Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

2020         04        03                                 2020/ШЦТ/301    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Э.Халиун,  

            Шүүгдэгч Х.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мд холбогдох эрүүгийн 2009000000439 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Агар зандан эдлэл” ХХК-д мужааны туслахаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгат 18 дугаар байрны 78 тоотод оршин суух, урьд:

 

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №174 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дугаар зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

 

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Х.М нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 16 тоотод хохирогч Н.Ариунтуултай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009000000439 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Х.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 3 дугаар сарын 13-ны орой би Ариунтуул дээр очсон. Тухайн үед “нэг шил архи авчих” гэхээр нь авсан. Ариунтуул ууж эхэлсэн. Би уухгүй маргааш ажилтай гэсэн чинь “ханиадтай жаахан уучих” гэхээр уусан. Ариунтуул надтай маргалдаад “надад 5 сая төгрөгийн зээл авч өг” гэхээр нь би “чадахгүй, надад зээл авах боломж байхгүй” гэж хэлсэн. “Би цагдаад өргөдөл гаргаж чамайг бариулна” гэж уурлаж эхэлсэн. Би “тэр мөнгийг төлөх албатай юу, өмнө уулзаж байсан залуучуудаасаа аваач” гэж хэлсэн чинь Ариунтуул намайг алгадсан. Би нэг удаа цохисон чинь хэрэлдээд дахин намайг алгадсан. Би зөрүүлээд алгадсан. Миний буруу би хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Ариунтуул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Мөнхсайхантай 2020 оны 3 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчим утсаар яриад “хүрээд ир” гэхэд Мөнхсайхан ирсэн. Манай найз залуу Мөнхсайханы хоолой нь өвдсөн байсан учир эмийн сан руу эм авчаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд “эмийн сан хаалттай байна” гэж хэлээд 0,5 граммын хэмжээтэй Хараа архи авсан. Орж ирээд халаагаад “уувал зүгээр болно” гээд надтай хамт хувааж уугаад миний өнгөрсөн амьдралын талаар ярилцсан. Ярилцаж байгаад “яагаад надаас нуугаад байна” гэж уурлаад намайг зодож эхэлсэн. Би өөрт нь зодож болохгүй гэж зөндөө хэлсэн. Тэгэхэд огт тоогоогүй “урьд нь уулзаж байсан залуутайгаа хаана уулзаж, хаана унтдаг байсан тухайгаа ярь” гээд ярихаар “чи худлаа ярьж байна өмнө нь ярьж байснаас чинь зөрөөд байна” гээд намайг зодож байгаад унтсан. Гараа атгаж байгаад миний толгой, нүүрэн хэсэг рүү цохисон. Би яг хэдэн удаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна зөндөө цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3696 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. Н.Ариунтуулын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн шанаа, эрүүгий зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Мөнхсайханы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №174 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30-33 дугаар хуудас/, гэрч Я.Үүрийнцолмоны мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/, “Агар зандан эдлэл” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.М нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 16 тоотод хохирогч Н.Ариунтуултай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн шанаа, эрүүгий зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Н.Ариунтуулын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3696 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Мы үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал Х.Маас хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож нүүрэн тус газар нь цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Н.Ариунтуулын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Х.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Ариунтуулаас “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт бичгээр /хх-ийн 44 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Х.Мыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хохирогчтой зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН