Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0557

 

 

Б.Э-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Д.Г, Д.Т нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Э-ы нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар шийдвэр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эы “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 59 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан 2010 оны 6 дугаар сард Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Б.Э өргөдөл, хүсэлт бичиж өгөөгүй болох нь Шинжээчийн 26 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Хэрэв шүүхийн шийдвэрийг өөрөө хуурамчаар гаргах үйл явдалд Б.Э оролцсон бол тэтгэвэр тогтоолгох өргөдлөө өөрөө бичих бүрэн боломжтой байсан. Гэтэл ямар үндэслэл, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт орж байгаагаа мэдээгүй, энэ талаар нь тухайн үеийн нийгмийн даатгалын байцаагчаас асуухад “түүнийг барилгад ажиллаж байсан биз дээ” гэх хариуг л өгсөн байдаг.

Нэхэмжлэгч худал мэдүүлээгүй, шүүхийн шийдвэрийг гаргуулаагүй, гаргуулсан болохыг тогтоогоогүй байж Б.Эг буруутгаж түүнд олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр акт тавьж байгаа нь буруу байна.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын байгууллага 59 дүгээр акт гаргахаасаа өмнө шүүхийн шийдвэрийг хуурамчаар гаргасан болон гаргуулсан, тэтгэвэр тогтоосон асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, хэн, ямар албан тушаалтан уг үйлдлийг хийсэн болохыг тогтоолгосны эцэст буруутай этгээдээр төрд учирсан хохирлыг төлүүлэх асуудал хийгдэх ёстой байсан. Гэтэл төрийн байгууллагын ажилтны хууль бус үйлдэл үйл ажиллагааны үр дагаврыг ямар ч буруугүй иргэн хүлээх учиргүй. 59 дүгээр акт гаргахдаа сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, актаар тавьсан үнийн дүн 859102 төгрөгийн илүү тавигдсан. Энэ талаар шүүх хурал дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие үнийн дүн дээр зөрж байгаа талаар хэлж маргасан. Гэтэл шүүх яагаад маргаагүй гэж үзсэнийг ойлгохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 59 дүгээр актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 59 дүгээр актаар Б.Э нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтыг зөрчиж, “худал мэдүүлж, шүүхийн шийдвэр гаргуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” гэсэн үндэслэлээр илүү тогтоолгон авсан 5 745 149 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... би худал мэдүүлээгүй, шүүхийн шийдвэр гаргуулаагүй, би өөрөө тэтгэвэр тогтоолгож аваагүй, өргөдөл, хүсэлт бичээгүй” гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан тэтгэвэрийн хувийн хэрэг, тэтгэвэр тогтоолтын хуудас, ХААН банкны 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5135/187 дугаар албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч Б.Э нь 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр авч эхэлсэн, тэтгэвэр тогтоох үед 57 настай байсан болох нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгчээс 2010 оны 06 дугаар сараас эхлэн тэтгэвэр авсан үйл баримттай маргаагүй.

Нэхэмжлэгчид 2010 оны 06 дугаар сард тэтгэвэрт тогтоох үндэслэл болсон “1975 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажилласан” болохыг тогтоосон Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 312 дугаартай шийдвэр нь Архангай аймаг дахь Шүүхийн Тамгын газраас аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн 2021 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр албан бичиг, шүүхэд ирүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 111 дүгээр албан бичиг, Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаар тогтоол зэргээр хуурамч болох нь тогтоогджээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гаргуулаагүй, хэн гаргуулсан болохыг тогтоогоогүй ... хуулийн байгууллагаар шалгуулж, хэн, ямар албан тушаалтан уг үйлдлийг хийсэн болохыг тогтоосны эцэст буруутай этгээдээр төрд учирсан хохирлыг төлүүлэх ёстой” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын болон давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлан маргах боловч хэрэгт авагдсан тэтгэвэр авагчтай хийсэн уулзалтын тэмдэглэлд нэхэмжлэгчийн “... би өөрөө шүүхэд хандсан тэгээд би очиж шүүх хурлаар орсон. “шүүхийн шийдвэр дээр армутарчин гэсэн байна. Үнэн үү” гэхэд “Үнэн. Миний хөдөлмөрийн дэвтэрийг шүүх авсан” ...” гэх тайлбараар “нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гаргуулаагүй” гэх үндэслэл нь үгүйсгэгдэх бөгөөд “хуулийн байгууллагаар шалгуулж, хэн, ямар албан тушаалтан уг үйлдлийг хийсэн болохыг тогтоох” нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянахад ач холбогдолтой гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн дан ганц Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Архангай Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөл, түүний бичвэр нь Б.Эы гэх гарын үсгийн туршилтын болон чөлөөт загвартай тохирохгүй байна” гэсэн дүгнэлтээр маргаан бүхий актын “худал мэдүүлж, шүүхийн шийдвэр гаргуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” гэсэн үндэслэлийг үгүйсгэж, хариуцагчийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч нь 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 60 нас хүрч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байх бөгөөд хариуцагчаас 2010 оны 06 дугаар сараас 2013 оны 08 дугаар сар хүртэл илүү авсан 5 745 149 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул “...актаар үнийн дүн 859 102 төгрөгийн илүү тавигдсан” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.Батбаатар

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН