Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 230

 

 

 

 

 

2020        03         17                                 2020/ШЦТ/230       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,  

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 1909021750076 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 12 дугаар гудамж, 347а тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 20 дугаар хороо 47 дугаар байр 69 тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч О.Б нь “Номадик фэйшн” ХХК-нд худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулж өгсөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Улаанбаатар их дэлгүүрт байрлах “Ангар” гутлын дэлгүүрт зарагдсан 3 ширхэг гутлын мөнгийг байгууллагын дансанд тушаахгүйгээр завшиж “Намодик фэйшн” ХХК-нд 658.325 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909021750076 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Буяндэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...3 ширхэг зуны эрэгтэй, эмэгтэй гутал алдагдсан. 3 ширхэг гутлын мөнгийг тухай үед ажиллаж байсан худалдааны зөвлөх О.Б хувьдаа авч завшсан. Нийт 774.500 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын үед Улаанбаатар их дэлгүүрт байрлах “Ангар" гутлын дэлгүүрт худалдааны зөвлөх ажиллаж байхдаа тус дэлгүүрт зарагдаж байсан 3 ширхэг гутлыг дур мэдэн зарж мөнгийг нь хувьдаа авсан. Хохирлын мөнгөө төлж барагдуулах болно. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Одонгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Улаанбаатар их дэлгүүрийн “Ангар” гутлын дэлгүүрт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр менежерээр ажилд орсон. 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр манай тасагт худалдааны зөвлөхөөр О.Б гэх залуу ажилд орсон. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 11, 12, 13-нд нийт 3 гутлын мөнгө дутсаныг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр урьдчилсан тооллогоор мэдсэн. 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэг эмэгтэй ирээд “авсан гутлаа солъё” гэж ирсэн. Би тэр эмэгтэйгээс хэзээ гүйлгээ хийсэн талаар асуухад дутсан гутал байсныг мэдсэн. Уг гутлыг Баяр тус эмэгтэйд зараад бэлэн мөнгийг нь өөртөө авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

О.Бын “Хаан” банкны депозит дансны хуулга /хх-ийн 16-22 дугаар хуудас/,

 

“Номадик фейшн” ХХК ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь эрэгтэй кет, эрэгтэй ботинк зэрэг 3 ширхэг гутал болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 658.325 /зургаан зуун тавин найман мянга гурван зуун хорин тав/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Б.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, шүүгдэгч О.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-35 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч О.Б нь “Номадик фэйшн” ХХК-нд худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Улаанбаатар их дэлгүүрт байрлах “Ангар” гутлын дэлгүүрт  тус компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн бараанаас 3 ширхэг гутлын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр завшиж 658.325 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч О.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Буяндэлгэрийн мэдүүлэг, гэрч Э.Одонгэрэлийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Номадик фэйшн” ХХК-иас О.Быг худалдааны зөвлөхөөр ажиллуулж, компанийн бараа борлуулсны орлогын тооцоог хийх үүрэг хүлээлгэн ажиллуулах явцад тэрээр дур мэдэн тухайн орлогын мөнгийг өөртөө авсан болохыг шүүгдэгч, хохирогч нараас тодорхой мэдүүлж, хохирол учирсан болохыг баримтаар тогтоосон зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч О.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирогч Б.Буяндэлгэр /Номадик фейшн ХХК/-ээс “...Хохирол 658.325 /зургаан зуун тавин найман мянга гурван зуун хорих тав/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 86 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч О.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай санаа, зорилгоо хэрэгжүүлсэн нөхцөл байдал шалтгаалжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН