Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 0292

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03520 1612 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Ц.Г, Монгол Улсын иргэн, *** оны ** сарын **-ны өдөр Улаанбаатар төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл хоёр, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар:***, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 7 cap 25 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 551 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2019 оны 05 сарын 13-ны өдөр уг ялаас эдлээгүй үлдсэн 204 цагийн ажлын найман цагийг нэг хоногоор тооцон 25 хоногийн хорих ялаар солигдож, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо *** тоотод оршин суух хохирогч Б.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 880,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Ц.Г нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо *** тоотод оршин суух хохирогч Б.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “ASUS” загварын зөөврийн компьютер цүнхний хамт, хоёр ширхэг цэцгэн хэлбэртэй мөнгөн бөгж, цагариг хэлбэртэй нэг хос мөнгөн ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 880,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Гэм буруу, хохирол дээр маргаан байхгүй. Би хохирыг төлж барагдуулна. Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ хэргээс өөр хэд хэдэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн эдгээрийг энэ хэрэгт нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг;

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх: “...Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо *** тоотод оршин суух иргэн Б.Т-өөс гэрт хулгай орсон юм шиг байна..." гэсэн тэмдэглэл (хх-ийн 5 дугаар хуудас);

3. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 04/330 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн 1,3-6,9 гэж дугаарласан гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 6 гэж дугаарласан мөр нь Папилон санд *** гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Ц овогтой Г-ийн  зүүн гарын долоовор хурууны хээнүүдтэй тохирч байна..." гэсэн дүгнэлт (хх-ийн 18-21 дүгээр хуудас);

4. Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо *** тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай гэр бүл өглөө гэрээсээ гарч ажилдаа яваад оройдоо цуглардаг. Бид 2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт гэрээсээ гарсан. Би 15 цагийн үед гэртээ ирэхэд байшинтай залгаа үүдний амбаарын цонхыг хагалсан байсан. Би үүнийг нь анзааралгүй байшингийнхаа хаалгыг түлхүүрээр онгойлгон гэртээ ортол гэрийн эд зүйлс замбараагүй болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд гарын мөр, болон гутлын мөрний зураг аваад “гэрээс алдагдсан эд зүйл байна уу, үз” гэхээр нь шалгатал охины маань гэртээ хэрэглэдэг “ASUS” брэндийн зөөврийн компьютер цүнхний хамт алга болсон байсан. Уг эд зүйлс хойд шүүгээнд байсан юм. Мөн шүүгээнд байсан эхнэрийн 2 ширхэг цэцгэн хэлбэртэй мөнгөн бөгж, цагариг хэлбэртэй мөнгөн ээмэг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас);

5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 795 дугаар “...ASUS брэндийн зөөврийн компьютер, хоёр ширхэг мөнгөн бөгж, цагариг хэлбэртэй хос мөнгөн ээмгийг нийт 880,000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 27-30 дугаар хуудас);

6. Гэрч Т.М-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хулгайд алдсан Asus брэндийн зөөврийн компьютерыг манай гэр бүлийнхэн дундаа хэрэглэдэг юм. 2017 онд хорооллын Next дэлгүүрээс 840,000 төгрөгөөр авч байсан. Манай гэрийн хойморт байдаг шар модон шүүгээний зүүн талын доод шүүгээнд байсан. Манай аав Төрмөнхийг гэртээ ирэхэд манай үүдний амбаарын цонх хагархай, гэрийн эд зүйлсийг сандаачсан байсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 87 дугаар хуудас);

7. Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрээс Asus брэндийн нэг ширхэг зөөврийн компьютер, манай гэрийн хойд өрөөнд байсан тольтой шүүгээний дотоод талаас цагариг хэлбэртэй мөнгөн ээмэг, бөгжний хослол, цэцгэн хэлбэртэй нэг ширхэг мөнгөн бөгж алдагдсан байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 89 дүгээр хуудас);

8. Шүүгдэгч Ц.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 34 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 115 дугаар хуудас), шийтгэх тогтоолын  хуулбарууд (хх-ийн 124-190 дүгээр хуудас), Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/1350 дугаартай “Тус дүүргийн прокурорын газраас Б овгийн Ц.Г/РД:***/-ийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг алга” гэсэн албан бичиг (шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн);

9. Шүүгдэгч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын эхээр би эхнэр Т.Т-тэй маргалдаж, гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын хажуугийн дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэрийн архи авч, ганцаараа уусан. Тэгээд Толгойтод байдаг гэртээ очих замдаа Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр төв замын хажуугийн нэгэн айл гэрэлгүй, харанхуй харагдахаар нь үүдний амбаарын урд талын цонхоор нь дотогш ороод, гэрээс нь зөөврийн компьютер, эмэгтэй хүний хоёр ширхэг мөнгөн бөгж, нэг хос ээмэг зэрэг эд зүйлийг аваад орсон цонхоороо буцаад гарч явсан. Нэг мэдэхэд тасраад гэрийнхээ ард байдаг уулан дээр сэрсэн. Тэр үед миний хулгай хийсэн эд зүйлс болох зөөврийн компьютер, эмэгтэй хүний 2 ширхэг мөнгөн бөгж, 1 хос ээмэг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 110 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Г-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйл болох “ASUS” загварын зөөврийн компьютер, хоёр ширхэг мөнгөн бөгж, цагариг хэлбэртэй нэг хос мөнгөн ээмгийг нийт 880,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 880,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Ц.Г хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Т-ийн амьдардаг байшингийн цонхоор орж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Ц.Г-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагяагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Г нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Харин шүүгдэгч Ц.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан “...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ хэргээс өөр хэд хэдэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн эдгээрийг энэ хэрэгт нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгийн тухайд хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй, тэрээр энэ тухай урьд мэдүүлж байгаагүй, харин түүний энэ мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/1350 дугаартай “Тус дүүргийн прокурорын газраас Б овгийн Ц.Г/РД:***/-ийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг алга” гэсэн албан бичгээр няцаан үгүйсгэгдэж байна.

Шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээний хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцсэн бөгөөд хэрэв шүүгдэгч энэ хэргээс гадна хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь ирээдүйд тогтоогдвол уг асуудлыг шүүхэд мэдэгдээгүй байсан шинэ нөхцөл байдлын хүрээнд авч үзэх хуулийн зохицуулалттай.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Г-ийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ц.Гэс нийт 880,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Т-д олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Г-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Г-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 62 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 23 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй холбогдоход хохирлыг одоо төлөх боломжгүй хэдий ч төлж барагдуулна гэсэн. Шүүгдэгч хэдийгээр өмнө 6 удаа ял шийтгүүлсэн боловч энэ нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Иймд миний үйлчлүүлэгчид өмнө шийтгүүлсэн 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 62 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, өнөөдөр шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа гэмт хэргийн хувьд 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдгээр ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 02 хоногийн хугацаагаар тогтоож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэн алины эрүүгийн хариуцлагын талаарх санал, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Г-д гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн урьд 6 удаа ял шийтгүүлсэн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.Г Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн боловч тэрээр уг ялаас огт эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх ...-ээр шийдвэрлэж болно” гэж тус тус зааснаар энэ тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ял дээр таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцон 62 (жаран хоёр) хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг гурван жил хоёр сар хоёр хоногоор тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 23 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Г-д гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Г-д энэ тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцон 62 (жаран хоёр) хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг гурван жил хоёр сар хоёр хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийн цагдан хоригдсон 23 (хорин гурав) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-с 880,000 (найман зуун наян мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Б.Т-д олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Г-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын Ц.Г-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА