Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

2020         04        07                                 2020/ШЦТ/323   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,  

            Шүүгдэгч Л.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мд холбогдох эрүүгийн 2009008860468 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Хэмжих хэрэгсэл” ХХК-нд туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 48 дугаар байрны 66 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Л.М нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Таван богд ХХК-ийн байрны 1 дүгээр давхарт С.Өнөболдтой маргалдаж нүүр рүү нь гараараа 4-5 удаа цохиж биед нь дээд уруул шарх, баруун чамархайн хуйх, хамарт зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009008860468 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Л.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Таван богд” ХХК-нд 1 давхарт угаалгын газарт ажлаа хийгээд байж байхад 11 цагийн үед манай кузов засварын ажилтан Өнөболд хар өнгийн Ланд-200 маркийн автомашиныг манай угаалгын хэсэг дээр авчирсан. Өнөболдоос аль хэсгээрээ засварт орсон талаар асуухад “дуугүй наад машинаа угаа, яасан олон юм асуудаг юм бэ” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би түүний нүүрэн тус газарт эхлээд 3 удаа, дараа нь түүнийг урагш ухрах үед 1 удаа цохисон. Өнөболдтой эхлээд ажлын шугамаар маргалдсан. Хараалын үг хэлээд надтай хээрэнгүй харицаад байхаар нь уур хүрээд түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Өнөболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12:50 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван богд” ХХК-ны Тоёотагийн засвар үйлчилгээний албаны авто угаалгын тасалгаанд ажлын засвараас гарсан хар өнгийн Ланд-200 маркийн автомашиныг угаалгах гээд угаалгын тасаг руу оруулж тавьсан. Буцаад өөрийнхөө өрөө рүү явж байхад ажлын газрын угаагч Мөнх-Эрдэнэ араас дуудаад энэ машиныг яах талаар асуухад “би угаах машин” гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ над руу уурлаад намайг хэл амаар доромжилсон. Би өөдөөс нь “танай тасагт оруулж тавьж байгаа юм чинь угаалгах машин гэдэг нь тодорхой биз дээ” гэж хэлсэн. Бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд баруун, зүүн, баруун гээд нүүрэн тус газар 3 удаа цохисон. Намайг хойшоо ухрахад дахиж ирээд 2 удаа цохисон. Хамар, амнаас цус гараад би 00-ын өрөө орж цусаа угаасан. Надад учирсан 284.053 төгрөгийн хохирлыг Мөнх-Эрдэнэ төлсөн. Цаашид надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Гэрч У.Баярмагнай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр засварчин Өнөболд манай угаалгын газар руу хар өнгийн Ланд-200 маркийн машиныг угаалгахаар оруулж ирсэн. Мөнх-Эрдэнэ энэ машиныг яах талаар асуухад Өнөболд “чи наад жоб мобийг нь унш” гээд өөдөөс нь ширүүн дуугаар харилцсан. Тэгсэн чинь Мөнх-Эрдэнэ “чи ямар үйлчилгээ хийхийг нь хэлэх ёстой биз дээ” гэж хэлэхэд нь “чи өөрөө унш пизда минь” гэж Өнөболд хэлсэн. Тэр хоёр хоорондоо маргалдаж улмаар Мөнх-Эрдэнэ түүнийг цохисон. Би тэр хоёрыг “боль” гэж хэлсэн. Учраа олох байх гээд “больцгоо” гэж хэлээд тэр хоёрыг салгаад явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

“Натур эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2765 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. С.Өнөболдын дээд уруулд шарх, баруун чамархайн хуйх, хамарт зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...шаргал өнгийн сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 48-50 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.М нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Таван богд ХХК-ийн байрны 1 дүгээр давхарт С.Өнөболдтой зүй зохисгүй харьцаж маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж түүний эрүүл мэндэд “дээд уруулд шарх, баруун чамархайн хуйх, хамарт зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Өнөболдын мэдүүлэг, гэрч У.Баярмагнайгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2765 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Мөнх-Эрдэний үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал Л.Мэс хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож цохих үед эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас С.Өнөболдын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж өөрчлөлт орж, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжиж байгаа боловч Л.Мөнх-Эрдэний гэмт үйлдэл нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэснийг   баримталж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд шүүх шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Өнөболдоос “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Л.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН