Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 256

 

 

 

 

 

 

 

 

 

2020         03          26                                   2020/ШЦТ/256       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Г.Батбаяр,

Шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Эд холбогдох эрүүгийн 2002000000101 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ  өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Тээврийн цагдаагийн албаны Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 хороолол, токио гудамж 9 дүгээр байрны 5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч П.Э нь Тээврийн цагдаагийн албаны Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 2019 оны 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 0104 УНЭ улсын дугаартай Тоёота Лексус-570 маркийн автомашиныг жолоодон явсан Б.Мөнхсүрэнгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлөө шалган шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах боломжийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан, шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандал даатгалын орчим Б.Мөнхсүрэнгээс 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2002000000101 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч П.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Мөнхсүрэн гэх эмэгтэйн жолооны үнэмлэхийг шалгахад хүчинтэй, согтолтын хэмжээг тогтооход 1 бүхэл гаруй согтолттой байсан. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогдсон. Би Мөнхсүрэнгээс тайлбар аваад түүний баримт бичгийг хураан авч “Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр ирж уулзаарай” гэж хэлээд тээврийн хэрэгслийг нь журмын хашаа буюу ТС-5 ачиж явуулсан. Удалгүй 1 цаг орчмын дараа Мөнхсүрэн ганцаараа буцаж ирээд “өөртөө чинь уулзая” гэхэд нь би шалгалтын ажил ихтэй байсан учраас уулзаж чадаагүй. Мөнхсүрэн над руу зогсоо зайгүй залгаад байхаар нь түүнтэй Замын цагдаагийн хажууд албаны машин дотор уулзахад “би 3 хүүхэдтэй, нөхрөөсөө салсан, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь зөөдөг, эрхээ хасуулчих юм бол хүүхдүүдээ зөөж чадахгүй. Манай нөхөр 3 хүүхдийг маань авчихна. Би хэцүү байдалд орох гээд байна. намайг нэг удаа ойлгооч”  гэж нилээн удаан гуйсан. Би түүнийг ойлгоод бичиг баримтыг нь өгөөд ТС5 руу хамт явж журмын хашааны үүдэнд очиход Мөнхсүрэн надад “ёстой их баярлалаа” гэж хэлээд машины хайрцаг руу мөнгө хийсэн. Би журмын хашаанаас Мөнхсүрэнгийн машиныг 03 цаг өнгөрч байхад гаргаж өгөөд Замын цагдаагийн газар руу явсан. Ажлаас буухдаа машины урд хийсэн мөнгийг тоолж үзэхэд бэлэн 800.000 төгрөг байсан. Би албан үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 800.000 төгрөг авсан буруутай үйлдлээ ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65 дугаар хуудас/,

 

Гэрч М.Батсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...намайг шалгаж байхад Лексус-570 маркийн 01-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэйг тандагчаар шалгахад тандагчийн шар гэрэл ассан. Тандагч багажны шар гэрэл нь согтууруулах ундаа хэрэглэсэн, согтолтын зэрэг өндөр байгааг заадаг бол ногоон гэрэл согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг илрүүлж заадаг. Жолооч Б.Мөнхсүрэнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг хураан авч хэрэгслийг зам чөлөөлж зогсоогоод хариуцсан зохицуулагч дэслэгч П.Эд хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

 

Гэрч Б.Бөхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 06-наас 2019 оны 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Энхтайваны гүүрний доод хэсэгт замын баруунаасаа зүүн чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгслүүд нэг бүрийг ахлагч Батсайхан бид хоёр тус тусын тандагч багажаар шалгасан. Ахлагч Батсайхан саарал өнгөтэй Лексус-570 маркийн 01-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгаад “замаа чөлөөлөөд баруун тал руугаа зогс” гэж хэлэхэд нь би зөрчил илэрсэн гэж ойлгосон. Ахлагч Батсайхан офицер Энхтөрд Лексус-570 маркийн 01-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн материалыг хүлээлгэж өгөөд шалгалтаа үргэлжлүүлэн хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч М.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...П.Э 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Арвай-15, 16 чиглэлд ээлжинд 17 цагаас өдрийн 09 цаг хүртэл ажилласан. Энхтайваны гүүр орчим нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд хамаардаг учраас эргүүлийн хяналт шалгалтын чиглэлд хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Соёлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр найзынхаа хуримд оролцоод тухай өдрийн орой 02 цаг орчим өөрийн эзэмшлийн 57-39 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож гэр рүүгээ харихаар Энхтайваны гүүрний ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй ганцаараа явж байтал замын хоёр талаас цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслүүдийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж байсан. Би тухайн цагдаагийн алба хаагчийн хэлсний дагуу багаж руу үлээхэд цагдаагийн алба хаагч "...замаа чөлөөлөөд зогс...” гэж хэлээд миний бичиг баримтыг хураан авч намайг машинаас буулгаж согтолт хэмжигч драгер багажаар согтолт хэмжихэд 1,14 хэмжээтэй байгааг хэлээд цагдаагийн албаны машинд орж суусан. Намайг машинд ороод суухад цагдаагийн дэслэгч цолтой П.Э А5 хэмжээтэй цаасан дээрх маягт бөглүүлж гарын үсэг зуруулж машинаас буулгахад хуримд хамт оролцож, ард явж байсан Наранбаяр, Сарнай, Мянганбуу, Түвшинбаяр нарыг машинтайгаа ирэхэд нь би юу болсон талаараа хэлээд Наранбаярын машинд суусан. ...намайг Ахмадын хорооллын зүг рүү хүргэж өгөөд гэрийн гадаа ирээд Наранбаяр Сарнай бид хоёрын хажууд Мөнхсүрэн рүү утсаар залгаж чанга яригч дээр тавьж ярихдаа “...би пиджакаа авъя, хаана явж байна....” гэхэд Мөнхсүрэн “...би Хөүм плазагийн АТМ-ээс мөнгө аваад явж байна. Цагдаагийн ажилтан Энхтөр намайг ганцаараа хүрээд ир гэсэн. Би түүнд “500.000 төгрөг өгье” гэхэд дуугарахгүй байсан учраас 800.000 төгрөг өгөх гэж байна. Миний юм асуудалгүй болсон” гэж хэлээд утсаа салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Сарнай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Наранбаяр бид нарыг гэр рүү хүргэж өгөх гээд Түвшинбаярыг цагдаагийн академи, Соёлмаа эгчийг ахмадын хорооллын ойролцоо хүргэж өгсөн. Гэрийнх нь гадаа ирээд Наранбаяр Соёлоо эгч бид хоёрын хажууд Мөнхсүрэн рүү утсаар залгаж чанга яригч дээр тавьж “би пиджакаа авъя, хаана явж байна” гэхэд Мөнхсүрэн “...би цагдаагийн ажилтантай уулзах гээд явж байна. Би түүнд 800.000 төгрөг өгөхөөр болсон. Миний юм асуудалгүй болсон” гэж хэлээд утсаа салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнхсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 00 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн аспалтан саарал өнгийн 01-04 УНЭ улсын дугаартай автомашинаа ганцаараа жолоодоод харихаар Энхтайваны гүүрний доод хэсэгт явж байтал замын цагдаагийн албан хаагч зогсоосон. Намайг төхөөрөмж рүү үлээлгэхэд төхөөрөмжний гэрэл асаж дуу гарахад цагдаагийн алба хаагч миний машины гэрчилгээ, жолооны үнэмлэх, машины түлхүүрийг аваад “машинаас буу” гэж шаардлага тавьсан. Би машинаасаа буугаад цагдаагийн албан хаагчийн машинд суухад энгэрийн нэр дээр нь Энхтөр гэж бичсэн цагдаагийн албан хаагч ганцаараа сууж байсан. Надаас “юу хийдэг, нөхөр юу хийдэг, утасны дугаар, гэрийн хаягийн мэдээлэл аваад намайг машинаас буу” гэж хэлсэн. 10 жилийн ангийн хүүхэд Наранбаяртай таараад 5 үг солиод байж байтал 20 минутын дараа миний гар утас дуугарсан. Утсаа автал замын цагдаагийн ажилтан “хаана байна, машин дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь машин дээр очсон. Машины гадаа 20 орчим минут хүлээсний дараа би Энхтөрийн утас руу залгаад “би машины гадаа ирчихсэн” гэж хэлтэл намайг “хол очоод зогсож бай” гэж хэлсэн. Би Моннис дээр хүлээж байна” гэж хэлтэл “Моннисын эсрэг талын Петровис колонк дээр хүрээд ир” гэж хэлсэн. Очиход алаг машин дотроо ганцаараа байсан. “машиныг чинь журмын хашаа руу аваад явсан. Одоо торгууль өндөр болсон. Гэртээ хариад байж бай” гэж хэлсэн. Гэртээ хариад байж байтал 03 цаг өнгөрч байхад “Мандал даатгалын энд хүрээд ир” гэсэн. Мандал даатгалын хажууд уулзахад “гэр чинь хаана юм” гээд манай гэрийн гадаа Сүхбаатар дүүргийн Олимпын 16 дугаар байрны ойролцоо ирж хэсэг хугацаанд суугаад Энхтөр намайг “за тэгээд яах юм, торгуулах юм уу” гэхэд нь би Энхтөрд байгаа нь энэ гээд 20.000 төгрөгийн дэвсгэрт нийт 800.000 төгрөг бэлнээр өгсөн. Энхтөр аваад журмын хашаанаас миний машиныг гаргаж өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

Нийслэлийн прокурорын 2020 оны 3 дугаар сарын 16-ны №22 дугаартай “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын 2019 оны 9 дүгээр сарын 07-ноос 2019 оны 9 дүгээр сарын 08-ний өдөр ажиллах хуваарь /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /яллагдагч Б.Мөнхсүрэнгийн/ /хх-ийн 66 дугаар хуудас/,

 

П.Э, Б.Мөнхсүрэн нарын арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

 

Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаал “...Пүрэвдоржийн Энхтөрийг ...08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн албанд Нийслэлийн замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар томилж, “цагдаагийн дэслэгч” цол олгосугай...” гэжээ /хх-ийн 111 дүгээр хуудас/,

 

П.Эийн төрийн албан хаагчийн анкет, ажил байдлын тодорхойлолт, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 112-123 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч П.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 178 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136 дугаар хуудасны ар тал/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 135 дугаар хуудас/, гэрч М.Мөнхоргилын мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/, гэрч Г.Ган-Очирын мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/, шүүгдэгч П.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 112-134 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Э нь Тээврийн цагдаагийн албаны Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 2019 оны 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 0104 УНЭ улсын дугаартай “Тоёота Лексус-570” маркийн автомашиныг жолоодон явсан Б.Мөнхсүрэнгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлөө шалган шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах боломжийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан, шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандал” даатгалын орчим Б.Мөнхсүрэнгээс 800.000 төгрөгийн хахууль авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогджээ. Үүнд:

 

-Гэрч Б.Бөхбат, Ц.Соёлмаа, М.Батсайхан, Б.Сарнай, Д.Мянганбуу, М.Мягмарсүрэн нарын мэдүүлэг,

 

- Яллагдагч Б.Мөнхсүрэнгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,

 

- Б.Мөнхсүрэнгийн арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,

 

-  Пүрэвдоржийн Энхтөрийг Нийслэлийн замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар томилсон тухай Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалын баталгаажуулсан хуулбар, 

 

- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажиллах хуваарь

 

-Шүүгдэгч П.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудаар шүүгдэгч Д.Энхтөр нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллахдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй Б.Мөнхсүрэнгийн зөрчлөө зохих журмын дагуу шалгуулахгүй гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнээс 800.000 төгрөгийг өөртөө авсан нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл болох нь тогтоогджээ.

 

Ийнхүү П.Э нь нийтийн албан тушаалтан байдлаа ашиглан өөртөө эд мөнгөний ашигтай давуу байдал бий болгож бусдаас мөнгө авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “хахууль авсан” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан нэмэгдэл ял болох эрх хасах ялыг тус хуулийн өмнөх зохицуулалтаас хүндрүүлсэн өөрчлөлт орж, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжиж байгаа боловч П.Эийн гэмт үйлдэл нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 07-нд үйлдэгдсэн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хууль зүйлийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн...хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг тус тус баримталж шүүгдэгчид оногдуулах ялын хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч П.Эийг нийтийн албан тушаалтанаар ажиллахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас учирсан бодит хохирол тогтоогдоогүй.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч П.Эийг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч П.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хууль зүйлийн 2-т “ “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого...ойлгоно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Эөөс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 800.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01  дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ЦХШЗ/36 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч П.Эд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зан байдал дутагдалтай байсан гэж дүгнэхээр байна. 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч П.Эг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Эийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгө болох 800.000 төгрөгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч П.Эөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

            9. Шүүгдэгч П.Эд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ЦХШЗ/36 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН