Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0082

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч/хохирогч А.Н

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А.Н, О.Б нарт холбогдох эрүүгийн 1905045411374 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 198 оны 3 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хорио цээрний шинжээч мэргэжилтэй, 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо 0 дугаар гудамж, 0 тоот хаягт оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 дүгээр байрны 0 тоотод түр оршин суух урьд ял шийтгэлгүй, А.Н

 

Монгол улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын -ний өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх 1 дүүгийн хамт Завхан аймгийн Сантмаргац сум 0 дүгээр баг 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг 0 дүгээр хороо Горькийн 0 тоотод түр оршин суух урьд ял шийтгэлгүй, О.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч А.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баян-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн гадна иргэн Л.Д-тай маргалдаж дух шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун 1 дүгээр хуруунд шарх, цус  хурал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч О.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баян-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн гадна иргэн А.Н-тай маргалдаж нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, тархи доргилт, дууд уруулын няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Н, О.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар

 

Шүүгдэгч А.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баян-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн гадна иргэн Л.Д-тай маргалдаж дух шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун 1 дүгээр хуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч О.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б” хүнсний дэлгүүрийн гадна иргэн А.Н-тай маргалдаж нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, тархи доргилт, дууд уруулын няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед өөрийн найз С, Б нартай уулзаад 3, 4 дүгээр хорооллын бичилд ирж нэрийг нь мэдэхгүй нэг зочид буудалд ороод нэг шил архи, нэг том савтай пиво уусан. Шөнийн 00 цаг болж байхад Сундуй ундаа, тамхи авахаар гарсан. Удалгүй С орж ирээд намайг дэлгүүрийн хүн ундаа тамхи зарахгүй гээд алгадчихлаа гэхээр нь бид гурав гарсан. Тухайн дэлгүүрийн хаалгыг тогштол 4 залуу гарч ирсэн. Би нэг залуутай барьцалдаж аваад зогсож байтал нэг хүн хажуу талаас цохисон. Би тэр хүний царай зүсийг хараагүй, манай найз Б дэлгүүрийн эзэн цохисон гэж хэлсэн. Тэр хүн гараараа намайг нэг удаа баруун шанаа руу цохисон. Надтай барьцалдаж байсан хүн намайг цохиогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 63 тал/,

 

Хохирогч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед өөрийн найзууд болох Г, Л, Б бид дөрөв миний түрээслэдэг “Баян-Өлгий” хүнсний дэлгүүрт хаалгаа түгжээд паараа янзалж байсан. Шөнийн 02 цагийн үед нэг өндөр залуу хаалга тогшихоор нь онгойлготол тамхи зарчих гэсэн. Би зарахгүй гэтэл тэр залуу гэрлээ унтраахгүй яасан юм бэ гээд байхаар нь би түлхээд явуулсан. Би буцаж орж ирээд ажлаа хийж байтал дахиад хаалга нүдэхээр нь гараад очтол гурвуулаа болчихсон байсан. Нөгөө өндөр залуу намайг мөн байна гэтэл араас нь нэг залуу гарч ирээд миний хөлийг хавсарч унагаасан. Улмаар манай найзууд гарч ирэхэд тэр өндөр залуу намайг цохиод зугтаасан. Би тэр залууг өшиглөхөд араас нь хар савхин куртиктэй залуу гарч ирээд нүүр рүү цохиж газар унагаагаад 2, 3 удаа гараараа цохиод нүүр рүү өшиглөсөн. Тухайн үед хар савхин куртиктэй залуу л намайг цохисон. Л бид хоёр 1 том савтай пиво уусан. Нөгөө 2 залуу эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчээр мэдүүлсэн: “Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Шөнийн цагаар хаалга хүчтэй нүдээд хэл, амаар доромжлоод байснаас болж хэрэг гарсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б-ын мэдүүлсэн: “...Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн... Д-ын биед учирсан гэмтлийг Н учруулсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн үед ажлаа тараад Д, Б нартай уулзсан. Улмаар 3, 4 дүгээр хорооллын бичилд ирж нэрийг нь мэдэхгүй нэг зочид буудалд ороод нэг шил архи, нэг том савтай пиво уусан. Шөнийн 00 цаг болж байхад би тамхи ундаа авах гээд гарсан. Хаалга нь цоожтой гэрэл нь асаалттай дэлгүүр байхаар хаалгыг нь тогштол нэг ах онгойлгоод үгийн зөрүүгүй цохиод авсан. Би яаж байгаа юм бэ гэтэл намайг зайл гэхээр нь би уучлаарай гээд яваад өгсөн. Би буцаад явж байтал манай 2 найз урдаас ирээд чамайг яаж байгаа юм бэ гэж хэлээд Баасанжаргал очоод дэлгүүрийн хаалгыг өшиглөсөн. Тэгтэл дэлгүүрээс 4 залуу гарч ирээд намайг эхэлж цохидог залуу цээж рүү гараараа цохиж, гуя руу өшиглөсөн. Бид нар зугтаатал араас хөөгөөд ирэхээр нь Б намайг цохидог залуугийн нүүр рүү цохиод авсан. Б-ын цохисон залуугаас цус гараад доошоо тонгойгоод үлдсэн. Тухайн үед бид нар өөдөөс нь эсэргүүцэж зодоон хийгээгүй. Намайг барьж байгаад дэлгүүрийн залуу намайг нүүр, хөл, цээж рүү гар хөлөөрөө цохьсон. Нэг харсан Д-ын толгойноос цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэрч Г.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед манай найз Н залгаад дэлгүүр дээр паар янзлаад өгөөч завтай бол хүрээд ирээч гэсэн. Улмаар Г бид хоёр дэлгүүр дээр очтол Б гэх залуу сан янзлаад сууж байсан. Шөний 2 цаг 30 минут орчим дэлгүүрийн хаалга нүдээд байхаар нь На очиж онгойлгосон. Улмаар 5 орчим минутын дараа хаалга хүчтэй нүдээд байхаар нь Б гэх залуу камер хараад гадаа бөөн бужигнаан болж байна гэхээр нь гартал өндөр залуу Л-ыг цохичихоод зугтаахаар нь би очоод бариад авсан. Эргээд хартал Н газар уначихсан савхин куртиктэй залуу өшиглөж байсан. Улмаар Н босч ирэхэд амнаас нь цус гарч байсан. Тэгээд бид нар цагдаа дуудна гэтэл нөгөө залуучууд зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

 

  Гэрч Ч.Г-ын “...Тухайн үед Наранбатыг савхин куртиктэй залуу газар унасан байхад нь нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж харагдсан. Би өндөр залууг барьсан байсан. Сангийн Б уг зодоонд огт оролцоогүй. Би өндөр залууг барьж байхад Нирээд 1, 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

 

Яллагдагч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би хохирогч О.Н-ыг цохисон гэм буруугаа хүлээж байна. Би надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би хохирогч А.Н-ын уруул руу гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13715 дугаартай “...Л.Д-ын биед дух шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нэгдүгээр хуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тус гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13687 дугаартай “...А.Н-ын биед тархи доргилт, дээд уруулын няцарсан шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тус гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

 

“Баян-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.    

         

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэг учрал болсон 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баян-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн гадна шүүгдэгч, хохирогч, гэрч нар үл ялих зүйлээс буюу шөнө архи нэхэж, дэлгүүрийн хаалга хүчтэй цохисон гэх шалтгаанаар маргалдаж эхэлсэн, улмаар А.Н-, Л.Д- нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдсон.

 

Хэргийн шүүгдэгч А.Н- нь “би ажлаа хийж яваад бусдад зодуулж өөрөө гэмтэл авчихаад яллагдагчаар татагдаж байгаадаа гомдолтой байна. Л.Д-ын биед би гэмтэл учруулаагүй, гар хүрээгүй...” гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан “Баян-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, хохирогч Л.Д, шүүгдэгч О.Б нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 13715 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Хэрэгт авагдсан гол нотлох баримт болох хяналтын камерын бичлэг, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэгт дүгнэлт хийхэд тэдгээрийн хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, бие биеэнээ үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлжээ.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч, хохирогч А.Н-ын биед “тархи доргилт, дээд уруулын няцарсан шарх”, хохирогч Л.Д-ын биед “дух шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нэгдүгээр хуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан болох нь хэргийн 32, 42-43 талд авагдсан шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13715 дугаар, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13687 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдсон.

 

Мөн хохирогч Л.Д, А.Н нарт учирсан дээрх хөнгөн зэргийн гэмтлүүд шүүгдэгч нарын гэмт үйлдэлтэй буюу О.Б-ын А.Н-ын уруул хэсэг рүү цохисон, А.Н-ын Л.Д-ын баруун шанаа руу цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

            Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Н хохирогч Л.Д-ыг, шүүгдэгч О.Б хохирогч А.Н-ыг тус тус цохиход хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч А.Н-ыг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баян-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн гадна иргэн Л.Д-тай маргалдаж дух шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун 1 дүгээр хуруунд шарх, цус  хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч О.Б-ыг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баян-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн гадна иргэн А.Н-тай маргалдаж нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, тархи доргилт, дээд уруулын няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

            Хохирогч Л.Д, А.Н нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч А.Н, О.Б нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Н, О.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.Н-ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 тал/, эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 74 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 79-81 тал/ зэрэг баримтууд,

 

  Шүүгдэгч О.Б-ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 тал/, эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 67 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65-66 тал/ зэрэг баримтууд тус тус хэрэгт авагдсан бөгөөд тэдгээр нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Шүүгдэгч А.Н, О.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх шүүгдэгч О.Н, О.Б нарын хувийн байдал,  гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч А.Н, О.Б нарт мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди нь хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг учир хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Н, О.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н, Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Н, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, О.Б нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.Н, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар тогтсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА