Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 0089

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Насанбөхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00945 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Насанбөхийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ч.Батбаярт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 68 671 413 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Хэрлэн, Г.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, Г.Энхтайван нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Батбаяртай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэвч Ч.Батбаяр нь зээлээ хугацаандаа төлж чадаагүй, харин сарын хүү 900 000 төгрөгийг зээлийн гэрээний 4-т заасны дагуу 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл нийт 18 сараар тооцоход 16 200 000 төгрөг төлсөн, энэ дүнтэй маргахгүй. Харин үндсэн зээлээ өнөөдрийг хүртэл төлөхгүй, зээлийн төлбөрөө цаашид төлөхгүй, төлөхийг хүсэхгүй байгаа нь тодорхой болсон тул Ч.Батбаяраас 30 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба 2015 оны 10 дугаар сарын 31-нээс 2016 оны 9 дүгээр сарын 27 хүртэлх хугацааны зээлийн үндсэн хүү 12 251 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 860 000 төгрөг болж байна. Түүнчлэн Т.Насанбөхийн эхнэр Ц.Оюунчимэг хүүхдийн хурим болох гээд байна 30 000 000 төгрөгийг өгөөч гэж удаа дараа нэхэхэд нь “аль нэг банкнаас зээл аваад хүүхдийнхээ хурмыг хийчих, би банкны зээлийн чинь хүүг төлье” гэж тохиролцсоны үндсэн дээр Ц.Оюунчимэг нь Капитрон банкнаас 30 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 25,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна. Иймд үндсэн зээл 30 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 12 251 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 860 000 төгрөг, Ц.Оюунчимэгийн Капитрон банкнаас авсан зээлийн төлбөрт төлсөн 8 161 004 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт төлсөн 13 397 928 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 867 төгрөг нийт 68 671 413 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ч.Батбаяр хүүхдийн хурим болох үед 5 000 000 төгрөг өгсөн гэдэг нь худлаа, тэр үед ямар ч мөнгө өгөөгүй гэжээ.

           

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Насанбөх 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Батбаяртай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч зээлийн үндсэн хүүнд 12 251 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 860 000 төгрөгийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэрээгээр хүлээсэн зээлийн хүү болох 1 800 000 төгрөгийг гэрээний хугацаанд төлж барагдуулсан. Гэтэл тэрээр гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүү шаардаж байна. Нөгөө талаар гэрээнд нэмэгдүүлсэн хүү /алданги/ тооцох талаар тусгагдаагүй болно. Тэгээд ч Иргэний хуульд иргэд хоорондын зээлийн харилцааг зохицуулсан байдаг ч, нэмэгдүүлсэн хүүг тооцох талаар зохицуулалт тусгагдаагүй, харин банк, санхүүгийн байгууллагын зүгээс олгох зээл буюу зээлийн гэрээний тусгай төрлийг тусгайлан зохицуулсан байдаг бөгөөд эдгээр зохицуулалтын дээрх хуулийн 452 дугаарзүйлийн 452.2-т талууд тохирсон бол нэмэгдүүлсэн хүүг тооцохоор заасан. Өөрөөр хэлбэл, манай улсад иргэд хоорондын гэрээнд нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй юм. Ц.Оюунчимэгийн Капитрон банкнаас авсан 30 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн 8 161 004 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт төлсөн 13 397 928 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 867 төгрөг нийт 21 559 800 төгрөгийг нэхэмжлэгч Т.Насанбөх шаардлага гаргах эрх бүхий субьект биш, түүний нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Энэхүү хэргийн гол маргаан нь Т.Насанбөх болон Ч.Батбаяр нарын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний гүйцэтгэлтэй холбоотой. Ч.Батбаяр зээлийн төлбөрөөс 16 200 000 төгрөг, хүүхдийн хурим болох гэж байна гэхэд нь 5 000 000 төгрөг нийт 21 200 000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 30 000 000 төгрөгөөс хасаж тооцон 8 800 000 төгрөгийг зөвшөөрч байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

       Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Батбаяраас 13 800 000 төгрөг гаргуулж, Т.Насанбөхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54 871 413 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 659 258 төгрөгөөс 432 308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батбаяраас 226 950 төгрөгийг гаргуулж, Т.Насанбаярт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ч.Батбаяр нь 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй 30 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн бөгөөд энэхүү зээлийн үлдэгдэл нь одоогийн байдлаар 8 800 000 төгрөг байгаа ба энэ мөнгийг хариуцагчийн зүгээс төлөхөө хэлдэг ба анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт маргахгүй болно. Харин шүүх хариуцагч "...Т.Батбаяр нь 5 000 000 төгрөгийг хүүхдийнх нь хуриманд зориулж өгсөн болох нь нотлогдохгүй” гэж хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Т.Насанбөх нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөгийг бэлнээр авсан байдаг бөгөөд хэрэгт бэлэн мөнгө өгсөн тухай гарын үсэг зураагүй баримт авагдсан. Энэ баримтаас үзвэл нэхэмжлэгч 5 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Т.Насанбөх нь хариуцагч Ч.Батбаярт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 30 000 000 төгрөг, хүү 12 251 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 860 000 төгрөг, Капитрон банкны зээлийн төлбөрт төлсөн 8 161 004 төгрөг, хүүгийн төлбөрт төлсөн 13 397 928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 867 төгрөг нийт 68 671 413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т.Насанбөх нь 30 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Ч.Батбаяр нь мөнгөн хөрөнгийг 3 хувийн хүүтэйгээр тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог ба хариуцагч Ч.Батбаяр нь 30 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болно.

 

            Талууд зээлийн гэрээний хүүд 1 800 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 16 200 000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний хугацааг сунгаагүй үйл баримтын талаар маргаагүй байх тул анхан шатны шүүх гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүү шаардах эрхгүй гэж дүгнэж хариуцагчийн төлсөн 16 200 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцсон  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Насанбөхийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд биш тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Нэхэмжлэгч Т.Насанбөх нь хариуцагч Ч.Батбаярыг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс өөрийн эхнэр Ц.Оюунчимэгээр Капитрон банкнаас  30 000 000 төгрөгийн зээл авахуулж, уг зээлийн төлбөр болон хүүд нийт 21 558 932 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх банкнаас авсан зээлийн харилцаа зохигчдын байгуулсан зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй шалтгаант холбоогүй болох нь тодорхойгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ч.Батбаяр нь зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж маргасан бөгөөд энэ талаар мөн давж заалдах гомдол гаргасан байх боловч тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж, мэтгэлцээгүй болно. Иймд анхан шатны шүүх хариуцагч Ч.Батбаяраас зээлийн гэрээний үүрэгт 13 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Насанбөхөд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

                                                                       

            Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн хүү гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байна.

 

            Түүнчлэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659 258 төгрөгөөс 432 308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн болох 68 671 413 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 501 307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157 951 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байжээ.

 

            Дээр дурдсан алдаа нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг зөвтгөн өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын  12-ны өдрийн 101/ШШ2016/00945 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтын “… 281.1 …” гэсний дараа “282 дугаар зүйлийн 282.1” гэж нэмж,

 

            2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659 258 төгрөгийг төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157 951 төгрөгийг улсын төсвөөс /Улаанбаатар хотын банк 2611192214 тоот данс/ гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 226 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Насанбаярт олгосугай” гэж тус тус  өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                  ШҮҮГЧИД                                               Т.ТУЯА

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ