Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 737

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 02 дугаар багт оршин суух, Бахат ахтай овогт Шухамайн Молданиязын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг Дарга /А.Гылымхан/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ардабек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бахытжан, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг Даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хөх хөтлийн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ш.Молданияз шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Молданияз миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Ажилд түр томилох тухай 218 тоот захирамжаар Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлаар түр томилогдож улмаар аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Молданиязыг томилох тухай Б/356 тоот захирамжаар жинхлэн томилогдсон бөгөөд албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй тогтвортой сайн ажиллаж ирсэн билээ. Гэтэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга /А.Гылымхан/ 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 дугаартай захирамжаар намайг үндэслэлгүй ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн тул аймгийн Засаг даргын Б/444 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж хүчингүй болгуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг тус тус үндэслэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 тоот захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Аймгийн Засаг даргын Б/444 тоот захирамжийн нэгдүгээр заалтад Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 09-09-000/175 дугаар тоотоор аймгийн Засаг даргад ирүүлсэн дүгнэлт, мөн 2016 оны мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 09-06-031/27 акт, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Улсын байцаагчийн ажлыг баталгаажуулсан 1737-р захирамжийн 2 дахь заалтад заасан Гомдол гаргах эрхгүй болохыг дурдсаныг тэмдэглэж, мөн аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.8 дахь заалтыг зөрчсөн тул Улаанхус сумын дунд сургуулийн Хөх Хөтөлийн дунд сургуулийн захирал Ш.Молданиязыг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэж утга, агуулга, найруулга зүйн алдаатай ойлгомжгүй зүйл дурджээ. Б/444 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэсэн боловч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэж заасан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл, мөн хуулийн 40 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 131 дүгээр зүйлд Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах талаар тус тус заасан байх тул ажил олгогч ажилтныг ажлаас халах шийдвэрт Хөдөлмөрийн хуулийн дээрх зүйл, заалтуудын холбогдох хэсгийг заавал баримтлах бөгөөд шийдвэрийн утга, агуулга баримталсан хуулийн заалттай нийцсэн байх шаардлагатай.

2. Аймгийн Засаг дарга улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04-06-031/27 дугаартай акт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1737 тоот шүүгчийн захирамжуудыг үндэслэл болгож надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Улаанхус сумын Хөх хөтөлийн дунд сургуулийн багш Ш.Турсынд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний /3,007,400 төгрөг/ мөнгөн тэтгэмж олгосон гэх зөрчлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хяналт шалгалтаар илрүүлж уг мөнгөн тэтгэмжийг багш Ш.Турсынаас нөхөн төлүүлж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн ба багш Ш.Турсынд мөнгөн тэтгэмж олгох тухай 3 дугаартай захирлын тушаал 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гарсан билээ. /2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04-06-031/27 дугаартай акт/ Энэ талаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1737 тоот шүүгчийн захирамжийн үндэслэх нь хэсэгт тодорхой заасан байгаа. Гэвч сахилгын зөрчил гарснаас хойш 7 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 5 сар өнгөрсний дараа ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Харин Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1737 тоот шүүгчийн захирамжийн хувьд төлбөр тогтоосон улсын байцаагчийн актыг баталгаажуулж багш Ш.Турсынаас 6 сарын тэтгэмжийн мөнгө болох 3,007,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулах талаар гарсан болохоос биш захиралд сахилгын арга хэмжээ тооцох тухай заагаагүй болно. Анхан шатны шүүхийн шүүгчийн 1737 тоот захирамжийн үндэслэх нь хэсэгт Ш.Турсын нь тэтгэмжийн мөнгө 3004700 төгрөгийг авсан зөрчил гаргасан болох нь ... зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж тодорхой дурдаж уг захирамж зөрчил гаргагч гэх Ш.Турсны үйлдэлд холбогдуулан гаргасан болох нь тогтоогдож байгаа бөгөөд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа Мэргэжлийн хяналтын газрын акт гарсан өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоологдох юм. Мөн аймгийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 тоот захирамжид хөдөлмөрийн гэрээг баримтлаагүй, дээрх тэтгэмжийн мөнгөтэй холбоотой асуудлын талаар хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил хэсэгт тусгайлан заагаагүй байх тул тухайн зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил-д тооцогдохгүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 дугаартай захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй тул уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож Ш.Молданияз намайг урьд эрхэлж байсан Хөх хөтөлийн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ардабек шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Бахат ахтай овогт Ш.Молданияз нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/356 дугаартай захирамжаар Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад мөн аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/444 дугаартай Ажлаас халах тухай захирамжаар захирлын үүрэгт ажлаас халагдсан. Ш.Молданиязыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн Б/444 дугаартай захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг тус тус баримталж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хууль зөрчиж олгосон тэтгэмжийн мөнгийг нөхөн төлүүлэх тухай 0406031/27 дугаартай актыг ажилтан Ш.Молданиязыг ажлаас халах үндэслэл болгожээ. Ажилтанд сахилын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын Б/444 дугаартай захирамж дараах үндэслэлээр хууль бус болсон гэж үзэж байна. 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 40.1.4-т зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. Ажил олгогч үүнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд сахилгын зөрчил давтан гаргасан эсэх, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. Гэтэл Ш.Молданиязын хувьд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчил давтан гаргасан асуудал байхгүй атлаа ажил олгогч ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэлийн төрлийг сонгож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Ажил олгогчийн ажлаас халах тухай Б/444 дугаартай захирамж нь хууль зөрчсөн, хууль бус гарсан гэж үзэх бас нэг үндэслэл болох 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сахилын шийтгэл ногдуулах талаар мөн хуулийн 131.2-т ажилтан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах журамтай. Харин Мэргэжлийн хяналтын төлбөр тогтоосон актад тусгагдсанаар Ш.Молданияз Турсынд мөнгө олгох тухай тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж уг тэтгэмж мөн оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилтан Турсынд олгогдсон байдаг. Энэхүү тушаал нь хууль ёсны болохыг баталсан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 0406031/134 дугаартай удирдамжийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын тус сургуулийн санхүүгийн албан тушаалтнуудад шалгалт хийснээр илэрсэн бөгөөд уг сахилгын зөрчилд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид акт гаргасан. Тухайн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзвэл ажилтны зөрчил гаргасан өдөр нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байна. Уг зөрчлийг илрүүлсэн өдрийг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуульд зааснаар тоолоход зөрчил гаргаснаас хойш 7 сар, илрүүлснээс хойш 5 сар болсон байна. Энэ нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн байна. Ажилтныг ажлаас халах тушаал нь эрх зүйн акт болохын тулд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хууль нь тухайн сахилгын зөрчилд тохирсон байж Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ. Гэтэл ажил олгогчийн захирамж энэ шаардлагыг хангаагүй тул уг захирамжийг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэл болдог. Нэхэмжлэгч талаас уг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргаж өгсөн байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж, аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Молданиязыг урьд эрхэлж байсан Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Дарга А.Гылымхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлаар Ш.Молданияз нь 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан. Ш.Молданиязыг Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас халах болсон нь дараах шалтгаантай.

Аймгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Зауре, Боловсролын хяналтын улсын байцаагч А.Болат, Санхүүгийн хяналтын улсын байцаагч Жарденбек нар нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Ш.Молданиязыг байлцуулан хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэжээ. Уг шалгалтаар хууль зөрчиж тэтгэмжийн мөнгө олгосон нь тогтоогдож улмаар 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Улсын байцаагчийн актаар сургуулийн захирал Ш.Молданиязд 30044700 төгрөг сургуулийн дотуур байрны багш Ш.Турсынаас суутган тооцож сургуулийг хохиролгүй болгохыг Ш.Молданиязд хариуцуулсан байна. Уг улсын байцаагчийн актыг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1737 дугаар Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар баталгаажуулсан шийдвэр гарсан байна. Сургуулийн захирал Ш.Молданиязын тус хууль бус үйлдэл нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.8-д заасан Төсвийн тухай хуулийг чанд сахиж мөрдөж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд сургуулийн захирал Ш.Молданиязыг ажлаас халах шийдвэр гаргасан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талын тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгч Ш.Молданиязын удаа дараа зөрчил гаргаж байсныг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр, мөн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тус тус тогтоогдсон. Нэхэмжлэгч тал Ш.Молданиязд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг баримталсан байна гэж байна. Урьд нь бас зөрчил гаргаж байсан нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийнхөө төрсөн охиныг тухайн сургуульд багшаар авч ажиллуулаад Нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хуулийг зөрчсөн, энэ зөрчлийн арилгуулах талаар аймгийн удирдлагаас удаа дараа албан бичиг явуулж чиглэл өгч байсан. Дараа нь Мэргэжлийн хяналтын газраас 2 дараа шалгалт хийхэд сахилгын шийтгэл тогтоогдож байсан. Тухайн үед Мэргэжлийн хяналтын газраас аймгийн удирдлагуудад мэдэгдэж байсныг бид нар мэдээгүй. Мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагчийн актыг баталгаажуулах гомдол гаргаж шүүх уг шийтгэврийг баталгаажуулах талаар шүүхийн шийдвэр гарч байсан. Уг шийдвэр нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж мөрдөгдөж хүчин төгөлдөр болсон. Бид нар урьд тийм сахилгын зөрчил гаргасан, илрүүлсэн талаар олж мэдээгүй бөгөөд энэ удаад нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул Ш.Молданиязыг ажлаас халах тухай шийдвэр гаргасан. Тийм учраас нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, хууль бус шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Салтанат шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуулийн захирлын албан тушаалд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг Даргын захирамжаар томилогдсон билээ. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэрэгт Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирал К.Салтанат миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу гуравдагч этгээдээр татан оролцуулж, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагт болох Баян-Өлгий аймгийн Засаг Даргад холбогдох Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлыг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бахытжан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.Молданияз нь Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургуульд 2014 оны 04 дүгээр сард томилогдож ажилласан. Түүнийг ажиллах хугацаанд багш ажилчид 2014 оны 04 дүгээр сард 50 багш гарын үсэг зурж хууль бус үйлдэл хийсэн гэж Мэргэжлийн хяналтын газарт шалгуулсан. Шалгалтын дүнгээр Ш.Молданияз нь 5 жил ажиллаж 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах байсныг 4 жил ажилласан шаардлага хангаагүй хүнд олгохоор шийдвэр гаргасан байна. К.Салтанатын эрх нь ямар байдлаар яаж зөрчигдөж байна вэ гэвэл аймгийн Мэргэжлийн хяналтын албаны дүгнэлт, шүүгчийн захирамж гарсан учир аймгийн Засаг дарга Ш.Молданиязыг халж К.Салтанатыг томилсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Ш.Молданиязыг Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж үзэж байгаа тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Молданиязыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/356 дугаар захирамжаар Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар мөн оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн томилсон байна.

Улмаар 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/444 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ш.Молданиязыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 09-09-000/175 дугаар тоотоор аймгийн Засаг даргад ирүүлсэн дүгнэлт, мөн 2016 оны мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 09-06-031/27 акт, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Улсын байцаагчийн актыг баталгаажуулсан 1737 дугаар захирамжийн 2 дахь заалтад заасан гомдол гаргах эрхгүй болохыг дурдсаныг тэмдэглэж, мөн аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.8 дахь заалтыг зөрчсөн гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажил олгогчоос ажилтан Ш.Молданиязыг ажлаас халах тухай тушаалдаа Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04-06-031/27 дугаар дүгнэлтийг үндэслэл болгосон боловч уг акт нь дотуур байрны багш Ш.Турсынаар Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, 43.1.7-ийн а заалтыг зөрчиж олгосон 3004700 төгрөгийн тэтгэмжийг нөхөн төлүүлж улсын орлого болгохоор, уг мөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны дотор Төрийн сан дахь 020000982 тоот дансанд төлүүлж төрийг хохиролгүй болгуулахыг тус сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын захирал Ш.Молданияз, нягтлан бодогч С.Сарай нарт хариуцуулсан байна. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1737 дугаар шүүгчийн захирамжаар уг улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04-06-031/27 дугаар актыг баталгаажуулсан байна. Энэхүү шүүгчийн захирамжаар улсын байцаагчийн актыг баталгаажуулсан асуудал нь зөвхөн Ш.Турсынтай холбогдолтой байна.

Хариуцагч буюу ажил олгогч аймгийн Засаг дарга нь Ш.Молданиязыг ажлаас халах тухай тушаалдаа Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09-09-000/175 дугаар дүгнэлтийг үндэслэл болгосон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан бөгөөд энэ хугацаанд ажил олгогч ажилтан Ш.Молданиязад ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулсан тухай бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба үүнийг хариуцагч нотлох баримтаар няцааж чадаагүй болно.

Хариуцагчийн уг улсын байцаагчийн дүгнэлтэд тухайн үеийн аймгийн Засаг дарга нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хариу өгөөгүй нуун дарагдуулж байсныг 2016 оны 8 дугаар сард илрүүлсэн гэх боловч Төрийн хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн Засаг даргын бүрэн эрхэд нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтэд хариу хүргүүлэх тухай хуульчлаагүй байх тул хариуцагч байгууллагын уг улсын байцаагчийн дүгнэлтийг 2016 оны 8 дугаар сард илрүүлж Ш.Молданиязыг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан гэж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд ажил олгогч Ш.Молданиязыг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж ажлаас нь халсан боловч ажилтны өмнөх буюу 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр илрүүлсэн гэх зөрчил нь гараад 02 жил 04 сарын хугацаа өнгөрсөн ба уг зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Ш.Молданиязыг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09-09-000/175 дугаар улсын байцаагчийн дүгнэлтэд ямар нэгэн гомдол гаргаагүй нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байгаа боловч ажил олгогч аймгийн Засаг дарга нь ажилтны гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүйд ажилтныг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Молданияз нь ажил олгогч аймгийн Засаг даргатай 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар бүлэгт заасан гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргасан талаарх хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй ба үүнийг хариуцагч тал нотлох баримтаар нотлоогүй болно.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 04-06-032/100 дугаар дүгнэлт, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн боловч энэхүү нотлох баримтын талаар нэхэмжлэгч Ш.Молданиязыг ажлаас халах тухай тушаалдаа үндэслэл болгоогүй буюу дурдаагүй тул түүнд дүгнэлт хийгээгүй болно.

Иймд Ш.Молданиязыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хариуцагч талын нотлох баримтаар гаргаж өгсөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох К.Салтанатыг тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21/А шийтгэх тогтоол, К.Салтанатын нийгмийн даатгалын дэвтрийн болон түүний бакалаврын диплом зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд нь энэ хэрэгт хамааралгүй нотлох баримтууд тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Молданиязыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ