Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0083

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Ү.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох эрүүгийн 1905046301349 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын -ны өдөр Төв аймагт төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо,0  дугаар байрны 0 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ү.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” буудлын нэг давхарт байрлах караокед иргэн Б.Б ын нүүр болон толгой хэсэгт цохисны улмаас баруун зовхи, хацрын төвгөр, хамрын нуруунд цус хуралт зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ү.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар

Шүүгдэгч Ү.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” буудлыг нэг давхарт байрлах караокед иргэн Б.Б-ын нүүр болон толгой хэсэгт цохисны улмаас баруун зовхи, хацрын төвгөр, хамрын нуруунд цус хуралт зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Ү.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Тухайн үед хохирогч намайг хэл амаар доромжлоод би хардалтын улмаас ийм зүйл хийсэн. Прокурорын зүйлчилсэн хуулийн зүйл хэсэгт маргах зүйл байхгүй. Хэрэгт авагдсан баримтанд үндэслэж 1400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, энэ баримтаа гаргаж өгч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 17-нд шилжих шөнө арван жилийн нөгөө ангийнхаа хүнтэй таараад нэг газар орсон. Улмаар сууж байтал нэг эмэгтэй орж ирээд үгийн зөрүүгүй ширээн дээр байсан архины шилийг аваад цохисон. Эхний удаа толгой руу цохиход цагдаа дуудаагүй дахин намайг цохиод хамарнаас цус гарахаар нь цагдаад дуудлага өгсөн. Одоогоор миний толгой их өвчтэй байгаа. Хэрэг гарахаас өмнө миний бие зүгээр байдаг байсан. Би эрүүл мэндээрээ хохирчихоод байна. Би нийт 2.850.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 1.400.000 төгрөг нөхөн төлөгдсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө найз охинтойгоо явж байгаад 10 жилийн найзтайгаа тааралдсан. Бид хоёр хороололд ирээд караокед ороод нэг шил архи авсан. Манай найз бас нэг найзтайгаа явж байсан. Нэг мэдэхэд нэг эмэгтэй ороод ирсэн байсан бөгөөд ширээн дээр байсан архины шилээр миний толгой руу цохисон. Улмаар архины шил хагарахад хагарсан архины шилээ бариад дайраад байсан. Учир шалтгаанаа хэлээд бид хоёр эвлэрээд цуг сууж байтал надаас “чи манай нөхөртэй тулгаж архи уусан юм уу” гэхээр нь “би олон жил уулзаагүй найзтайгаа тулгаж л архи ууна” гэж хэлэхэд шууд миний нүүр рүү гараараа цохисон. Миний хамарнаас цус гарсан бөгөөд зөөгчөөр сальпитка авч ирүүлээд цусаа арчсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13916 дугаартай “...Б.Б-ын биед баруун зовхи, хацрын төвгөр, хамрын нуруунд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 15 дахь тал/,

Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө би найз М-гийн хамт хүүхдийн 100 орчим нэг газар орж хоол идсэний дараа нэг шил архи хувааж уусан. Тэгтэл гаднаас манай эхнэр манай найзын эхнэртэй хамт орж ирсэн. Тэгээд над руу болон Б.Б руу уурлаад барилцаж аваад үснээсээ зулгаацсан. Манай эхнэр Б.Б-ын толгой руу ширээн дээр байсан архины шилээр цохисон... Улмаар би учир байдлыг тайлбарлаад эвлэрээд байж байтал манай эхнэр “та нар архиа тулгаж уусан уу” гэж асуухад нь Б.Б “тиймээ, бид нар тулгаж уусан” гэтэл манай эхнэр Б-ын нүүр рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ү.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 25 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 27 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62/, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 28-29 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Ү.Энь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” буудлын нэг давхарт байрлах караокед иргэн Б.Б-ын нүүр болон толгой хэсэгт цохисны улмаас баруун зовхи, хацрын төвгөр, хамрын нуруунд цус хуралт зэрэг үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн 13916 дугаартай дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэргийн үйл баримтын талаар агуулгын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгч, Ү.Э-ийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ү.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номуун” буудлын нэг давхарт байрлах караокед иргэн Б.Б-ын нүүр болон толгой хэсэгт цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Ү.Э-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Э “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нийт 2.850.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилж оролцсон.

Хохирогч хохиролтой холбоотойгоор хэргийн 57 дахь хуудаст 1.190.000 төгрөгийн баримтыг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт эм тариа авсан 370.750 төгрөгийн, толгойн бариа хийлгэсэн 305.000 төгрөгийн баримтыг тус тус гаргаж өгснийг шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нийт 1.865.750 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

  Шүүгдэгч Ү.Э нь хохирогч Б.Б-ын 5002298598 дугаартай дансанд 1.400.000 төгрөг нөхөн төлсөн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ү.Э-ээс төлөгдөөгүй хохирол 465.750 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д олгох хууль зүйн үндэслэлтэй.

            Харин хохирогч Б.Б-ын ажилгүй байх хугацааны 10 хоногийн цалин хөлс гэж өөрийн ажиллуулдаг зоогийн газрын дансны хуулгын баримтыг шүүхэд гарган өгч 1.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангах боломжгүй юм. Учир нь уг баримтаар түүний нэг өдрийн цалин хөлсийг тодорхойлох боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ү.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Ү.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

   Шүүгдэгч Ү.Э нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 1 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ү.Эрдэнэсүхэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ү.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э-ийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасч, торгох ялыг 585.000 /таван зуун наян таван мянган/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э-ээс 465.750 /дөрвөн зуун жаран таван мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулж хохирогч Б.Баасанжаргалд олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА