Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 68

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймаг Батноров сумын 7 дугаар баг, ОСГ-ын ОША-д байрлах “Эцэг Тэнгэр” ХХК-нд холбогдох,
2 978 089 төгрөг гаргуулах тухай,
“Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22 өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 29 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“2014 оны 10 сараас 2016 оны 10 сар дуустал хугацаанд халаалтын 2 118 293 төгрөг, 2014-2015 оны УТХ алданги 436 138 төгрөг, алданги 423 658 төгрөг, нийт 2 978 089 төгрөг нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Эцэг Тэнгэр” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Хэнтий Ус ХХК-ийн нэхэмжилсэн 2014 оны 10 сараас 2016 оны 10 сар дуустал хугацаанд халаалтын 2 118 293 төгрөг, 2014-2015 оны УТХ алданги 436 138 төгрөг, алданги 423 658 төгрөг, нийт 2 978 089 төгрөгийг гарснаас халаалтын мөнгийг төлж барагдуулна. Миний бие эрүүл мэндийн байдал хэрх өвчинтэй болсон, мөн эдийн засгийн хямралын хүнд байдалтай байгаа зэргийг бодолцон Өндөр мөнгөн дүнтэй алданги гарч байгаа тул миний амьдралын байдлыг харгалзан үзэж тус болно уу.” гэжээ.

Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чулуунбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“О.Мөнхболор нь 2016 оны 12 дугаар сарын 23 өдөр 300 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжилсэн 2 978 089 төгрөгөөс хасаад 2 678 089 төгрөг болж байна үүнээс 2014 оны алданги 436 183 төгрөгөөс татгалзаж О.Мөнхболороос 2 241 951 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 2 241 951 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард багтаан төлж дуусгахаар тохиролцож байна.” гэв.

Хариуцагч “Эцэг Тэнгэр” ХХК-ийн захирал О.Мөнхболор нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“О.Мөнхболор миний бие “Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжилсэн 2 241 951 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31 өдрийн дотор бүрэн төлж дуусгах болно.” гэв.
                                                                            
       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь хариуцагч “Эцэг Тэнгэр” ХХК-нд холбогдуулж 2 978 089 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Эцэг Тэнгэр” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Хэнтий Ус” ХХК-тай халаалтын төлбөрийг барагдуулах тухай шүүх хуралдаан дээр эвлэрлийн гэрээ байгуулав.
 “Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эцэг Тэнгэр” ХХК-нд холбогдох иргэний хэрэгт зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “... Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасныг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 599 төгрөгийн 50 хувь 31 299,5 төгрөгийг улсын төсвөөс, 31 299,5 төгрөгийг хариуцагч “Эцэг Тэнгэр” ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эцэг Тэнгэр” ХХК-нд холбогдох “2 978 089 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 599 төгрөгийн 50 хувь болох 31 299,5 төгрөгийг улсын төсвөөс, 31 299,5 төгрөгийг хариуцагч “Эцэг Тэнгэр” ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-д олгосугай.
3. Хариуцагч “Эцэг Тэнгэр” ХХК нь шүүгчийн захирамжийг сайн дураар  2017 оны 12 дугаар сарын 31 өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Э.АРИУНАА