Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 0090

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Сэлэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2016/00864 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Сэлэнгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.Чойжилсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Уранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

              Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шүнди" ХХК-ийн барьж 2008 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоот, 115,6 м.кв, 3 өрөө орон сууцыг 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тус компаниас худалдаж авсан. Гэтэл БНХАУ-ын Тяньжин хотын орон сууцны хөрөнгө оруулалтын "Да-ган" ХХК болон "Шүнди" ХХК-ийн хоорондын хөрөнгө оруулалтын маргаан дэгдэж, улмаар Баянгол дүүргийн шүүхэд иргэний нэхэмжлэлтэй хэрэг үүсгэн 2013 оны 6 дугаар сарын 30-ны №1230 тоот шийдвэр гарч шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 784 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 753 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 753 дугаар тогтоолын тогтоох хэсэгт " ... Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, спорт комплексийн зүүн талд байрлах 39 дүгээр байрны 63 айлын орон сууцууд /баруун талын 1001 буюу шинэ дугаар 58, 701 буюу шинэ дугаараар 49, зүүн талын буюу шинэ дугаараар 18 тоот орон сууцнаас бусад/-ыг болон 35 автомашины зогсоол зэргийг битүүмжилсэн явдал нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргээ биелүүлсэн худалдан авагч нараас орон сууцны өмчлөх эрхээ олж авахад саад болохгүйг дурдсугай" гэж тогтоосон байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, тус албаны шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь уг тогтоолыг шууд зөрчиж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоот 115 м2, 3 өрөө байрыг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар товлосон. Шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаярт гомдол гаргасан боловч хүсэлтийг хангаж өгөөгүй. Мөн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дээд шатны буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь, шийдвэр гүйцэтгэх албанд нь гомдол гаргасан боловч "гомдлыг хүлээж авах боломжгүй тул 2015 оны 9 дүгээр сарын 15-ны дотор чөлөөлж өгөхийг мэдэгдье" гэсэн хариуг мэдэгдсэн нь шүүхийн шийдвэрт заагдаагүй, шүүхээр шийдвэрлэгдээгүй, шүүхийн тогтоолд заасныг шууд зөрчиж, хууль бусаар эд хөрөнгийг битүүмжилж, албадан чөлөөлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байгаа нь иргэн Ч.Сэлэнгээгийн хууль ёсны эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйл ажиллагаанд хутгалдан оролцож байгаад гомдолтой байх тул доорхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Баянгол дүүргийн шүүхийн 1230 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 753 дугаар тогтоолд заасныг зөрчин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр чөлөөлөх шаардлага ирүүлсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоот, 115 м.кв, 3 өрөө орон сууц дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

           

       Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр "Шүнди" ХХК-иас 4 692 638 067 төгрөг гаргуулж "Да ган" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч "Шүнди" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205031084 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 39 дүгээр байрны орон сууцнуудыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон үнэ 136 000 000 төгрөгийн 70 хувь буюу 95 200 000 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдаанд 80 м.кв талбайтай орон сууцыг 136 000 000 төгрөгийн 50 хувь буюу 68 000 000 төгрөгөөр, 115,58 м.кв талбайтай орон сууцыг 196 486 000 төгрөгийн 50 хувь буюу 98 243 000 төгрөгөөр оруулахад 11, 56, 41, 64 тоот орон сууц худалдан борлогдож, 2, 35, 18, 46 тоот орон сууцнууд худалдан борлогдоогүй байна. Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 39 дүгээр байр, 64 тоот орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Энх-Оргил шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зарласан албадан дуудлага худалдааны ялагч болж Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 39 дүгээр байр 64 тоотод байрлах 115.58 м.кв орон сууцыг 100 243 0000 төгрөгөөр худалдан авсан. Дэнчингийн зөрүүг хасаж 90 418 000 төгрөгийг тушааж 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл тухайн орон сууцанд амьдарч байсан гэх иргэн шүүхэд нэхэмжлэл гарган миний эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд миний эрх ашиг хөндөгдөж хохирч байх тул хэргийг яаралтай шийдэж өгнө үү гэжээ.

 

              Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Ч.Сэлэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Сэлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байрны 64 тоот, 3 өрөө орон сууцыг 2012 оны 2 сарын 14-ний өдөр БНХАУ-н хөрөнгө оруулалтай "Шүнди" ХХК-с худалдаж авсан. Гэтэл тус байрыг барьж ашиглалтанд оруулсан "Шүнди" ХХК-ийн хөрөнгө оруулалтын маргаантай байгаа учир тамга тэмдэг нь байхгүй байгаа мөнгө төлөөд байрандаа орж бай гэж түлхүүрийг хүлээлгэн өгсөн байдаг. Үүнээс хойш Ч.Сэлэнгэ нь тус байранд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус 64 тоотод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Баянгол дүүргийн шүүхийн 1230 дугаартай шийдвэрт огт дурдаагүй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулаад байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шүүхээс шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын зөрүүтэй байдлуудыг шалгаж тогтоогоогүй зөвхөн хариуцагчийн шүүх хуралдаан дээр амаар хэлсэн тайлбараар шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 784 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 756 дугаар тогтоолоор “Шүнди” ХХК-иас 4 669 186 136 төгрөг гаргуулж “Да ган” ХХК-д олгож, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 5443 тоот, 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6278 тоот, 2011 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4002 тоот захирамжуудаар хариуцагч “Шүнди” ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, спорт комплексын зүүн талд байрлах 39 дүгээр байрны 63 айлын орон сууцнууд /баруун талын 1001 буюу шинэ дугаараар 58, 701 буюу шинэ дугаараар 49, зүүн талын 703 буюу шинэ дугаараар 18 тоот орон сууцнаас бусад/-ыг болон 35 авто зогсоол зэргийг битүүмжилсэн явдал нь худалдах, худалдан авах гэрээний дагуу биелүүлсэн худалдан авагч нараас орон сууцны өмчлөх эрхээ олж авахад саад болохгүйг дурдаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 50-56 дугаар тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байр, 58 тоотод байрлах орон сууцыг 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 146/316 тоот тогтоолоор хураасан байна. /хх-ийн 57 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байр 64 тоотод байрлах орон сууцыг “Шүнди” ХХК-иас худалдаж авсан, миний өмчлөлийн орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба битүүмжилж, албадан чөлөөлөх  ажиллагаа явуулж байгаа нь хууль бус гэж маргасан нь үндэслэлгүй юм.

 

            Учир нь нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байр 64 тоотод байрлах орон сууцны өмчлөгч биш бөгөөд тэрээр уг орон сууцтай холбоотой гэрээг “Шүнди” ХХК-тай байгуулаагүй иргэн Б.Төмөртогоотой байгуулжээ. Иймд нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч биш байх бөгөөд түүний эрх ашиг хөндөгдсөн гэдэг нь нотлогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх орон сууцыг төлбөр төлөгч “Шүнди” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж албадан дуудлага худалдаанд оруулж, албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2016/00864 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Т.ТУЯА

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ