Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2016/00740

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, ************** регистрийн дугаартай А овогт Хий Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н сумын Х багт үйл ажиллагаа явуулах, "Ю" ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 3 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 7 сарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2100000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А овогт Хий А нь 2012 оны 01 сарын 01-ний өдрийн Ю ХХК-ийн захирлын Т/01 тоот тушаалаар тус байгууллагад тогоочоор томилогдсон билээ. Ажилласан хугацаанд ямар нэгэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Би сард бахтын системд 15 хоног ажиллаж, сард үндсэн 15 хоног амардаг ээлжийн ажилтай байгаа бөгөөд сар бүр 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн цалин авч байсан юм. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн ажилд гарах гэтэл Ю ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Ж.М нь намайг ээлжийн ажилд битгий гар, чамайг ажлаас халсан байгаа гэж ажиллуулахгүй байгаа учраас Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгож өгөхийг хүсэж гомдол гаргасан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 288 тоот шийдвэрээр Х.А намайг Ю ХХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон билээ. Уг байгууллагад шүүхийн шийдвэр гарсны дараа 6 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн боловч ажилд эгүүлэн авсан тухай тушаал гаргаагүй болно. Мөн одоо хүртэл 6 дугаар сарын цалингаа аваагүй байна. Иймд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 5 дугаар сар хүртэл 3 сар ажилгүй байсан ба ажлаас гарахаас өмнө үндсэн цалин болох сар бүр 300000 /гурван зуун мянган/ төгрөгийн цалин авч байсан тул ажилгүй байсан 3 сарын цалин болох 900000 /есөн зуун мянган/ төгрөгийг мөн 6 дугаар сарын цалин болох 300000 /гурван зуун мянган/ төгрөг, нийт 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг Ю ХХК-ийн санхүүгээс гаргуулж өгнө үү.

Миний бие Х.А нь 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин болох 1200000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Иймд ажилгүй байсан хугацааны 7, 8 дугаар сарын цалин болох 600000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Х.Аийг шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 288 дугаартай шийдвэрээр Хятадын хөрөнгө оруулалттай Ю ХХК-ний тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон. Талууд шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хугацаанд хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэгч Х.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 2100000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ж.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Н сумын Ховд багт үйл ажиллагаа явуулах Ю ХХК-ний дэд захирал Ж.М би Ө сумын 6 дугаар багт оршин суух А овогт Хий Аээс Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Аийн нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Х.А нь Н сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хятад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ю ХХК-д 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тогоочийн ажилд орсон юм.

2.Х.Аийн Ю ХХК-ний захирлын 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх \хөдөлмөрийн гэрээг цуцлах\ тухай 25 дугаар тушаалаар ажилчдын гал тогоо хамтран ажиллах гэрээ ёсоор өөр байгууллагад шилжсэн тул үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм.

3.Ю ХХК ба М ХХК-ний хооронд 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээгээр Ю ХХК-ний ажилчдад хоолоор үйлчлэх ажлыг М ХХК хариуцахаар болсон. Уг гэрээг 2 жилийн хугацаагаар байгуулсан юм.

4.Х.Аийг өөр нэг компани болох М ХХК-ний гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд томилох ба хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай 46 дугаар тушаалаар тухайн компанийн гал зуухны ахлах тогоочийн ажилд томилсон юм. Тухайн үед М ХХК-ний захиргаа шинээр ажилд томилогдсон Х.Атэй тухайлбал 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Түүнээс хойш Х.А нь манай компанид ажиллаагүй болно.

5.Манай компанийн үйл ажиллагаа зогсоосон учраас сүүлийн жилүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй юм. Ингээд Ю ХХК-ний удирдлага нь БНХАУ-аас ирээгүй учраас миний бие Ж.М С ХХК байгуулсан юм. С ХХК-ний захирлын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд томилох \хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай 02 дугаар тушаалаар А овогтой Аыг С ХХК-ийн тогоочийн ажилд 2016 оны 6 дугаар сарын 15-наас томилж, мөн өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Одоо тус компанид А.Ань тогоочийн ажлыг хийж байна. Иймд нэхэмжлэгч Х.А нь Ю ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цуцлагдаж, хөдөлмөрийн харилцаа тасарч ажлаас чөлөөлөгдөж өөр компани буюу М ХХК-нд ахлах тогоочийн ажилд орсон учраас Х.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагч Н сумын Х багт үйл ажиллагаа явуулах, Ю ХХК-наас 2016 оны 3 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2100000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Учир нь, нэхэмжлэгч Х.Аийг хариуцагч Ю ХХК-ний дэд захирал Ж.М нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн ажилд битгий гар, чамайг ажлаас халсан байгаа гэж ажиллуулаагүй мөртлөө ажлаас халсан тухай тушаал өгөөгүй гэж шүүхэд гомдол гаргаснаар 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 288 дугаар шийдвэрээр түүнийг Ю ХХК-ний тогоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй болох нь тус шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Ажил олгогч ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн томилсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Х.Аийг тус компанийн тогоочийн ажилд Ю ХХК-ний дэд захирал Ж.М нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тушаалаар томилсон ба уг тушаалдаа тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 288 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №1103 дугаар албан бичиг (уг шүүхийн шийдвэрийг биелүүлж 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дотор бичгээр хариу ирүүлэхийг мэдэгдэж, мэдэгдлийг эс биелүүлбэл хуулиар хариуцлага хүлээлгэх болохыг анхааруулсан байна) зэргийг үндэслэн Х.Аийг 2016 оны 6 дугаар сарын 01-нээс эхлэн томилсугай гэж тушаал гаргасан байна.

Гэтэл хариуцагч Ю ХХК-ний дэд захирал Ж.М нь Х.Аийг тус компанийн тогоочийн ажилд 2016 оны 6 дугаар сарын 01-нээс эхлэн томилсон тухай тушаалдаа бичсэн боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр гүйцэтгэх хуудас бичигдэж, уг гүйцэтгэх хуудасны дагуу Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны удаа дараагийн шаардлагаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Х.Аийг тогоочийн ажилд томилсон болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №1103 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Х.Аийг хариуцагч Ю ХХК-ний дэд захирал Ж.М нь тус компанийн тогоочийн ажилд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр томилсон байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Х.Аийг тус компанийн тогоочийн ажилд эгүүлэн томилсон байх тул түүний 2016 оны 3 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй ба түүний №******* дугаар Нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 01 дүгээр сар, 2016 оны 01, 02 дугаар саруудад авч байсан цалин хөлсний талаар бичилт мөн нийгмийн даатгалын улсын байцаагчийн цалингийн жагсаалт зэрэг нотлох баримтыг үндэслэж Х.Аийн 2016 оны 3 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Ю ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Аийн үндсэн цалингийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй тул түүний №******* дугаар Нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын улсын байцаагчийн Х.Аийн цалингийн жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтад түүний 2015 оны 12, 2016 оны 01 ба 02 дугаар сард ажлаас халагдахаас өмнөх сард авч байсан гурван сарын цалингаар дундаж цалинг тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан тул шүүх нэхэмжлэгч Х.Аийн цалингийн дунджийг түүний хавтаст хэрэгт авагдсан №******* дугаар Нийгмийн даатгалын дэвтэрт болон нийгмийн даатгалын улсын байцаагчийн Х.Аийн цалингийн жагсаалтыг үндэслэн сүүлийн гурван сарын дундаж болох 203000 (225000+192000+192000=609000/3=203000) төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 3 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааг тооцоход 7 сар 02 хоног байх бөгөөд нэг өдрийн цалин нь 9442 (203000/21,5) төгрөг ба ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нь 1421000 (203000х7сар) төгрөг, 18884 (9442х2 хоног) төгрөг бүгд 1439884 (1421000+18884) төгрөг байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Х багт үйл ажиллагаа явуулдаг, Ю ХХК-ний санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1439884 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 660116 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37988 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ю ХХК-ний санхүүгээс нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1439884 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгож, түүний илүү нэхэмжилсэн 660116 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-ний санхүүгээс 37988 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид,тэдгээрийн төлөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ