Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 332

 

 

 

 

 

2020          04           09                                   2020/ШЦТ/332    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,  

Шүүгдэгч Э.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох эрүүгийн 2009005820268 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цахилгааны инженер мэргэжилтэй, “Эбиза” бааранд ажилладаг, ам бүл 3, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 5 хороолол, 5 байр 1 тоот хаягт оршин суух, урьд:

 

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр №381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 зүйл хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар байрны 1 тоотод байрлах өөрийн гэртээ “гэр рүү дайрч орж ирлээ” гэх шалтгаанаар хохирогч Д.Төрмандахын биеийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009005820268 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Э.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 01 сарын 31-ний орой 00 цагийн үед ажлаа тараад гарч ирэхэд үүдэнд 2 эмэгтэй “машин бариад өгөөч, уусан байна” гэхээр нь “за” гээд машиныг нь бариад “хаашаа явах бэ” гэсэн чинь “хаашаа ч яах вэ” гэхээр нь гэр рүүгээ авч ирсэн. Гэртээ оруулчихаад би буцаад машинаа авахаар ажил руугаа явсан. Машинаа аваад эргээд гэртээ ирсэн чинь танихгүй залуу гэрт орж ирсэн байсан. Тэгээд Заяа гэх эмэгтэйг нь аваад явсан. Бид гурав үлдээд 1 пиво уугаад сууж байтал Болороо гэх охины утас нь дуугараад “гараад ир гэсэн чинь үгүй, би энэ хоёр залуутай хамт байна” гэсэн. Тэгээд намайг ярь гээд утсаа өгсөн. “Юу гэж хэлэх юм бэ” гэсэн чинь “нөхөр нь байна” гээд хэлчих гэхээр утсыг нь аваад”нөхөр нь байна” гэсэн чинь “гөлөг минь ална” гээд харааж байгаад тасалсан. 30 орчим минутын дараа эргэж ирээд хаалгаа тогшихоор нь “Болороо байхгүй /Болороо өөрөө тэгж хэл гэсэн/, найз нь ирээд аваад явсан” гэсэн чинь хаалга балбаад, өшиглөөд “эвдээд орно шүү” гээд нүдээд байхаар нээсэн. “Алнаа” гээд дайраад ороод ирсэн. Тэр залуу согтуу “гэрийг чинь нэгжинэ” гэхээр нь би оруулахгүй хааж зогсоод “тайвшир, Болороог найз нь ирээд аваад явсан” гэж хэлсэн. Төрмандах гэх залуу миний зүүн нүдний дээд хэсэгт гараараа 1 удаа цохиход миний нүд харанхуйлаад хойшоо юм түшсэн. Арын гутлын тавиур дээр хутга байж таарсан. Тэгтэл Төрмандах “алнаа” гээд цээжээрээ дайраад ороод ирэхээр нь гарт байсан хутгаа холдуулаад биеийг нь түлхэхдээ мөрнийх нь доод хэсэгт зүссэн. Хохирлыг нь төлж барагдуулсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Төрмандах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 02 сарын 01-ний шөнө 00 цагийн үед найз охин Түмэнзаяа “бааранд танилцсан залуугийн гэрт нь байна, ирээд аваач” гэхээр нь байгаа газар болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар байранд ирсэн. Түмэнзаяа бага зэргийн согтолттой гарч ирсэн. Би найз Ганпүрэвийг авахаар 1 дүгээр хороолол руу очоод тэндээс Налайх явах гэсэн чинь найз охин “нөгөө айлд манай найз Болорчимэг байгаа, очиж авъя” гэхээр нь буцаад 5 дугаар байрны гадаа ирсэн. Болорчимэг рүү залгасан чинь утсаа авахгүй байхаар нь бид ярилцаад хаалгыг нь тогшсон. “Хэн бэ” гэхээр нь “Болороог авч явъя” гэсэн чинь гэрийн эзэн залуу “байхгүй, Болороог найз нь ирээд аваад явсан” гэж хэлсэн. Би хаалгыг нь тогшоод “байхгүй бол би ороод үзье” гэсэн чинь хаалгаа онгойлгосон. Хаалга онгойход 170см орчим өндөртэй согтуу залуу баруун гартаа хар өнгийн иштэй хутга бариад зогсож байсан. Би Болорчимэгийг асуухад байхгүй гэхээр нь “би орж үзээд явъя” гэсэн чинь “байхгүй, чи юу яриад байгаа юм” гэхээр нь би уурлаад чи холд гэхэд ухарч байгаад намайг өөдөөс нь дөхөөд очсон чинь гартаа байсан хутгаар миний зүүн гарын гадна булчин хэсэгт 1 удаа, зүүн гарын долоовор хуруунд 1 удаа, хэвлийд 1 удаа зүсэж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ганхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед Ибиза баарны гадаа согтууруулах ундаа хэрэглэсэн хоёр согтуу эмэгтэй “жолооч хэрэгтэй байна” гэж хоорондоо ярьж байхад нь Энх-Оргил очоод “танилцъя” гээд машиныг нь бариад Энх-Оргилын гэр рүү явахаар болсон. Оргилын гэрт 2,5 литртэй Сэнгүр пиво авч ороод гадаа танилцсан 2 охинтой би нөгөө пивыг хувааж уугаад дуусгасан. Энх-Оргил Ибиза баарны гадаа тавьсан байсан машинаа авах гээд буцаад явсан. Бид 3 пиво уугаад дуусахад Заяа гэх эмэгтэй нь гар утсаараа ярьж байгаад гараад явсан. Зөрөөд Энх-Оргил орж ирсэн. Заяа буцаж Одхүү гэх залуутай орж ирээд Болороог авч явах гэхэд Болороо явахгүй гээд Заяатай маргалдаад гараад явсан. Энх-Оргил, Болороо бид дуудлагын пиво дуудаж 2 ширхэг том Сэнгүр пиво аваад ууж байхад хаалга хүчтэй нүдсэн. Энх- Энх-Оргил очиж “хэн бэ” гэхэд “хаалгаа тайлаач” гэж уурлаж бухимдсан байдалтай орилсон. Энх-Оргил дотроос “тэр эмэгтэй чинь байхгүй, явчихсан” гэхэд “ороод шалгаадахъя” гээд улам нүдээд байсан. Хаалга нүдэж байхад Болороо гэх эмэгтэй “би нуугдчихъя, намайг байхгүй явчихсан” гэж хэлээрэй гээд том өрөөний шкафин дотор нуугдсан. Хаалгаа тайлахад хутгалуулсан залуу Заяа, Одхүү бас нэг залуу орж ирсэн. Заяа орж ирээд өрөөнүүдээр яваад Болороогийн нуугдсан газрыг хайгаад олоогүй. Би Энх-Оргилыг хутгатай гараа далайж байхыг нь араас нь хараад хувцаснаас нь татаж салгасан. Бид бүгд бөөндөө орцноос гарахад нөгөө залуу дээгүүрх хувцасаа тайлсан цээж нүцгэн зогсож байна. Зүүн талын гарны булчин хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Бид ярилцаад Гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг явахад Энх-Оргилын гэрт Болороо шкафин дотор үлдсэн. Би тэр залууг хаанаа яаж хутгалуулсаныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Болорчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 02 дугаар сарын 01-ний шөнийн 00 цагийн үед Ибиза баарны гадаа “дуудлагын жолооч дууддаг юм билүү” гээд зогсож байхад 2 залуу зогсож байсан. Нэг залуу нь бид 2 дээр ирээд “танилцъя, та 2 яасан бэ, яах гэж байгаа юм, цаашаа цуг үргэлжлүүлэх үү” гэхээр нь бид 2 “тэгье хаачих вэ” гэхэд “манай гэрт очье” гээд миний 40-46 уну приус-30 маркийн машиныг Энх-Оргил гэх залуу архи уугаагүй байсан болохоор машин бариад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны хойд талд зогсоол дээр тавиад Энх-Оргилын гэр рүү орсон. Энх-Оргил буцаж гараад өөрийнхөө машиныг Ибиза баарны гадаанаас аваад ирье гээд явсан. Явсаных нь дараа Түмэнзаяа, Ганхуяг бид 3 том савтай нийслэл пиво уугаад сууж байтал Энх-Оргил машинаа аваад ирсэн. Найз Заяа утсаар яриад гарч явчихаад Энх-Оргилын гэрт манай танил Налайхад байдаг залууг дагуулж орж ирээд “явья” гэсэн. Би явахгүй гэхэд цуг гараад явсан. Төрмандах /ажпын газрын хүн/ над руу утсаар яриад “Ганпүрэв /ажлын газрын хүн/ очиж байгаа Ганпүрэвээр машинаа бариулаад ирээрэй” гэхэд нь би “үгүй” гэж хэлсэн. Энх-Оргилын хаалгыг Түмэнзаяа, Төрмандах 2 нүдэхэд “би явахгүй” гээд шкафин дотор орж нуугдсан. Намайг нуугдсаны дараа Энх-Оргил хаалгаа тайлахдаа уурлаад “намайг бардаг хүн байдаггүй шүү” гээд гал тогооны өрөө руу орж юм пижигнүүлж байгаад хаалгаа онгойлгоод бөөн пижигнээн болсон. Тухайн үед би шкафин дотор байсан болохоор яг юу болсоныг мэдэхгүй байна. Тэр хэд пижигнэж байгаад 20 гаран минутын дараа чимээгүй болсон. Намайг цоожилоод явсан байсан. Би утсаа цэнэглэж байгаад тэр айлд унтсан байсан. Сэрээд би найз болон ажлынхаа газрын хүмүүс рүү залгахад цагдаа нар намайг ирээд гаргаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2185 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Д.Төрмандахын биед зүүн бугалганы гадна дунд хэсэгт шарх, зүүн бугалганы 3 толгойт булчин, булчингийн хальсны урагдал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны хуруунд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруу, хэвлийн зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.   
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Эд зүйл бусад баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 17 дугаар хуудас/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №381 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар байрны 1 тоотод байрлах өөрийн гэртээ “гэр рүү дайрч орж ирлээ” гэх шалтгаанаар хохирогч Д.Төрмандахын биеийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Д.Төрмандахаас “...Би Болорчимэгийг асуухад байхгүй гэхээр нь “би орж үзээд явъя” гэсэн чинь “байхгүй, чи юу яриад байгаа юм” гэхээр нь би уурлаад чи холд гэхэд ухарч байгаад намайг өөдөөс нь дөхөөд очсон чинь гартаа байсан хутгаар миний зүүн гарын гадна булчин хэсэгт 1 удаа, зүүн гарын долоовор хуруунд 1 удаа, хэвлийд 1 удаа зүсэж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Ц.Ганхуягийн “.... Би Энх-Оргилыг хутгатай гараа далайж байхыг нь араас нь хараад хувцаснаас нь татаж салгасан. Бид бүгд бөөндөө орцноос гарахад нөгөө залуу дээгүүрх хувцасаа тайлсан цээж нүцгэн зогсож байна. Зүүн талын гарны булчин хэсгээс их хэмжээний цус гарч байсан....” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Б.Болорчимэгийн “...Энх-Оргилын хаалгыг Түмэнзаяа, Төрмандах 2 нүдэхэд “би явахгүй” гээд шкафин дотор орж нуугдсан. Намайг нуугдсаны дараа Энх-Оргил хаалгаа тайлахдаа уурлаад “намайг бардаг хүн байдаггүй шүү” гээд гал тогооны өрөө руу орж юм пижигнүүлж байгаад хаалгаа онгойлгоод бөөн пижигнээн болсон...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Эын “...Төрмандах гэх залуу миний зүүн нүдний дээд хэсэгт гараараа 1 удаа цохиход миний нүд харанхуйлаад хойшоо юм түшсэн. Арын гутлын тавиур дээр хутга байж таарсан. Тэгтэл Төрмандах “алнаа” гээд цээжээрээ дайраад ороод ирэхээр нь гарт байсан хутгаа холдуулаад биеийг нь түлхэхдээ мөрнийх нь доод хэсэгт зүссэн...” гэсэн мэдүүлэг

 

Д.Төрмандахын биед хөнгөн гэмтэл учирсан талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2185 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Э нь хохирогч Д.Төрмандахтай маргалдаж улмаар харилцан зүй зохисгүй харилцаж, улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон хохирогч гэмтсэнийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Эын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал Э.Э нь хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож ийнхүү хүч хэрэглэх үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Д.Төрмандахыг биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж өөрчлөлт орж, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжиж байгаа боловч Э.Эын гэмт үйлдэл нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэснийг баримталж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Төрмандахаас “...480.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлтээ /хх-ийн 32, 36/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.Эыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН