэн анхан шатны шүүх актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг үндэслэсэн талаар огт дүгнээгүй төдийгүй, мөн зүйлийн 48.3-т заасан маш тодорхой хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг хэрэглэсэнгүй. Захиргааны ерөнхий хуулиар эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах тохиолдолд гаргасан өдрөөс таван жилийн дотор цуцлах эрхийг захиргааны байгууллагад олгосон.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах зайлшгүй хэрэглэгдэх хууль тогтоомжийн зохицуулалтын талаар огт дурдалгүй, ямар нэгэн байдлаар дүгнэлгүй орхижээ.

Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 6 сарын 20-ны өдрийн А/464 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байдаг. Ийнхүү газар эзэмших эрхтэй болсноор газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж барагдуулж байсан бөгөөд газрыг зориулалтын дагуу олон давхар газар доорх гараж барихаар зургийн ажлыг эхлүүлсэн байсан болно.

Тус газрыг анх эзэмшихдээ цэцэрлэгт хүрээлэнгийн газар дор олон давхар гараж байгуулах зорилгоор газрын зориулалтыг өөрчлөхгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ ч биелүүлэхийг зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын эскиз зургийг хийлгэх, төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэргээр зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг авсаар ирсэн талаарх үйл баримт, зурган нотлох баримт, Газрын албанд хүргүүлж байсан тайлбар албан бичиг зэргийг шүүхээс огт үнэлээгүй байна.

Нөгөөтээгүүр 2019 оны 5 сарын 30-нд буюу нэхэмжлэгч газар эзэмшээд 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу цуцлах мэдэгдэл ирсэн байдаг. Улмаар газар эзэмших эрх ийнхүү хууль бусаар цуцлагдах эрсдэл бий болсноор тус газарт хөрөнгө оруулалт татах, төслийн үйл ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлэх боломжийг хязгаарласан. Газрын тухай хуулийн 40.1.6-д 2 жилийн хугацаа олгосон нь тухайн газар эзэмшигч этгээд зураг төсөл бэлтгэх, хөрөнгө оруулалт татах гэх мэтчилэн бэлтгэл ажил хийх хугацаа олгосон зохицуулалт болно. Гэтэл хариуцагч хууль зүйн болон бодит нөхцөл байдал, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа зэргийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Иймд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг баримталсан нь мөн адил үндэслэлгүй.

Гурав. НИТХТ-ийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Шүүхийн шийдвэрт “...хуулийн зохицуулалтын хүрээнд хариуцагч НИТХ нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлыг шийдвэрлэсэн НИТХ-ын 2009 оны 114 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т заасан шинжийг агуулаагүй тул илт хууль бусад тооцох боломжгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл хариуцагчийн чиг үүрэгт хамаарах асуудал гэж үзсэн байна.

Гэтэл НИТХ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулийн аль алиар нь огт зохицуулаагүй, өөрт нь эрх олгоогүй асуудлаар шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээдийн Үндсэн хууль, Газрын тухай хуулиар олгогдсон газар эзэмших субьектив эрхийг гагцхүү хуулийн туйлын тодорхой зохицуулалтын хүрээнд хязгаарлах боломжтой бөгөөд ерөнхий бүрэн эрх олгосон зохицуулалтыг үндэслэн чиг үүрэгт хамаарах асуудал мөн гэж шүүх дүгнэсэн нь буруу юм.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан шинжтэй хэмээн тодорхойлсон байхад энэ талаарх дүгнэлтийг шүүх огт хийгээгүй байна.

Тодруулбал 114-р тогтоол нь үндэслэх хэсэгтээ МУЗЗНДНТУтХ-ийн 20.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 4.1.4 дэх заалтыг тус тус үндэслэжээ. Газрын тухай хуулийн 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах” хэмээн тодорхой заажээ. Гэтэл хариуцагч нар нь энэ заалтыг үндэслэн “эзэмших, ашиглахыг хориглож" байгаа нь үндэслэлгүй бөгөөд өөр бусад ямар ч хуульд ашиглалтад олгож болохгүй газрын хэмжээ байршлыг батлах талаар зохицуулалт, хууль зүйн үндэслэл огт байхгүй ийнхүү хориглох нөхцөл, журмыг ч заагаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хамаарах маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Маргаан бүхий газар болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Тагнуулын ерөнхий газрын урд талын Агийн цэцэрлэгт хүрээлэн нь анхнаасаа уг зориулалтаар ашиглагдаж ирсэн нь нийтэд илэрхий үйл баримт төдийгүй түүнд хамаарах 0.26 га-г нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй, барилга байгууламж барихыг хориглох газарт хамааруулсан байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих нийтлэг бүрэн эрхтэй бөгөөд энэ хүрээнд Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 126 дугаар тогтоолоор Асашёүрюгийн цэцэрлэгт хүрээлэнг нийтийн эдэлбэр газраар тогтоож, хэмжээг баталсан нь “нийтийн эдэлбэр газар” гэдгийг хэрхэн ойлгох талаарх уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, төрөөс газрын талаар баримтлах зарчмын нэг болох газар төрийн хяналт, хамгаалалтад байх тухай 4 дүгээр зүйлийн 4.1.2, нийтийн эдэлбэр газарт юуг хамааруулах талаарх 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн зохицуулалттай бүрэн нийцжээ.

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т зааснаар нийслэлийн Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах чиг үүрэгтэй атал Хурлын Тэргүүлэгчдийн дээрх тогтоолыг зөрчиж, бусдын эзэмшилд олгож үл болох газрыг “У к” ББСБ-д эзэмшүүлснийг хууль бус гэж үзэн нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1351 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

Нийтийн эдэлбэрээр ашиглах газрын байршил, хил заагийг тогтоох нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах бөгөөд харин энэ талаарх зохицуулалтыг давж заалдах гомдолд дурдсанчлан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Газрын тухай хуулиас үг, үсэгчлэн хайх нь утгагүй юм.

Тухайлбал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын е/-д “нутаг дэвсгэрийнхээ нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөр, …хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн болон хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, з/-д “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, …”, 20 дугаар зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн …нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” эрхийнхээ хүрээнд Газрын тухай хуульд заасан нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ, хил хязгаарыг тогтоох эрхтэй гэж үзнэ.

Түүнчлэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоол гарах үед нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсээгүй, Захиргааны ерөнхий хууль ч батлагдаагүй байсан тул уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх зохицуулалтыг дээрх тогтоолын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхэд хэрэглэх боломжгүй.

            Нэгтгэн дүгнэхэд нийтэд илэрхий болон Хурлын тогтоолоор тогтоосон нийтийн эзэмшлийн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн Засаг даргын захирамж Газрын тухай хуулийг зөрчсөн байх тул маргаан бүхий тогтоол, захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, харин анхнаасаа эзэмших ёсгүй газрыг эзэмшүүлсэн хууль бус захирамжийн улмаас үүссэн буюу газрыг зориулалтын дагуу ашиглахаар зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлаа шийдвэр гаргасан буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Мын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН