| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0211/Э |
| Дугаар | 313 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 313
2020 04 06 2020/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Г.Ганбагана,
Иргэдийн төлөөлөгч А.Сайханбаяр,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Даваабат,
Шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Цд холбогдох эрүүгийн 1909045221517 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Моност амралтын газар гагнуурчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, сэлбэ 1 гудамж 116 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 38 дугаар гудамжны 455 тоотод оршин суух, урьд:
Сүхбаатар дүүргийн районы ардын эрүүгийн шүүхийн 1987 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн №270 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорьж, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 250 төгрөгөөр торгох ялаар,
Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №408 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №373 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 38 дугаар гудамжны 455 тоот өөрийн гэртээ “ахдаа өргөдөл бичээд өг” гэж дагуулан очиж бага насны буюу 10 настай Д.Анударийн бэлэг эрхтэн рүү өөрийн хуруугаа хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гагнуурын ажлаа хийж дуусахад машинаа засуулсан үйлчлүүлэгч надад баярласан талархсанаа илэрхийлж намайг хоолонд оруулж архи, тамхи авч өгсөн. Орой гэртээ ирэхэд эхнэр эмнэлэг явсан байсан. Би ганцаараа хоносон. Маргааш өглөө босоод ажил руу явах гэмтэл ямар ч тэнхэлгүй болсон байсан тул хөргөгчнөөс хүйтэн уух зүйл хайхад 0.7 грамм архи байсныг уусан. Гэрээс 11 цагийн үед гараад ажил дээрээ оччихоод ирэх замдаа хохирогч Анударьтай таарсан. Өмнөх өдөр бичсэн өргөдөл алдаатай байсан учир өргөдлөө засаж бичүүлэх гээд охиныг дагуулаад гэртээ орсон. Охинд дэвтэр бал өгөөд өмнөх өргөдлөө өгөөд “алдааг нь засаад өг” гэж хэлсэн. Тэгээд нэг мэдсэн охиныг тэврээд орон дээр хэвтүүлж дараад хуруугаараа эрхтнийг нь оролдож байсан. Охин чангаар “ахаа болиоч” гэхэд би ичиж “миний дүү уучлаарай, ах нь одоо болилоо” гээд охины хувцсыг өмсгөөд хөтөлж гараад хашааны үзүүрт нь хүргэж өгсөн. Охинд “үүнийг хүнд хэлбэл ахыг нь ална шүү дээ” гэж хэлээд хоёр тийш салаад явсан…” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Даваабат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай дүү Дуламсүрэн надад “ахаа танай охиныг Цэвэгсүрэн оролдсон байна” гэж хэлэхэд би цагдаагийн газарт очиход охин, дүү 2 цагдаагийн газрын гадаа сууж байсан. Би охиныхоо мэдүүлгийг уншихад шүүгдэгч нь ална гэх зэргээр тохуурхан доромжилсон байдаг. Одоо охиныгоо харахад тэрээр юу ч дугарахгүй, гадаа ч гарахгүй сэтгэл зүйн хямралтай байдаг. Манай эхнэр 2012 онд нас барсан бидний зовлонг тохуурхаж ийм үйлдэл гаргасанд маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909045221517 дугаартай хэргээс:
Шүүгдэгч М.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар 09-ний өдөр нилээн их архи уугаад гэртээ ганцаараа хоносон. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед босоод хоол идэх гэсэн шартаад орохгүй байсан учраас хөргөгчинд байсан дүүрэн шахуу 0,75 граммтай архийг гаргаж ганцаараа уусан. Уучихаад машинаасаа тасдагч багаж авахаар 11 цагийн үед гэрээсээ гараад гудамжинд манай төрсөн ахын эхнэрийнх нь ах Даваабатын охинтой таарсан. “Ахынхаа гэрт ороод өргөдөл бичээд өг” гэж гуйгаад гэр рүүгээ дагуулж орсон. Охиныг “куртикээ тайлаад тухтай суучих” гэж тайлуулаад гал тогооны өрөөний ширээ нь дээр бал цаас гаргаж өгч суулгасан. Эсрэг талынх нь сандал дээр би суугаад их хэмжээний архи ууснаас болоод ухаан балартаж тасарсан. Нэг мэдсэн чинь орон дээр охины дээр гарчихсан охин чанга орилох үед ухаан ороод хартал хуруугаа охины бэлэг эрхтэн рүү хийчихсэн байсан. Би хийсэн хэрэгтээ асар их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-92 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Д.Анударь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14:30 минутын үед гэрээсээ өрхийн эмнэлэг орж шарлага хийлгэх гэж гарсан. Хорооны байранд очиход “энд эмнэлэг байхгүй” гэж хэлсэн. Тэгээд талх авахаар “Оргил” худалдааны төв рүү гарсан. Арсайн хүнсний дэлгүүрийн урд талд явж байхад хүний өнгөтэй хүрэм, жинсэн өмд, үстэй малгайтай 40 орчим насны эрэгтэй таараад “ахдаа нэг өргөдөл бичээд өг” гэж хэлээд намайг дагуулаад доошоо уруудаад нилээн явж байгаад эргээд нэг хашаа руу орсон. Гэр рүү ороод тэр ах бал цаас хайж байгаад надад харандаа цаастай өгчихөөд “ах нь нэг юм гуйя” гэж хэлээд намайг урдаас маань тэврээд аваад ор руугаа тавьсан. Бэлэг эрхтнээ гаргаж ирээд миний хувцсыг тайлаад миний боов руу гараа хийгээд байсан. Тэгээд бэлэг эрхтнээ олон удаа бараг 10-аад удаа хийх гээд оролдоод байсан. Тэгээд би “туслаарай аав аа, ээж ээ” гэж орилоход “чимээгүй байлдаа, хоолойг чинь боогоод алчихна шүү” гэж хэлсэн. Дараа нь “би ингээд болилоо, юу ч болоогүй шүү, хүнд хэлбэл ална шүү” гэж хэлэхээр нь би өөрөө хувцсаа өмсөөд бид хамт гэрээс гараад 2 тийшээ салсан. Тэр хүн намайг зодож цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Насанд хүрээгүй Д.Анударийн хувцсанд үзлэг хийхэд ...7. Дотуураа ягаан өнгийн даавуун дотоожтой. Уг дотоожийг шувталж үзэхэд дотор салтаа хэсэгт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байдалтай...” /хх-ийн 11-15 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Нас тоолсон тухай тэмдэглэлд “...Насанд хүрээгүй Даваабатын Анударь /РД: УП09261422/ нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10 нас 5 сар 26 хоногтой байсан болохыг тэмдэглэв...” гэжээ /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч Х.Дуламсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14:00 цагийн үед би ахын охин болох Анударийн утас руу 3 удаа залгахад аваагүй. 4 дэх удаа залгахад Анударь утсаа авсан. Уйлаад юм хэлж чадахгүй болохоор нь би гэрт нь ирсэн. Гэрт нь ороод яасан талаар асуухад “талханд явж байхад гудамжинд таараад ахдаа нэг өргөдөл бичээд өгөөч гэж хэлээд гэр рүүгээ дагуулж ороод өмд тайлсан, гараа оруулаад хүнд хэлбэл ална шүү” гэж хэлээд гараад явсан” гэж надад хэлсэн. Биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй, харин салтаа нь бага зэргийн цус болчихсон байсан. Бид нар тэр цусыг нь цэвэрлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Шүүх Сэтгэц эмгэг судлалын №18 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №99 дугаартай дүгнэлт “... Дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №100 дугаартай дүгнэлт “... Дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №98 дугаартай дүгнэлт “... Дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №164 дугаартай дүгнэлт “... Дүгнэлт:
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүх Сэтгэц эмгэг судлалын №39 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1808 дугаартай дүгнэлт “... Дүгнэлт:
Шинжээч эмч Т.Амартүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Салстын язрал гэмтэл нь хуруугаа хийх үед үүссэн байх боломжтой. Бэлэг эрхтнээ хийсэн бол цаашаа охин хальс урагдана. Охин хальс бүтэн учраас хуруу гараар оролдох үед үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 96 дугаар хуудас/, гэрч Х.Өсөхбаярын мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/, гэрч Х.Даваабатын мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/, шүүгдэгч М.Цгийн хувийн байдалтай холбоотой баримтууд, таслан шийдвэрлэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд /хх-ийн 109-127 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 38 дугаар гудамжны 455 тоот өөрийн гэртээ “ахдаа өргөдөл бичээд өг” хэмээн хэлж 10 настай Д.Анударийг дагуулан очиж улмаар түүнийг тэвэрч ор руу хэвтүүлэн хувцасыг нь тайлж, өөрийн бэлэг эрхтэнээ гаргасан, хүүхдийн бэлэг эрхтэн рүү нь өөрийн хуруугаар оролдсон зэрэг бэлгийн харьцааны хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж хүчиндсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Насанд хүрээгүй Д.Анударийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Насанд хүрээгүй хохирогч Д.Анударийн “...хүний өнгөтэй хүрэм, жинсэн өмд, үстэй малгайтай 40 орчим насны эрэгтэй таараад “ахдаа нэг өргөдөл бичээд өг” гэж хэлээд намайг дагуулаад доошоо уруудаад нилээн явж байгаад эргээд нэг хашаа руу орсон. Гэр рүү ороод тэр ах бал цаас хайж байгаад надад харандаа цаастай өгчихөөд “ах нь нэг юм гуйя” гэж хэлээд намайг урдаас маань тэврээд аваад ор руугаа тавьсан. Бэлэг эрхтнээ гаргаж ирээд миний хувцсыг тайлаад миний боов руу гараа хийгээд байсан. Тэгээд бэлэг эрхтнээ хийх гэж завдахаар нь би “туслаарай” гэж орилоход “чимээгүй байлдаа, хоолойг чинь боогоод алчихна шүү” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Х.Дуламсүрэнгийн “...Гэрт нь ороод яасан талаар асуухад “талханд явж байхад гудамжинд таараад ахдаа нэг өргөдөл бичээд өгөөч гэж хэлээд гэр рүүгээ дагуулж ороод өмд тайлсан, гараа оруулаад хүнд хэлбэл ална шүү” гэж хэлээд гараад явсан” гэж надад хэлсэн. Биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй, харин салтаа нь бага зэргийн цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг,
- Шүүгдэгч М.Цгийн “...Ахынхаа гэрт ороод өргөдөл бичээд өг” гэж гуйгаад гэр рүүгээ дагуулж орсон. Охиныг “куртикээ тайлаад тухтай суучих” гэж тайлуулаад гал тогооны өрөөний ширээн дээр бал цаас гаргаж өгч суулгасан. Эсрэг талынх нь сандал дээр би суугаад их хэмжээний архи ууснаас болоод ухаан балартаж тасарсан. Нэг мэдсэн чинь орон дээр охины дээр гарчихсан охин чанга орилох үед ухаан ороод хартал хуруугаа охины бэлэг эрхтэн рүү хийчихсэн байсан....” гэсэн мэдүүлэг,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №164 дүгээр дүгнэлтээр “...1. Д.Анударийн биед бэлгийн бага уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №100 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 2. Д.Анударийн өмсөж явсан гэх ягаан өнгийн дотоож дээр цус илэрсэн...” гэсэн дүгнэлт,
- Д.Анударь нь бага насны хүүхэд болохыг тодорхойлсон төрсний гэрчилгээний хуулбар, түүний нас тоолсон тэмдэглэл,
Насанд хүрээгүй хохирогч Д.Анударийг сэтгэцийн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартайг тогтоосон Шүүх Сэтгэц эмгэг судлалын №18 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шүүгдэгч М.Цг сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартайг тогтоосон Шүүх Сэтгэц эмгэг судлалын №39 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл бага насны буюу насанд хүрээгүй хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болохыг дэлгэрэнгүйгээр, тогтвортой, тодорхой мэдүүлж, үүнийг гэрч Х.Дуламсүрэн, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр давхар нотолж мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжын дагуу биед нь шинжилгээ хийхэд түүний биеийн бэлэг эрхтэний бэлгийн бага уруулын салстын язрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, гэмт хэрэгт өртсөн насанд хүрээгүй хохирогч нь бага насны хүүхэд болохыг хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, нас тоолсон тэмдэглэл, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч М.Цгийн үйлдэл нь “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд насанд хүрээгүй хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай бүрэн нийцэж М.Цгийн үйлдэл нь нотлогдсон байна.
Хэдийгээр бага насны хүүхэд Д.Анударийн бэлэг эрхтэнд шүүгдэгч М.Ц бэлэг эрхтнээ оруулж хурьцал үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй боловч бага насны хүүхдийн халдашгүй байх эрхийн эсрэг бэлгийн шинжтэй ямарваа нэг үйлдэл хийснийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнд тооцох тухай Эрүүгийн хуульд зохицуулжээ.
Хууль зүйн ойлголтоор 14 хүртэлх насны буюу бага насны хүүхэд нь эмнэл зүйн хувьд бие, физологи, сэтгэл зүй нь хөгжөөгүй, эмзэг, бусдаас хараат байдаг бөгөөд тийнхүү бэлгийн харилцааны шинжтэй хэлбэрийн төдий үйлдлийг хэсэг хугацааны туршид үргэлжлүүлэн хийснээр тухайн хүүхдийн хувьд сэтгэлзүйн хүчтэй цочролд орж цаашлаад зөв хүн болж төлөвших нөхцлийг алдагдуулж болзошгүй нөхцөл байдал үүсч хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тул ийнхүү Эрүүгийн хуульд тусгайлан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байхаар тусгасан байна.
Эрүүгийн хуулийн тайлбарт “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Д.Анударь нь 2009 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн байх ба энэ гэмт хэрэгт өртөх үедээ 10 нас 5 сар 26 хоногтой бага насны хүүхэд байсан нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, гэрч Х.Даваабат, Х.Дуламсүрэн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.Цг бага насны хүүхдийн эсрэг чиглэсэн, нийгэмд аюултай гэм буруутай санаатай үйлдэл хийсэн гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч М.Цг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хуульзүйн үндэслэлтэй ба харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн үйлдэл нь бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг төгс хийгээгүй, хэргийн зүйлчлэл эргэлзээтэй, завдалтыг журамлах нь зүйтэй...” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй.
Энэ талаар Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэнд тооцоход Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй болохыг заасан тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй болохыг тэмдэглэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Даваабатаас “...Хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй...” талаар шүүх хуралдаанд хүсэлтээ илэрхийлсэн, нэхэмжилсэн баримтаар гаргасан зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирч, өртсөн шинж байдал, Д.Анударь нь сэтгэл зүйн түр зуурын хямрал болох айдсын хариу урвалтай байгаа талаар Шүүх сэтгэц Эмгэг судлалын дүгнэлтээр тодорхойлогдсон зэргийг харгалзан түүнд сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарах гэм хорын хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгчөөс нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч М.Цгээс жич нэхэмжлэх эрхтэй болох дурьдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч М.Цг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.
Гэсэн хэдий ч шүүгдэгчээс үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгч М.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шүүгдэгч М.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 117 хоног нийт 118 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс биеэ зөв авч явах нийгэм, гэр бүлийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчсөн, бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй, бусдаас хамааралтай байдлыг далимдуулсан, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Цг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Цгийн цагдан хоригдсон 118 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ДАРЬСҮРЭН
С.ОЮУНЧИМЭГ