Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

2020           04          08                                 2020/ШЦТ/329   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч И.Мөнхцэцэг,   

            Шүүгдэгч Б.Х /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хд холбогдох эрүүгийн 200900000500 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператер мэргэжилтэй, “Эко чандмань” ХХК-нд хүнд машин механизмийн оператерчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо, Эмнэлэг 24 дүгээр гудамж 611 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Х нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод монгол” шатахуун түгээх станцын орчимд 2020 оны 3 дугаар сарын 16-наас 2020 оны 3 дугаар сарын 17-нд шилжих шөнө иргэн Б.Баттайваны эрүүл мэндэд баруун дээд үүдэн 1-2-р шүдний булгарал, доод уруулын дотор гадаргуугийн язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009000000500 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 3 дугаар сарын 19-ны 23 цагийн үед өөрийн найз Баттайван, Эрдэнэбаяр, Сүхбат нартай уулзсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Сод монгол ШТС-ийн урд байдаг хашаанд нь очиж машин дотор дөрвүүлээ 0,75 литрийн Чингис нэртэй архи хувааж уусан. Нэг мэдэхэд Баттайван бид хоёр машинаас буучихсан хашаан дотор бие биеэ “үзэх үү, үзье, иймээ тиймээ асуудал байхгүй биз дээ” гэх мэтээр хэлж байсан. Би Баттайваны баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Баттайван миний баруу гуя руу нэг удаа өшиглөсөн. Эрдэнэбаяр машинаас бууж ирээд “больцгоо” гэж байсан. Би Баттайваны биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Баттайван мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 3 дугаар сарын 16-ны орой найз Сүхбат, Хүдэрбат, Эрдэнэбаяр нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Сод Монгол ШТС-ын урд байдаг Эрдэнэбаярын гэрийн хашаанд машин дотор архи хувааж ууцгаасан. Нилээн согтоод Хүдэрбат бид хоёр ямар шалтгааны улмаас маргалдсанаа санахгүй байна ямар ч байсан маргалдаад машинаас буугаад хашаан дотор муудалцаад миний хацар руу цохисон. Энэ үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэгээд би уурлаад “харьлаа” гээд хашаанаас гартал Хүдэрбат араас ирээд гараараа ам хэсэг рүү 1-2 удаа цохисон. Тэр үед миний амнаас цус гараад шүд унасан. Хүдэрбат миний шүдийг эмнэлгээр янзлуулж байгаа надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Гэрч М.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 3 дугаар сарын 16-ны орой би найз Хүдэрбат, Баттайван, Сүхбат нарын хамт манай хашаанд 1 шил архи хувааж уусан. Бид нар хөзрөөр 13 гэдэг тоглоом тоглоод сууж байтал нэг мэдэхэд Баттайван, Хүдэрбат нар хоорондоо зодолдох болчихсон байсан. Тэр хоёр машинаас буугаад Хүдэрбат Баттайваныг нүүрэнд нь гараараа 1 удаа цохисон. Би буцаагаад оруулах гэтэл Хүдэрбат Баттайваныг нүүрэнд гараараа дахиад нэг удаа цохисон. Баттайван тухайн үед хүнтэй утсаар яриад өөр хүмүүс дуудаад байсан. Тэгэхэд нь Хүдэрбат уурлаад цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Сүхбатад мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 3 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед Хүдэрбат, Эрдэнэбаяр, Баттайван нартай хамт Чингис нэртэй архи аваад Эрдэнэбаярын хашаанд очиж уусан. Бид 4 хашааны гадаа зогсож байтал Баттайван нэг мэдэхэд зодуулсан байдалтай байсан. Юу болсон талаар гэж хоорондоо ярилцаад тарцгаасан. Тухайн үед Хүдэрбат Баттайваныг цохисон байсан. Би яг өөрийн нүдээр хараагүй. Уруул нь хавдсан байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3771 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. Б.Баттайваны биед баруун дээд үүдэн 1-2-р шүдний булгарал, доод уруулын дотор гадаргуугийн язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хоёр шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлнө...” гэжээ /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 22-26 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод монгол” шатахуун түгээх станцын орчимд 2020 оны 3 дугаар сарын 16-наас 2020 оны 3 дугаар сарын 17-нд шилжих шөнө иргэн Б.Баттайвантай архидан согтуурч улмаар тодорхойгүй шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь “баруун дээд үүдэн 1-2-р шүдний булгарал, доод уруулын дотор гадаргуугийн язрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баттайваны мэдүүлэг, гэрч М.Эрдэнэбаяр, гэрч Д.Сүхбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3771 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрч нараас давхар нотолж мэдүүлсэн, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Хын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал Б.Хаас хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож нүүрэн тус газар нь цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Б.Баттайваны биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Баттайванаас “...Миний хохирлыг төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт бичгээр /хх-ийн 46 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Хыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан, хохирогчтой зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН