| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0171/Э |
| Дугаар | 291 |
| Огноо | 2020-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 291
2020 04 01 2020/ШЦТ/291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Д.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 1909046090043 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын боловсролын их сургуулийн НХУС-ийн Түүхийн ангийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо гялалзах 1 хэсэг гудамж 3-3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Жуков Сэнгүр горхи хотхоны 55а байрны 78 тоотод оршин суух,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө 3 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Арслантай гүүрний орчим согтуурсан үедээ Ш.Досжантай маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909046090043 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө би сургуулийнхаа шинэ жилд оролцчихоод сургуулийнхаа оюутнуудын хамт “Говь гурван сайхан” нэртэй караокед орсон. Караокед байхад Сэрдамба гэх залуу өөр хүнтэй маргалдаад байхаар нь бид нар аваад гарсан. Гадаа Сэрдамба орилж байхдаа гомдол гаргасан залууг мөрлөчихсөн. Би Сэрдамбын өмнөөс нөгөө танихгүй залуугаас уучлалт гуйгаад салцгаасан. Сэрдамба “караокед цүнхээ орхисон аваад ир” гээд орилоод байхаар нь би Хонгорзул гэх охинтой хамт буцаж караоке руу орж цүнхийг нь хайчихаад гараад иртэл хамт явж байсан оюутнууд Есүй нэртэй караокены хойно замын боржур дээр бөөгнөрчихсөн зогсож байсан. Очоод юу болсон талаар асуутал хэн нэгэн нь “яасын мөрлөсөн залуутай муудалцлаа зодъё гэсэн чинь зугтаачихлаа, хөөгөөд гүйцсэнгүй гэж ярилцаж байсан. Би хамт явж байсан оюутнуудаа “одоо явцгаая” гэж хэлээд хамт явсан Хонгорзул, Зулаа гэх 2 эмэгтэй найзаа хүргэж өгөх гээд Арслантай гүүр рүү явж байтал нөгөө мөрлүүлсэн гомдол гаргагч залуу гарч ирээд намайг барьж аваад “одоо чамайг ална” гээд доромжилж эхэлсэн. 2 эмэгтэй найз маань нөгөө эрэгтэйг явуулах гэтэл тэр залуу Зулааг цохиж унагачихаад зугтаачихсан. Би араас хөөгөөд замын урд талд барилцаж авсан. Би тэр залуугийн баруун шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Харин тэр залуу миний зүүн хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. Тэр залуу миний эмэгтэй найзыг цохиод унагачихаар нь эр хүний хувьд аргагүй байдалд орж цохисон. Намайг цохихын өмнө гэмтэл бэртэл байгаагүй. Цохисны дараа зүгээр харагдсан. Харанхуй байсан учраас сайн харагдахгүй байсан. Нүүр рүү нь нэг удаа цохисноос өөр зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Хохирогч Ш.Досжан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө 03 цагийн үед ганцаараа “Говь гурван сайхан” нэртэй караокенаас гартал баахан залуучууд байсан. Тэдгээрийн нэгтэй нь мөргөлдчихсөн. Би зүүн тийшээ арслантай гүүр рүү явж байгаад Есүй караокены ард зогсоод бөөлжсөн. Бөөлжиж байх үед тэдгээр залуучуудын нэг нь ирээд миний бөгс рүү өшиглөсөн. Би Есүй караокены урд талд гарч ирээд нэгийг нь барьж аваад намайг өшиглөсөн хүнийг хараагүй учраас “хэн нь намайг өшиглөсөн бэ” гэж асуусан. Ингээд хэсэг маргалдаж байтал тэр залуучууд над руу дайрахаар нь би Говь гурван сайхан караокены зүг зугтаасан. Тэр залуучууд яваад өгсөн. Тэр үед Мягмар гэх эрэгтэй 2 эмэгтэйн хамт байж байсан. Бид 2 маргалдаж байтал нэг эмэгтэй нь намайг алгадаад өшиглөөд байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг цээж хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод зугатаасан. Тэгтэл Мягмар араас ирж намайг барьж аваад бид 2 хоорондоо нэг хоёр удаа цохилцсон. Мягмар миний нүүр рүү цохисон. Би Мягмарын мөр цээж хэсэг рүү нь цохисон. Тэр үед нь миний утас гүүрэн доогуур уначихсан. Мягмар цаашаа зугтчихсан ба хамт явж байсан охин нь надаас уучлалт гуйгаад “та ингээд явчих” гэхээр нь би тэр эмэгтэйг барьж аваад “миний утсыг олж өг” гэтэл Мягмар ирээд нөгөө охиноо авч явах гээд байхаар нь явуулаагүй. Бүгдээрээ гүүрний доошоо буугаад миний гар утсыг хайж олсон. Мягмар “би чиний утсыг аваагүй шүү” гээд намайг дахиад цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Б.Сүхболд мөрдөн байцаалтанд байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө би сургуулийн шинэ жилийн үйл ажиллагаанд оролцсон. Курсынхээ оюутнуудтай хамт Говь гурван сайхан” нэртэй караокед орж сууж байгаад гарахад хамт явж байсан хүмүүсийн нэг нь үл таних эрэгтэйтэй маргалдсан гээд яриад байж байсан. Би хэн хэнтэй маргалдсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Г.Наранзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө сургуулийн шинэ жилийн үйл ажиллагаанд оролцсон. Курсынхээ оюутнуудтай хамт Говь гурван сайхан нэртэй караокед орсон. Сэрдамба хүнтэй муудаад байхаар нь караокенаас 02 цагийн үед гараад буланд бөөгнөрөөд байж байтал нэг үл таних хүн “миний биеэнд хүрлээ” гээд орилоод байхаар нь хартал үл таних хүн Сүхболдыг заамдаад байж байсан. Бид нар салгаад уучлалт гуйтал тэр танихгүй ах яваад өгсөн. Мягмар Хонгорзул бид хоёрыг байр руу хүргэж өгөх гээд Арслантай гүүрэн дээр явж байтал нөгөө ах гарч ирээд “та нар сая бөөнөөрөө байсан, одоо та нарыг явуулахгүй” гээд Мягмар руу дайраад байхаар нь тэр хүнийг явуулах гэтэл миний баруун хацар руу гараараа нэг удаа газар унатал цохисон. Жаахан тайвширч байгаад Мягмар болон нөгөө танихгүй эрэгтэй хоёр руу очтол тэр 2 заамдалцаад байж байсан. Нөгөө танихгүй эрэгтэй утсаа алга болгосон гээд Мягмар бид нар утсыг нь олж өгсөн. Үл таних эрэгтэй намайг цохисон учраас Мягмар намайг өмөөрч зөрүүлээд тэр эрэгтэйг нэг удаа аль нэг шанаа хэсэг рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Б.Түвшинзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө сургуулийн шинэ жилийн үйл ажиллагаанд оролцсон. Курсынхээ оюутнуудтай хамт “Говь гурван сайхан” нэртэй караокед суусан. Би ганцаараа 02 цаг өнгөрч байх үед найзуудынхаа араас караокед иртэл ангийн Сүхболд гэх залуу үл таних эрэгтэйтэй гадаа барьцалдчихсан байсан. Сүхболд бид хамт гэр рүүгээ харьдаг учир авч явах гээд тэр ахаас “ахаа манай найзыг зүгээр явуулчих” гээд куртикэнд нь хүртэл нөгөө ах “чи миний куртикэнд хүрлээ” гээд намайг түлхээд Сүхээг газар унагаасан. Тэгэхээр нь “та яаж байгаа юм” гэтэл тэр ах намайг бас заамдаж аваад хэрүүл хийгээд байсан. Ингээд хальт маргалдаж байгаад тэр хүн намайг цохих гээд дайрахаар нь би болон манай найзууд өөдөөс нь орилж дайрсан. Гэхдээ биед нь хүрээгүй. Тэр үл таних эрэгтэй яваад өгсөн. Би болон манай найзууд гэр рүүгээ харьцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Б.Сэрдамба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Найзуудын хамт 01 цагийн үед караокед орсон. Би найзуудынхаа сууж байсан өрөөнөөс гараад өөр таньдаг хүний сууж байсан өрөөнд ороод 30-40 минут болоод найзуудынхаа найз залуутай ам мурийгаад буцаад гартал манай найзууд сууж байсан өрөөнөөсөө гарч таараад бүгдээрээ гарцгаасан. Гадаа гартал нэг танихгүй залуу Сүхболдыг бариад зогсож байсан. Манай найзууд салгасан. Би ганцаараа караокены буланд зогсож байсан бөгөөд нилээн зогсож байгаад очтол манай найзууд тараад явчихсан Мягмар, Зулаа, Хонгорзул 3 үлдчихсэн байсан. Би ганцаараа гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Л.Хонгорзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө бид нар ангиараа шинэ жил тэмдэглэсэн. Говь гурван сайхан гэдэг караокед сууж байгаад 2 цаг өнгөрч байхад гарцгаасан. Харих гээд Есүй пабын хажууд байж байтал манай найз Сэрдамбатай мөрлөж зөрснөөс болж нэг танихгүй согтуу ах маргалдахаар нь Мягмар тэр ахад “манай найзуудыг уучлаарай” гэтэл нөгөө хүн агсам тавиад байсан. Сэрдамба “караокед цүнхээ орхичихсон байна” гэхээр нь Мягмар бид 2 буцаж орж хайгаад гарч ирэхэд нөгөө танихгүй согтуу хүн байхгүй. Манай найзууд зогсоцгоож байсан. Найзуудыгаа явуулчихаад Мягмар, Наранзул бид 3 арслантай гүүрний тэрүүгээр явж байтал нөгөө танихгүй согтуу ах ирээд Мягмар руу “та нар олуулаа яадаг гэнээ” гэх мэтээр дайраад байсан. Би Мягмарыг аваад холдчихсон чинь Наранзулыг нөгөө ах цохиж унагаачихаад гүйгээд явчихсан. Тэгэхээр нь Мягмар араас нь очоод тэр ахын аль нэг хацар руу нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл нөгөө ах Мягмарыг толгой руу нь гараараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Д.Цэрэнжамц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө сургуулийнхаа шинэ жилийг тэмдэглэчихээд найзуудтайгаа караоке орсон. Манай найз Сүхболдыг нэг танихгүй эрэгтэй заамдчихсан байж байхаар нь Түвшинзаяа салгасан. Тэгтэл нөгөө танихгүй ах уурлаад маргалдаад байхаар нь манай найзууд хөөгөөд нөгөө ах караоке руу зугтаж орохоор нь бид нар салаад харьцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Д.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, хохирлын баримт /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө 3 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Арслантай гүүрний орчим согтуурсан үедээ Ш.Досжантай үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдаж улмаар түүний биед хүч хэрэглэн цохиж эрүүл мэндэд “тархи доргилт, нүүр, зовхинд цус хуралт хавантай гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Досжаны мэдүүлэг, гэрч Б.Сүхболд, гэрч Г.Наранзул, гэрч Б.Түвшинзаяа, гэрч Б.Сэрдамба, гэрч Д.Цэрэнжамц, гэрч Л.Хонгорзул нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Ш.Досжантай хоорондоо зүй зохисгүй харьцаж улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Д.Мын хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож нүүрэн тус газар нь цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Ш.Досжаны биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж өөрчлөлт орж, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжиж байгаа боловч Д.Мын гэмт үйлдэл нь 2019 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 12 дугаар сарын 07-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэснийг баримталж шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд шүүх шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Досжанаас “...Эмчилгээний зардал 120.000 төгрөг болсон. Мөн цаашид гарах эмчилгээний нэхэмжилнэ…” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс баримтаар 120.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Маас уг төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Ш.Досжанаас гэмт хэргийн улмаас үүссэн хохиролтой холбоотой гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Мыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Маас 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Досжанд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН