Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 286

 

 

 

 

 

2020        03         31                                   2020/ШЦТ/286    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,  

Шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зд холбогдох эрүүгийн 2009005560249 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1955 оны 11 дүгээр сарын 10-ны Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо өнөр хороолол 33 байр 209 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их тойруу гудамж 73/1 байрны 46 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 01 дугаар сарын 07-ны өдөр байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл буюу сум олж авсан, 2020 оны 01 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан, тээвэрлэсэн, борлуулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ “...Би Нарантуул захын ченж нараас 7 хайрцаг сум авсан. Нэг ширхэг сум нь 2500 төгрөгийн үнэтэй. Ингээд тухайн сумыг буцаагаад 2800 төгрөгөөр зарах санаатай байсан. Гэтэл эрүүгийн төлөөлөгч нарт баригдсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Эрүүгийн 2009005560249 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвөөс арьс авахаар шийдсэн. Тус захын хойд талын эгнүүлсэн контейнаруудын орчимд очоод арьс үзэх гэж байтал хажууд 30 гаран насны, нүүрээ алчуураар ороосон нэг эмэгтэй “сум авах уу” гэж асуухаар нь би сонирхоод үнийг нь асуухад 1 ширхэгийг нь 2500 болон 3500 төгрөгөөр зарж байсан. Ангийн 1 ширхэг сум нь 3500 төгрөг гэж байсан. Фейсбүүкийн зарим группт “ангийн сум 1800 төгрөгөөр зарна” гэсэн зар байсныг харж байсан. “тийм үнэтэй байгаа юм уу 1800 төгрөгөөр интернетээр зарна гэж байсан” гэхэд “угаасаа сум үнэтэй болж байгаа” гэж хэлсэн. Би 2500 төгрөгөөр зарж байсныг нь ердийн сум байх гэж бодсон. Сумны үнэ нь улам өсвөл зараад ашиг ольё гэж бодоод ахдаа 350.000 төгрөгөнд тааруулаад өгчих гээд худалдаж авсан. 350.000 төгрөгөнд надад 7 хайрцагтай 140 ширхэг сум АК-ны сум зарсан. Би тухайн үед тэтгэврийн мөнгөө аваад хадгалж байсан ба арьс авч юм хийе гэж бодож байснаа гэнэт сум авахаар шийдсэн. Уг сумнуудыг аваад захын хойд талын хаалгаар гарах гээд явж байхад хог овоолсон газар сумны магазин буюу хүхээг хэвтэж байсан. Авахдаа АК бууны магазин байна гэж бодсон боловч интернетээр хүмүүсээс асуухад 40 ширхэг сум ордог гар пулёметын магазин байна гэж байсан. АК бууны магазиныг хүмүүс 40.000 төгрөгөөр зардаг юм шиг байсан. Тэр магазиныг газраас анх авахдаа болж өгвөл 40.000 төгрөгөөр зарчихья гэж бодоод авсан. Ингээд дээрх 140 ширхэг сумыг болон 1 ширхэг магазиныг гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 73/1-р байрны 46 тоотод авчирч хадгалсан. Дахиж гаргаж ирээгүй, эхнэртээ ч харуулаагүй. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би уг сум, магазиныг зарах гээд интернетээр ангийн бууны группэд зар хараад байж байтал “сум зарна” гэсэн пост байсан. Тэгээд коммент хэсгийг нь харж сум зарна гээд өөрийнхөө дугаарыг үлдээсэн ба нэг залуу надтай холбогдож байгаад манай гэрт ирж уулзахаар болсон. Тэгээд ирж үзээд байлдааны зориулалттай сум байна гээд цагдаа дуудсан. Том өрөөндөө нөгөө залууд үзүүлэх гээд тавьчихсан байсан 140 ширхэг сум, 1 ширхэг магазиныг хурааж авсан. Байлдааны зориулалттай сум байна гэж би анзааргүй. Ердийн сум, галт сум гэх мэт сумны төрөл байдгийг нь фейсбүүкээр харж байсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

 

Б.Зийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...Мэдүүлгээ шалгуулагч өөрийн заасан заасан зүгт буюу ертөнцийн зүгээр зүүн тийш чигээрээ явсаар “Дэлгэрэх” гэх бичиглэлтэй шар өнгийн хаягтай контейнерын цаад талаар баруун тийш эргэж чигээрээ явсаар задгай талбай бүхий хэсэг газарт ирж уг хэсэг газар нэг эмэгтэй надад 140 ширхэг сум зарсан гэж заав....” гэжээ /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №760 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд 7,62х39 мм-ийн, ЗХУ-ын Тула хотын сумны үйлдвэрт үйлдвэрлэсэн байлдааны зориулалттай ердийн ган зүрхэвчтэй 138ш, ОХУ-ын Барнаул хотын сумны үйлдвэрт үйлдвэрлэсэн ангийн зориулалттай ердийн ган зүрхэвчгүй 2 ш ирүүлсэн байна. Дээрх сумнууд нь 7,62х39 мм-ийн сумаар буудлага үйлддэг буунуудад таарна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудаас 2 ш нь ангийн зориулалттай бусад нь байлдааны зориулалттай байна...” гэжээ /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №759 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хүхээг нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд /хуучинаар/ ЗХУ-д үйлдвэрлэсэн 7,62 мм-ийн РПК загварын байлдааны зориулалттай, гар пулемётны хар өнгийн хүхээг ирүүлсэн байна...” гэжээ /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, барьцааны эд зүйл, мөнгө, хураан авсан болон битүүлжилсэн хөрөнгийг хүлээн авч шийдвэрлэсэн тухай бүртгэл /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч С.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 17 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 01 дугаар сарын 07-ны өдөр 7,62х39 мм-ийн, ЗХУ-ын Тула хотын сумны үйлдвэрт үйлдвэрлэсэн байлдааны зориулалттай ердийн ган зүрхэвчтэй 138ш сум, ЗХУ-д үйлдвэрлэсэн 7,62 мм-ийн РПК загварын байлдааны зориулалттай, гар пулемётны хар өнгийн хүхээ зэргийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвөөс хууль бусаар олж авсан, 2020 оны 01 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 дугаар байрны 46 тоотод тэдгээрийг хадгалсан, борлуулахыг завдсан болох нь шүүгдэгч Б.Зын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №760, №759 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “байлдааны зориулалттай галт зэвсэг” гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг” хэлнэ гэж заасан ба энэ зориулалтын галт зэвсгийг иргэн ямар ч байдлаар олж авах, эзэмших, хадгалах, худалдах боломжгүй болохыг холбогдох хуулиар зохицуулсан.   

 

Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.З байлдааны болон тусгай ажиллагаанд тодорхой зориулалтаар ашиглагдах байлдааны галт зэвсгийг эх сурвалж тодорхойгүй байдлаар хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулахыг завдсан үйлдэл нь олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл байдлыг бий болгосон, Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл болох нь тогтоогджээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Зыг байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл олж авсан, хадгалсан, борлуулахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокуророос Б.Зод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ “тээвэрлэсэн” үйлдэлд буруутгаж ялласан байх ба хэзээ, хэрхэн яаж, ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байдлыг тогтоогоогүй байх тул энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж гэмт хэрэг гарсан газар, нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд харин прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийн гэмт үйлдлийг хаана гарсан байдал халдлагын зүйлийг тодорхой тусгаагүй, хэт ерөнхийлсөн байдлаар бичигдсэн байдалд цаашид анхаарах нь зүйтэй.   

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас учирсан бодит хохирол тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Зыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Б.Зын эрүүл мэндийн талаас хүнд өвчний шалтгаантай, өндөр настай болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон, бусдад төлөх төлбөргүй байх тул түүний хувийн байдал, хөнгөрүүлэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Зод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, галт зэвсэг өмчлөх, эзэмших эрхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 7,62х39 мм-ийн ердийн ган зүрхэвчтэй 138 ширхэг сум, ангийн зориулалттай 7,62х39 мм-ийн ердийн ган зүрхэвчгүй 2 ширхэг сум, 7,62 мм-ийн РПК загварын байлдааны зориулалттай, гар пулемётны хар өнгийн хүхээг 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Нийслэлийн цагдаагийн удирдах газарт шилжүүлж, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн нөгөө талаас худалдаа, үйлчилгээ явуулж буй газарт хяналт сул байгаа нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос Б.Зод холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн галт хэрэгсэл тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.Зг байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл олж авсан, хадгалсан, борлуулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зод хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Шүүгдэгч Б.Зод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хууль, зүйлийн 3.2-д зааснаар галт зэвсэг өмчлөх, эзэмших эрхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7,62х39 мм-ийн ердийн ган зүрхэвчтэй 138 ширхэг сум, ангийн зориулалттай 7,62х39 мм-ийн ердийн ган зүрхэвчгүй 2 ширхэг сум, 7,62 мм-ийн РПК загварын байлдааны зориулалттай, гар пулемётны хар өнгийн хүхээг 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Нийслэлийн цагдаагийн удирдах газарт шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Зод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН