Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 0091

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Лайлаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06495 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Лайлаагийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Н.Батчимэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Золзаяа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Ичинхорол,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 6 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, 8 000 000 төгрөгийг Н.Батчимэгт зээлдүүлсэн. Гэвч зээлдэгч зээлийн гэрээний үүрээгүй гүйцэтгээгүй. Иймд үндсэн зээл 8 000 000 төгрөг, хүү 5 сараар тооцон 6 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

       Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,  232 дугаар зүйлийн 232.4, 186 дугаар зүйлийн 186.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Батчимэгээс 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Лайлаад олгож, энэ үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч Н.Батчимэгийн өмчлөлийн 000383855 гэрчилгээний дугаар, улсын бүртгэлийн Ү-2204068538 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 134а тоотод байрлах 63 м.кв талбай бүхий хувийн сууц, 000322020 гэрчилгээний дугаар, улсын бүртгэлийн Г-2204023427 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж 134 а тоотод байрлах 700 м.кв талбай бүхий газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж, Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 207 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Батчимэгээс 207 000 төгрөгийг гаргуулж Т.Лайлаад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

              Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна. Маргаж буй зээлийн гэрээний хүү 15 хувь хэт өндөр байсан. Мөн 1 200 000 төгрөг өгсөн. Хэрэг хэлэлцэх үед миний эрүүл мэндийн байдал муу байсан учир хуралд оролцож чадаагүй, эмнэлгийн бичиг баримт байгаа. Хүү бууруулах хүсэлт гаргах боломж олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 6 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

                                                                                                                                                  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Т.Лайлаа нь хариуцагч Н.Батчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэхдээ шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт “12 000 000 төгрөг гаргуулах тухай Н.Батчимэгийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй” гэж нэхэмжлэгч бус этгээдийн нэрээр иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцэхгүй болно. /хх-ийн 14 дүгээр тал/

 

Түүнчлэн хариуцагч Н.Батчимэгт хэргийн материал танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх бөгөөд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5  дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын  07-ны өдрийн 101/ШШ2016/06495 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                                      

                                                          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ