Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

2020        03         18                                  2020/ШЦТ/237       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч О.Доржмаа,  

Шүүгдэгч Л.Х, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Хд холбогдох эрүүгийн 2009001710084 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаран 9-229 тоотод оршин суух, урьд:

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №816 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Л.Х нь О.Мөнгөншагайг “БНСУ руу явах виз гаргуулж өгнө” гэж хуурч 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 800.000 төгрөг бэлнээр, мөн “орон сууц худалдан авахад зуучилж өгнө” гэж хуурч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дансаар гүйлгээ хийлгэж 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 2.800.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009001710084 дугаартай хэргээс:

 

Хохирогч О.Мөнгөншагай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай ах Мөнх-Эрдэнэ цэргийн ангид ажилладаг бөгөөд анх Хашчулуун гэдэг хүнийг танилцуулж өгсөн. Хашчулуун нь өөрийгөө “Солонгост ажиллаж байгаа, хүн явуулдаг, удахгүй Монгол улсад очоод хэдэн ажилтан аваад буцна” гэх мэтээр ярьсан байсан. Хашчулуун нь “хүмүүс гаргаж байгаа, маргааш хэдэн хүний материал аваачиж өгнө, өнөөдөр сүүлийн өдөр чи өнөөдөр мөнгөө бэлд” гэж хэлсэн. Эхний удаа 800.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Явуулж өгөхөд 2 сая төгрөг хэрэг болдог гэж хэлсэн. Би Хашчулуунтай байрны гадаа очиж уулзаад 800.000 төгрөг өгсөн. Тэгээд надаас гадаад паспорт, цээж зураг авсан. Дараа нь Хашчулуун “Экс апартмент хотхонд манай найз байр зарах гэж байгаа” гэж хэлсэн. “Урьдчилгаа 2 сая төгрөг өгчих юм бол байрны ордерыг шилжүүлээд байрандаа оруулж өгнө” гэж хэлсэн. Би итгээд 2 сая төгрөг Багшийн дээдийн орчим явж байгаад тэгээд мобайль банкаар Хашчулууны данс руу шилжүүлсэн. Нийт 2.800.000 төгрөг өгсөн. Би Хашчулуунаас “Солонгос улсын Виз юу болсон, мөн байр юу болсон” гэж асуусан. “Удахгүй болно” гэдэг байсан. Би уулзах гээд гэр нь очсон. Тэгтэл ээж, аав хоёр нь байсан ба манай хүү Солонгос улс явж үзээгүй, хүн гаргаж үзээгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Оюунбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд Баянгол дүүргийн 10-р хороо Зүүн нарангийн 10-104 тоотод байх манай гэрт Хашчулуун надтай ирж уулзсан. Надаас мөнгө асуусан бөгөөд миний дугаарыг авч яриад байсан. Нэг хүн рүү залгаж өгч ярьж байгаад дараа нь надад нэг иргэний үнэмлэх өгсөн. Тэгээд замаараа дайраад энэ хүний иргэний үнэмлэхийг ажлаар нь оруулаад өгчих гэж хэлсэн. Би “за” гээд үнэмлэхийг нь өгөх гээд тэр хүний утас болох 88930207 дугаарын утас руу залгаж ярьсан. Тухайн хүн утсаа аваад ойрхон явж байна, очлоо гэж хэлсэн. 13 цагийн орчимд Мөнгөншагай гэх хүнтэй Багшийн дээдийн хойшоо явдаг автобусны буудал дээр уулзсан. Тэр хүн “надаас иргэний үнэмлэхээ аваад миний барьж явсан машины түлхүүрийг сугалж аваад таны утсаар над руу мессеж бичиж мөнгө авсан хүн намайг залилсан, энэ хүнийг олж өг, цагдаа дуудна” гээд дуудлага өгч цагдаа дуудсан. Хашчулууны 2 эгч нь Швейд улсад ажиллаж амьдардаг, нэг дүү нь Солонгос улсад эхнэрийн хамт амьдардаг гэж ярьж байсан. Өөрөө энд эцэг зхийнхээ хамт амьдардаг гэж ярьж байсан. Над руу “андаа Солонгос улсын виз гаргах гээд 2 хүн хэрэгтэй байна, материалыг нь явуулах гээд байна, 4 сая төгрөгөөр 3 сарын хугацаатай явуулна, очоод хугацааг нь сунгах боломжтой” гээд чат бичиж, ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Л.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Мөнгөншагайгаас “БНСУ руу явах виз гаргуулж өгнө” гэж хэлээд бэлнээр 800.000 төгрөг авсан. Дараа нь “манай найз байр худалдах гэж байгаа” гэж хэлээд нэмж 2 сая төгрөг авсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

О.Мөнгөншагайгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Орлого, зарлагын баримт /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Л.Хы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт хх-ийн 31 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Хы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-36 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №816 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Х нь өөрийн танил О.Мөнгөншагайг “Бүгд Найрамдах Солонгос Улс руу явах виз гаргуулж өгнө” гэж хуурч 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 800.000 төгрөгийг бэлнээр, “Урьдчилгаа 2 сая төгрөг өгчих юм бол байрны ордерыг шилжүүлж, байранд оруулж өгнө” гэж хуурч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дансаар гүйлгээ хийлгэж 2.000.000 төгрөг шилжүүлэн авч нийт 2.800.000 төгрөгийг залилан авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч О.Мөнгөншагайгийн “...Хашчулуун нь “хүмүүс гаргаж байгаа, маргааш хэдэн хүний материал аваачиж өгнө, өнөөдөр сүүлийн өдөр чи өнөөдөр мөнгөө бэлд” гэж хэлсэн. Би Хашчулуунтай байрны гадаа очиж уулзаад 800.000 төгрөг өгсөн...Дараа нь Хашчулуун “Экс апартмент хотхонд манай найз байр зарах гэж байгаа” гэж хэлсэн. “Урьдчилгаа 2 сая төгрөг өгчих юм бол байрны ордерыг шилжүүлээд байрандаа оруулж өгнө” гэж хэлсэн. Би итгээд 2 сая төгрөг Багшийн дээдийн орчим явж байгаад тэгээд мобайль банкаар Хашчулууны данс руу шилжүүлсэн. Нийт 2.800.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Оюунбатын “...Мөнгөншагай гэх хүнтэй Багшийн дээдийн хойшоо явдаг автобусны буудал дээр уулзсан. Тэр хүн “надаас иргэний үнэмлэхээ аваад миний барьж явсан машины түлхүүрийг сугалж аваад таны утсаар над руу мессеж бичиж мөнгө авсан хүн намайг залилсан, энэ хүнийг олж өг, цагдаа дуудна” гээд дуудлага өгч цагдаа дуудсан....” гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч Л.Хы “...Би Мөнгөншагайгаас “БНСУ руу явах виз гаргуулж өгнө” гэж хэлээд бэлнээр 800.000 төгрөг авсан. Дараа нь “манай найз байр худалдах гэж байгаа” гэж хэлээд нэмж 2 сая төгрөг авсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

О.Мөнгөншагайгийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Орлого, зарлагын баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Л.Х нь “Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргаж өгнө”, “Урьдчилгаа 2 сая төгрөг өгчих юм бол байрны ордерыг шилжүүлж байранд оруулж өгнө” гэж О.Мөнгөншагайг төөрөгдүүлэн хуурч мөнгийг дансаар болон бэлнээр өөртөө шилжүүлүүлэн авсан болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Л.Хы санаатай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, Солонгос улс руу явах, орон сууцтай болох гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас Л.Хыг шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Иймд шүүгдэгч Л.Хыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар  төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Хаас хохирогч О.Мөнгөншагайд 2.800.000 төгрөг төлөгдсөн /хх-ийн 28, 49/ болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг хохирогчид төлбөргүй төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Л.Хыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурьдав.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Л.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Л.Х нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №2019/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн байх ба Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн 363 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 сар 6 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоожээ.

 

Хяналтын хугацаа дуусаагүй байхад Л.Х нь санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №2019/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 сар 6 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 8 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялын биечилэн эдлэх нийт хугацааг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Х нь 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 30 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Хг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар  төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Хыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Хы энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №2019/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 /найм/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Хд оногдуулсан 8 /найм/ 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Хы цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН