| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/1050/Э |
| Дугаар | 205 |
| Огноо | 2020-03-10 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 205
2020 03 10 2020/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тэмүүжин,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б нарт холбогдох эрүүгийн 1705016080512 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 хороолол 37 байр 12 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Хийморь 11-12б байрны 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, “Шилэн хийц” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 4, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Өнөр хороолол 1 дүгээр байр 295 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 4-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлтгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.А нь Г.Бтай бүлэглэн гүйцэтгэж буюу Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны 116 дугаар салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Б нь тус банкны харилцагч З.Үрэлмаагийн 5002250117 дугаартай хадгаламжийн дансанд Б.Аийг хамтран эзэмшигчээр программд бүртгэж, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны 108 дугаар салбараас зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, уг З.Үрэлмаагийн хадгаламжийн дансыг барьцаалж 85.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан,
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 43-р байрны гадна “Солонгос улсын виза найдвартай гаргаж өгнө бүтэхгүй бол мөнгийг чинь эргүүлж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Ундрахаас 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чех улсын виз гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ч.Бадамхандаас нийт 5.900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ж.Булганаас Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Дөлбадрахаас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч Б.Аптангэрэл нь 2018 оны 02 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгзрт Солонгос улсын виз найдвартай 7 хоногийн дотор гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Цолмонхандаас 4.330.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 3 дугаар сарын 09-нөөс 27-ны өдрүүдийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт мотоцикль авч өгнө, урьдчилгаа авна хэмээн хуурч, зохиомол байдлыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Мянганбаатараас 1.640.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 7 дугаар сарын 26, 27-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дабл Шот цайны газарт гар утас захиалж авч өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Мөнхбатаас 700.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 105.570.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,
Шүүгдэгч Г.Б нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны 116 дугаар салбарт харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байхдаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж Б.Атэй бүлэглэн гүйцэтгэж тус банкны харилцагч З.Үрэлмаагийн 5002250117 дугаартай хадгаламжийн дансанд Б.Аийг хамтран эзэмшигчээр программд бүртгэж улмаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны 108 дугаар салбараас зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж уг З.Үрэлмаагийн хадгаламж дансыг барьцаалан 85.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр И март худалдааны төвд байрлах “Хас” банкны 16 дугаар салбарт Баянгол салбарын харилцагч Үрэлмаа нь “Хас” банкны өөрийн нэрийн данснаас зарлага гаргахаар ирэх үед банкны ажилтан “таны хадгаламжийг хамтран эзэмшигч нь барьцаалж зээл авсан байх тул зээл авах боломжгүй” гэж хэлсэн. Үрэлмаа нь Ард салбар дээр асуудлын талаар тодруулж “надад хамтран эзэмшигч байхгүй” гээд салбарын захирал Нямсүрэнтэй уулзсан. Гэтэл хадгаламж эзэмшигч Үрэлмаагийн данснаас мөнгийг бусдад өгсөн асуудал гарсан тул банкны дотоод аудитын газар шалгасан. Шалгалтаар “Хас” банкны Баянгол салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байсан Болормаа нь Алтангэрэлийг хадгаламж эзэмшигч Үрэлмаагийн 5002250117 дугаартай дансанд хамтран эзэмшигчээр хуурамчаар бүртгэсэн нь илэрсэн. Бүртгэсний дараагаар Сүхбаатар салбар дээр ирээд зээл олгосон. Хамтран эзэмшигчээр бүртгэгдэх үед Үрэлмаагийн дансанд 105.000.000 төгрөгийн үндсэн хадгаламж байсан...” гэв.
Эрүүгийн 1705016080512 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би уг 85 сая төгрөгийг аваагүй. Уг мөнгөнөөс 17 сая төгрөгийг авсан. Болормаа өөрөө Хас банкны хадгаламжийн дансанд миний нэрийг оруулсан. Зээл авахад хамт явж зааж өгсөн. Би Ч.Бадамхандаас “Чех улсын виз гаргаж өгнө” гэж хэлээд 4.000.000-5.000.000 төгрөг залилсан. Би Мянганбаатараас 1.640.000 төгрөг авсан. Ундрах гэдэг хүнээс “Солонгос улс руу явуулж өгнө” гэж худлаа хэлээд 2 сая төгрөг авсан. Цолмонхандаас 3.330.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Г.Мөнхбатаас 700.000 төгрөг авсан. Дөлбадрахаас 3.000.000 төгрөг авсан. Булганаас 3.000.000 төгрөг авсан зэрэг үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 129, 160, 182, 202-203, 227-230, 248, 2 дугаар хх-ийн 14-15, 42, 150-152, 237-239, 3 дугаар хх-ийн 131-132, 4 дүгээр хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Алтангэрэл намайг сүрдүүлээд байсан учраас би Лигдэн гэдэг хүний эрхээр ороод Алтангэрэлийг З.Үрэлмаагийн хамтран эзэмшигчээр холбоод өгчихсөн. Үүнийг Алтангэрэл надад өөрөө зааж өгсөн. Би ямар нэгэн ашиг хонжоо олох гэж тухайн хүний цахим санд Алтангэрэлийг бүртгээгүй. Би 85.000.000 төгрөгийн зээл аваагүй. Миний цалингийн зээл болох 26.000.000 төгрөгийг Алтангэрэл өөрөө миний зээлийн данс руу зээл хаав гэж хийгээд хааж байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 132-134, 3 дугаар хх-ийн 63-64, 4 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/,
“Хас” банк харилцагч З.Үрэлмаагийн дансны LOG буюу Б.Аийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн баримт /1 дүгээр хх-ийн 17-18 дугаар хуудас/,
“Хас” банк Баянгол салбар-116 З.Үрэлмаагийн дансны хуулга /1 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/,
“Хас” банк үйл ажиллагаа хариуцсан захирлын “Г.Бг ажилд авах тухай” тушаал /1 дүгээр хх-ийн 20 дугаар хуудас/,
“Хас” банк хүний нөөц хариуцсан захирлын “Г.Бг түр орон тоонд шилжүүлэн ажиллах тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 21-29 дүгээр хуудас/,
“Хас” банк С.Базаррагчаагийн дансны хуулга /1 дүгээр хх-ийн 35, 3 дугаар хх-ийн 144-151, 167-219 дугаар хуудас/,
“Хас” банк хадгаламж барьцаалсан зээлийн хүсэлт “...Зээл хүсэгчийн мэдээлэл Б.А...зээлийн хэмжээ 85.000.000 MNT...” /1 дүгээр хх-ийн 57-61 дүгээр хуудас/,
“Хас” банк барьцаат зээлийн гэрээ /3 дугаар хх-ийн 142-143 дугаар хуудас/,
“Хас” банк төлбөрийн баримтууд /1 дүгээр хх-ийн 62-72 дугаар хуудас/,
“Капитал” банк кассын орлогын баримт /1 дүгээр хх-ийн 74 дүгээр хуудас/,
Итгэмжлэл /1 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /1 дүгээр хх-ийн 77 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тэмүүжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай хас банкны теллэрээр ажиллаж байсан Г.Б нь харилцагч Үрэлмаагийн 5002250117 дугаартай дансаар өөрийн танил Б.Аптангэрэл гэх хүнийг хамтран эзэмшигчээр холбосон. Харилцагч Үрэлмаа нь хадгаламжаасаа зарлага гаргах гээд манай банкин дээр ирээд тухайн хүний хадгаламж барьцаанд тавигдсан байсныг мэдсэн. Б.А гэх хүн уг хадгаламжийг барьцаалж 85.000.000 төгрөгийн зээл авсан байсан. Хас банк харилцагч мөнгөө авна гээд ирсэн тохиолдолд гаргаж өгөх ёстой тийм болохоор манай банк тухайн хүний хадгаламжийн 85.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Гэмт хэрэг зохион байгуулах тал дээр Болормаа, Алтангэрэл нар нь нэг нэгийгээ буруутгаж байгаа...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 179-180, 3 дугаар хх-ийн 126-127 дугаар хуудас/,
Гэрч Ц.Туулын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 181 дүгээр хуудас/,
Гэрч А.Туяагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 89 дүгээр хуудас/,
Гэрч Г.Байгальмаагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 90 дүгээр хуудас/,
Гэрч Г.Золзаяагийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хадгаламж барьцаалсан зээл нь манай банкны дотоод журмаар үндсэн эзэмшигч хамтран эзэмшигч нарын аль нэг нь зээл авах гэсэн тохиолдолд аль нэг эзэмшигчийнх нь зөвшөөрлийг шаардахгүй шууд гаргаж өгдөг. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Болдын Алтангэрэл Болормаа эгчийн хамтаар манай банкны салбар дээр ирээд дугаарын дагуу над дээр дуудагдаад ирсэн. Болормаа эгч надад хандан “миний таньдаг харилцагч байгаа, хадгаламж барьцаалан зээл авах гэж байгаа юм, Имартын салбараас авах гэсэн боловч амарчихсан байгаа болохоор болохгүй байнаа охиноо хүргэж өгөх гээд явж байнаа” гэж надад хэлсэн. Тухайн үед Болдын Алтангэрэл нь үндсэн эзэмшигч болох Үрэлмаагийн иргэний үнэмлэхний канондсан хуулбарыг гаргаж ирээд “энэ хүнтэй би хамтран эзэмшиж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхэд Болормаа эгч мөн адил “наадах чинь хамтран эзэмшигч нь байгаа юм, зээл авна шүү” гэж хэлэхээр нь зээлийн өргөдөлийн маягт бөглүүлээд зээлийн гэрээг боловсруулж гэрээг байгуулж эхэлсэн. Хадгаламж барьцаалсан зээл гаргахад үндсэн эзэмшигчийн хадгаламжийн дансны хуулгыг гаргаж ирдэг бөгөөд тэр үед дансны хуулгыг харахад Болдын Алтангэрэлийн мэдээлэл нь байхаар нь хамтран эзэмшигч нь юм байна гэж бүрэн итгэсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Гэрч Н.Лигдэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын эхээр Болормаа ажил дээр цайны цагийн үеэр орж ирээд ойр зуурын юм ярьсан. Миний хойд талын компьютер дээр ажлын хүнтэй юм ярьж байгаад намайг босоод явах хойгуур компьютер дээр программ нээгээд миний эрхийг ашиглаад Үрэлмаа гэх харилцагчийн дансанд хамтран эзэмшигч оруулсан байсан. Би тухайн үед компьютер дээрээ босохдоо өөрийн нэвтрэх эрхийг хаагаагүй байсан нь Болормаад ашиглах боломжийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93 дугаар хуудас/,
“Хас” банк зээлийн гэрээ /Ганхуягын Болормаа 30 сая төгрөг зээлсэн тухай/, /1 дүгээр хх-ийн 101-105 дугаар хуудас/,
Гэрч З.Үрэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн үед 100 гаран сая төгрөг хугацаатай хадгаламжиндаа хийсэн. Хадгаламж нээлгэсэнээс хойш машин худалдан авах мөнгөний хэрэг гараад Хас банкны салбар дээр очоод хадгаламжнаас мөнгө авах гэтэл “таны хамтран эзэмшигч зээл авсан байна” гэж хэлсэн. Намайг “хадгаламж нээлгэсэн газраа очиж уулз” гэсэн...” /3 дугаар хх-ийн 128 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Булган мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Алтангэрэл гэх хүнтэй 80101300 гэсэн дугаарын утсаар холбогдоход “найдвартай Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгч чадна, уулзаж байгаад яръя, бичиг баримтаа аваад ир” гэхээр нь би нөхөр Баттулга, ах Батхуяг нарыг явуулаад уулзуулж байсан. Тэгээд манай нөхөр “найдвартай хүн юм шиг байна” гэхээр нь итгээд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улсын их дэлгүүрийн урд талд байрлах Хаан банкны АТМ-нээс Алтангэрэл гэх хүний Хаан банкны 5063131615 тоот данс руу нь 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Алтангэрэлээр 3.000.000 төгрөг авсан гэсэн бичиг хийлгэж авсан. Тэгээд тэрнээс хойш виз гарах гэж байгаа гээд нилээд цаг авч байгаад 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөртэй холбоо бариад “сайхан мэдээ дуулгая, танай эхнэрийн виз гарсан, маргааш ахын чинь виз гарна” гэж хэлүүлсэн байсан. Тэгээд маргааш нь холбоо бариагүй байж байгаад “2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Солонгосын элчин дээр 14 цаг 30 минутад уулзъя” гэж мессэж бичсэн. Гэтэл тэр өдрөө уулзаагүй хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр рүү Батхуяг ахын виз гаргаад эргээд ярина гэж бичээд сураггүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 143 дугаар хуудас/,
Гэрч Б.Баттулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай эхнэр Ж.Булган 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Манай авга ах Б.А гэх хүнд 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Алтангэрэл над руу “виз гарч байгаа, маргааш, нөгөөдөр” гэсэн мессеж бичдэг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 144 дүгээр хуудас/,
Мөнгөн шилжүүлгийн баримт /1 дүгээр хх-ийн 145 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Дөлбадрах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 3 дугаар сарын 31-нд өөрийн найз Төмөрчөдөрөөр 88946868 утсаар дамжуулж Б.А гэдэг залуутай танилцсан. Тэгээд “БНСУ-ын виз найдвартай гаргаж өгнө” гэхээр нь хүү Тэгшжаргал түүний найз охин Маргад-Эрдэнэ нарт виз гаргаж өгөөч гээд 3.000.000 төгрөгийг Хаан банкны АТМ-ээс Болд овогтой Алтангэрэлийн данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 167-168 дугаар хуудас/,
“Хаан” банк мөнгөн шилжүүлгийн баримт /1 дүгээр хх-ийн 170-171 дүгээр хуудас/,
Мөнгө хүлээн авсан баримт /1 дүгээр хх-ийн 172 дугаар хуудас/,
Гэрч Ч.Энхмаагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 178 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Бадамханд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 7 дугаар сард танил эгч Пунцагаар дамжуулж Б.Атэй 80101300 утасны дугаараар холбогдсон. “Чех улсын виз гаргаж өгнө” гээд 2017 оны 7 дугаар сарын 31-нд 2.500.00 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын эхээр 2.950.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 450.000 төгрөг, гадаад паспортыг тус тус авсан. “Сарын дотор виз гаргаж өгнө” гэж хэлээд одоог хүртэл гаргаж өгөөгүй худал хэлээд алга болсон. Түүнээс хойш уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194 дүгээр хуудас/,
“Хаан” банк Ч.Бадамхандын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 160-165 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Мянганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр манай танил Б.А мотоцикл гадаадаас оруулж ирж өгнө гэж хэлэхээр нь Алтангэрэлийн 5063131615 гэсэн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлж 140.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд түүнээс хойш Алтангэрэл мотоцикл орж ирээгүй байна жаахан хойшлоод байна гэж хэлээд хойшлуулаад байсан. тэгээд 2018 оны 04 сарын 20-ноос хойш чимээгүй болсон би холбогдох гээд чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 219 дүгээр хуудас/,
“Хаан” банкны дансны хуулга /1 дүгээр хх-ийн 232-234 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Ундрах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай найз С.Төмөрчөдөр 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Солонгос улсын виза найдвартай гаргадаг хүн олсон чи явах уу” гэсэн. Би зөвшөөрөөд 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр цайны цагаар уулзаж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвгэрт өөрийнхөө 5099856969 дугаартай Хаан банкны данснаас 1.500.000 төгрөг, найз С.Төмөрчөдөрийн 5011222765 дугаартай Хаан банкны данснаас 500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Алтангэрэлтэй уулзахад “1 сарын дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдөр таны виза гарна” гэж хэлсэн. Би найз С.Төмөрчөдөрт итгээд Б.Ад мөнгийг шилжүүлсэн. С.Төмөрчөдөрийн найз Даваа гэдэг хүүхэн солонгос улсаас яриад Алтангэрэлийг зааж өгсөн гэсэн. Би 2.000.000 төгрөгтэй хамт гадаад паспортоо өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 241-242 дугаар хуудас/,
Хохирогч Д.Цолмонханд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...миний бие 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад манай найз Алтангэрэл 80101300 гэсэн утсаар залгаад БНСУ-ийн виз даруулах уу манай эгч ажилладаг 7 хоногийн дотор виз гаргаж өгнө 4.330.000 гэсэн. Тэгээд бүх бичиг баримтуудаа мөнгөтэй нь өгсөн эхний мөнгийг ажил дээрээсээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Алтан тариа ХХК-ийн өөрийн байранд байхдаа гар утаснаасаа 2.000.000 төгрөг, дараачийн мөнгийг Чингэлтэй дүүрэгт явж байхдаа гар утаснаасаа шилжүүлсэн. Сүүлд нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын номингийн АТМ-нээс бэлнээр авч өгсөн. Тэрнээс хойш 1 сар гаруй болсны дараа виз гаргаж өгөхгүй байсан. Тэгээд “яагаад гаргаж өгөхгүй байгаан бэ” гэсэн чинь “итгэхгүй байгаа бол 1.000.000 төгрөгийг чинь буцаагаад өгье виз гарсны дараа надад өгөөрэй” гэж хэлээд надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 3 дугаар хуудас/,
Д.Цолмонхандын дансны хуулга /2 хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Хохирогч Г.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр их сургуулийн ангийн хүүхэдтэй уулзаад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Дабл шот нэртэй газар хоолонд орж байхдаа гар утас авах талаараа ярихад манай нэг найз утас авчирдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр найзтай чинь холбогдоод захиалчихъя гэсэн. Манай ангийн хүүхэд Болор-Эрдэнийн танил Алтангэрэл гэгчтэй холбогдоод ярихад “7 хоногийн дотор авчирна чи урьдчилгаа хэдэн төгрөг өг” гэхээр нь би “500.000 төгрөг өгье” гээд 5063131615 гэсэн данс руу хийсэн. Маргааш өглөө нь эрт над руу залгаад “захиалах гэсэн чинь захиалдаг үнэ нь нэмэгдчихсэн байна. 200.000 төгрөг нэмээд шилжүүлчих” гээд тэр доор нь дахиад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 47 дугаар хуудас/,
Фейсбүүкийн мессенжэр чат /2 дугаар хх-ийн 49-52 дугаар хуудас/,
Г.Бгийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 66-77 дугаар хуудас/,
Г.Бгийн “Голомт” банкны дансны хуулга /2 дугаар хх-ийн 78-83 дугаар хуудас/,
Г.Бгийн “Хас” банкны дансны хуулга /2 дугаар хх-ийн 84-100 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 187-191 дүгээр хуудас/,
Б.Аийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 194-215 дугаар хуудас/,
Б.Аийн “Хас” банкны дансны хуулга /2 дугаар хх-ийн 219, 222-231 дүгээр хуудас/,
“Хас” банк гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №А-1653 дугаартай тушаал болон тушаалын 10 дугаар хавсралт /3 дугаар хх-ийн 65-69 дүгээр хуудас/,
“Хас” банкны гүйцэтгэх захирлын 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №А-698 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журмын шинэчилсэн найруулгыг батлах тухай” тушаал /3 дугаар хх-ийн 70-103 дугаар хуудас/,
“Хас” банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №А-1378 дугаартай “Хас банкны иргэдэд зориулсан хадгаламж барьцаалсан зээлийн журам батлах тухай” тушаал /3 дугаар хх-ийн 105-113 дугаар хуудас/,
Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 140-141 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 98, 2 дугаар хх-ийн 105 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 65 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 106, 2 дугаар хх-ийн 109 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хх-ийн 106 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хх-ийн 108 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Бгийн хувийн байдалтай холбоотой баримт /1 дүгээр хх-ийн 107-108, 2 дугаар хх-ийн 101-103 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 231, 2 дугаар хх-ийн 161 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 246, 2 дугаар хх-ийн 160 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Аийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хх-ийн 156-159 дүгээр хуудас/, гэрч М.Шинэжилийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 153 дугаар хуудас/, гэрч Г.Амарамгалангийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 154-155 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдовоос шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөртэй холбоотой 5 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А Г.Б нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны 116 дугаар салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Б нь тус банкны харилцагч З.Үрэлмаагийн 5002250117 дугаартай хадгаламжийн дансанд Б.Аийг хамтран эзэмшигчээр программд хуурамчаар бүртгэж, улмаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны 108 дугаар салбараас зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.Аээс уг З.Үрэлмаагийн хадгаламжийн дансыг барьцаалж 85.000.000 төгрөгийг зээлийн гэрээг банкны ажилтантай байгуулан мөнгийг өөрсөддөө авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
- “Хас” банкны 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 15/6431 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл,
- “Хас” банк харилцагч З.Үрэлмаагийн дансны LOG буюу Б.Аийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн баримт,
- “Хас” банк Баянгол салбар-116 З.Үрэлмаагийн дансны хуулга,
- “Хас” банк үйл ажиллагаа хариуцсан захирлын “Г.Бг ажилд авах тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт,
- “Хас” банк хадгаламж барьцаалсан зээлийн хүсэлт,
- “Хас” банкны барьцаат зээлийн гэрээ,
- Б.Аийн эзэмшлийн “Хас” банкны дансны хуулга,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тэмүүжингийн мэдүүлэг,
- Гэрч З.Үрэлмаа, гэрч Г.Золзаяа, гэрч Н.Лигдэн нарын мэдүүлэг,
- шүүгдэгч Г.Б, Б.А нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.А ганцаараа:
2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Чех улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ч.Бадамхандаас нийт 5.900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ж.Булганаас Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Дөлбадрахаас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 02 дугаар сарын 05-наас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос улсын виз найдвартай 7 хоногийн дотор гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Цолмонхандаас 4.330.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 3 дугаар сарын 09-нөөс 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрүүдийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “мотоцикль авч өгнө, урьдчилгаа авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Мянганбаатараас 1.640.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 43-р байрны гадна “Солонгос улсын виза найдвартай гаргаж өгнө бүтэхгүй бол мөнгийг чинь эргүүлж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Ундрахаас 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 7 дугаар сарын 26, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дабл Шот” цайны газарт “гар утас захиалж авч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Мөнхбатаас 700.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулан залилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
- Хохирогч Б.Ундрах, хохирогч Ч.Бадамханд, хохирогч Ж.Булган, хохирогч Ц.Дөлбадрах, хохирогч Д.Цолмонханд, хохирогч Г.Мөнхбат, хохирогч Ц.Мянганбаатар нарын мэдүүлэг,
- Гэрч Б.Баттулгын мэдүүлэг,
- Б.Аийн эзэмшлийн “Хаан” банкны депозит дансны хуулга,
- “Хаан” банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар хоорондоо дотны болон бизнесийн харилцаа холбоотой байдалдаа тулгуурлан өөрсөддөө хялбар аргаар ашиг олох, хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор Г.Б “Хас” банканд мэргэжилтнээр ажиллаж буй байдлаа далимдуулж олж авсан мэдээллийг ашиглаж, тус банкны хадгаламж эзэмшигч үйлчлүүлэгчийн мэдээлэлд Б.Аийн нэрийг бүртгэж улмаар тухайн мэдээллийг үндэслэж шүүгдэгч нараас “Хас” банкны салбарын ажилтан Г.Золзаяад итгэл төрүүлэн Б.Атэй барьцаат зээлийн гэрээ байгуулж 85.000.000 төгрөгийг гаргуулан авчээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч Б.А нь хохирогч нарт “Чех улс болон Солонгос улсын виз гаргаж өгнө”, “мотоцикль авч өгнө, урьдчилгаа авна”, “гар утас захиалж авч өгнө” гэх зэргээр үгээр, үйлдлээр бодит байдлыг гуйвуулан хуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өөртөө авсан үйлдлүүд тогтоогджээ.
Шүүгдэгч Б.А нь дээрх байдлаар худал хэлж хохирогч нарт ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашигласнаас гадна Г.Бтай харилцаа холбоо бүхий байдлаа ашиглан түүнтэй хамтран “Хас” банкны их хэмжээний мөнгөн хөрөнгийг нь өөрсөддөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй санаатай үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Г.Б нь “Хас” банканд мэргэжилтнээр ажиллаж байгаа байдлаа ашиглаж Б.Атэй хамтран санаатай, идэвхитэй үйлдлээр тус банкны их хэмжээний мөнгөн хөрөнгийг авахад гол дэмжлэг үзүүлж оролцсон нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.А нь хохирогчоос авсан мөнгөн хөрөнгийг залилан авах шууд санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэсэн нэг төрлийн нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Аийг бусадтай бүлэглэн болон ганцаараа бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэм буруутайд,
Шүүгдэгч Г.Бг бусадтай бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, төлбөрийн талаар:
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас “Хас” банканд 85.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Б.А, Г.Б нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар тогтоож, шүүгдэгч Г.Бгаас хохиролд 42.500.000 төгрөгийг төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг уг хэрэгтээ төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Аээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Бадамхандад 400.000 төгрөгийг, хохирогч Д.Цолмонхандад 1.000.000 төгрөгийг, шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тэмүүжин /“Хас” банк/-нд 1.500.000 төгрөгийг тус төлсөн нөхцөл байдал тогтоогдсон ба бусад үлдсэн хохирлыг дараах байдлаар түүнээс төлүүлэхээр тогтоов.
Үүнд: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тэмүүжин /“Хас” банк/-нд 41.000.000 төгрөг, хохирогч Б.Ундрахад 2.000.000 төгрөг, хохирогч Ч.Бадамхандад 5.500.000 төгрөг, хохирогч Ж.Булганд 3.000.000 төгрөг, хохирогч Ц.Дөлбадрахад 3.000.000 төгрөг, хохирогч Д.Цолмонхандад 3.330.000 төгрөг, хохирогч Э.Мянганбаатарт 1.640.000 төгрөг, хохирогч Г.Мөнхбатад 700.000 төгрөг нийт 60.170.000 төгрөгийн хохирлыг Б.Аээс гаргуулж тэдгээрт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.А, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр тус бүрийг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Г.Бг учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, тэдгээрийг Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцож, Б.Ад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Мөн шүүх шүүгдэгч Б.Аийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэр бүлийн байдал зэргийг, шүүгдэгч Г.Бг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бага насны олон хүүхэдтэй байдлуудыг харгалзсан болохыг тэмдэглэв.
Ийнхүү шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч бүрийн үйлдэл, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч нарт дараах байдлаар ял оногдууллаа.
Үүнд: шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 15.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчидөөс “...Б.Аийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан ялын хамгийн доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү, Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан торгуулийн хамгийн доод нэгжээр буюу 10.000.000 төгрөгөөр торгож өгнө үү ....” гэсэн санал тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн.
Учир нь шүүгдэгч Б.Аийн залилах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж, олон хүн хохирсон, хохирлоо төлөөгүй байдал, шүүгдэгч Г.Бгийн залилах гэмт хэргийг хүндрүүлэх 2 шинжтэй үйлдсэн шинж зэрэг нь нийгэм, хүнд учруулсан хохирлыг үлэмж нэмж, хор аюулын хэмжээ ихтэй гэж шүүх үзсэн тул тэдгээрт тухайн ялын төрлүүдийн доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Аийн хувийн байдлыг харгалзан түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Г.Бгийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 30-наас 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 234 хоног, 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 7 хоног нийт 241 хоног цагдан хоригдсон байх ба түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв шударгаар амьдрах, биеэ зөв авч явах зан төлөвшил хэвшээгүй, нөгөө талаас “Хас” банкнаас ажилтнуудынхаа хууль бус үйлдэлд хяналт бүрэн тавьдаггүй, банкны үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг бүрэн хангаагүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Аг бүлэглэн болон ганцаараа бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Бг бусадтай бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Аийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Бг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Аийн цагдан хоригдсон 241 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
8. Шүүгдэгч Г.Б бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди хэрэгт хавсарган хадгалсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Аээс 60.170.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тэмүүжин /“Хас” банк/-нд 41.000.000 төгрөгийг, хохирогч Б.Ундрахад 2.000.000 төгрөгийг, хохирогч Ч.Бадамхандад 5.500.000 төгрөгийг, хохирогч Ж.Булганд 3.000.000 төгрөгийг, хохирогч Ц.Дөлбадрахад 3.000.000 төгрөгийг, хохирогч Д.Цолмонхандад 3.330.000 төгрөгийг, хохирогч Э.Мянганбаатарт 1.640.000 төгрөгийг, хохирогч Г.Мөнхбатад 700.000 төгрөгийг тус тус олгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч шүүгдэгч Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН