Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 864

 

 М.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Соёмбо, 

хохирогч Ц.М, түүний өмгөөлөгч А.Э,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч С.Б,  

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Б-т холбогдох 201726020039 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л овгийн М-ын Б, 19... оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “А” ХХК-д барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 9, нөхөр, хүүхдүүд, дүү нарын хамт ...... дүүргийн 8 дугаар хороо, ............. 9 дүгээр гудамжны 02 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ШГ.............../;

М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 16-ны орой .............дүүргийн 16 дугаар хороо, ..............06-105 тоотод иргэн Ц.М-г өөрийн хамтран амьдрагч З.Т-тэй хардсаны улмаас маргалдан, хэлийг нь хазаж таслан, бие махбодид нь шаналал зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Б-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаатай хийхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Б цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, М.Б-ээс 1.086.386 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-т олгож, хохирогч нь цаашид гарах хор уршгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 Хохирогч Ц.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх М.Б-т 450 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулсанд болон хохиролд 1.086.386 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1. Анхан шатны шүүх шийдвэртээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “бие махбодийн шаналал зовиур үүсгэж” гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн боловч энэ хүндрүүлэх нөхцөл байдлыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр хуульчилсан тул М.Б-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт хамаарахгүй гэж үзэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт “...уг үйлдэл нь зовоон тарчлаах шинжтэй байсан... бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Үүнээс харахад Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг шинээр хуульчилсан гэж үзэх нь үндэслэлгүй юм.

2. Анхан шатны шүүх хуралдаанд Ц.М би эмчилгээний зардалд 1.086.386 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 400.000 төгрөг нийт 1.486.386 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ намайг 1.086.386 төгрөг нэхэмжилсэн мэтээр тусгаж, энэ хэмжээгээр хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хэлээ тасдуулсны улмаас тухайн үед би өөрийгөө илэрхийлж, ярьж чадахгүй байсан ба мэдүүлгээ хүртэл бичгээр өгч байсан удаатай. Иймд миний бие өмгөөлөгч авах зайлшгүй шаардлагатай болсон. Хэрэв миний хэлийг таслаагүй бол би өмгөөлөгч авч илүү зардал гаргах шаардлагагүй байсан. Миний хувьд өмгөөлөгчдөө дахин 400.000 төгрөг өгөх ёстой боловч хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болоод байна. Энэ байдлыг харгалзан үзэлгүй өмгөөлөгчийн зардлыг шийдвэрлэхгүй үлдээсэнд гомдолтой байна.

Үүнээс гадна М.Б нь миний хэлийг тасалсны улмаас би хөдөлмөрийн чадвараа алдахаас гадна одоог хүртэл эдгэрээгүй, хэзээ ч эдгэрэх боломжгүй болж байна. Би барилгын дотоод засал хийдэг байсан боловч одоо будагны үнэр авахаар хэл маань хавдаж, юм ярих, идэх ч боломжгүй болдог. Одоо би хоол идэхэд хүндрэлтэй байгаа ба зөвхөн шингэн хоол л иддэг болсон. Мөн жаахан ярихад л хэл маань бүтэн хавддаг. Хэлээ оёулснаас хойш цаашаа татагдсан. Автомашин барьж яваад цагдаа зогсоогоод багаж руу нь үлээх гээд үлээж чадахгүй тул “согтуу байгаа юм уу” гэх зэргээр аашлуулж, энэ болгонд тайлбарлаж, өөрийн хэлээ гаргаж харуулдаг болсон. Хэл бүтэн болгоход 100-200 сая төгрөгийн эмчилгээний зардал гарна. Олон жил хамт ажилласан байж надад уучлаарай ч гэж хэлээгүй. Гэтэл ийм зэрлэг авир гаргаж, бүхэл бүтэн хүний хэлийг тасалчихсан, үүндээ огтхон ч гэмшихгүй, нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй байхад 450 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулсан тул ял шийтгэлийг хэт хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулж, хохирлын төлбөрт өмгөөлөгчийн зардалд төлсөн 400.000 төгрөгийг М.Б-ээс нэмж гаргуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Ц.М-ийн өмгөөлөгч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлын асуудал дээр шүүх дүгнэлт хийгээгүй. Өмгөөлөгчид төлсөн хохирлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хангах ёстой байсан. Хохирогч өөрийнхөө хэлийг хазах ямар ч боломжгүй. Хэлийг нь харах юм бол гаднаасаа дугараг хэлбэртэй хазагдсан болох нь харагдана. Унаад өөрийн хэлээ хазах боломжтой гэдэг боловч зүгээр бүдэрч унахад хэлээ хазах ямар ч боломжгүй. Хэдийгээр хэлээ оёулсан боловч хэл нь байнга ажиллаж байдаг булчинлаг эрхтэн учир агшсан байдалтай байгаа. Одоо бага зэрэг ярьж байгаа боловч эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд нь хүнд байдалд ороод байна. М.Б-ийн үйлдлийг прокурорын зүйлчилснээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт холбогдсоноосоо хойш бүтэн жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадалгүйгээр энэ хэрэгт шалгагдаж байна. Би 7 хүүхдээ тэжээн тэтгэдэг учир шүүх, цагдаагийн байгууллагаар удаан явах хүсэл байгаагүй. Гарсан төлбөрийг нь төлөөд хэргийг хаах талаар өмгөөлөгч хэлж байсан. Би хохирогч Ц.М-тэй хэрэлдэж, зодолдоогүй. Харин бид хоёр зууралдаж, ноцолдож байсан. Намайг хол байхад Ц.М хойноос орилоод гараад ирсэн. Жавзмаа эгч, З.Т бид гурав цагдаад дуудлага өгөөд гал тогооны өрөөнд байж байтал Ц.М хойноос гарч ирж амаа толинд хараад миний хэл тасарчихлаа гэж орилоод нөгөө өрөөнд сууж байсан газраа очиж суугаад уйлж байсан. Тэгээд удалгүй ам нь цус болчихсон мөлхөөд гараад ирсэн. Цагдаа орж ирээд та яагаад босохгүй байгаа юм бэ гэхэд Ц.М “миний хэл тасарчихсан байна” гэхэд цагдаа хэлээ яачихсан юм гэж асуухад “Б эгч хазсан” гэж хэлсэн. Би энэ хэргийг үйлдээгүй, бас хутга барьж дайраагүй.  гэв.

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Ц.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн талаас гомдол гаргаагүй нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн асуудал биш, харин нэг жилийн хугацаанд тухайн хэрэгт шалгагдаж залхсан учраас, орхичихъё гэсэн байдлаар хандаж гомдол гаргаагүй. Энэ хэргийг нотлогдсон гэж үзэхгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан дүгнэлт, хохирогчийн мэдүүлгийг гол нотлох баримт болгосон. Энэ хэрэг үйлдэгдэх боломжтой эсэх талаар шинжээч нар үндэслэлтэй тайлбар хийж чадаагүй. Шинжээчийн дүгнэлтийн гол үндэслэл нь өөрөө хэлээ хазах боломжгүй гэсэн байсан. Амьдрал дээр бол хүн хэлээ өөрөө хазах боломж хамгийн их байдаг. Бусдад хазуулсан гэдэг байдлыг тайлбарлахаас зугтаж шинжээч дүгнэлт гаргасан. Криминалистик шинжилгээний хамгийн эхний асуудал нь мөрний талаар ярьдаг. Шүдний ул мөр тал саран хэлбэртэй байдаг. Хохирогчийн хэл одоо ч өөрийнхөө шүднээс илүү цухуйж чадахгүй байгаа. Таслагдсан хэл шүднээсээ илүү гараад өөрийнхөө уруулыг даваад өөр бусад хазагчийн шүдэнд хүрэхээр хэмжээтэй үлдэх ёстой байсан... М.Б-ийн шүдэнд шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй. М.Б-ийн шүднүүд хөдөлгөөнтэй бөгөөд хүний хэлийг шууд хазах боломжтой шүд эсэх, хазсан тохиолдолд хэл таслагдах боломжийн талаар дүгнэлт гаргаагүй. Хэт нэг талыг барьж шийдсэн гэж үзэж байна. Эрүүлжүүлэх байранд М.Б-ийн хувцсанд хийсэн үзлэгээр ямар ч цус илрээгүй. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

Прокурор Л.Соёмбо тус шүүх  хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд нотолсон гэж үзэж байна. Хэрэгт авагсдан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь нотлогдсон. Шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн, шүүгдэгч М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлтэй. Цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хохирогч М.Б-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 16-ны орой ..... дүүргийн 16 дугаар хороо, ....... 06-105 тоотод иргэн Ц.М-ийг өөрийн хамтран амьдрагч З.Т-тэй хардсаны улмаас маргалдан, хэлийг нь хазаж таслан, бие махбодид нь шаналал зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.М-ийн “...Би 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажлаа тараад автобусны буудал дээр ирээд байж байтал М.Б, З.Т хоёр Г-нх руу явж байгааг хараад утсаар ярьсан. Тэгээд Г-ыг өвчтэй эргэж байна гээд Г, Т, Б бид дөрөв архи ууж эхэлсэн... Архи дуусаад Т архинд явсан. Авчирсан архийг ууцгаагаад нэлээд байж байгаад Г эгч “оройтлоо, хоноод яв” гэсэн. Баруун орон дээр Б, Т хоёрыг унтаарай гээд хойд орон дээр Ганаа эгч охинтойгоо унтахаар болсон. Тэгээд бие засахаар болж гарцгаасан ба М.Б цуг гарсан. Би гадаа гараад өвдгөөрөө газар унасан. Тэгтэл З.Т өргөж босготол М.Б намайг тэвэрлээ гээд З.Т-г загнаж эхэлсэн. Тэгэхээр нь би явна гээд гараад гүйсэн. Тэгээд буцаж орж ирээд Ганаа эгчийн ард орж хэвтсэн М.Б, З.Т хоёр зодолдоод байсан. М.Б муухай хашгираад байсан ба би тэр хоёртой зодоон хийгээгүй. Тэгээд чимээгүй болохоор нь өндийгөөд харсан чинь М.Б баруун орны хажууд хөлөө жийгээд уйлаад сууж байсан. Би босож очоод аргадсан. Би М.Б-т “Эгч минь ээ юу ч болоогүй байхад юундаа уурлаад байгаа юм бэ, тайвшир” гээд тэврээд авсан. Тэгээд хацар дээр нь үнсээд “одоо тайвшир, Т чинь хэцүүхэн хүн шүү, та тайван унт” гэж хэлсэн. Тэгтэл миний эрүүнээс бариад чанга зуураад авсан. Тэгсэн ам сонин болоод толгой эргээд, нүд харанхуйлаад эхэлсэн. Аманд халуу асгараад байсан. Би тэр хоёртой зодолдоогүй, харин хазуулсныхаа дараа биеэ хамгаалж тэмцсэн. Тэгээд би нэлээд уйлсан ба толинд харахад хэл байхгүй нүүр нил цус, хэлийг маань сууж байсан газрынхаа баруун талд нулимаад шидсэн байсан...” /хх 10-16/,

Гэрч Н.Б-ын “...Ц.М бид хоёр гэр бүл болоод 16 жил болж байна. 2016 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 07 цаг өнгөрч байхад эхнэр Ц.М өөрийнхөө утаснаас “чи хүрээд ирээ, миний хэл байхгүй болчихлоо, ярьж чадахгүй байна” гэсэн утгатай мессеж ирсэн. Намайг очиход эхнэр Ц.М-ийн ам хэсэг нь тэр чигтээ хавдчихсан, хэл нь дундуураа тасарчихсан, оёдол тавиулсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “Б согтоод нөхөртэйгөө хардаад агсам тавиад байхаар нь би аргадах гэтэл миний хэлийг тас хазчихлаа” гэж хэлсэн...” /хх 25/,

Гэрч Б.Ж-ийн “... Тухайн өдөр манай охин Г-тай хамт ажилладаг гэх найзууд нь ирээд Г-ын гэрт архи уугаад байсан... Би өөрийнхөө өрөөнд орчихоод эргээд гарч иртэл хэлээ хазуулсан Ц.М гэх эмэгтэй айхтар чанга дуугаар орилж, амаа ангайгаад амнаас нь цус гарчихсан “М.Б миний хэлийг хазчихлаа шүү дээ” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би М.Б гэх эмэгтэйд хандаж “яагаад хүний хэл хазаж байгаа юм бэ” гэж асуутал дуугүй суугаад байсан...” /хх 96/,

  Гэрч Е.Г-ын “...Манай гэрт надтай хамт ажилладаг найзууд болох М.Б, түүний нөхөр З.Т, Ц.М нар архи, ундаа аваад ирсэн... Тэгээд би уг архинаас нэлээд муудаад тасраад өрөөнийхөө орон дээр унтчихсан байсан. Өглөө үүрээр сэрэхэд манай өрөөний шалаар бэлэн гоймон, ус асгарчихсан, цайны халуун сав хагарчихсан байсан. Би босоод ээж Ж-аас юу болсон талаар асуухад “хамт архи уусан хүмүүсийн чинь нэг авгай нь нөхрөө цайны халуун саваар цохиод байсан, тэгээд бас цагдаа дууд гээд байсан” гэсэн...” /хх 21-22/,   

  Гэрч Б.Л-ийн “... Би тухайн өдөр Тайшир 115 чиглэлд дэд ахлагч Г.Содбаярын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тайшир 10-аас 23 цаг 50 минутын орчим агсам тавиад байна гэх дуудлагын дагуу очиход хашааны хаалгыг нэг настай эмэгтэй онгойлгож өгсөн. Юу болсон талаар асуухад “хоёр эмэгтэй манай гэрт архи ууж байгаад нэг нь нэгнийхээ хэлийг тас хазчихлаа” гэж хэлсэн. Байшин дотор ороход үүдний өрөөнд нэг эмэгтэй хөлөө жийгээд суучихсан амнаас нь их цус гарчихсан, юм ярьж чадахгүй, өөдөөс нэг юм яриад байсан. Тэгтэл хажуу талаас нэг хүүхэн “наад хүүхэн чинь манай нөхөртэй 1 цаг гаруй хугацаанд явалдаж байгаад сая орж ирлээ... миний өөдөөс  хохь чинь” гээд хэлээ гаргаад байхаар нь би хэлийг нь хазчихсан юм гэж хэлсэн. Тэнд байсан эмээгээс хэлийг нь үнэхээр хазчихсан юм уу, хэл нь хаана байна гэж асуухад ширээний хажууд байгааг нь зааж өгсөн...” /хх 97/,

 Шинжээч Б.У-ийн “... Хүн өөрийнхөө хэлний 1/3-ийг хазах боломжгүй, мөн бусадтай ноцолдож байх явцдаа тас хазах боломжгүй. Харин ямар нэгэн гадны нөлөөлөх хүчин зүйл буюу тухайлбал өндрөөс унах, авто ослын үед өөрийнхөө хэлийг хазсан байж болно...” /хх 100/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ц.М-ийн биед хэлний тасрал гэмтэл тогтоогдлоо. Шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн тул ямар зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 15 хувь алдагдуулна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх 33/ гэсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 359 тоот дүгнэлт,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 359 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна. Хэл нь хоол боловсруулалтад оролцох, хэл ярианы үүрэгтэй эрхтэн юм. Ц.М-ийн биед хэлний 1/3 хүртэлх хэсгийн тасрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ц.М ярихдаа зарим үгийг бэрхшээлтэй хэлэх боловч өөрийн бодол санааг илэрхийлэх боломжтой байгаа учир эд эрхтэнээс хагацуулсан гэмтэлд хамаарахгүй...” /хх 45/ гэсэн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 297 дугаар дүгнэлт,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалын шинжээчийн “... Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 359 дүгээр  дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.М-ийн биед хэлний 1/3 хүртлэх хэсгийн тасрал гэмтэл учирчээ. Уг хэсгээр өөрөө хазах боломжгүй байна. Ц.М-ийн хэл тасарсан нь түүнд бие махбодь болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэх боломжтой...” /хх 177/ гэсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 841 дүгээр дүгнэлт,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн эд нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүнийх байна. Уг эд нь ДНХ-ийн тогтцоороо Ц.М-ийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” /хх 29/ гэсэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 382 тоот дүгнэлт,

 Шүүх эмнэлгийн эд эсийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь хүний хэл мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн эд ялзарч муудсан байна. Хүний хэл нь ир үзүүртэй болон мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тасарна. Хэл тасарсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” /хх 31/ гэсэн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 83 тоот дүгнэлт,

   Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 18/, фото зургийн үзүүлэлт /хх 47-49/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч М.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч хэргийг прокурорт шилжүүлэх үед Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн ба М.Б-т холбогдох хэргийг прокуророос Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн нь хуульд нийцжээ.

         

Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтлийг “зовоон тарчлаах шинжтэй” үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинжийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж” үйлдсэн гэсэн шинжтэй адилтгаж, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй юм.

 Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ өөрчлөлт оруулж байгаа хуулийн зохих зүйл, хэсгийг баримтлаагүй, мөн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлалгүй орхигдуулсан зэрэг алдаа гаргасныг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч М.Б-т оногдуулсан ялын төрөл тохирсон байх боловч ялын хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохироогүй байна.

Иймд М.Б-т анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг ...өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасныг баримтлан М.Б-т 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг хүндрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн хохирогч Ц.М нь “хэл тасрах” гэмтлийн улмаас өөрийгөө илэрхийлэх боломж дутмаг байсны учир хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд хохирогчийн “өмгөөлөгчийн төлбөр 400.000 төгрөгийг М.Б-ээс нэмж гаргуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой.