Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 323

 

 

 

 

     

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт  гаргагч:Баянгол  дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 40/1, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2025191, Дашваанжил ХХКомпанийн  Нью Гима Моторс ХХКомпанийн захирал Э.Төмөрбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Н.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дашваанжил ХХКомпани шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон төлөөлөгч Н.Энхцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай компани “Нью Гима Моторс” ХХК-тай 2014.10.21-ний өдөр “Хийн түлш худалдах худалдан авах гэрээ” байгуулсан.Тус гэрээний дагуу “Нью гима моторс” ХХК нь БГД-ийн 8-р хороо Өргөө кино театрын урд байрлах Олон үндэстний хоолны газартаа манай компаниас 2014.10.16-ны өдрөөс 2015.08.28-ны өдрийг хүртэл хийн түлш худалдан авсан. Худалдан авсан хийн түлшний үлдэгдэл 2,752,860 төгрөг бөгөөд 2015.07.28-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж баталгаажуулсан.Энэхүү баримтаар үлдэгдэл төлбөрөө 2015.08.25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон ч төлөхгүй байна.Гэрээний 5.3-д “хийн түлшний үнийг гэрээт хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,3 хувийн алданги нэмж төлнө.” гэж заасан. Иймд 2015.08.28-ны өдрөөс 2016.11.10-ны өдрийг хүртэл 437 хоног * 2,752,860 * 0,3% = 3,608,999 төгрөгийн алданги тооцогдож байна.Иргэний хуулийн 232.4-д зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 1,376,430 төгрөгийн алданги тооцогдсон.“Нью гима моторс” ХХК-иас гэрээний үүргийн  гүйцэтгэлд төлөөгүй үлдэгдэл төлбөр болох 2,752,860 төгрөг, алданги 1,376,430 төгрөг нийт 4 129 290 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү хэмээн 2016.11.24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2016.12.15-ны өдрийн 101/11132016/33500 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.Иймд Нью Гима Моторс ХХКомпани болон захирал Э.Төмөрбатыг эрэн сурвалжлуулж  өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ  нь:

Дашваанжил ХХКомпанийн Нью Гима Моторс ХХКомпани болон захирал Э.Төмөрбатыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар болон Дашваанжил ХХКомпани, Нью гима моторс ХХКомпанитай 2014  оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хийн түлш худалдах худалдан авах  гэрээнээс харахад  Нью Гима Моторс ХХКомпани нь  хариуцагч байх боломжтой байна.

 

Гэвч Нью Гима Моторс ХХКомпани Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 3-6 тоотод байрладаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33500 дугаартай захирамжаар тогтоогдсон байх тул тухайн компанийн захирлыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                      ТОГТООХ нь: 

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Нью Гима Моторс ХХКомпанийн захирал Э.Төмөрбатыг эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Нью гима моторс ХХКомпанийн захирал Э.Төмөрбатыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст  даалгасугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

            3.Нью Гима Моторс ХХКомпанийн захирал Э.Төмөрбатад холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст газарт гаргаж өгөхийг хүсэлт гаргагч байгууллагад даалгасугай.

 

4.Нью Гима Моторс ХХКомпани нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 3-6 тоотод байрладаг байсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Дашваанжил ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН