Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0558

 

О.Мын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Х.Б нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор О.Мын гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 57 дугаар зүйлийн 57.2.8-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч О.Мын гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176468 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч О.Мт холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тэрээр зардлын данс нээлгэсэн боловч уг данс, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй журам, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Энэхүү маргааны хувьд хуульд санал авахаас 20-оос доогүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил болохоос тухайн зардлын дансанд төвлөрсөн болон түүнийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаарх тайланг төрийн аудитын байгууллагад ирүүлэхтэй холбоотой зөрчил биш болохыг шүүх анхаарч үзээгүй.

“У ф а” ХХК-аар сонгуулийн зардлын дансанд нийцлийн аудит хийлгэсэн тайлан, дүгнэлт нь сонгууль болсны дараа тухайн сонгуулийн үеэр зардлын данс нь дахь орлого, зарлагын зарцуулалт нь зөрчилгүй /зориулалт бусаар зарцуулсан эсэх/ гэсэнтэй холбоотой болохоос хуулиар тусгайлан заасан санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, тухайн холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлт өөрөө хуулиар тусгайлан зөрчил гэж заасан зөрчлийг үгүйсгэж, холбогдох уульд заасан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, түүнийгээ үгүйсгээгүй байхад захиргааны актыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176468 дугаар шийтгэлийн хуудсаар 2020 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч О.М нь “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” зөрчил гаргасан хэмээн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10000000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагч О.Маас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... миний бие хуулийн дагуу хугацаандаа Төрийн аудитын газарт дансны мэдээллээ өгсөөр байтал 10000000 төгрөгийн торгуул ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж, хариуцагчаас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “...О.М нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 50.3-д “... нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Сонгуулийн хуулийг зөрчих”, 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх … талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгох”-оор гэж хуульчлагджээ.

Гомдол гаргагч О.М нь Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн, нэр дэвшигчийн зардлын дансыг ХААН банканд нээлгэсэн байх бөгөөд улмаар сонгуулийн зардлын дансаа төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хуульд заасан хугацааны дотор бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн аудитын тайлан болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Хэдийгээр О.Маас “зардлын дансаа бүртгүүлсэн” гэх гомдлын шаардлагын үндэслэлээ “...Ардчилсан намд хуулийн хугацаанд дансны мэдээллээ өгсөн. Аймгийн Ардчилсан нам хоцроосон”-той холбон тайлбарлах боловч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны мэдээллээ сумын Ардчилсан намд өгснийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Гэтэл анхан шатны шүүх “... О.Мын хувьд сонгуулийн зардалд ашиглахаар нээлгэсэн дансаа холбогдох байгууллагад бүртгүүлээгүй боловч ... хуульд заасны дагуу сонгуулийн зардлын нэг данс ашиглаж, сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулж хөндлөнгийн аудитаас “Зөрчилгүй” гэх дүгнэлт гарсан, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас сонгуулийн зардлын дансны тайлан, дүгнэлтийг хүлээн авсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд сонгуулийн зардлын дансны орлого, зарлага, зарцуулалт нь дээр дурдсан хууль, журмын зорилгод нийцсэн” гэх зэргээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, холбогдох хуулийг буруу тайлбарлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, улсын байцаагчаас “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан байхад маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй “сонгуулийн зардлын дансны орлого, зарлага, зарцуулалт нь хууль, журмын зорилгод нийцсэн” гэсэн дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцэхгүй.

Иймд хариуцагчийн “сонгууль болсны дараа тухайн сонгуулийн үеэр зардлын данс нь дахь орлого, зарлагын зарцуулалт нь зөрчилгүй гэсэн нь хуулиар тусгайлан заасан санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, тухайн холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Нэгэнт гомдол гаргагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь дээрх байдлаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч О.Мын “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176468 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН