Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2016/00734

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлалтай, утас *********, регистрийн дугаар ********, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал З.Үсен/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, утас *********, РД:************ Ш овогт Уы Нт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 4592774 /дөрвөн сая таван зуун ерин хоёр мянга долоон зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Үсен шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У.Н нь Х банкны Баян-Өлгий тооцооны төвөөс 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4944994 /дөрвөн сая есөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун ерэн дөрвөн/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч У.Н нь зээлийн барьцаанд өөрийн өвөө болох Х.Зын тэтгэврийг барьцаалсан боловч өвөө нь нас барж тэтгэврийн санхүүжилт нь зогссоны улмаас авсан зээлээ хавсралт графикийн дагуу хугацаандаа төлөхгүй, хугацаа хэтрүүлж байгаа ба зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дах хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, долдугаар зүйлийн 7.3 дах хэсгийг үндэслэн доор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр 4592774 /дөрвөн сая таван зуун ерэн хоёр мянга долоон зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Н шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие Г банканд давхар зээлтэй байгаа ба миний цалин Г банканд төлөх зээлд арай ядан хүрдэг. Иймд нэхэмжлэлд дурдсан 4592774 /дөрвөн сая таван зуун ерэн хоёр мянга долоон зуун далан дөрвөн/ төгрөгийг боломжоороо бага багаар хэсэгчлэн төлж өгөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зээлдэгч Х.З , хамтран үүрэг гүйцэтгэгч У.Н нар нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт 2016 оны 6дугаар  сарын 06-ны өдөр тэтгэврийн зээл авахаар өргөдөл гаргаж, тус банкнаас 4944994 төгрөгийн тэтгэврийн зээлийг, жилийн хүү 18%, 16 сараар авсан нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Тэтгэврийн зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч У.Н нь РД:************* Ш овогт Хабдолдагийн З 2016 оны 7 дугаар сард нас барсан тухай тайлбар гаргасан байна.

Үндсэн зээлдэгч Х.З нас барснаар тэтгэвэр зогсож тэтгэврийн зээлийг У.Н хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьдтөлөөгүй болох нь хариуцагчийн хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээний зээлдэгчийн эрх, үүргийн 3.2.1-д: Зээлийн төлбөрийг сар бүр ************* тоот харилцах дансанд төвлөрүүлж хуваарийн дагуу эргэн төлөх үүрэгтэй, Банкны эрх, үүргийн 4.1.5-д:Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банз үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийн 2.1.4-д:Зээлийн төлбөр төлөхтэй холбоотой аливаа төлбөр тооцоог Банкны тхайн үед мөрдөгдөж буй хүү шимтгэлийн нөхцлөөр гүйцэтгэхийг зөвшөөрч байна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй хуульд нийцсэн байна.

Иймээс хариуцагч У.Н нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн нийт төлбөр 4592774 /дөрвөн сая таван зуун ерэн хоёр мянга долоон зуун далан дөрвөн/ төгрөгийг төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88434 төгрөгийн тал нь болох 44217 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын *********** дугаартай данснаас 44217 төгрөг, мөн хариуцагч У.Нээс 44217 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч РД:************ Ш овогт Уы Н нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт зээлийн нийт төлбөр 4592774 /дөрвөн сая таван зуун ерэн хоёр мянга долоон зуун далан дөрвөн/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88434 төгрөгийн тал нь болох 44217 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын *********** дугаартай данснаас 44217 төгрөг, мөн хариуцагч У.Нээс 44217 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч У.Н сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК