Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 0079

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгч: С.Ж, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2149/,

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч М.Идэрхангай /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0487/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905018930998 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 дугаар орцны подвалд оршин суудаг гэх, урьд 1994 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 259 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

            2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 785 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

            2008 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 хоногийн хорих ял шийтгүүлсэн, Ж

 

            Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  тоосгоны үйлдвэрт тослогч ажилтай гэх, ам бүл 2 нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо,  0-0 тоотод оршин суух, , урьд 2002 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 505 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн, Э

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Яллагдагч С.Ж, М.Э нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СОТ-3 дугаар байр”-ны хажуугийн автомашины гражуудын орчим иргэн Д.В-г явж байхад нь эд зүйлийг авахаар довтлон хүч хэрэглэн баруун гарын хурууг дарж түрүүвчтэй бэлэн 35.000 төгрөг, монетон бөгжийг авч 578.000 /таван зуун далан найман мянган төгрөгийн/ хохирол учруулан дээрэмдсэн,

Мөн С.Ж нь ганцаараа 2019 оны 4 дүгээр сарын 06-ны орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СОТ-3 дугаар байр”-ны хажуугийн автомашины гражуудын орчим иргэн Д.В явж байхад нь эд зүйлийг авахаар довтлон хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа баруун гарын сарвууг гараараа мушгиж эрүүл мэндэд нь баруун сарвуу, гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ж, М.Э нарыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.Ж М.Э нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 6-ны орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СОТ-3 дугаар байр”-ны хажуугийн автомашины гражуудын орчим иргэн Д.В-гийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж 35.000 төгрөг, монетон бөгж, түрийвчийг дээрэмдэн авч нийт 578.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.В-гийн Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 6-ны орой 19 цаг 45 минут орчим ломбарднаас монетон бөгжөө аваад гэр рүүгээ явах замд нэг залуу, нэг эмэгтэй бөгж болон хэтэвч аваад зугтаасан...” гэх өргөдөл /хх-ийн 6-7 тал/     

Хохирогч Д.В-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2019 оны 4 дүгээр сарын 6-ны орой 25 дугаар эмийн сангийн автобусны хойд талд байдаг ломбарднаас монетон бөгжөө авчихаад гэр рүүгээ харих гээд 20 дугаар сургуулийн баруун талаар гражуудын дундуур явж байхад өөдөөс нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирж байсан. Гэнэт тэр хоёр хажуугаар өнгөрч байгаад эрэгтэй нь баруун гарын дунд хурууг хойш нь хөшөөд авахаар нь би тэр эрэгтэй хүнтэй ноцолдох зуур нөгөө эмэгтэй нь миний энгэрийн халаасанд байсан хэтэвчийг маш сурамгайгаар аваад зугтах гэхэд нь би эмэгтэйгийн барьж явсан тортой эд зүйлсийг булаан авч үлдсэн. Миний дээрэмдүүлж алдсан хэтэвчинд ломбарднаас авсан бөгж, 35.000 төгрөг байсан тул цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19-22 тал/

“Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн БГ2-19-494 дугаартай “...Монетон бөгж 516.000, Чингис хааны зурагтай монгол арьсан түрийвч 27000, 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 543,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 50-51 тал/

Шүүгдэгч С.Ж-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би очоод нөгөө эрэгтэй хүнийх нь баруун гарыг дунд хуруунаас нь барьж аваад хойш нь татсан. Э хажуугаар орж ирээд энгэрийн халааснаас нь нэг зүйл авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68, 114-115 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...надад гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Хохирлоос 50.000 төгрөг төлж барагдуулсан, бусад хохирлыг Э төлсөн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар байрны жижүүр хийдэг байсан. 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр С.Ж ирээд дэлгүүрээс 2 ширхэг 0.75 литрийн архи зээлж аваад уусан. Бид хоёр архиа уугаад гадагшаа гартал харанхуй болчихсон байсан. Нэг мэдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо СОТ-3 байрны гадна талын грашны хажууд С.Ж үл таних хүний гарыг барьчихсан байсан. Улмаар С.Ж намайг хэтэвчийг нь авчих гэхээр хэтэвчийг нь аваад С.Ж-д өгсөн. Би хэтэвчинд хэдэн төгрөг байсныг хараагүй. Би хохирогч Д.В-ийн биед хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70, 112-113 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би хохирогчийн эд зүйлийг авсандаа харамсаж байна. Тухайн үед Ж-аас авч болох юм уу гээд болно гэхээр нь авчихсан. Сонсгосон зүйл ангийг зөвшөөрч байна. Хохирол төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцад шүүгдэгч С.Ж нь хохирогч Д.В-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн “...эрэгтэй нь баруун гарын дунд хурууг хойш нь хөшөөд авсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Э-ийн “...нэг мэдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо СОТ-3 байрны гадна талын грашны хажууд С.Ж үл таних хүний гарыг барьчихсан байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Ж-ы “...баруун гарыг дунд хуруунаас нь барьж аваад хойш нь татсан...” гэх мэдүүлэг, шинжээч эмчийн 4593 дугаартай “...Д.В-ийн эрүүл мэндэд баруун гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

 Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хэрэг учрал болсон 2019 оны 4 дүгээр сарын 06-ны орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СОТ-3 дугаар байр”-ны хажуугийн автомашины гражуудын орчимд хохирогч Д.В явж байхад түүний эд зүйлийг авахаар шүүгдэгч С.Ж хүч хэрэглэн биед нь халдсан, энэ хооронд шүүгдэгч М.Э хохирогчийн биед байсан түрийвчийг авч зугатаасан үйл баримт хангалттай нотлогджээ.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд тэдгээр нь гэмт үйлдэлдээ санаатай нэгдэж оролцсон байх тул бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.В 27000 төгрөгийн үнэ бүхий түрийвч, уг түрийвч дотор байсан 516.000 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж, бэлэн 35000 төгрөгөөр буюу нийт 578.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол хүлээсэн болох нь хэрэгт авагдсан “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн БГ2-19-494 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон.

  Мөн хохирогч Д.В-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол буюу баруун сарвуу, гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээч эмчийн 4593 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

Хохирогчид учирсан дээрх гэмтэл шүүгдэгч С.Ж-ны хохирогчийн баруун гарын дунд хурууг хойш татсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ж-ыг нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгдэгч С.Ж, М.Э нарыг бүлэглэн “Дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч С.Ж-ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ж, М.Э нар гэмт үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.В 578.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол хүлээсэн бөгөөд шүүгдэгч нар хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогч Д.В-ийн шүүхэд гаргаж өгсөн “...Миний бие М.Э-ээс 525.000 төгрөг, С.Ж-аас 50.000 төгрөг хүлээж  авсан болно. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Энэ хоёр хүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлтээр нотлогдсон байна.

            Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Ж, М.Э нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт хуулинд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой С.Жны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71, 126 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 тал/, таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 81-85 тал/, М.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88, 121 тал/, хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90-91, 123-124 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 95 тал/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 98-99 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлгүй гэх лавлагаа /хх-ийн 100 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 101 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 122 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч нарын хувийн байдал тогтоосон нотлох баримтанд дүгнэлтэд хийхэд тэдгээрийн хэн хэн нь урьд ял шийтгүүлж байсан, хувьдаа эд хөрөнгөгүй байх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.      

   Шүүгдэгч С.Ж, М.Э нарт ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Ж, М.Э нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, учруулсан хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулинд заасан ялаас доогуур ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Ж, М.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 1 /нэг/ жил хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч С.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүний уг үйлдэлд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар уг ялын найман цагийг нэг хоногоор тооцож хүнд ялд буюу түүний дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 1 /нэг/ жил, 30 /гуч/ хоногийн хорих ял, шүүгдэгч М.Э-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

          Шүүгдэгч М.Э энэ хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлээ буцаан авах саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг харгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүний эзэмшлийн хар цүнхтэй гарын саван 2 ширхэг, пүүдэрний толь, 2 ширхэг шагай, эмний сав, хумсны лак, уруулын будаг, үнэртэй усны сав мэт зүйл, бугуйвч, варианы шил, сонины тасархай, ургамал мэт зүйл, хоолны сав, эмний сав, НӨАТ-ын баримт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Э-т буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хохирогчид төлөх хохиролгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Ж, М.Э нарт хорих ял оногдуулсантай холбоотойгоор тэдгээрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ж-ыг бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн”, мөн энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

            Э-г бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

        2. Шүүгдэгч С.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/  жил хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч М.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хорих ял, шүүгдэгч М.Э-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар цүнхтэй гарын саван 2 ширхэг, пүүдэрний толь, 2 ширхэг шагай, эмний сав, хумсны лак, уруулын будаг, үнэртэй усны сав мэт зүйл, бугуйвч, варианы шил, сонины тасархай, ургамал мэт зүйл, хоолны сав, эмний сав, НӨАТ-ын баримт нэг ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч буюу шүүгдэгч М.Э-т буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хохирогч Д.В гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж, М.Энарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА